Улаанбаатар хотын, тэр дундаа Баянгол дүүргийн удирдлага татвар төлөгчдийн мөнгөөр гүүрэн гарц нэртэй “улаан амбаар” барьчхаад хорвоод хосгүй бүтээн байгуулалт хийсэн мэтээр хөөрцөглөж, нээлтийн ёслол хүртэл зохион байгуулсан нь саяхан. Үүнийг татвар төлөгчдийн 1.2 тэрбум төгрөгөөр барьсан атлаа өөрсдийн хөрөнгөөр хийсэн мэт аашилсан нь бүр ч эгдүүцэм. Бас ашиглалтад оруулчхаад “эргээд хартал” том оврын машин доогуур нь гарч чадалгүй гацаж, өмнө нь үзэгдэж харагдаж байгаагүй “үзүүлбэр” толилууллаа.
Эргэн сануулахад, “Алтай” хотхон болон Нарны хорооллыг холбосон энэхүү гарцыг өнгөрсөн сарын 19-нд нэлээд сүржнээр нээж, тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар тэргүүтэй холбогдох албаныхан очсон юм. Гэтэл төд удалгүй буюу нээлт хийснээс хойш гуравхан цаг өнгөрч байтал өнөөх гүүрний доор том оврын автомашин гацаж, тухайн хэсгийн замын хөдөлгөөн саатахад хүрсэн юм. Үүний улмаас нэг хүн гэмтсэн сурагтай.
ӨНДРӨӨС НЬ “ИДСЭН” ҮҮ
“Стандартын бус өндөртэй автомашин гүүрний доогуур явснаас болж осол гарсан” хэмээх агуулга бүхий тайлбарыг холбогдох байгууллагынхан нь тухайн үед өгч байлаа. Үүнд тухайн автомашин, жолоочийг нь буруутгаад өнгөрөх төлөвтэй гэсэн үг. Эл явдлаас хойш 20 шахам хоног өнгөрсөн атал ослын талаар одоо болтол бодит мэдээллийг олон нийтэд өгсөнгүй. Ер нь олон нийтийн ой санамж “богино хугацаатай” байгааг далимдуулан өөр нэг дуулианыг цацаж, ихэнх асуудлыг мартагдуулаад, эсвэл нуун дарагдуулаад өнгөрдөг жишгийг эрх мэдэлтнүүд тогтоочхоод байгаа гэхэд хилсдэхгүй. Өөрсдийнхөө “но”-г илчлэхгүй гэсэндээ тэр шүү дээ. Яг ийм жишгээр гүүрэн гарцын “алдаа”-г ч нууж байна.
Гүүрэн дээр өндрийн хэмжээг нь “4.5 метр” хэмээн тодотгон бичжээ. Харин эл ажлын захиалагч байгууллага болох Баянгол дүүргийн ЗДТГ-аас гаргасан техникийн тодорхойлолтод гүүрний өндөр 4.85 метр байхаар заасан аж. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэгчид өндрөөс нь 0.35 метрийг “идчихэв” үү хэмээн хардахад хүрч байна. Харин “Энхбизнес өгөөмж” компанийн гүйцэтгэх захирал Н.Энхтөр “Тухайн автомашин дээр чингэлэг ачсан байна. Бид уг машиныг хэмжиж үзэхэд өндөр нь 4.7 метр байсан. Жолоочийн хайхрамжгүй байдлаас болж ийм асуудал үүссэн. Манай компанийн барьсан гүүрний өндрийн хязгаарлалт нь 4.5 метр. Стандарт нь ийм л байдаг” гэсэн тайлбарыг хэвлэлд өгчээ. Үнэхээр стандарт ийм бол түүнийг эргэн харж, янз бүрийн нөхцөл байдал, болзошгүй эрсдэлтэй уялдуулан шинэчлэх шаардлага үүссэн нь ч харагдана.
БОДИТ БАЙДАЛ, ЗУРАГ ТӨСЛИЙН ЗӨРҮҮ
Тэрбумын өртөгтэй гүүрэн гарцтай холбоотой бас нэгэн хачирхалтай зүйл нь зураг төслөөсөө тэнгэр, газар шиг зөрүүтэй байгаа нь юм. Зураг төсөл нь үнэхээр гоё ганган болсон харагдана. Гэвч барьсан гүүрийг нь харахаар гомдож, гутрах ч багадахаар байна. Гүйцэтгэгч компанийнхан “Гүүрэн гарцын ажил бүрэн дуусаагүй. Дулааны улирал эхлэхээр тохижилтын ажлаа хийнэ” хэмээн энэ алдаагаа цайруулжээ. Тэд хэчнээн сайжрууллаа ч зураг төсөл шигээ болж өөрчлөгдөнө гэж найдалтгүй.
“Гарц барьсан нь сайн хэрэг. Гэхдээ маш халтиргаатай юм. Олон нийтэд зориулсан ажил хийхдээ яагаад иргэдийнхээ аюулгүй байдлыг анхаардаггүй юм бол. Хотын зам, талбайг тэр чигт нь шахам гөлгөр хавтангаар хийсэн байдаг. Гүүрэн гарцын шат нь яг түүн шиг халтирах эрсдэлтэй” гэж тухайн хэсэгт оршин суудаг нэгэн иргэн хэллээ. Үнэхээр хөл муутай, хөгшин настай хүмүүс, хүүхдүүд анхаарал болгоомжтой л явахгүй бол унаж, гэмтэж бэртэж болзошгүй харагдсан. Уг гүүрээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хэмээн албаныхан сурталчлаад байгаа. Гэтэл бодит байдалд хүнд ээлтэй бус, харин ч халтай аж.
Нөгөөтээгүүр, мэргэжлийн хүмүүс гүүрний гагнуурын ажилд “дүн тавиад”, “Нурах эрсдэлтэй” хэмээн оношилсон талаарх мэдээлэл ч өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс нийгмийн сүлжээнд тархах боллоо. Одоогоор албаныхан энэ талаар тайлбар өгөөгүй. Хэрэв үнэхээр тийм бол болзошгүй эрсдэл учрахаас өмнө буюу хэн нэгэн нь гэмтэж бэртэхээс урьтан сэрэмжлүүлэг мэдээлэл түгээж, арга хэмжээ авах ёстой байлтай.
“УЛААН АМБААР”-ЫН АВТОР
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар эл гүүрийг бариулна гээд гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй юм байна. Жишээ нь, 2021 оны арваннэгдүгээр сарын 12-нд “2022 оны улсын төсвийг баталлаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар хийх бүтээн байгуулалтын ажлуудад өндөр цензуртэй хандсан гэж дүгнэж байна. Тойрогтоо нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлуудыг холбогдох төсвийн захирагч нарт уламжлан, төсөвт нь тусгуулах талаар идэвхийлэн ажилласан. Үүний дүнд 2022 онд Баянгол дүүрэгт олон ажил хийхээр боллоо” хэмээгээд “Алтай” хотхон, Нарны хороолол дунд гүүрэн гарц барихад 1.5 тэрбум төгрөг төсөвлөснийг өөрийнхөө хичээл зүтгэл гэж пиар хийхээ ч мартсангүй.
Тэрбээр мөн “Баянгол дүүргийн “Алтай” хотхон, Нарны хороолол орчимд хоёр гүүрэн гарц байгуулахаар тойргоос сонгогдсон гишүүний хувьд санаачлан 2022 оны улсын төсөвт суулгуулсан. Тендер шалгаруулалт зэрэг асуудлаас болоод ажил эхлэхгүй жил гаруйн нүүр үзсэн. Гэсэн ч гүүрэн гарцын ажил энэ онд эхэллээ. Санаачилсан ажил хэрэгжиж буйг хараад баяртай байна” гэж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд нийгмийнсүлжээндбичсэнньбариулсан амбаартаа сэтгэл хангалуун байгаагийнх бололтой. Үүгээр зогсохгүй нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ч үүрэгт ажлаа хүлээн аваад удаагүй байхдаа гүүрэн гарцын ажлын явцтай танилцсан аж. Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын өөрийгөө алдаршуулах гол сэдвүүдийн нэг нь бас л уг гарц.
Эрх мэдэлтнүүд, ялангуяа нийслэлийн удирдлагууд өнгөрсөн найман жилийн хугацаанд бүтээн байгуулалт гэхээр дорвитой зүйл юу ч хийгээгүй. Тиймээс тэд хийсэн ганц “бүтээн байгуулалт”-даа нэрээ холбох гэж ингэж “бөөгнөрцгөөх” нь аргагүй бизээ.
1.2 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ
Баянголын 24, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах эл гүүрэн гарцыг хийлгэхийн тулд тус дүүргийн Худалдан авах ажиллагааны албанаас тендер зарлаж, өнгөрсөн оны тавдугаар сарын 31-нд “Энхбизнес өгөөмж” гэх компанийг шалгаруулсан байна. Эл ажлын төсөвт өртөг нь тендер зарлахад 1.45 тэрбум төгрөг байсан. “Энхбизнес өгөөмж” компани төсөвт өртгөөс нь бага буюу 1.36 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх санал ирүүлсэн тул тендерт шалгарсан аж. Тус компанийнхан гүүрээ нээхдээ төсөв хэмнэсний үр дүнд дээрх гарцыг 1.2 тэрбум төгрөгөөр барилаа хэмээн сайрхсан юм. Тэгвэл ийм хэмжээний мөнгөөр нэг бус, 10-аад гарц ч барьж болохыг мэргэжлийн хүмүүс нь хэлээд байна.
“Гүүрэн гарц бол зүгээр л гудамжны үргэлжлэл. Тийм болохоор заавал байшин бариад, үнэтэй цонх хийгээд, гоё өнгөөр будах шаардлагагүй. Ердийн, энгийн, бэлэн бетон хийцийг ашиглаад, стандартын өндөр, налуутай, хамгийн гол нь аюулгүй байхаар барихад л болно. Ингээд хийвэл 1.4 тэрбум төгрөгөөр нэгийг бус, магадгүй 10-ыг хийвэл илүү олон хүнд хэрэгтэй” гэж “Инженер Ж.Золжаргал” нэрээрээ нийгмийн сүлжээнд танигдсан, Монголын нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал үзэл бодлоо илэрхийлжээ.
Улаанбаатар хотод түгжрэлийн голомт гэхэд болохоор есөн цэг байгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвийнхний өнгөрсөн онд хийсэн судалгаагаар тодорхойлсон. Тэдгээр цэгт нүхэн юм уу, гүүрэн гарц баривал хөдөлгөөний ачаалал бага зэрэг буурахаас гадна явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах давуу талтайг дээрх төвийнхөн зөвлөсөн юм. Тэрхүү есөн цэгийн дотор “Алтай” хотхон орчим ч багтсан байдаг. Зөвхөн тэнд өнгө үзэмжгүй гүүр барихын оронд 1.5 тэрбум төгрөгөөрөө есөн цэгт бүгдэд нь энгийн гарц хийж болохоор байсан юм биш үү.
НЭГ “ИД ШИДИЙН ОРОН” БАРИХ БОЛОМЖТОЙ
Нэг тэрбум гаруй төгрөгөөр ер нь юу барьж болох вэ. Ялангуяа хүмүүст хэрэгтэй ямар бүтээн байгуулалт хийх боломжтой вэ гэдэг талаас нь нэгэн жишээ дурдъя. Олон нийтэд хамгийн ойр, сонгодог жишээ нь “Ид шидийн орон” төсөл. Эл төслийг хэрэгжүүлэгч “Лантуун дохио” төрийн бус байгууллагынхны тайлбарласнаар нэг “Ид шидийн орон” барихад дунджаар 1.5 тэрбум төгрөг зарцуулдаг гэнэ. Тухайн орон нутгийн нөхцөл байдлаас шалтгаалж эл дүн бага зэрэг л өөрчлөгддөг аж. Тус байгууллагынхан олон нийт, сайн дурынхны оролцоо, дэмжлэгээр одоогоор улсын хэмжээнд таван “Ид шидийн орон” бариад буй. Зургаа дахийг нь энэ оноос Говь-Алтай аймагт барьж эхлэхээр төлөвлөсөн байна. Тэгэхээр нэг тэрбум гаруй төгрөгөөр хүүхдийн, ялангуяа эмзэг орчин нөхцөлд амьдарч буй багачуудын хөгжлийг дэмжих төвийг залуус ийнхүү барьж чаджээ.
Харин төрийн байгууллагынхан төсвийн буюу татвар төлөгчдийн нэг тэрбум гаруй төгрөгөөр ганцхан гүүр л барилаа. Түүнийгээ ч олигтой хийсэнгүй, түмэн асуудал дагуулсаар байна. Энэ бүхний цаана ямар нууц байгааг аудитын байгууллагынхан шалгаж, үнэн мөнийг нь тогтоон, улмаар цааш цаашдын ажлуудад сургамж болговол яасан юм бэ.
Бэлтгэсэн М.Оч