Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Тэнгэрийн хутагт” бүжгэн жүжгийг нийслэлийн үзэгчдэд толилуулахаар болжээ. Тодруулбал, Дулдуйтын Данзанравжаагийн намтрыг үггүйгээр бүжгээр илэрхийлж, үзэгчдэд хүргэнэ. Жүжгийн нээлт энэ сарын 31-нд Корпорейт Конвейшн центрт болж, ирэх сарын 4 нийг хүртэл тоглох нь ээ. Эл жүжгийг Д. Данзанравжаа хутагтын мэндэлсний 220 жилийн ойд зориулж, Дорноговь аймгийн цэнгэлдэх хүрээлэнд өмнөх оны зургаадугаар сарын 29-нд толилуулж байжээ. Бүжгэн жүжиг тухайн үедээ үзэгчид хийгээд урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан. Улмаар Олон нийтийн хүсэлтэд дарагдсан бүжгэн жүжгийн баг ийн хотод тоглохоор болжээ.
Бүжгэн жүжгийн цомнолыг бичсэн Соёлын Гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбат энэ талаар “Д.Данзанравжаа гуай 19 дүгээр зууны соён гэгээрүүлэгч, тухайн үеийн нийгмийн муу муухайг илт шүүмжилж байсан том яруу найрагч юм. Энэ бүжгэн жүжгээр дамжуулж түүний амьдрал, намтрыг таниулах, үзэгчдэд түүх соёлыг, орчин үетэй хослуулж харуулахыг зорьсон” гэв.
Хөгжмийг нь бичсэн Ш.Өлзийбаяр “Дорноговь Аймгийн наадам энэ бүжгэн жүжгээр эхэлсэн. Жүжгийг ноён хутагтын намтраар бүтээсэн. Тэрээр соён гэгээрүүлэгч, яруу найрагч, зохиолч, архитектор байсан. Маш олон уран бүтээл туурвисны нэг нь Монгол хүн бүрийн амандаа аялдаг “Үлэмжийн чанар” юм. Уг бүжгэн жүжигт Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Соёл урлагийн их сургууль, циркийн жүжигчид оролцож буйгаараа онцлог. Жүжгийг Дорноговь аймагт тоглоход үзэгчид таатай хүлээж авсан. Улаанбаатарт тоглох санал удаа дараа ирсэн учир тоглохоор сургуулилт хийж байна. Мөн бороо оруулах, ус оргилох гэх мэт технологийн дэвшлийг ашигласан тайзны шийдлээрээ онцлогтой” гэсэн юм.
Дашрамд дурдахад, Бүжиг дэглэгчээр Х.Хашхүү ажилласан бөгөөд уран бүтээлийн баг 150 орчим уран бүтээлчтэй. Жүжиг 80 минут үргэлжилж, Д. Данзанравжаа гуайн бүтээлүүд, цирк, уран нугаралт, балет, контемпорари болон ардын хөгжим зэрэг урлагийн олон төрөл зүйлийг нэг дор үзүүлэх нь ээ.
Бэлтгэсэн: Н.Халиунаа