Монакогийн Хант Улсын Монте Карло хотод болсон 46 дахь удаагийн олон улсын циркийн наадамд Монголоос Т.Амартүвшин ахлагчтай “Troupe Amaraa” хамтлаг амжилттай оролцож, “Хүннү гүрэн” хэмээх акробатын үзүүлбэрээрээ мөнгөн цом хүртжээ. 1974 оноос хойш тасралтгүй зохион байгуулж буй уг наадмаас манай улс анх 1987 онд уран нугаралтын үзүүлбэрээр мөнгөн цом хүртэж байсан аж. Тодруулбал, Э.Эрдэнэтуяа, Э.Оюунчимэг хэмээх эгч дүү нугараач ийм амжилт үзүүлж байжээ. Тэгвэл “Troupe Amaraa” хамтлаг Монте Карлогийн наадмын хоёр дахь, акробатын үзүүлбэрийн анхдагч мөнгөн цомыг 38 жилийн дараа эх орондоо авчрав. Дэлхийд чансаагаар дээгүүрт бичигддэг, циркчдийн олимп гэгдэг нэр хүндтэй элтэмцээнээс манай орон хос мөнгөн цом хүртсэн нь түүхэн үйл явдал болж буйг Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооныхон онцолжээ. Т.Амартүвшин ахлагчтай хамтлаг өнгөрсөн оны сүүлчээр БНХАУ-д болсон, олон улсын циркчдийн А зэрэглэлийн тэмцээнээс “Хүннү гүрэн” үзүүлбэрээрээ мөн мөнгөн арслан цом хүртсэн гэнэ.