Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул багийн малчин, адуучин, уяач Лхаандувдангийн Баасансүрэн “Лит хуанлийн завсарт” бүтээлээрээ саяхан яруу найргийн төрөлд утга зохиолын дээд шагнал “Алтан өд” хүртсэн билээ. Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн тэрбээр өнгөрсөн онд яруу найргийн хоёр ч номоо хэвлүүлсний нэг нь дээрх бүтээл юм. Яруу найрагч Л.Баасансүрэн өмнө нь 2013 онд “Хөх бясалгал”, түүнээс зургаан жилийн дараа “Халиун морьтын гэгээ” яруу найргийн бүтээлээ олны хүртээл болгож байв. “Алтан өд” шагнал хүртсэн “Лит хуанлийн завсарт” номынх нь шүлгүүдээс уншигчдадаа сонирхуулъя. Мөн аль ч номдоо хэвлүүлээгүй, хоёр шинэ шүлгийг нь манай сонин анх удаа нийтэлж байна.
* * *
Дурангийн ширэн гэр
Эзэнтэйгээ,
өндрийн салхийг ууталж гарган,
ууталж гарган
Эрэлд хатна.
2023.01.12
* * *
Харгуй даган яргуй ургажээ,
Хаврын тэнгэр дүнсгэр байх нь үзэсгэлэнтэй.
Хур шар өвснүүд ойн чөлөөнд бөхийжээ,
Хуучин намрын уянга энд хүрээд төгсжээ.
Хөр цасны хайлуурт газар чийгтэй,
Хөх чулууны энгэр хөхөмдөг манантай.
Хэдэнтээ орсон умрын үүлс сурамгай,
Хэсэг цагаан бороо шаагин шуугин асгарлаа.
Дахин төрөхийн мэдрэглэл дагшин үнэрт
Дараагийн санаа, модод хэзээ гөлөглөх бол?
Далавчаа цуцтал нутгаа тэмцсэн тогоруудын дуу
Дарь авалцах шиг сэтгэлд асан дүрэлзмүй
Үр навчсаа тэврэх мэт норсон мөчрөө
Үлэмжхэн дэлгэх хөл хүнд моддыг ажин
Үүлэн дээгүүр алхах мэт
хөнгөн манан явгалахуй
Үсэнд буусан насны хяруу,
шувуу болоод жиргэж одмуй.
2023.01.15
* * *
Янзага унтсан цэцгэн дундаас эрлээ,
Ямархан гоо сэтгэлийг хайлаа даа, би.
Сарны анирт мөөмөн толгод ургажээ,
Салхины үзүүрт урины шувуу донгодном.
Цаг ирээд л оддог, ийм нарны утсаар
Зүлэг ногоо гижигдсэн долгисыг барьж
Цахилж одсон залуухан эмзэглэлтэйгээ
Зүрхэн цохилгоо тааруулан гунигаа хөглөжээ.
Янзага унтсан цэцгэн дундаас эрлээ,
Ямархан гоо сэтгэлийг хайлаа даа, би.
Хануйн урсгал одовч бүхний эхнээс
Хүннү түүхийн эх булгууд цутганам.
Оддын зүүд, моддын тэмүүллийг
Огторгуйн хөх уулсын хувьслаас олов, би.
Сарны анирт мөөмөн толгод ургажээ,
Салхины үзүүрт урины шувуу донгодном.
2023.02.12
* * *
Навтарга үүлсийн зүг харц өргөн зогсоход
Нарийн бүдүүн хоолой, дууны түрлэг эхэлнэ.
Бүрхэг өдрийн цагаан хялмаа бужигналдан
Бүхний хойно төрдөг гэмшил минь мөлхөнө.
Зогсоосой гэтэл цас орсоор байх юм аа,
Зогьстлоо уусан хүмүүст ямар хамаа байх вэ.
Хавар ч эхлээгүй, хараацай ч үзэгдэхгүй,
Харз усыг бүрсэн болор ялтаснууд жингэнэхгүй.
Дүнсгэр ахуйн эсрэг дүрэлзсэн хорзын
Дүр төрхийг илэрхийлэх инээдэм ханиадам тасрахгүй.
Цагаа олоогүй, цасны дараах жавар хаа нэгтээ
Цантай өвсний толгойд бамбар асааж эхэллээ.
Үдшийн шавхуур голын дээрээс ороолгож,
Үхэр тугал эврээ сэжлэн гүйлдэж
хашаа бараадна.
Зэгэл шуурга гэрийн гадуур гулсан одож,
Зээглэн буусан хөрш минь
зүүдээ балбаж хурхирна.
2023.02.07
* * *
Намрууд, ай олон, олон намрууд,
Нарны алсрал, хадлангийн өдрүүд...
Түүдэг галаа тойрон дүүтэйгээ
Түүвэр санаануудаа солилцдог сон.
Үдшийн чийгт автсан харанхуй ой,
Үүлэн завсраар шагалзах сарны сонат...
Өдрийн хадсан бухлын хурц үнэрт
Өндөглөгч оддын шар гэгээ шургална.
Хууч бүр минь яаж ийгээд нэг мэдэхүл
Хурдан морь луу ороод явчихдаг сан.
Задгай галын дэргэд яг одоо дүүтэйгээ
Замнасан мөрөө сэтгэж хуваалцах сан.
Оонын хоёр эвэр хагацалдаж хөөрхий,
Олойр тэнгэрт шинийн хоёрны сар мэхийнэ.
Алтан өвс шигээ бөхийсөн энэ намраар
Ахайгаа орхисон дүүгээ
санан санах уйтай яа.
2023.03.23
* * *
Голын тохой хүрэнтэхүйд
Гоньдын үр гээгдэж,
Хоосон иш нь дохилзохуйд
Хоног өдрүүд үнэрээ гээнэ.
Алсын уулс будантуулсан
Аяс намрын бороо,
Ай, намрын сүүлчийн бороо
Хэн нэгэн шиг явчихлаа.
Одоо, хөл дор хяруут өвс,
Орой дээр огторгуйн одод гялалзавч
Орчлонд ганцаардаж буйгаа мэдэрнэм.
Ээ, анир чимээгүй энэ агшин
Эхэр татахыг минь сонсчихвол
Ээжээсээ би урвасан болно.
Намрын бороо,
Ай, намрын сүүлчийн бороо
Хэн нэгэн шиг явчихлаа.
2023 он
* * *
Ов зальтай хүмүүсийн
Суу залинд гишгэгднэм.
Он цаг, он цагаа төрүүлж
Судрын хуудас эргэнэм.
Чулуун дор ичсэн авгалдайг
Хэн л анзаарч мэддэг билээ.
Чухамдаа ийм л ичимхий юм,
Эх байгалийн дотоод оршихуй.
Хөөвөр даахинд дарагдсан
Хөх сарваа тавхан хоногийн
Тамирлаг ногоонд төрөл арилжиж,
Танигдахгүй хүлэг болох нь мөн чанар.
Жамын үнэр, талхны үнэр биш хойно
Жаргал даахгүйн зовлонд үргэлж бүдэрдэг.
Тэнгис далай гаднаа оволзовч гүндээ
Тэмтрэгдэшгүй амгаланг тэвэрч эрхшээнэм.
Ов зальтай хүмүүсийн
Суу залинд гишгэгднэм.
Он цаг, он цагаа төрүүлж
Судрын хуудас эргэнэм.
2023.11.17
* * *
Үнэгний арьс хянгуурдав,
Үснийх нь сорон дээр
Үелзүүр салхи бүжиглэнэ.
Алсуураа цасан хялмаалж,
Ариг үдшийн нарны ором
Үл мэдэгхэн цонхийно.
Цагтаа энэ улаан үнэг өглөөгүүр,
Цалайсан нарны амсар дээгүүр
Гөрөөчилж явдаг байсан.
Үнэгэн лоовууз болоод, одоо
Идэр есийн жавар дундуур
Их олон бодлыг сонсоно.
Цас, цасаа нөмрөөд
Цан, цангаа хучсаар ахуйд
Цав цагаан зүүднээс цэг ч олохгүй!
2023.12.17