Хотын төвд барилга барьж буй “Хурд пропертийз” хэмээх компани сүүлийн хоёр жилийн хугацаанд 5.7 сая шоо метр хөрсний усыг зөвшөөрөлгүй шавхан урсгаж, байгалийн нөөцөд хохирол учруулсныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрынхан энэ сарын 5-нд олон нийтэд мэдээлсэн. Барилга, байгууламж, дэд бүтэц, уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хөрсний усыг шавхахдаа холбогдох байгууллагуудаас заавал зөвшөөрөл авч, дүгнэлт гаргуулан, хууль, журмын дагуу төлбөр төлөх ёстой. Учир нь ашигт малтмал олборлох, бүтээн байгуулалт хийх явцад хөрсний усыг шавхах нь газрын доорх нөөцийн тэнцлийг алдагдуулах эрсдэлтэй тул ашиглалтын хэлбэр гэж үзэн төлбөр ногдуулдаг. Ялангуяа хот, суурин газар дахь гүний усыг их хэмжээгээр шавхах нь нөөцийг хомсдуулах, цаашлаад хөрсний суулт үүсгэх, барилга, байгууламжид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж үздэг юм.
Тиймээс хөрсний усыг холбогдох мэргэжлийн байгууллагын хяналтад, тусгай зөвшөөрөлтэйгөөр шавхахыг шаарддаг. Ингэхдээ усыг хаа дуртай газраа асгаж урсгах биш, мөн л зохих зөвшөөрөл, хяналтын дор нэгдсэн шугам сүлжээ, эх үүсвэрт нийлүүлэх учиртай. Гэтэл барилгын компаниуд сүүлийн үед гүний усыг гудамж, талбайд урсгаж, эсвэл ундны эх үүсвэр болсон голууд руу хулгайгаар нийлүүлдэг болж. Мөн аль нэг байгууллагын суваг шуудуу, ариутгах татуургын шугам сүлжээг зөвшөөрөлгүй ашиглан, нууцаар шавхах байдлаар усны төлбөрөөс зайлсхийх “моод”-ыг дэлгэрүүлжээ.
“Хурд пропертийз” компани гэхэд бүхэл бүтэн хоёр жил гаруйн хугацаанд дээрх хэмжээний усыг борооны ус зайлуулах шугам хоолойгоор айгаа юм. Унданд ч хэрэглэж болохоор гүний, цэнгэг нөөцийг шавар шалбаагтай, бохир ус зайлуулдаг хоолойгоор хий дэмий урсгачихсан гэсэн үг. Энэ нь монголчуудын жилд хэрэглэдэг нөөц (645 сая шоо метр)-ийн нэг хувьтай тэнцэж буйг албаны хүмүүс хэлсэн юм.
Магадгүй ундны усны хангамж, аюулгүй байдлын үзүүлэлтээр ноцтой түвшинд очсон, дэлхий нийтэд ирээдүйд тохиож болзошгүй эрсдэлийн дохио болж буй Афганистан, Коморос, Эстони, Этиоп, Хаити, Либери, Пакистан, Шри Ланка зэрэг улсад хувийн аж ахуйн нэгж ингэж дураараа аягласан бол үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, олон нийтийн эрх ашгийг хөндсөн ноцтой “гэмт хэрэг”-т тооцогдох байсан биз. Ер нь ингэж дураараа, хий дэмий урсгах нөөц байтугай унд, хоолондоо хангалттай хэмжээгээр ашиглах цэвэр ус ч эдгээр улсад нүдний гэм. Энэ үзүүлэлтээр харьцангуй аюул багатайд тооцогдох орнуудад ч ингэж цамаархах иргэн, аж ахуйн нэгж байхгүй. Хууль, эрх зүйн талаасаа ч тийм зөрчил гаргах боломж хомс. Гаргалаа гэхэд шуурхай арга хэмжээ авч, хатуу хариуцлага тооцох болов уу. Учир нь тэд усны үнэ цэн, нийгэм, эдийн засаг, байгаль орчин гээд бүхий л салбар дахь хэмжээлшгүй үр өгөөжийг мэддэг, мэдэрсэн учраас байгалийн нөөцөө дээд зэргээр аригладаг. Харин монголчууд “Шүдээ угаахдаа стаканд ус хийж хэрэглэж хэвшье”, “Саарал усаа дахин ашиглая” хэмээн хоосон уриалж, “Ус чандмань эрдэнэ” гэж тахин шүтэхээс өөрөөр нөөцөө хамгаалах бодитой алхам хийхгүй байна. Тиймээс ч аж ахуйн нэгжүүд нь ийнхүү дураараа дургих болов. Холбогдох байгууллагууд нь ч зөрчил гаргасан аж ахуйн нэгждээ хариуцлага тооцож, хууль бус үйлдлийг нь таслан зогсоож чадахгүй мунгинасаар. Энэ бүхэн нь манай улсад ус хэмээх баялгийн үнэ цэн алдагдсаны, монголчууд усны хангамж, аюулгүй байдлын талаар нийтээрээ мэдлэг, ойлголт тааруугийн баталгаа юм.
НАЙДВАРГҮЙ МОНГОЛ
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага манай улсыг усны нөөцөөр 145 орноос 22 дугаарт эрэмбэлсэн ч ирээдүйд хомсдолд орох өндөр эрсдэлтэйд тооцсон. Тодруулбал, усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах бодлого, тогтолцоогүй тул Африкийн орнуудын “араас орох” эрсдэл өндөр гэж үнэлсэн юм. Тэгвэл дэлхийн 12 оронд судалгааны хүрээлэнтэй НҮБ-ын их сургуулийн институтийн Ус, байгаль орчин, эрүүл мэндийн хүрээлэн (UNU-INWEH) улс орнуудын усны аюулгүй байдлын төлөвийг үнэлэхдээ Монголыг найдваргүй гэсэн ангилалд багтаажээ. Тус байгууллага 186 орныг ундны усны хангамж, цэнгэг нөөц болон түүний тогтвортой байдал, менежмент, засаглал, хүн амын эрүүл мэнд, ариун цэврийн байгууламжийн шийдэл зэрэг үзүүлэлтээр 100 хүртэлх оноогоор үнэлж, ноцтой, дундаж, найдваргүй, аюулгүй гэсэн төлөвт ангилахад манай улс Азербайжан, Албанитай ижил 60 оноо авч, найдваргүй зэрэглэлд багтсан байна. Нийт улсын 17.7 хувь буюу ердөө 33 нь аюулгүй ангилалд багтсаны дунд Азийн хоёрхон улс буй нь Япон, Малайз юм. Мэргэжлийн байгууллагуудаас танилцуулсан эдгээр судалгааны үр дүн нь биднийг усны нөөцдөө гамтай хандаж, үнэ цэнийг нь өсгөх шаардлагатайг сануулсаар байна.
ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НЬ ЧУХАЛ
Усны хомсдол нь хүн төрөлхтөнд тулгамдсан томоохон асуудлуудын нэг. Тэр ч үүднээсээ дэлхий нийтээрээ мөрдөж буй “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” урт хугацааны хөгжлийн хөтөлбөрт “Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах” зорилтыг тусгасан. Гамшиг, эрсдэл судлаачид ч ирээдүйд хэн илүү алт, нүүрстэй нь бус, усны нөөцтэй нь дэлхийд хүчирхэг, давамгай байр суурьтай байна гэж анхааруулж буй. Тэгвэл дэлхийн хамтын нийгэмлэгээс эхлээд төр засаг, үйлдвэрлэл, бизнес эрхлэгчид, хувийн хэвшил, олон нийт, иргэний нийгмийн байгууллага, хувь хүн бүрд усны үнэ цэнийг жинхэнэ утгаар нь ойлгуулж, мэдрүүлэхийн тулд хэд хэдэн зүйлийг хэрэгжүүлэх шаардлагатайг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтсийн мэргэжилтэн Д.Оюунбаатар хэллээ. Нэн түрүүнд усны олон талт үнэт зүйлсийг ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй гэнэ. Дараа нь усны бүхий л эх үүсвэрийг хамгаалж, зохистой менежмент хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний дараа усны талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, боломж, эрх мэдэл олгох нь чухал аж. Өөрөөр хэлбэл, өргөн хүрээний оролцоо, ухаалаг шийдвэр, тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлэх нь онцгой ач холбогдолтой юм байна. Өөр нэг чухал зүйл нь эрсдэлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, шинэ шийдэл, санаачилга, хандлагыг бий болгоход анхаарах гэнэ.
ҮНИЙГ НЬ НЭМЭЭД Л БОЛЧИХГҮЙ
Усны үнэ цэнийг өсгөе, нөөцөө хамгаалъя гэхээр ашиглалтын төлбөрийг нь нэмэх тухай л ярьдаг. “Монголчууд хаана ч байхгүй хямд үнээр ус хэрэглэдэг” гэх нь ч бий. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны шийдвэрээр орон сууцын айлуудын хэрэглээний цэвэр усны төлбөрийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нээс 27 мөнгөөр нэмсэн. Тодруулбал, орон сууцад амьдардаг өрхүүд өдгөө хэрэглэсэн усныхаа литр тутамд 1.34, аж ахуйн нэгжүүд 2.69, өндөр хэрэглээтэйд тооцогддог үйлдвэр, машин угаалгын газрууд 3.56 төгрөг төлж буй. Харин гэр хорооллынхон хэрэглээний усаа литр тутмыг нь хоёр төгрөгөөр үнэлэн авч байгаа. Гэхдээ энэ мөнгөн дүнг өөрчилж, “оролдоод” л усны үнэ цэн нэмэгдчихдэггүй аж. Усыг зөвхөн хэрэглээний нөөц, түүхий эд талаас нь үнэлж, тооцдог хандлагыг халж, нийгэм, соёл, эрүүл мэнд, байгаль орчны үнэ цэнийг “тодруулах” нь чухал гэнэ. Өөрөөр хэлбэл, бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчилж байж жинхэнэ үнэ цэн бий болох нь. Хандлагаа өөрчлөөгүй, үнэ цэнийг нь хүлээн зөвшөөрөөгүй цагт тарифыг нь хэчнээн нэмсэн ч нэг машиныг 170 орчим литр цэвэр усаар угаадаг газрууд, гүний нөөцийг хайр гамгүй урсгадаг аж ахуйн нэгжүүд, замбараагүй хэрэглээтэй айл өрх, иргэд байсаар л байна. Иймд өөрийн орны онцлогт тохируулан усны бодит өртгийг тогтоох, иргэд, олон нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх замаар үнэ цэнийг нь өсгөх ажлыг хослуулан хэрэгжүүлэх нь үр дүнтэй ажээ.
ГҮНИЙ НӨӨЦИЙН ДАЙСАН
“Говьд 20 литр усыг 20 000 төгрөгөөр худалдан авч буй бол саяхан Зайсан орчимд 100 литрийг 100 000 төгрөгөөр зарж байлаа. Усны хомсдол гэхээр хаа холын асуудал мэт хүлээж авдаг байсан. Гэтэл одоо бид үүнтэй нүүр тулж, ховор, бохирдол ихтэй газруудад усны тариф шатахууны үнэ рүү дөхөж байна”. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр хэд хоногийн өмнө нийгмийн сүлжээнд ийнхүү бичсэн байлаа. Олон улсын байгууллагуудын анхааруулга, “зөгнөл” Монгол орны зарим бүс нутагт хэдийн биеллээ олсныг тэрбээр анхааруулжээ. Тиймээс бид усны нөөцийг бохирдож, хомсдохоос сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Тус байгууллагынхны зүгээс эхний ээлжид хийх шаардлагатай хэмээн дэвшүүлээд буй машин угаалгын газруудын цэвэр усны хэрэглээг хязгаарлах, гүний нөөцийг хайр гамгүй ашигладаг байдлыг таслан зогсоох, гол, нуурын бохирдлын шалтгаан болж буй нүхэн жорлон, хог хаягдалтай тэмцэх, томоохон эх үүсвэрүүддээ тулгуурлан усан сан, далан байгуулах, бороо, үерийн усыг нөөцлөх ажлуудыг эрчимжүүлэх хэрэгтэй. Наанадаж л Монгол Улсын хүн амын тал хувь нь аж төрж буй Улаанбаатар хотын гүний усны нөөцөд аюул учруулж буй “задарсан” хэрэглээтэй аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцох нь чухал. Үүний тэргүүнд “Хурд пропертийз” компани багтаж байгааг онцолъё. Усны газар тус компаниас 146 тэрбум төгрөг нэхэмжлэхээ мэдэгдээд буй. Монгол орны усны нөөцийн хоёр хүрэхтэй, үгүйтэй хувийг эзэлдэг газрын доорх баялгийг үрэн таран хийсэн хариуцлагагүй компаниас энэ мөнгийг заавал авч, усны үнэ цэнийг нийгэмд таниулах хэрэгтэй.
Бэлтгэсэн Н.Мишээл