Унгар улсын Будапешт хотод болсон Олон улсын циркчдийн 15 дугаар наадамд манай улсын баг амжилттай оролцож, алтан цомын эзэн болжээ. Тодруулбал, “Зола брос” циркийн “Есөн өрлөг” хамтлаг тус наадмын шилдэг үзүүлбэрийн эзнээр тодорсон байна.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг уг наадам нь дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигддэг бөгөөд орон орны шилдэг циркчид, уран нугараачдыг нэг дор цуглуулдгаараа онцлогтой аж. 15 дахь удаагийн наадамд Орос, Монгол, Хятад, Франц, Канад зэрэг 20 гаруй орны 100 гаруй уран бүтээлч гурван хэсэгт хуваагдан 50 үзүүлбэрээр өрсөлджээ. Монголоос “Есөн өрлөг” хамтлаг, “Angels” төвийн уран нугараачид эх орноо төлөөлөн оролцсон гэнэ.
Ташрамд дурдахад, “Зола брос” циркийн “Есөн өрлөг” хамтлаг нь байгуулагдсан цагаасаа хойш томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монголын болон дэлхийн циркийн түүхэнд цөөнгүй дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Тэд өнгөрсөн онд Швейцарын “Knie” үндэсний циркийн аялан тоглолтын бүрэлдэхүүнд багтаж, тус улсын 24 хотын хагас сая гаруй иргэнд11 сарын хугацаанд шилдэг үзүүлбэрүүдээ толилуулсан байна.