Төрийн албан хаагчдын харилцаа, хандлагад анхаарах цаг ирснийг батлах олон жишээ, үйл явдал нийгмийн сүлжээний “ачаар” сүүлийн үед ил болсоор байна. Үүний хамгийн сүүлийн жишээгээр нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригийн үйлдлийг нэрлэж болохоор. Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээнд хэтийдсэн их хэмжээний хөрөнгө төсөвлөсний учир шалтгааныг сэтгүүлч түүнээс тодруулан асуухад “Энэ үнэгүй хийдэг ажил юм уу, галзуураад байгаач” хэмээн олны нүдэн дээр, шууд дамжуулалтын үеэр зандрангуй хариулав.
Дарга нар нь дуугарч ядан сэтгүүлчдийг үл тоодог, зохисгүй харилцдаг, удирдлагад нь буй хүмүүс “Бид мэдээлэл өгөх боломжгүй, даргаас асуу” хэмээн өөрсдөөсөө зайлуулдаг явдал хаа сайгүй боллоо. Өмнө дурдсан тохиолдлын хувьд гэхэд сэтгүүлч нийслэлийн төсөвтэй холбоотой мэдээллийг холбогдох албан тушаалтнаас тодруулсан.
Нийслэлийн төсөвтэй холбоотой асуудлууд олны анхаарлын төвд байгаа энэ үед зөвлөх үйлчилгээ авах, судалгаа, шинжилгээ хийх, ТЭЗҮ боловсруулахад төсөвлөсөн “том” мөнгөн дүнгүүдийн задаргаа, хуваарилалтын талаарх нарийн мэдээллийг сэтгүүлч хотын даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргаас асуух нь зүйн хэрэг. Харин тэрбээр үндэслэлтэй тайлбар, мэдээлэл өгөхийн оронд ийнхүү бүдүүлэг авирлаж, харилцаа, хандлагын доголдол гаргав. Сайн анзаарсан бол түүний биеийн хэлэмж, тэр дундаа нүүрний хувирал, харц зэрэг нь ч таагүй өгүүлэмжийг илэрхийлж байна билээ.
Ёс зүйгүй аашилж буй дүрс бичлэг нь нийгмийн сүлжээнд тархаж, олон нийтийн шүүмжлэлд өртсөний дараа тэрбээр “Мэдээлэл өгөх боломжгүй тухайгаа хэлээд, хурлын дараа болъё гэсэн. Олон удаа учирлаж хэлсэн. Зууралдаад л, микрофоноо тулгаад л байсан. Микрофон бариад, камер асаагаад тулгаж, давшилсан л хүмүүс байх юм” гэж нүүр номдоо бичсэн байлаа. Сэтгүүлч, дарга хоёрын хооронд үүнээс өмнө чухам ямар яриа, харилцаа өрнөснийг мэдэхгүй. Магадгүй сэтгүүлч нүүр тулсан ярилцлагаас бултахыг завдсан даргад асуулт тавихдаа давшилсан, “буланд шахсан” өнгө аяс гаргасан байж болох. Эсвэл түүний хэлсэнчлэн “зууралдаад”, салж өгөөгүй байж ч мэднэ. Тэглээ гээд энэ нь уур уцаараа урдаа барьж, хувийн зан байдлаа гаргах шалтгаан болох ёсгүй. Хотын удирдлагын багт ажиллаж буй нийтийн албан тушаалтан хүн энэ байтугай давшилт, сорилтуудтай нүүр тулах нь дамжиггүй. Гагцхүү энэ бүхнийг даван туулах сэтгэл зүйн бэлтгэлтэй, ямар ч нөхцөл байдлаас өөрийгөө авч гарах чадвартай байх ёстой. Ядаж л олон нийт өөрийг нь харж, сонсож байгаа гэдгийг бодолцоод үг, үйлдэлдээ хянамгай хандах учиртай. “Энэ чинь үнэгүй хийдэг зүйл юм уу, галзуураад байгаач” гэх үг, тухайн мөчид гаргасан хариу үйлдэл нь л түүнийг буруутгах хангалттай шалтгаан болж байна. Ташрамд хэлэхэд, тэрбээр ийн зандрах үедээ гэртээ, гудамжинд ч биш, ажлын байрандаа, төрийн байгууллагад байсныг онцолъё.
Уншигчид санаж буй бол П.Сайнзориг өмнө нь ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хошин урлагийнхныг “Хүний эрхийн мэдрэмжгүй алиалагчид” хэмээн доромжилсноо шүүмжлэл, хувийн байр суурь хэмээн өмгөөлөөд өнгөрч байв. Цаг үеэсээ хоцрогдсон, эрэл хайгуул хийдэггүй хэмээн олон нийтийн шүүмжлэлийн бай болдог тэднийг хууль зүйн салбарын өндөр албан тушаалтан нүүр номдоо ингэж бичсэн нь болчимгүй, цагаа олоогүй үйлдэл болсон. Харин дараа нь тэрбээр нийслэлийн Засаг даргын орлогч хэмээх өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдоод удаагүй байхдаа ийнхүү аяглаж, сэтгүүлчдийг “Камер тулгаж, давшилсан хүмүүс байх юм” хэмээн нийтээр нь шүүмжлэв.
Ойн мод урттай, богинотой, олон хүн сайнтай, муутай байдгийн адилаар сэтгүүлчдийн дунд ч харилцаа, хандлагын доголдолтой, наад захын соёл, төлөвшилгүй хүмүүс мэр сэр бий. Мэдээллийг шуурхай дамжуулах зорилгоо урьтал болгохдоо, эсвэл хандалтын төлөө хэт улайрахдаа хөнгөн хуумгай ханддаг, улс төрч, албан тушаалтнуудыг камерын өмнө “тэвдүүлж” аргагүйтүүлдэг нь ч байгаа. Гэхдээ мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг тэднээр төлөөлүүлж, бүгд тийм юм шигээр үзэх нь өрөөсгөл. Улс төрч, дарга, сайд нар сүүлийн үед энэ сул талыг “өлгөн авч”, сэтгүүл зүйг нийтэд нь харлуулах гэж оролддог боллоо. “Сэтгүүл зүй ийм болсон, сэтгүүлчид тийм байгаа юм чинь...”, “Камер, микрофон барьсан болгонд бид байцаагдах ёсгүй...” хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзаж, үнэд ордог, гуйлгадаг моод дэлгэрэв. Эцэс сүүлдээ “Би тийм сэтгүүлчид мэдээлэл өгөхгүй” хэмээн үзэмжээр нь ялгаж, нэр цохож доромжилдог, ажлаа хийж яваа хүнийг элдвээр хэлж, зандардаг явдал газар авлаа. Тэд энэ болгондоо төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүрэг, ёс зүйн хэм хэмжээг зөрчиж, харилцаа, хандлагаараа нийгэмд муугаар үлгэрлэж байгаа нь харамсалтай.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бол нийтийн албан тушаалтан төрийн болон албаны нууцад хамаарахгүй, хаалттай, хязгаарлалттай гэж заагаагүй мэдээллийг хүсэлт хүлээн авсан даруйдаа өгөх ёстой. Уг хуульд зааснаар мэдээлэл хариуцагч аливаа байгууллага чиг үүрэг, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, үзүүлж байгаа үйлчилгээ болон хаалттай, хязгаарлалттай гэж тогтоосноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй. Нийт таван чиглэлийн 68 төрлийн 606 мэдээллийг энэ хуулиар нээлттэй болгосон нь томоохон дэвшил хэмээн хуульчид онцолж байв. Гэтэл төрийн байгууллагынхан шат шатандаа хуулиа мөрдөхгүй, үүргээ биелүүлэхгүй буйгаас эл зохицуулалтын ач холбогдол нийгэмд төдийлөн мэдрэгдэхгүй байна. Дарга нар нь дуугарч ядан сэтгүүлчдийг үл тоодог, зохисгүй харилцдаг, удирдлагад нь буй хүмүүс “Бид мэдээлэл өгөх боломжгүй, даргаас асуу” хэмээн өөрсдөөсөө зайлуулдаг явдал хаа сайгүй боллоо. Өмнө дурдсан тохиолдлын хувьд гэхэд сэтгүүлч нийслэлийн төсөвтэй холбоотой мэдээллийг холбогдох албан тушаалтнаас тодруулсан. Энэ нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар бол нээлттэй мэдээлэлд хамаарч байгаа. Тэгэхээр сэтгүүлч түүнээс хариулахад бэрх зүйл асуугаагүй, зүй бус шаардлага тавиагүй гэсэн үг.
Төрийн албаны, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд төрийн албан хаагчийн эрх, үүрэг, өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлах ёс зүйн хэм хэмжээ зэргийг маш тодорхой тусгасан байдаг. Тухайлбал, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууульд төрийн албан хаагчийн ёс зүйн нийтлэг хэм хэмжээг заахдаа “Иргэдэд чин сэтгэлээсээ үйлчилж, албаныхаа нэр хүндийг эрхэмлэх”, “Зан харилцаа, үг, үйлдлээрээ хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” гэхчлэн оруулсан. Даанч манай төрийн албаныхан дарга, удирдлагаасаа эхлээд үүнийг хэрэгжүүлдэггүй. Хамгийн ойрын, олонд ил болсон гэдгээр нь нэг даргын үйлдлийг онцолсноос биш, үүний цаана олон арван жишээ бий. Төрийн албан хаагчдын ёс зүйгүй байдал сэтгүүлчдэд гаргаж буй харилцаа, хандлагаар илэрсэн нь энэ болохоос иргэдэд энэ байтугайг “үзүүлж” буй. Ер нь манай улс төрийн албан хаагчид, тэр дундаа удирдах албан тушаал хашиж буй хүмүүсийнхээ харилцаа, хандлагад “салхи оруулж”, өөрчлөх цаг болжээ.
БНСУ-д албаны шугамаар очсон байхдаа нутаг нэгт орчуулагч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргатай холбоотой асуудал өнгөрсөн зун дуулиан дэгдээхэд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Төрийн албан хаагчдын харилцаа, хандлага, ёс зүйг дүгнэж, аттестатчилна. Тэд нийгэмд манлайлах, ёс суртахууны эерэг нөлөөлөл үзүүлэх хэрэгтэй” хэмээн ярьж байв. Үнэхээр л тэдний харилцаа, хандлагыг дүгнэж цэгнэн, “дэгэнд оруулах” шаардлагатай болоод байна.
Бэлтгэсэн: Н.Мишээл