Монголын үндэстэн ястны ардын богино 1008 дуу төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Монголын үндэстэн ястны ардын богино дуу дуулаачдын олон улсын уралдаан” 2023 оны аравдугаар сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.
Уралдаанд нийслэл хот болон орон нутгаас нийт 44 ардын авьяастан, мэргэжлийн уран бүтээлчид оролцсоноос гадна БНХАУ, Япон улсаас Монгол ардын дуу сонирхон суралцагч уран бүтээлчид оролцлоо. Уралдааны шүүгчээр Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, /Sc.D/, профессор Л.Эрдэнэчимэг, Монгол Улсын Ардын Жүжигчин Ц.Үенч, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Б.Батмэнд, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Н.Амгалан, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Д.Баасанжав, Монгол Улсын Гавьяат Зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Д.Ариунболд, Хөгжим судлаач, доктор /Ph.D/ Д.Энхцэцэг нар уралдааны нийт гурвагн шатыг шүүж шилдгүүдийг тодруулжээ. Уралдааны III дугаар шатны шилдэг 13 оролцогчийн үзүүлбэр арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Соёлын бүтээлч сарын томоохон ажлын нэг болон “Хүн театр”-ын тайзнаа ГАЛА тоглолтоор үзэгчдийн хүртээл боллоо.
Уралдааны III дугаар шатанд шалгарсан шилдэг 13 оролцогч:
- I байранд Улаанбаатар театрын гоцлол дуучин О.Анхчимэг,
- II байранд Монгол Улсын Үндэсний Их Театрын гоцлол дуучин Д.Дугармаа,
- III байранд Монгол Улсынн Үндэсний Урлагийн Их Театрын гоцлол дуучин Г.Алтанхундага,
- Шагналт байранд Монгол Улсын Консерваторийн 3-р дамжааны оюутан Б.Ариунбат, дуучин Л.Долзодмаа,
- Монгол Улсын Гавьяат Жүжигчин Ш.Даваахүү сангийн нэрэмжит шагналаар Дорнод аймгийн Хөгжимт Драмын Театрын гоцлол дуучин Д.Мягмар,
- Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын захирлын нэрэмжит шагналаар Улаанбаатар театрын гоцлол дуучин О.Анхчимэг,
- Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын дуу ангийн нэрэмжит шагналаар Э.Алтантуяа нар тус тус шагнагдлаа.