Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулга 2023 оны аравдугаар сарын 11-ний өдөр Версалийн ордны Хааны дуурийн театрт анх удаа тоглолт хийв.
Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон Бүгд Найрамдах Франц Улсын Европ, Гадаад хэргийн сайд Катерин Колонна зэрэг францын төр, засаг, нийгмийн зүтгэлтнүүд, Парист төвтэй олон улсын байгууллагын удирдлагын төлөөлөл зэрэг 600 орчим өндөр албаны зочид урилгаар үзлээ.
Морин хуурын чуулга Версалийн ордны Хааны дуурийн театрын тайзнаа өөрийн урын сангаасаа үндэсний, ардын болон сонгодог төрлийн 15 бүтээлийг толилуулсан нь үзэгч олны талархлыг хүлээжээ. Тус театрт тоглосон Монголын анхны уран бүтээлчид болсноороо мөн онцлог байв. Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсанаас хойш 31 жилийн хугацаанд 30 гаруй оронд 650 гаруй тоглолт хийгээд байна. Тухайлбал, АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байр, БНФУ-ын Парис хотноо ЮНЕСКО-ийн төв байр, ОХУ-ын Большой театр, БНХАУ-ын Үндэсний их театр (Сувдан театр), Япон Улсын NHK телевизийн концертын их танхим болон Сиднейн Дуурийн театрт амжилттай тогложээ. Морин хуурын чуулга нь аравдугаар сарын 14-ний өдөр БНФУ-ын Нант хотын консерваторын тайзнаа тоглох юм.