Уран олборлох, экспортлох жимээ Монгол Улс нэгэнт тод гаргасан. Дорноговь аймгийн Улаанбадрах сумд “Кожеговь” компанийнхан хайгуулаа 1997 онд эхлүүлж, 2006 онд Дулаан-Уул (6 260 тн), 2010 онд Зөөвч-Овоо (93,291 тн) ураны ордыг нээсэн. Улмаар “Бадрах Энержи” 2016 онд ашиглалтын зөвшөөрөл авснаас хойш ажил нь аажим аажмаар урагшилсаар 2021-2022 онд туршилтаа бүрэн дүүрэн амжилттай дуусгаад өнөөдөртэй золгосныг олон нийт мэднэ. Зарим иргэн “Хоёр толгойтой хурга гарлаа”, “Гажиг мал ихэслээ”, “Эргүү ишиг төрлөө”, “Сохор ботго гарлаа”, “Мал хээл хаялаа”, “Шар нунтаг аюултай” гэх мэт батлагдаагүй мэдээллийг тараасан нь эсрэгээрээ “Бадрах Энержи” компанийн ураны хүдэр олборлох “Зөөвч-Овоо” төслийг олон нийтийн анхааралд оруулж чадсан. Өдгөө “Бадрах Энержи” компанийн 25 жил хөдөлмөрлөж, гаргасан жим цааш үргэлжлэх, эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, “Бадрах Энержи” компанийнхан туршилтаа амжилттай дуусгасан ч үйлдвэрлэлээ эхлүүлж чадахгүй 2022 оны нэгдүгээр сараас хойш Засгийн газар ураны салбарт хөрөнгө оруулах, эсэх чимээ чагнаж нам жимхэн хүлээсээр буй.
Ашигт малтмал, газрын тосны газрын бүртгэлээр Зөөвч-Овоо орд 100.345 тонн ураны нөөцтэй. Энэ нөөцийг Монгол Улс буюу бид эдийн засгийн эргэлтэд оруулах буюу үндсэн олборлолтыг эхлүүлснээр 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шууд татаж, жилдээ улс болон орон нутгийн төсөвт нэг тэрбум төгрөгийн татвар төлж эхэлнэ. Улмаар уурхайд ажиллах боловсон хүчний 95 хувийг Монголоос бүрдүүлнэ. Мөн уурхайг бараа бүтээгдэхүүнээр хангах аж ахуйн нэгжүүдийн 90-ээс дээш хувь дотоодын компани байна. Хамгийн гол нь Монгол Улсын Засгийн газар “Бадрах Энержи” компани дахь 34 хувьдаа ногдох уранаа дэлхийн зах зээлд борлуулах боломж бүрдэнэ. Үлдсэн 66 хувийг Францын Орано групп эзэмшдэг.
Иргэд нэг хэсэг ойлголтын зөрүүгээс үүдэн айдаст автсан. Айдаст тулгуурлан зарим иргэн улс төр хийдэг байх. Тэрхүү айдас бол цацрагийн тархалт хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол юм. Тэгвэл цацрагийн хамгаалалтыг дэлхийд жишигт нийцүүлэн хийж буй. Олон улс ба Монголын хуулийн зохицуулалтын дагуу ажилтнуудын мэргэжлийн шарлагын тунгийн хязгаар 20 мЗв/ж тун байдаг. “Бадрах Энержи” компанийн ажилтнуудын мэргэжлийн шарлагын нэмэлт дундаж тун 0.5 мЗв/ж тун юм. Улмаар Улаанбаатараас Парис руу онгоцоор нисэхэд авах нэмэлт шарлагын тун 0.06 мЗв/ж ажээ. Өөрөөр хэлбэл, тус компанийн үйл ажиллагаанаас шалтгаалан цацрагийн нэмэлт шарлага үүсээгүй гэсэн үг. Цацрагтай ойр ажилласан ажиллагсдаа шаардлагатай мэргэжлийн хяналтад байлгадаг. Улмаар ажилчдынх нь авч байгаа мэргэжлийн шарлагын тун нь авч болох хязгаараас даруй хэд дахин бага юм.
Уурхай ураны олборлолт эхлүүлснээр жилдээ хамгийн ихдээ 2500 тонн шар нунтаг буюу байгалийн ураны исэл үйлдвэрлэж, экспортлох нөхцөл бүрдэнэ. Ураныг ил, далд, газар доор уусган олборлох гэсэн гурван аргаар олборлодог. Монгол газар доор уусган олборлох аргыг сонгожээ. ГДУО аргыг ашиглахад хүдрийг ил олборлох, хөдөлгөх ажиллагаа хийдэггүй учир тоос үүсэх, тархах нөхцөлийг хязгаарладгаараа давуу талтай. Газрын доор уусган олборлох арга гэдэг нь олборлолтын уламжлалт аргууд болох ил болон гүнийн уурхайгаар олборлох боломжгүй элсэн чулуун дахь тунамал ураны ордыг олборлоход ашигладаг арга. Эл аргыг уран олборлоход хамгийн өргөн ашиглаж байгаа сүүлийн үеийн арга ба байгаль орчинд хамгийн ээлтэй хувилбар юм. Уг сонголт нь тухайн орд байрлах газрын ураны хүдэр нь үл нэвчих шавран үеүдээр сайтар тусгаарлагдсан геологийн тогтцоос шалтгаалжээ. Өөрөөр хэлбэл, хүчин чадал өндөртэй, том техникээр газар сэндийчиж, тэсэрч дэлбэлэх үйл ажиллагаа явуулахгүй, үр дүнд нь байгаль экологи ямар байсан тэр төрхөөрөө үлдэнэ л гэсэн үг.
Олборлолтын талбайн зүүн, баруун хэсэгт том, жижиг торлолууд байршуулжээ. Торлолын гаднаас нь харахад хэд дахин богиносгосон шон төдий л харагдана. Эдгээр “шон”-гууд үндсэндээ Дорноговь аймгийн Улаанбадрах сум дахь ураны уурхай юм. Зургаан өнцөгт байрлуулсан торлолын өнцөг бүрт нь шахах зургаан цооног, голд нь соруулах нэг цооног байрладаг. Торлолын дотор, гадна 30 гаруй хяналтын цооног байрлуулсан бөгөөд түүнээсээ усны дээж тогтмол авч шинжилгээ хийн, бүрэн хэмжээний байгаль орчны хяналтыг хэрэгжүүлдэг ажээ. Газрын гүн дэх 15-18 торлол нэг блок болох бөгөөд үүнийг 3-5 жил ашиглах юм билээ. Дулаан-Уул ордын гүн 130-200 метр бол Казакстан гээд бусад ижил төстэй гадаадын ордуудын гүн нь 350-аас дээш аж. Харин Монгол дахь ураны уурхайн гүн 130-200 метр байгаа нь олборлох зардлыг тэр хэрээрээ багасгах давуу талтай. Ураны уурхай гэгч нь ингэж л харагддаг аж. Уурхай мөртлөө уурхай биш ч юм шиг харагдаж байгаа нь ураныг олборлож буй технологи, ГДУО аргатай холбоотой. Ил болон далд уурхайн аргаар нүүрс, зэс олборлодгийг бид мэднэ. “Бадрах Энержи” компани уг аргыг ашиглан үйлдвэрлэлийн туршилтын олборлолт хийж, 2021 оны долоодугаар сараас 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл 10 тонн ураныг амжилттай олборложээ. Туршилт амжилттай болсноор газар доор уусган олборлох арга нь Зөөвч-Овоо ордод хамгийн тохиромжтой, байгаль орчинд бага нөлөөтэйг баталсан бодит үр дүн юм. Ийнхүү манай улсад ураны салбарт дэлхийд тэргүүлэх технологи орж ирж нутагших боломж бүрдсэн.
Өдгөө “Бадрах Энержи” компанийнхан “Зочдын ой”-гоо улам сүрлэг болгохоор хичээн ажиллаж буй. Мэргэшсэн ойн инженер тодорхой талбайд мод тарих ажлыг удирдан зохион байгуулдаг. Үүнээс гадна уурхайтай танилцахаар ирсэн хүн бүрт модны суулгац өгч тариулдаг учраас мод тарих бүсээ “Зочдын ой” хэмээн нэрийджээ. Энэхүү зурвас талбайд хонхот харгана, чацаргана, жигд, сакура, сухай, хотир, хармаг, буйлс, хайлаас, азар зэрэг говийн онцлогтой мод, бут тариалжээ. “Бадрах Энержи” нийт 5 сая мод тариалах үүрэг амлалт авсан бөгөөд өнгөрсөн жилүүдэд 7500, өнөө жил 5000 нийт 12 мянган мод тарьсан аж.
Хэдийгээр үндсэн ордын олборлолт эхлээгүй ч “Бадрах Энержи” ийнхүү багагүй хөрөнгө оруулалтыг Монголд оруулсан. Тухайлбал, тусгай зөвшөөрлийн төлбөрт жилд нэг тэрбум, Дорноговь аймагт газар ашигласны төлбөрт 2019-2021 онд 3.5 тэрбум төгрөг төлжээ. Нэмээд Тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд орон нутагт 2006 оноос хойш 7 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Боловсролын хэд хэдэн төсөл хэрэгжүүлж, оюутнуудад чамгүй хөрөнгө оруулсан байна. Төдийгөөс өдий хүртэл, 72 оюутанд 184 удаагийн тэтгэлэг олгосон гэнэ. Мөн нийгэм, эдийн засгийн болон эрүүл мэндийн суурь судалгааг удаа дараа хийсэн байна. Үүнээс гадна орон нутгийн иргэдийг малжуулах хөтөлбөрт хамруулж, 2007 оноос 122 малчинд эдийн засгийн дэмжлэг үзүүлжээ. Дээр дурдсанчлан малын эрүүл мэндэд анхаарч, судалгаа хийхэд "Зөөвч-Овоо" төслийн талбай, эргэн тойронд малын эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудал илрээгүй аж. Үүнийг БОАЖЯ, хуучнаар МХЕГ, Стандартчилал, хэмжил зүйн газар, Хими технологийн хүрээлэн, Геологийн төв лабораторийн мэргэжилтнүүд баталсан байдаг.
Эцэст нь онцлоход, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж буй. Ерөнхийлөгч нарын уулзалтын үр дүнд “Бадрах энержи” ХХК-ийн “Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалт болон хувьцаа эзэмшигчдийн гэрээний төслийн талаарх яриа, хэлэлцээр эрчимжинэ хэмээн олон нийт хүлээж буй. Товчхондоо, “Зөөвч овоо” төслийг урагшлах, эсэх нь Ерөнхийлөгч нарын хэлэлцээрээс шалтгаалах нь.