“Сонгууль дөхөхөөр нэр дэвшигчид газрын гэрчилгээ гаргуулаад өгчихдөг”
Нийслэлийн хэмжээнд өдгөө 3000 орчим айл үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж байна. Үүнээс 500 айл нь зөвшөөрөлгүй буюу дур мэдэн буужээ. Харин бусад нь зөвшөөрөлтэй, газрын гэрчилгээтэй бололтой. Гэхдээ тэдгээр айлыг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй гэж ялгах нь учир дутагдалтай. Ямар ч тохиолдолд үерийн эрсдэлтэй бүсэд айл өрх суурьшуулах нь хүний эрхэд халдсан ноцтой зөрчил. Үндсэн хуулийн 16.2-т Монгол Улсын иргэн “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл эрх мэдэлтнүүд иргэдийн энэхүү үндсэн эрхийг зөрчиж, үерийн аюултай бүсэд газар ашиглах зөвшөөрөл олгосоор ирсэн гэсэн үг. Дарга нарын ийм балгаар энэ сарын 5-нд дөрвөн хүн үерт өртөн амь үрэгдлээ.
Тухайн өдөр уруйн үер гэнэт бууснаас Дарь-Эх, Дамбадаржаа, Цагаан даваа орчмын гэр хороолол усанд авсан. Холбогдох албаныхны олж тогтоосноор үерт өртсөн айлын тоо өчигдөр 356 болжээ. Түүнчлэн үерийн улмаас орон гэр нь бүрэн сүйдэж, сэргээн засах аргагүй болсон айлын тоо 22-т хүрсэн гэнэ. Усанд автсан газрын хэмжээ нь 38.3 га бөгөөд Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх айл өрх, аж ахуйн нэгжүүд илүүтэй хохирол амсжээ. Гэтэл хороо, дүүрэг, нийслэл, тэр ч бүү хэл, УИХ, Засгийн газрын түвшний эрх мэдэлтнүүд ч иргэд өөрсдийн буруугаас ийнхүү үерт өртөж, хохирол амссан гэх болов. Өөрөөр хэлбэл, “Үерт автах магадлалтай газарт иргэд олноор суурьшсан нь буруу, нүү гэсээр байтал тэндээсээ холдоогүй” хэмээж буй юм. Гэхдээ тэдэнд хэн гэгч эрх мэдэлтэн нь газар олгосныг хаацайлж, нуун дарагдуулж байгаа.
“Уулнаас бууж ирэх усны урсцыг хааж, газрыг нь тэгшилсэн байна. Тэгэхээр энэ байршил дахь үерт дахин өртөх магадлалтай айлуудыг даруй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай. Үерийн барилга байгууламжийг хааж, шороо, барилгын хог хаягдал асган тэгшилсэн, ингэж өндөрлөж байгаад газрыг нь зарсан, их хэмжээний хог хаягдал үүсгэсэн ноцтой зөрчлүүд бий. Газрын алба, дүүрэг, хорооныхонтой хэлэлцэж энэ асуудлыг цэгцэлнэ. Үүнтэй холбоотой хариуцлагыг ч ярих ёстой” гэж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үерийн дараа сүржин мэдэгдэл хийсэн. Мөн “Чөлөөлсөн газрыг мэдээллийн санд бүртгэн, хамгаалалтын бүсэд оруулж, дахин газар олгохгүй” хэмээв. Хотын удирдлагаар томилогдсоноос хойш гурван жил шахмын хугацаа өнгөрч байгаа атал тэрбээр эл асуудлыг одоо л олж харлаа гэж үү. Бас нийслэлийн Газрын алба гэдэг байгууллагынхан нь юу хийдэг юм бэ. Яагаад энэ мэт зөрчлийг таслан зогсоолгүй, харин ч улам даамжруулсаар ирэв.
“Хөдөөнөөс хотод нүүж ирж байгаа иргэд голын ай сав газар, үерийн аманд дур мэдэн бууж, гэр бариад, хашаа хатгачихдаг. Зарим гудамж нь “Үерийн”, “Усны” гэх мэт хаягтай байдаг. Тэгээд сонгууль дөхөхөөр тухайн дүүрэгт нэр дэвшигч очоод, газрын гэрчилгээ гаргуулаад өгчихдөг. Тиймээс төлөвлөлтгүй, цахилгаангүй, сургууль, цэцэрлэгээс алслагдсан айлууд нэмэгдэж, шинээр суурьшлын бүс үүсгээд байдаг. Түүний горыг өнөөдөр нийтээрээ амсаж байна. Цаашдаа энэ нөхцөл байдал жилээс жилд даамжрах магадлал өндөр” гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан С.Мөнхчулуун нийгмийн сүлжээнд бичжээ. Дарь-Эх, Дамбадаржаа орчмын гэр хороолол үерт авсан шалтгааныг ийнхүү “тодорхойлсон” хэрэг л дээ.
Улмаар тэрбээр “2016 онд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд Өмч, газрын харилцааны газрын дарга асны дүү нь маш олон хүнд газрын гэрчилгээ гаргуулж, тараасан байдаг. Иймд Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, тухайн бүсэд байгаа объектыг том, жижиг гэлтгүй буулгаж, бүх нийтийг эрсдэлээс хамгаалах, хууль зөрчиж зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж, хариуцлага тооцуулах шаардлагатай” хэмээсэн байх юм. Энэ удаад үерт илүүтэй өртсөн Баянзүрхийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүйгээр оршин суусан 46 айл байгааг дүүргийн Газрын албанаас мэдээлжээ. Тэд 2018 оноос хойш л зөвшөөрөлгүй оршин сууж ирсэн бөгөөд нүүх шаардлагыг удаа дараа хүргүүлсэн ч хүлээн аваагүй гэж дээрх байгууллагынхан өөрсдийгөө хаацайлж байгаа юм. Үүнээс гадна үерт автах эрсдэлтэй 228 айл бий гэнэ. Эдгээр нь зөвшөөрөлтэй буюу ямар нэгэн байдлаар гэрчилгээгээ авчихсан айлууд бололтой. Гэхдээ тэд ямар замаар, хэрхэн газартай болсон бэ. Ер нь үерийн эрсдэлтэй бүсэд хэн хэзээнээс газар олгосныг нийслэлийн Газрын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбараас лавлахад “Гэр хорооллын газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар олгодог. Нарийвчилсан мэдээллийг өдгөө судалж, тодруулж, нэгтгэж байна” гэсэн бүдэг бадаг зүйл хэлсэн юм. Үүсээд буй асуудлыг шийдэх ёстой гол газрынхан нь ийнхүү дөнгөж саяхан байгуулагдсан мэт судалгаа хийж суудаг нь хачирхалтай.
Дэлхийн банк, Японы Бодлого, хүний нөөцийн хөгжлийн сангийн санхүүжилттэй “Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд “Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн менежментийн стратеги боловсруулах” нэртэй судалгааг 2015 онд хийжээ. Уг судалгааны үр дүнг харвал, гэр хорооллын бүсээс үерт өртөх өндөр эрсдэлтэй газруудыг тодорхойлсон байна. Үүнд сая гамшигт өртсөн Баянзүрх дүүргийн 21, 23 дугаар хороог хэдийн багтаажээ. Тухайн хэсгийг гамшигт өртөмтгий болгосон гол шалтгаан нь үерийн ус урсдаг жалга, судгийг хааж авто зам барьсан явдал гэж судлаачид дүгнэсэн байна. Тиймээс замын ойр орчмынх нь гэр хорооллын айлууд үерт автах эрсдэлтэй гэж үзжээ. Түүнчлэн Дарь-Эх орчмыг эрсдэлээс хамгаалах шаардлагатайг зөвлөсөн аж. Өөрөөр хэлбэл, долоон жилийн өмнө л мэргэжлийн байгууллагууд судалж, эрсдэлтэйг нь тодорхойлоод, зөвлөмж ч өгчихсөн байж. Гэтэл тэдний үгийг сонсолгүйгээр, харин ч суурьшлын бүсийг тэлсээр өдий хүрчээ. Дөрөв хоногийн өмнөх уруйн үер яг мэргэжилтнүүдийн тодорхойлсноор авто замын дагуу бууж, улмаар 105 автомашин урсан, ойр орчмынх нь гэр хороолол усанд автсан нь судлаачдын дүгнэлт бодит байдалд нотлогдсоны илэрхийлэл юм.
Харин ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр хэдийн гамшиг болж, бас иргэд багагүй хөрөнгөө алдаж хохирсны дараа л арга хэмжээ авна хэмээн хот, дүүргийн удирдлагууд ярьж байна. Бас иргэдийг тавласан мэт “Өмнө нь хүмүүс ойлгодоггүй байсан. Харин одоо үерт өртсөн учраас ойлгоод нүүх байх” гэсэн агуулга бүхий мэдээллийг олон нийтэд өгөх болов. Уг нь хороо, дүүрэг, нийслэлийн засаг захиргаа гэж байдгийн учир нь аливаа эрсдэлээс иргэдийг урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах юм. Өөрөөр хэлбэл, тэнд айлууд суурьшуулах ёсгүй байв. Тийм зөвшөөрөл өгөх мэдэл аль ч эрхтэн дархтанд байхгүй. Гэтэл сонгуулийн өмнө иргэдэд газар “бэлэглэсэн” нэр зүүж, сонгогдохын төлөө юу ч хийхээс буцдаггүйн гай нь өдгөө гамшгаар илэрч байна.
Бороо орох, үер буух бүрт холбогдох албаныхан ус зайлуулах шугам сүлжээгээ сайжруулна, шинэчилнэ гэж ярьдаг. Ийнхүү улигласаар олон жилийн нүүр үзсэн ч одоогоор дорвитой шийдэлд хүрсэнгүй. Үндсэндээ дулааны улиралд, бороо орохоор л энэ талаар яриад, бусад үед нь мартчихдаг уламжлал тогтоод уджээ. Гэтэл үүний цаана хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, иргэдийн амьдралын чанар доройтон, цаашлаад зарим нь амиа алдлаа. 20-хон минутын бороог л даваад гарах “дархлаа” манай хотод алга. Цаашид ч асуудлыг илүү даамжруулахгүйн тулд юу хийх ёстойг эрх баригчид ойлгосон, эсэхэд эргэлзэх шалтгаан бий. Хоёр үерийн хооронд гялтайх зүйл хийгээгүйг нь хүмүүсийн амь нас хохирч, эд хөрөнгө сүйдсэнээс харахад хангалттай юм. Гамшгийн дараа гэнэт ухаарсан мэт, ажил хийж байгаа юм шиг дүр үзүүлдэг жишгийн дагуу энэ удаад ч үерт өртсөн айлуудыг нүүлгэн шилжүүлэх таван га газар бэлдсэн талаар мэдээлж байна. Харин хэзээ нүүлгэх нь тодорхойгүй. Сонгосон газар нь цахилгаанаас авхуулаад ямар ч дэд бүтэцгүй. Одоо л дэд бүтэц татахаар ажиллаж байгаа. Ийм маягаар яг өмнөх шигээ асуудлыг замхруулаад, мартагдуулаад өнгөрөх вий дээ.