Гадаадад амьдардаг монголчууд байс хийгээд сэтгэл татам мэдээ дуулгадаг. ХБНГУ-ын Ингольштатт хотод суурин амьдарч, Европын үзэгчдэд монгол үндэснийхээ хөгжмийн урлагаар үйлчилж ирсэн “Хөх Монгол” хамтлагийнхан 25 жилийн ойгоо тэмдэглэжээ. Европын олон орноос найз нөхөд, уран бүтээлийн хамтрагчид нь цугласан аж. Монголоос “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан хүндэт уран бүтээлчээр хүрэлцэн очиж, баярын үйл ажиллагааг тоглолтоороо өргөжүүлэн, эх орноосоо хол буй монголчууддаа гэнэтийн бэлэг барьжээ.
Тус хамтлагийн шанзчин Н.Уранчимэг “Бид ойн баяраа түрүү жил тэмдэглэх байсан юм. Гэтэл Морин хуурын наадам, Европын шагайн аваргын тэмцээн зэрэг олон арга хэмжээ давхацсан тул манай хотод амьдардаг хэдхэн монгол айлын хүч хаанаа ч хүрэлцэхгүй байсан учир хойшлуулсан. Бид ойн баяртаа Ардын жүжигчин цолтой уран бүтээлчийг урьсан тул баяр, тоглолт болох танхимаа хамгийн сайн техникээр тоноглуулсан. Түүнд чөлөөтэй, сэтгэл ханамжтай дуулах орчин бүрдүүлэх нь бидний үүрэг байлаа” гэв.
“Хөх Монгол” хамтлагийн 25 жилийн ойд монгол, гадаад олон зочин оролцсоны дотор Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг, ахмад улстөрч Д.Лүндээжанцан, Монгол Улсын Соёлын элч С.Бадамхорол, Рүди Вагнер болон Ингольштатт хотын дарга, тус хотын хөгжмийн сургуулийн захирал нар байжээ.