“Энэ бол Бат. Тэр нэгдүгээр хороололд амьдардаг ба Яармаг дахь “Доктор авто сервис”-т ажилладаг. Бат өглөө бүр долоон км замыг нэг цаг 30 минутад туулж, ажилдаа очдог байсан бол дүүжин тээвэрт сууснаар 4.3 км-ийн зайтай газарт ердөө 11 минутад хүрэх боломж бүрдлээ. Түүний сууж буй тээвэр цагт 21 км зам туулдаг, нэг бүхээгтээ 11 хүн тээвэрлэх чадалтай, хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод ээлтэй, тав тухтай, бат бөх унаа юм. Ийм тээвэртэй болсноор иргэд хотын нэг захаас нөгөөд 10-аадхан минутад хүрч, цаашаа өөр хэрэгслээр зорчих боломжтой. Улаанбаатар хүнд ээлтэй, ухаалаг хот болоход нэг алхам ойртож, орчин үеийн нийтийн тээвэр ашиглаж эхлэх цаг ирлээ”. “Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлэх төсөл”-ийнхөн ийм сурталчилгааг олон нийтийн сүлжээ, цахим мэдээллийн хуудсуудаар түгээж байна.
Дүүжин тээврийн эхний шугамын ажлыг энэ хавраас эхлүүлж, ирэх онд багтаан ашиглалтад оруулах сураг чимээ дуулдаж эхлэхтэй зэрэгцээд төслийн пиар, суртал чилгааг идэвхжүүлэв бололтой. Улаанбаатар хотыг өндрөөс тольдох боломж тун удахгүй бүрдэнэ л гэнэ. Дэлхийн 80 гаруй оронд амжилттай хэрэгжүүлсэн төслийг Монголын нийслэлд турших гэж буй нь зол завшаантай явдал юм байх. Энэ бүхэн яагаад ч юм бэ, барилдахаасаа таахалзах нь, үйлдэхээсээ танхилзах нь хэмээх үгийг эрхгүй санагдуулах болов.
Манай улс дүүжин тээвэр нэвтрүүлэх санаачилга гаргаад тав, ийм төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлээд гурван жил гаруй болж буй. Төслөө бүр Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр зөвшилцөж, санхүүжилтийнхээ эх үүсвэрийг шийдүүлэн, гүйцэтгэгчээр шалгарсан гадаадын хоёр компанид 35 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгчихсөн. Гэтэл төслийн ажлыг эхлүүлэх болоход иргэдийн эсэргүүцэл, газар чөлөөлөхтэй холбоотой бөөн асуудал ундарснаар төлөвлөгөө ёсоор болоогүй. Дүүжин тээврийг анх Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг, Долоон буудал-Дарь эх-Сансарын тойрог гэсэн хоёр чиглэлд нэвтрүүлэхээр төлөвлөсөн ч тооцоо, судалгаагаа дутуу дулимаг хийснээс энэ мэт бэрхшээлтэй тулгарч, маршрутыг нь өөрчлөхөөс аргагүйд хүрсэн. Дараа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Зайсан толгойДугуй цагаан, Долоон буудлаас хотын төв рүү чиглэсэн маршрутыг нийслэлээс шинэчлэн тогтоож, Францын талд санал хүргүүлсэн ч дэмжээгүй. Үүнээс хойш хоёр ч удаа шинэ маршрут тогтоосон байдаг. Ингэж явсаар өдгөө ЯармагХархорин, Сэлбэ гол гэсэн чиглэлийн дагуу зам барихаар тогтоод буй аж. Эхний шугам буюу Яармаг-Хархорин чиглэлийн замын ажлын төлөвлөгөөг баталж, хотын захиргаа Францын талтай гэрээ байгуулжээ. Тиймээс л нийслэлийнхэн “Иргэдэд хотыг өндрөөс тольдох боломж олгоно” хэмээн саймшрах болж. Гэвч төслийн ажил хугацаандаа эхлэх, эсэх нь мөн л эргэлзээ дагуулсаар. Иргэдийн эсэргүүцэл, газар чөлөөлөхтэй холбоотой саад тулгарахгүй гэх баталгаа ч алга.
Эл төсөл хариуцсан хүмүүс “Агаарын дүүжин тээврийг ирэх онд ашиглалтад оруулна” гэж 2020 оноос хойш жил бүр тов зарлаж буй. Харин одоо “Энэ хавар эхлүүлнэ” хэмээн ярьж байна. Саяхан болсон “Улаанбаатаролон улсын хөрөнгө оруулалт, түншлэлийн форум”-ын үеэр нийслэлийнхэн дүүжин тээврийн эхний шугамын гэрээг байгуулснаа тууз хайчлах шахам сүр дуулиантай зарлана лээ. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар ч “Санхүүжилт, зураг төсөвтэй холбоотой хүндрэл байхгүй. Зээлийн гэрээгээ сунгах л асуудал бий. Хоёр тал бэрхшээл, үл ойлголцлуудаа шийдсэн. Зарим нь үүнийг мянгуужингийн үлгэр гээд байгаа. Бид бодитоор хэрэгжүүлнэ. Дүүжин тээвэр Монголд нийцэхгүй, эрс тэс уур амьсгалд зохицохгүй гэдэг нь үндэслэлгүй. Энэ ажлыг франц технологиор хийнэ” гэж эрс шийдэмгий ярьсан. Гэтэл энэ хавар юу юугүй шувтрах гэж байна. Лавтай дүүжин замын тээвэртэй холбоотой ажил өрнөж байгаа газар алга. Зундаа амжиж эхлүүлэх үү, үгүй юү гэдэг нь тодорхойгүй. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийнхнээс үүнийг тодруулахад “Шинэ тойрог зам” болон дүүжин тээврийн төслийг хэрэгжүүлэх нь цаг хугацааны асуудал. Төслийн суурь судалгаа, бэлтгэл ажлыг бүрэн базаасан. Ерөнхий сайд дүүжин тээврийн ажлыг эрчимжүүлэх үүргийг гуравдугаар сард холбогдох албаны хүмүүст өгсөн. Үүнээс хойш ажил эрчимтэй үргэлжилж байна” гэв. Эрхбиш Францын Элчин сайд нь хоёр тал зөвшилцөлд хүрч, гэрээ байгуулсан талаар цахим хуудсандаа бичсэн учир маршрутаа тогтсон, төслийн ажлыг эрт, орой хэзээ нэгэн цагт эхлүүлнэ гэдэгт бага боловч итгэл төрж байна. Тэрнээс биш, манай сайд, дарга нарын амлалт, үгэнд итгэхэд бэрх. Дүүжин тээврийг мянгуужингийн үлгэр гэгдтэл худал ярьж, таахалзсан нь тэд шүү дээ.
Нийслэлд дүүжин тээвэр нэвтрүүлэх болсон шалтгаан нь замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах зорилготой. Тиймээс Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээнд “Нийслэлийн хөгжлийн төсөл” нэртэйгээр багтаасан байдаг. Анх маршрутыг нь тогтоохдоо хөдөлгөөний ачаалал, хүн амын төвлөрөл ихтэй хоёр чиглэл сонгосон нь ч ийм учиртай. Харин сүүлчийн маршрутыг гаргахдаа энэ зорилгоо чухалчилсан уу гэдэг нь эргэлзээ дагуулж байна. Архитектур, хот төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг нэгэн залуу “Эхний хувилбар буюу Баянхошуу, Долоон буудлаас хотын төв рүү чиглэсэн маршрут хамгийн оновчтой байсан. Үүнийг нийтийн тээврийн эрэлт, эргэлт хамгийн идэвхтэй байдаг гэр хорооллын бүсээс хотын уулзвар луу чиглүүлэх нь үр ашигтай, түгжрэл бууруулахад хувь нэмэртэй. Харин Яармаг дахь хотын захиргааны шинэ байраас “Хархорин”, “Драгон” руу маршрут тогтоосон нь нийслэлийнхэн өөрсдөдөө зориулж хийж буй ажил гэж хардахад хүргэж байна. 2024 оны сонгуульд зориулсан “үзвэр” болж ч магадгүй. Олон сая ам.долларын санхүүжилттэй, том төсөлд хариуцлагатай хандах хэрэгтэй. Газар чөлөөлөх боломжтой бүс сонгох биш, түгжрэл, авто замын хөдөлгөөнд нөлөөлөх байдлыг нь харж, чиглэлээ тогтоох ёстой. Манай улс ийм төсөл хэрэгжүүлсэн туршлагагүй учраас зөвлөх үйлчилгээ, гадаадын судлаач, экспертүүдийн санал бодлыг авах байсан юм” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Үүнийг бодууштай. Өөр улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл учраас яаж ийгээд нэг “юм” барьж авъя гэсэн сэтгэлээр хандаж буй юм биш биз дээ. Мэдэх л хүмүүс. Хоёр дахь маршрутын хувьд ч маш учир битүүлэг байгаа. Сэлбэ гол дагуу гэдгээс өөр тодорхой мэдээлэл алга. Дээрх нэгжийн мэргэжилтнээс тодруулахад бүдэг бадаг зүйл хэллээ. Богдхан уулаас тус гол хүртэл, хотын төв хэсгийн Сэлбэ дагуу гэсэн хоёр маршрут яригдаж буй аж. Үүнийг нийтийн тээврийн зориулалтаар бус, аялал жуулчлалын чиглэлээр ашиглаж магадгүй гэсэн мэдээлэл тархсан. Холбогдох байгууллагуудын түвшинд энэ чиглэлийн яриа ч өрнөсөн гэнэ. Ямартай ч хоёр дахь шугамыг нь 2024-2026 онд барихаар төлөвлөжээ.
Энэ төрлийн тээврийн хэрэгсэлд зориулсан агаарын замыг анх Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг, Долоон буудалДарь эх-Сансарын тойрог чиглэлд байгуулахаар шийдвэрлэсэн. Харин одоо замыг нь “танаж”, багасгасаар Яармаг-Хархорин гэж тогтоод байна. Энэ нь нэг талаас газар чөлөөлөхтэй, нөгөөтээгүүр эдийн засгийн чадамжтай холбоотой аж. Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Эхний маршрутын дагуу газар чөлөөлөхөд дүүжин тээврийн төслөөсөө ч давсан зардал гаргахаар байсан учир чиглэлээ өөрчлөхөөс аргагүйд хүрсэн” гэж ярьж байна билээ. Эндээс л бид ямархуу чадамж, нөөц боломжтой улсад аж төрдөг нь, хэчнээн хариуцлагагүй, туйлбаргүй хүмүүст төсөл, хөтөлбөр хариуцуулж, төсвийн мөнгийг үрэн таран хийлгэдэг нь бэлхнээ харагдаж байна.