-Сувилагчийн ажлын байрны талаар лавлах гэсэн юм. Цалин нь хэд вэ?
-Үндсэн цалин 750 000 орчим төгрөг.
-Үүн дээр нэмэлт урамшуулал олгох уу. Цалин нь арай бага юм биш үү?
-Нэмэлт хөлс, урамшуулал олгодог. Хамгийн гол нь тухайн хүний ур чадвараас шалтгаална.
-Сургуулиа саяхан төгссөн, ажлын туршлагагүй болохоор ур чадварын хувьд нэмэлт урамшуулал авах хэмжээнд ажиллаж чадах, эсэхдээ эргэлзэж байна.
-Туршлагагүй ч дадлагажуулаад ажиллуулж болно. Хамгийн гол нь хичээл зүтгэлээс шалтгаална шүү дээ.
Улсын нэгэн томоохон эмнэлгийн ажлын байрны зарын дагуу холбогдоход ийм мэдээлэл өглөө. Манай улсад өдгөө 13 947 сувилагч ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын таван ажилтан тутмын нэг нь сувилагч. Олон улсын стандартаар бол нэг эмчид хоёр
сувилагч ногдох ёстой. Харин манайд нэг эмчид нэг сувилагч ногддог. Энэ нь салбарын хэмжээнд сувилагчийн хомсдол нүүрлэсэн гэсэн үг. Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн хэлснээр ойрын гурван жилд 6000 гаруй сувилагч шинээр бэлтгэхийн зэрэгцээ тэднийг тогтвор суурьшилтай ажиллуулах шаардлага тулгарсан гэнэ.
Сувилагчийн хомсдол үүсэх нь ямар сөрөг үр дагавартай талаар АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Я.Энхжаргал “Сувилагч нараа алдаж буй оронд эрүүл мэндийн томоохон асуудлууд тулгардаг юм байна. Тухайлбал, Африкийн орнуудад ДОХ, сүрьеэгийн тархалт нэмэгдээд л байж. Эрт илрүүлэг зохион байгуулаад, эм хангамж хангалттай байсан атал өвчлөл ихэсжээ. Үүний шалтгааныг тогтоохоор судалтал сувилагч хомсодсонтой холбоотой байсан. Тухайн хүн эмээ цагт нь, зөв ууж байгаа, үгүйг урт хугацаанд хянадаг сувилагч цөөрч, сувилахуйн тусламж, үйлчилгээний хүртээмж хумигдсан учраас өвчлөл нэмэгджээ. Манай улсад ч гэсэн насанд хүрэгчдийн архаг эмгэг, хүүхдийн шүдний болон жирэмсэн эмэгтэйчүүдийн суурь өвчлөл их байна. Энэ нь сувилагчийн дутагдалтай холбоотой гэж би хувьдаа хардаг” хэмээн ярьж байлаа.
Сувилагч бэлтгэх гол ачааллыг буюу талаас илүүг нь АШУҮИС үүрдэг аж. Тэднийх нийслэл, Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар, бүрэлдэхүүн сургуулиудаараа дамжуулан сувилагч нарыг сургадаг. Үүнээс гадна улсын хэмжээнд хувийн хэвшлийн 12 сургуульд сувилагч бэлтгэдэг юм байна. Улс, хувийнх нийлсэн бүх сургуульд одоогоор 4361 оюутан сувилагч мэргэжлээр суралцаж буй гэнэ. Тэдний 1000 орчим нь энэ жил сургуулиа төгсөж, ажлын байранд гарах нь. Гэхдээ тэд бүгд эмнэлгүүдэд очихгүй. Төгсөгчдийн 50 орчим хувь нь өөр ажил эрхлэх, эсвэл үргэлжлүүлэн суралцдаг. Ийм шийдвэрт хүрэхэд нь сувилагчийн ажлын байрны орчин нөхцөл, хөдөлмөрийн үнэлэмж нөлөөлдөг аж. Ялангуяа ажлын ачаалал их, цалин багаас шалтгаалан залуус мэргэжлийн ажлаа голж халшрах нь элбэг гэнэ.
Сувилагч мэргэжлээр сургууль төгсөгчдийн тоо өнгөрсөн жилүүдийнхээс тодорхой хэмжээгээр өссөн юм билээ. Гэсэн ч сувилагчийн хомсдолыг нөхөх хэмжээнд хүрээгүй аж. Засгийн газраас 2020 онд 70 дугаар тогтоол гаргаж, сувилагч мэргэжлээр суралцах оюутнуудын сургалтын төлбөрийг 70-100 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь сувилагчдыг олноор нь бэлтгэх, цаашлаад ажиллах хүчний хомсдолыг нөхөх зорилготой байв. Сургалтын төлбөрийг хөнгөлсөнтэй холбоотойгоор сувилагч мэргэжлээр суралцагчдын тоо өмнөх жилүүдийнхээс бага зэрэг өссөн ч хангалттай түвшинд хүрэхгүй байгааг “Глобал удирдагч” их сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Т.Сүрэнхай хэлсэн юм. Тэрбээр “Хүсэл сонирхлынхоо дагуу сувилагч мэргэжлийг сонгож сургуульд элсдэг хүүхэд тун цөөн. Улсын хэмжээнд сувилагчаар суралцагчдын 20 хувь нь л сонирхлынхоо дагуу энэ мэргэжлийг сонгосон байх. Харин үлдсэн хувь нь амьдралын шаардлага, амьжиргааны нөхцөл байдлаас шалтгаалаад л сувилагчаар суралцаж байна шүү дээ, нуулгүй хэлэхэд. Хүүхдээ сургаж, мэргэжил эзэмшүүлэхэд багагүй мөнгө шаарддаг. Тиймээс төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх болсноор сувилагчаар суралцагчдын тоо бага зэрэг нэмэгдсэн гэж харж байна” хэмээлээ.
ЭЭЛЖИТ “ШОУ”
Олон улсын сувилагчийн өдөр өнөөдөр тохиож байна. Үүнийг угтан төр, засаг, холбогдох бусад байгууллагаас сувилагч нарт зориулсан олон арга хэмжээ зохион байгуулж буй. Үйл явдлууд өнөөдөр ч үргэлжлэх бололтой. Уламжлал ёсоор Эрүүл мэндийн сайдаасаа эхлээд бусад дарга, албаныхан ч сувилагчдыг магтан дуулна. Янз бүрийн шагнал олгоно, “төмөр” зүүж өгнө. “Сувилагч хомсдож байна. Тэдэнд олон асуудал тулгамдаж байгаа. Бүгдийг нь шат дараатайгаар шийднэ. Шийдэхээр ч ажиллаж байна” гэх мэтээр “уянгална”. Жил бүрийн сувилагчдын өдрөөр ийм үйл явдлууд өрнөдөг ч тэдэнд тулгамдсан асуудлууд шийдэгдсэн нь үгүй, харин ч ужгирсаар буй билээ.
“Эрүүл мэндийн яамнаас салбарын ажиллагсдын нийгмийн баталгааг сайжруулахад чиглэсэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд улсын хэмжээнд эрүүл мэндийн 13 байгууллага 150 сувилагчид нийт 4.1 тэрбум төгрөгийн орон сууцын урьдчилгаа төлбөрийн буцалтгүй дэмжлэг үзүүллээ. Мөн ЭМЯ Худалдаа, хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар 121 сувилагч ипотекийн зээл авч, орон сууцтай болсон”. Олон улсын сувилагчдын өдрийг угтан салбарын сайд С.Чинзориг “Сувилагчаа сонсъё” уулзалт зохион байгуулахдаа дээрх мэдээллийг эш татан, ЭМЯ сувилагч нараа дэмжиж, нийгмийн асуудлыг нь шийдээд байна гэв. Яамныхан ийнхүү зарим сувилагчийг байртай болоход нь дэмжлэг үзүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ дээрх тоо нь манай улсад ажиллаж буй нийт сувилагчийн хоёр ч хүрэхгүй хувь юм. Уг нь хоёр орчим хувийг нь л дэмжих биш, бүх сувилагч ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр ажлаа эрхлэх, амьдралын баталгаагаа хангах боломжийг салбарын яам нь бүрдүүлэх учиртай. Олон улсын сувилагчдын өдөрт зориулан өмнөх жилүүдэд ч хурал, чуулган хийж л байв. Тухайлбал, өнгөрсөн оны энэ өдөр зохион байгуулсан “Сувилагчид ээлтэй Монгол” үндэсний чуулганыг дурдаж болно. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар зохион байгуулсан эл чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс эхлээд парламент, Засгийн газрын гишүүд, салбарын сайд, дарга нар оролцож, сувилагч нарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлж байлаа. Улмаар уг чуулганаас гаргасан зөвлөмжийг долдугаар сард гишүүн Ж.Чинбүрэн УИХ-ын дарга Г.Занданшатарт ёслол төгөлдөр гардуулж, сүржин мэдэгдэл хийж байсан билээ. Түүнчлэн уг зөвлөмжөө Засгийн газар, аймаг, нийслэлийн удирдлагуудад ч хүргүүлж байв. Үндэсний чуулганд оролцсон 800 гаруй сувилагчийн саналд үндэслэн 32 зүйлийг уг зөвлөмжид тусгасныг тухайн үед мэдээлж байлаа. Жишээ нь, сувилахуйн тусламж, үйлчилгээг сайжруулах, сургалтын чанарыг дээшлүүлэх, сувилагч нарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний нийгмийн асуудалд анхаарах, цаашлаад энэхүү мэргэжлийн үнэ цэнийг өсгөх зэргийг зөвлөмжид тусгажээ. Гэсэн ч түүний дагуу хийж хэрэгжүүлсэн гэх зүйл төдийлөн алга. Тухайн үед хөндсөн зүйлс өдгөө ч дарга нарын ярианд давтагдаж байгаагаар зөвлөмжийн үр дүнг үнэлж болно. Үндсэндээ дарга нар нэг өдөр тэдний асуудлыг ярьж, шийднэ гэчихээд тэр даруйд нь мартдаг, дараа жилийн тавдугаар сарын 12 дөхөхөөр гэнэт санаж, сувилагчдыг магтан дуулдаг уламжлал тогтжээ. Улстөрчид сувилагч нарын ажлыг ойлгож буй мэт дүр эсгэн, оноо авах “хэрэгсэл” болгодгоос биш, үнэхээр тэдний асуудлыг шийдэж байна уу, ийм сэтгэл бий юү гэдэгт эргэлзээ төрөхөөр.
ГОЛ ШИЙДЭЛ НЬ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ
Улсын хэмжээнд сувилагчийн дундаж цалин 800 000 төгрөг байгааг Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн Д.Нямсүрэн хэллээ. Энэ нь үндсэн цалингаас гадна нэмэгдэл хөлс, урамшуулал зэргийг оруулан тооцсон дүн гэнэ. Түүнчлэн тэрбээр манайд сувилагчийн хомсдол нүүрлээгүй эмнэлэг нэг ч байхгүйг дурдав. Ялангуяа томоохон эмнэлгүүдэд ойролцоогоор 20-30 сувилагч дутагдаж байгаа аж. Хувийн эмнэлгүүдэд ч нөхцөл байдал төдийлөн ялгаагүй гэнэ. Тус нийгэмлэгийг 1996 онд байгуулсан бөгөөд 13 000 гаруй гишүүнтэй. Сувилагчийн хомсдол яагаад үүсэв, тэд ажлаа орхиж гадаадын орныг зорих болов уу, эсвэл өөр шалтгаан бий юү гэдгийг Д.Нямсүрэнгээс тодруулахад “Улсын гэлтгүй хувийн эмнэлгүүдэд ч сувилагч дутагдаж байгаа. Цалингийн хувьд улсын болон хувийн эмнэлгийн ялгаа бараг байхгүй. Тиймээс аль алинд нь адил асуудал тулгараад байгаа юм. Сувилагч нар гадагшаа явчихлаа гэж зарим хүн ярьдаг. Мэр сэр явдаг нь бий л байх. Харин бөөнөөрөө явчихсан зүйл үгүй. Жишээ нь, БНСУ руу явахад визийн шаардлага өндөр шүү дээ. Тэр шаардлагыг давдаг сувилагч тун цөөн” гэв.
Тэгвэл сувилагчийн хомсдолыг шийдэх арга замын талаар Т.Сүрэнхайгаас лавлахад “Үүнд хариулахын тулд олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ маш товч тодорхой, оновчтой, хамгийн зөв шийдэл бол хөдөлмөрийн үнэлэмжийг л нэмэгдүүлэх юм. Ингэснээрээ өдгөө тулгамдаад буй олон асуудал дагаад шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, цалин өндөр бол сувилагчаар суралцагчдын, ажлын байранд очих хүний тоо, мэргэжлийн үнэ цэн ч нэмэгдэнэ. Тэдний нийгмийн асуудал ч шийдэгдчихнэ шүү дээ. Гэтэл одоо улсын хэмжээнд сувилагч нарын үндсэн цалин 740 999 төгрөг байна. Үүн дээр эмнэлгүүд санхүүжилтийн нөхцөл байдлаасаа хамаараад мөнгө нэмдэг. Гэсэн ч бүх сувилагч нэмэгдэл авч чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Ийм цалингаар тухайн сувилагч, улмаар гэр бүлийнхэн нь яаж амьдрах вэ. Тэгэхээр ерөөсөө л үндсэн цалинг нийтээр нь нэмэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ. Өмнө дурдсан “Сувилагчаа сонсъё” уулзалтад оролцогчид ч хөдөлмөрийн үнэлэмжийг голчлон хөндсөн юм. Тэд сувилагчийн цалинг эхний ээлжид 1.5 сая төгрөгт хүргэх шаардлагатайг онцолж байв. Мөн сувилагчийн хөдөлмөрийг хөнгөвчлөхийн тулд сүүлийн үеийн дэвшилт технологиудыг ашиглах боломж бүрдүүлэх, тэднийг мэргэжлээрээ ахиж дэвших боломжоор ханган, гадаад, дотоодын сургалтад хамруулах зэргийг дурдсан юм. Энэ бүхнийг шийдэх үү, эсвэл ирэх жилийн тавдугаар сарын 12-нд үүнийгээ давтан ярьсаар байх уу гэдгийг эрх баригчид тунгаах цаг болжээ. Эс тэгвээс хоосон “даллалаа” гээд хомсдолыг арилгаж чадахгүй нь.