Засгийн газрын тусгай санг цөлмөн тоносон хүмүүсийн дуулиан намжаагүй, тэдэнд хариуцлага тооцож, улсад учруулсан хохирлыг нь төлүүлж амжаагүй байтал дахин нэг сан байгуулах сураг чимээ дуулдаж эхэллээ. Өнгөрсөн оны сүүлчээр өргөн барьсан, өдгөө хэлэлцүүлгийн шатандаа яваа Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулахаар тусгажээ. Энэхүү сан нь агаараар зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, Монгол Улсыг гадаад, дотоодод сурталчлах, дэд бүтэц бий болгох чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын салбарт тулгамдсан, хөгжлийг нь хойш чангаадаг асуудлуудыг шийдвэрлэхэд тусгай сангийн хөрөнгийг зарцуулах юм байх. Гэвч шинэ сан Засгийн газрын энэ зорилтыг биелүүлж, тогтоосон “голдирлынх нь” дагуу ажиллаж чадах, эсэх нь эргэлзээтэй.
...Засгийн газрын тусгай сангийн заримынх нь мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоод буй. Бүгдийг нь ил тод болгож, холбогдох хүмүүст хариуцлага тооцох юм гэсэн. Түүнчлэн ЭЗБХ-ноос Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад удаагүй юм билээ. Тэгэхээр энэ мэт эхлүүлсэн ажлынхаа ард гарч, сайн, муугаа дүгнэж, алдаа дутагдлаа засаж залруулсныхаа дараа л шинэ сан байгуулах асуудлыг сөхөх хэрэгтэй болов уу...
Тусгай сангуудыг бүгдийг нь л анх ийм сайн сайхан зорилго, чиг үүрэгтэйгээр байгуулсан. Гэтэл ямар нөхцөлд хүргэв. Төсвийн хөрөнгийг үрэн таран хийдэг, эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай хүмүүст л үйлчилдэг, “хандивын” сан болж хувирсан. Зөвхөн ЖДҮХС, ХААДС (хуучин Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал хамгаалах санг нэгтгэж ийм болгосон), Боловсролын зээлийн сангийн өрийн хэмжээ гэхэд л аманд багтахгүй их тоо сонсогдож буй.
Албаны хүмүүс “Манай улс аялал жуулчлалаас тодорхой хэмжээний ашиг олдог ч эргээд тухайн салбартаа хөрөнгө оруулах тал дээр учир дутагдалтай ханддаг. Энэ нь аялал жуулчлал уруудах шалтгаан болсоор ирсэн. Тухайлбал, 2019 онд Монголд 577 мянган жуулчин ирж, 608 сая ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тооцоо судалгаа бий. Гэтэл тухайн жил аялал жуулчлалд зарцуулах төсөв ердөө 1.4 тэрбум төгрөг байсан. Тэгэхээр бид нэг жуулчинд ногдох, зарцуулах мөнгөн дүн хэд байх ёстойг олон улсын стандартын дагуу тооцоолж, тогтоох ёстой. Дэд бүтцээ сайжруулах, нүхэн жорлонгоо халахаас эхлээд олон улс руу чиглэсэн маркетинг, сурталчилгааг идэвхжүүлэх гэхчлэн маш олон ажлыг цогцоор нь хийх шаардлагатай. Үүнийг дагаад хөрөнгө оруулалтын асуудал яалт ч үгүй хөндөгдөнө. Тиймээс Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан зайлшгүй байх шаардлагатай. Ийм тусгай сантай болсноор аялал жуулчлалаас төвлөрүүлсэн орлогын тодорхой хувийг тус салбарыг хөгжүүлэхэд зарцуулах боломж бүрдэнэ” хэмээж буй.
Мөн тус хуулийн төсөл боловсруулагчид “Аялал жуулчлалын салбарыг санхүүгийн бие даасан, тогтвортой эх үүсвэрээр хангах нь чухал. Энэ үүднээс Засгийн газрын тусгай сангийн шинэ төрөл болох Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулахаар хуульд тусгасан.
Сангийн хөрөнгөөр хэд хэдэн үйл ажиллагааг санхүүжүүлэхээр заасны нэг нь агаараар зорчигч тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх буюу авиа компаниудад татаас өгөх. Монгол орныг зорин ирж буй жуулчдын 50-60 хувь нь онгоцоор үйлчлүүлдэг. Тиймээс агаарын тээврийг ямар нэг хязгаарлалтгүй болгох шаардлагатай. Тусгай сантай болсноор олон жил ярьж буй агаарын тээврийн либералчлах ажлыг эхлүүлэх нөхцөл бүрдэнэ” гэж ярьж байгаа.
Үндсэндээ аялал жуулчлалын асуудал эрхэлсэн байгууллагынхан, хуулийн төсөл боловсруулахад оролцсон албаны хүмүүс Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан байгуулах зайлшгүй шаардлагатай, ингэж байж л урагшилна, томоохон өөрчлөлтүүдийг хийх нөхцөл бүрдэнэ гэж “ухуулсаар” байгаа юм. Тэд л тусгай сангийн талаар эерэг ойлголттой, итгэл үнэмшилтэй үлдсэн гэлтэй. Ийм сангүй учраас л манай улс өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалаа дорвитой хөгжүүлж чадаагүй гэх утгатай зүйл ярих боллоо. Харин салбарын судлаач, мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчид эсрэг байр суурь илэрхийлж, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлүүдийг сануулж байна. Утаагүй үйлдвэрлэлийн салбарт 2008 оноос хойш бизнес эрхэлж буй Б.Гантогтох “Хуулиа шинэчилж, сайжруулж байж энэ салбарт томоохон өөрчлөлтүүдийг хийнэ гэдэгтэй санал нийлнэ. Харин тусгай сан байгуулах шаардлагагүй.
Ийм сангүйгээр тулгамдсан асуудлаа шийдвэрлэх боломжтой. Аялал жуулчлалыг хөгжүүлэх сан орон тооны бус удирдах зөвлөх, хяналтын хороотой байхаар шинэ хуульд тусгасан юм билээ. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй хувь нь зочид буудал, агаарын тээврийн компани, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн төлөөлөл байна гэж заасан. Нийтийн эрх зүйн хуулийн этгээд гэдэг нь аялал жуулчлалын мэргэжлийн холбоог хэлж байна. Монголын аялал жуулчлалын холбоо гэсэн үг. Шинэ хуулиар аялал жуулчлалын холбоонд олон зүйл дээр давуу эрх олгосонд манай салбарынхан нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тусгай сангийн хувьд ч ялгаагүй. Холбоо гишүүн байгууллагууддаа давуу эрх олгох байдлаар төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулах эрсдэл бий. Удирдах зөвлөлд нь аялал жуулчлалын байгууллагын төлөөллийг багтаалаа гээд тусгай сан бүрэн хяналттай, хууль ёсны үйл ажиллагаатай байна гэсэн баталгаа байхгүй” гэв.
Харин өөр нэгэн судлаач “Уг нь ил тод, хяналттайгаар хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж чаддаг бол тусгай сан шиг хэрэгтэй зүйл үгүй. Салбарын хөгжилд их нэмэртэй. Даанч манайд сайн туршлага, жишиг байхгүй. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, маркетинг, сурталчилгааг идэвхжүүлэх зэрэг үр дүнг нь хэмжих боломжгүй, ашиггүй зүйлд хамаг мөнгөө хуваарилаад дуусгана. Сүүлд нь “Төдөн компанийг гадаад руу явуулсан, олон улсын хурал, үзэсгэлэнд оролцуулсан” гэсэн тайлан тавиад сууж байхыг үгүйсгэхгүй. Хуульд нь гадаад, дотоод сурталчилгааг дэмжих ажилд хөрөнгө оруулна гээд заачихсан учраас дараа нь буруутгах аргагүй болно. Төрөлжсөн аялал жуулчлал, түүнийг дагасан бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлье гэвэл аж ахуйн нэгж, байгууллагуудынхаа нуруун дээрх ачааг хөнгөлөх хэрэгтэй. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, таатай нөхцөлтэй зээл олгох зэргээр дэмжих боломжтой. Эдгээрийг заавал тусгай сангаар дамжуулах шаардлагагүй. Төсвийн мөнгө олон дамжлага дамжихаараа л хулгайчдын гарт орчихдог” хэмээн анхаарууллаа.
Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эдийн засгийн байнгын хороо (ЭЗБХ)-гоор өнгөрсөн мягмар гарагт хэлэлцүүлсэн. УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хуулийн талаар мэдээлэхдээ “Сан байгуулахыг ЭЗБХ дэмжихгүй. Аялал жуулчлалыг төсвийн бодлогоор дэмжиж байгаа. Заавал сан байгуулж, төсвийг хайрцаглаж болохгүй” гэж хэлсэн нь цагаа олсон байр суурь санагдав. Тусгай сантай холбоотой өмнөх алдаанаасаа сургамж аваагүй, өөрчлөлт, менежмент хийж чадаагүй байгаа яг одоогийн нөхцөлд бол шинэ сан байгуулах нь татвар төлөгчдийн мөнгийг тонуулчдад бэлэглэж байгаагаас ялгаагүй. Тусгүй тусгай сан нэгээр нэмэгдэнэ л гэсэн үг.
Засгийн газрын тусгай сангийн заримынх нь мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоод буй. Бүгдийг нь ил тод болгож, холбогдох хүмүүст хариуцлага тооцох юм гэсэн. Түүнчлэн ЭЗБХ-ноос Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулаад удаагүй юм билээ. Тэгэхээр энэ мэт эхлүүлсэн ажлынхаа ард гарч, сайн, муугаа дүгнэж, алдаа дутагдлаа засаж залруулсныхаа дараа л шинэ сан байгуулах асуудлыг сөхөх хэрэгтэй болов уу. Одоо нэмж байгуулахаас илүү өмнөх сангуудын өр зээлийг цэгцлэх, удирдлага, зохион байгуулалт, хяналтын түвшинд “салхи оруулах нь” чухал. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хариуцаж буй хүмүүс цаашдаа үүнд анхаарч ажиллаасай. Эрх мэдэлтнүүд цөлмөдөг тусгай сан аялал жуулчлалд хэрэггүй.
Бэлтгэсэн: Н.Мишээл