УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хоёр төслийг парламент өнөөдрөөс хэлэлцэнэ. Мөн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлэх юм. Хоёр өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөсөн “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт” олон улсын форумын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатрын хэлсэнчлэн эл хоёр төсөл бол “нэг зоосны хоёр тал” шиг багц хууль болох учиртай. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг томилох, сонгогдоход дэмжлэг үзүүлэх тусгай зохицуулалтуудыг эдгээр хуулийн төсөлд тусгаад буй.
Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд аль нэг хүйсийн нэр дэвшигчийн эзлэх хувь хамгийн багадаа 30-40 хувь байх (одоо 20 хувь байгаа), сонгуулийн пропорциональ буюу хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонгох нэр дэвшигчдийн жагсаалтад хүйсийн харьцааг тэнцүү, эрэгтэй, эмэгтэй ээлжилж, дараалуулан байрлуулахаар оруулсан. Мөн Улс төрийн намын тухай хуульд санхүүжилтийн хөшүүргээр дамжуулан жендерийн болон нийгмийн бүлгүүдийн төлөөллийг тэнцвэртэй байлгах заалтуудыг багтаасан юм. Энэ бол жендерийн тэгш байдлыг хангах талаар манайд урьд нь огт байгаагүй шинэлэг, дэвшилт зохицуулалт.
Иймд эдгээр заалтыг тууштай дэмжихийг УИХ-ын дарга улс төрийн намуудын эрэгтэй удирдлага, парламентын нийт гишүүн, тэр дундаа эрэгтэйчүүдэд уриалж байна. Үүнийг УИХ-д суудалтай бүх хүчнээс гадна парламентын гаднах зарим нам дэмжиж буйгаа илэрхийлэн, “Шийдвэр гаргах үйл явцад тэгш төлөөллийг хангахын төлөөх амлалт”-д нийт 10 намын (МАН, АН, ХҮН, ИЗНН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ШИНЭН, МНН, МСДН, МҮАН, Үнэн ба зөв нам) удирдлага гарын үсэг зурлаа. Тэд төлөөлөл нь хангагдахгүй байгаа залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй сонгуулийн тогтолцоо сонгож, нэр дэвшигчийн хүйсийн квотыг нэмэгдүүлэн, санхүүжилтээ ил тод болгож, зардлаа бууруулан, дотоод ардчиллаа бэхжүүлэхээ амласан хэрэг. Ингэхдээ намын бодлого, дүрэм, журмаа шинэчлэн, эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, дотооддоо шийдвэр гаргах бүх түвшинд аль нэг хүйсийн төлөөллийг 40-өөс доошгүй хувьд хүргэх, гарааны тэгш нөхцөл бүрдүүлэх санхүүжилтийн арга, механизм хэрэглэх, жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бодлоготой болох, хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд иргэд, олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллана гэсэн үг.
Одоо гагцхүү амлалтаа хэрэгжүүлэх л үлдлээ. Энэ тухайд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич “Улс төрийн талбарт эмэгтэйчүүд амжилт гаргах таатай орчин бүрдүүлэхэд намууд чухал үүрэг гүйцэтгэдэг. Амлалтад нэгдсэн нь сайшаалтай ч түүнийг бодит үр дүнд хүргэж, биелэлтийг нь ханган, баталгаажуулах шаардлагатай. Үүний тулд намуудын хариуцлагыг нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд тэгш байр суурь эзлэх тогтолцооны өөрчлөлтөд түлхэц өгөхүйц хууль тогтоомж бидэнд хэрэгтэй” хэмээн дээрх форумын үеэр шуудхан хэлчихсэн. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүс нутгийн хөтөлбөрийн сонгуулийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Нажиа Хашеми “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдлыг хангахад намууд “хаалгач”-ийн үүрэг гүйцэтгэдэг” гэж онцлоод, тэд дүрэмдээ нэр дэвшигчдийн квот тусгах, эмэгтэйчүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулах боломжоор хангах, ялах магадлалтай тойрогт бүсгүйчүүдийг дэвшүүлэх, тэднийг сонгон шалгаруулах журмаа тодорхой болгох, сонгуулийн санхүүжилт босгоход нь бодлогоор дэмжих зэрэг арга байдгийг дурдсан юм.
Түүнчлэн Латви улсын парламентын гишүүнээр найман жил ажилласан Лолита Сигани энэ ажлыг амжилттай хийхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдтэй хамтрах нь чухал гэдгийг онцлов. Жендерийн эрх тэгш байдлыг хангахад эрэгтэй лидерүүдийн манлайлал, дэмжлэг маш чухал байдгийг олон судалгаа харуулсан. Тэрбээр “Шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөлөлтэй байхын тулд намыг дотоод ардчилалтай болгохоос ажлаа эхлүүлэх ёстой. Намын удирдах түвшинд хэчнээн олон эмэгтэй байна, шийдвэр гаргах түвшинд тэр хэмжээгээр томилогдож, сонгогдоно. Манай улс ч ийм замыг туулсан” гэв. Ер нь бүх оролцогч, олон улсын шинжээч үүнийг хэлж, анхааруулахын сацуу Улс төрийн намын тухай хуульд төрийн санхүүжилтийг тодорхой болгон, тэр дундаа жендерийн тэгш байдлыг хангах, нийгмийн бүх бүлгийн төлөөллийг эрх тэгш оролцуулах бодлоготойгоо холбон хэрэгжүүлэх нь үр дүнтэйг онцолж байлаа.
Тухайлбал, Франц улс жендерийн тэнцвэрт байдлыг хангахын тулд хэд хэдэн арга хэмжээ авдаг юм байна. Нам нь нэр дэвшигчдийнхээ 49 хувийг аль нэг хүйсийн төлөөлөл байлгаж чадахгүй бол төрийн санхүүжилтийг нь бууруулдаг гэнэ. Өнгөрсөн онд тус улсын парламентын сонгуулийн эхний шатанд 2777 эмэгтэй (нийт нэр дэвшигчийн 44 хувь), хоёрдугаар шатанд 493 эмэгтэй (43 хувь) өрсөлджээ. Үр дүнд нь 215 эмэгтэй сонгогдож, парламентын гишүүдийн 37.2 хувийг эзэлсэн байна. Мөн Итали улс 2018 оноос жендертэй холбоотой тусгай шаардлага тавьж эхэлсэн аж. Ингэхдээ олон мандаттай тойрогт нэр дэвшигчийн жагсаалтыг гаргахдаа хүйсээр нь солбиж байршуулах болсон. 2022 оны сонгуулиар Италийн парламентын Депутатуудын танхимын 32, Сенатын танхимын 34 хувьд эмэгтэй гишүүд сонгогджээ. Харин Германы Христийн ардчилсан холбоо нам 1996 онд өндөр албан тушаалд эмэгтэйчүүдийн төлөөллийг 33 хувь байлгах квот баталсан бөгөөд 2005 онд Ангела Меркель анхны эмэгтэй Канцлераар томилогдсон байна.
Олон улсын парламентын холбооноос өнгөрсөн сарын байдлаар гаргасан мэдээгээр УИХ 17 эмэгтэй гишүүнтэй байгаа нь бид дэлхийн 186 улсаас 134 дүгээрт эрэмбэлэгдэж буй үзүүлэлт. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан Нэр дэвшигчдэд тавих хүйсийн квотыг 30 хувь болговол 65, 45 хувьд хүргэвэл бүр 29 дүгээр байрт орж, жендерийн тэгш байдлыг хангасан үзүүлэлтээрээ дэлхийд эхний 30-д багтах боломж байна. Үүнийг Питсбургийн их сургуулийн социологийн профессор, Үндэсний шинжлэх ухааны сангийн Социологийн хөтөлбөрийн захирал Мелани М.Хьюз танилцуулсан юм. Мөн хүйсийн квотыг 10 хувиар нэмэгдүүлэхэд парламентад тухайн хүйсийн эзлэх хувь дунджаар гурван хувиар өсдөг гэсэн судалгаа бий аж. Энд тоо тоочиж, эрэмбэ, байр хөөцөлдөөд байгаа нь эрэгтэй, эмэгтэй гэх мэтээр аль нэг хүйсийг дээгүүрт тавих гээд буй хэрэг бус, гагцхүү хүний суурь эрхийг хамгаалах, хангах гэсэн туйлын ганц зорилгод чиглэж байгааг форумын оролцогчид хэлж байв. Тэр дундаа эхэнд дурдсан хуулиудыг өөрчилж, шинэчлэх онцгой бүрэн эрхийг өвөртөлж суугаа УИХ-ын гишүүд, үнэмлэхүй олонхынхон, парламентад суудалтай намуудын удирдлага үүнийг чин сэтгэлээсээ ойлгож, хийх л үлджээ. Энэ ажлыг эрчүүд зөвхөн эмэгтэйчүүдийн төлөө биш, хөгжлийн төлөө хийх гэдэг л хамгийн чухал.
Дэлхийн улс орнууд 2015 онд “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг батлан, 2030 он хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнийг ажил хэрэг болгох хугацааны тэн хагас нь хэдийн өнгөрчихөж. “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг хэрэгжүүлнэ гэж НҮБ-ын өмнө хүлээсэн нэг чухал үүрэг, амлалт бол жендерийн тэгш байдлыг хангах явдал. Өөрөөр хэлбэл, өдгөө шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангах амлалт авч, шахаад байгаа нь ч эл зорилтыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг, хөгжлийн бүхий л зорилтдоо амжилт олж, ахиц дэвшилд хүрэх эхлэл юм.