Хэдийгээр ээдрээтэй замыг туулж ирсэн ч Монголын хөрөнгийн зах зээл гараанаас гарч, сэргэлтийн үедээ иржээ. Тиймээс unuudur.mn мэдээллийн сайт Ulzii & Co хамтран Монголын хөрөнгийн зах зээлийн үүх түүх, өнөөгийн байдал, хэтийн хөгжлийн талаар мэдээлэл бэлтгэн цувралаар хүргэхээр боллоо. Гараа сайн бол бариа амжилттай гэдэг. Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил хаашаа эргэх вэ гэдгийг хамтдаа сонирхоё.
Хөрөнгийн зах зээл гэж юу вэ?
Нэг талаас хөрөнгө шаардлагатай байгаа тал бизнесээ өргөжүүлэх, төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд зориулан үнэт цаас гарган санхүүжилт татах, нөгөө талаас хөрөнгө оруулах сонирхолтой, хөрөнгийн илүүдэлтэй тал өгөөж хүртэх зорилгоор үнэт цаас худалдан авах үйл ажиллагааг илэрхийлдэг. Дээрх хоёр талын хэрэгцээ шаардлагыг дундын санхүүгийн зуучлагчаар дамжин хэрэгжүүлж, нарийн зохицуулалт дор үнэт цаас гарган худалдаж, худалдан авдаг үе шатыг хөрөнгийн зах зээл гэнэ.
Хөрөнгийн зах зээлийн түүхэн хөгжил
Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн буюу хөрөнгийн чөлөөт урсгал бүхий эдийн засагт шилжих шилжилтийн түүхэн vе шатанд Монгол Улсын Засгийн газрын 1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэн, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулсан. Монголын орчин үеийн хөрөнгийн зах зээлийн үүсэл нь Монголын хөрөнгийн бирж байгуулагдсан дээрх түүхэн цаг үеэс эхэлдэг.
Бидний сайн мэдэх IPO /Initial public offering/ буюу компани олон нийтэд анх удаа хувьцаагаа худалдах үйл ажиллагаа 2005 онд "Монгол шилтгээн" ХХК-ийн 800 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлснээр эхэлсэн түүхтэй. Өдгөө нийт 182 нээлттэй компанийн хувьцаа идэвхтэй арилжаалагдаж байна.
Хөрөнгийн зах зээлийн түүхэн дээд амжилтууд
2021 онд Монголын хөрөнгийн биржийн арилжааны системээр өдөрт дунджаар 5.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 3.3 сая ширхэг үнэт цаас арилжсан. Нийт арилжааны хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.6 дахин өссөн үзүүлэлттэй гарсан байна. Мөн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 26 жилийн түүхэндээ анх удаа 2017 оны арванхоёрдугаар сарын 31-нд нэг өдрийн дотор 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийж байв. Дараа нь 2018 оны гуравдугаар сарын 13-нд “ЛендМн ББСБ” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн худалдан авах захиалга нь нийлүүлэлтээсээ 16.5 дахин их буюу нийт 41 тэрбум төгрөгт хүрснээр Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компани болж, түүхэн дэх дээд амжилтаа тогтоосон.
Системийн банкуудын IPO хэрхэх бол
Энэхүү түүхэн үйл явдлууд нь Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буйг харуулж байна. 2022 оноос эхлэн Монгол Улсын системийн нөлөө бүхий таван банк хувьцаагаа олон нийтэд санал болгох шийдвэр нь 1990-ээд оноос эхэлсэн өмч хувьчлал, баялгийн хуваарилалтын хоёр дахь том давалгаа юм.
Өнгөрсөн онд системийн банкуудын IPO аравдугаар сард “Төрийн банк”-аар эхэлсэн ба тус банкны хувьцааны захиалга 304.66 хувиар давж биелж, 67 гаруй тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Арваннэгдүгээр сард “Голомт банк”-ны IPO 169,23 хувиар давж биелж, 175 орчим тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлсэн. Мөн дараагаар нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК олон нийтэд хувьцаагаа санал болгож, 485.62 хувийн биелэлттэйгээр маш амжилттай хаагдсан.
Энэ онд дараагийн нээлттэй банк болох ХААН банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банкуудын IPO хүлээгдэж буй. Ийнхүү төрийн өмчит компаниуд болон системийн нөлөө бүхий банкууд нээлттэй хувьцаат компани болсноор Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хоёр дахин нэмэгдэж, 10.0 их наяд төгрөгт хүрэх өөдрөг төсөөлөл харагдаж байгаа юм.
Эх сурвалж: Ulzii & Co Capital LLC