Манай улс өргөн хэрэглээний хүнснийхээ 48 орчим хувийг импортолдог гэсэн статистик бий. Тиймээс импортын хамаарлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд эхний ээлжид гол нэрийн 19 төрлийн хүнсийг дотоодоос хангах боломж бүрдүүлэхийг зорьж буй. Эдгээрт өндөг, хүнсний болон нарийн ногоо, жимс, жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн, ургамлын тос зэрэг багтаж байгаа юм. Мөн газар тариалангийн голлох бүтээгдэхүүн болох улаан буудай, тос, тэжээлийн ургамлын тариалалтыг өсгөн, экспортлогч болох зорилт тавьсан. Удахгүй хаврын тариалалтыг эхлүүлж, бид ирэх жил идэх хүнсээ бэлтгэх их ажил өрнөнө.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор энэ хавар урьд жилүүдийнхээс илүү их хөрөнгө зарж, илүү санаачилгатай ажиллах болов уу. Энэ талаар сонирхлоо.
Газар тариалангийн салбарын хувьд тариалалтаа улсын хэмжээнд одоогоос нэг сар гаруйн дараа эхлүүлдэг. Харин ирэх долоо хоногт багтан талбайн чийг хаалт буюу борной хийж эхлэх юм байна. Хөрснийхөө чийгийг хадгалахын тулд ан цав гарсан хэсэг, малын хөлийн ормыг шороогоор булж тэгшлэн талбайгаа бэлтгэнэ гэсэн үг. Тариалангийн ажлын бэлтгэлийн талаар Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал уул” компанийн захирал Ч.Пэрэнлэй “Хаврын тариалалт эхлэх дөхлөө. Энэ жилийн хувьд хилийн хорио байхгүй, тариаланчид бид нааш, цааш чөлөөтэй зорчин, сэлбэг хэрэгслээ базаагаад тун зүгээр байна. Харин санхүүгийн асуудал хүндрэлтэй хэвээр. Банкууд зээлийн хүсэлт авахгүй байна. Учир нь хөдөө аж ахуйн аль салбарт, хэдэн төгрөгийн зээл олгохоо шийдээгүй байгаа гэнэ. Яам, төрийн байгууллагаас шийдвэр иртэл хүлээж бай гэсэн. Зээл олгох шийдвэр ирмэгц судалж, баталгаажуулна гэсээр 30-45 хоног зарцуулдаг. Түүнчлэн барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй бол хүсэлт буцаагддаг, хүссэн хэмжээгээр зээлээ авч чадахгүй байх тохиолдол цөөнгүй. Ер нь зээлийг олон жил үйл ажиллагаа явуулсан, эсвэл барьцаа хөрөнгө ихтэй, нэр хүндтэй компаниуд илүүтэй хүртдэг гэхэд болно. Уг нь өрхийн үйлдвэрлэгч, жижиг, дунд компанитай хүн бүрт хүртээмжтэй зээл өгвөл үр дүнтэй болов уу. Түүнчлэн зээлийн хүсэлтийг нэгдүгээр сараас авч, өдийд олгоод эхэлчихмээр байгаа юм. Санхүүжилтгүйгээс тариалалтаа орой эхлүүлж, ажил удаашрах нь бий. Хаврын нэг өдөр алдах нь намрын 10 өдөр алдахтай тэнцүү гэдэг учраас шуурхай шийддэг болмоор байна” гэсэн юм.
Өнгөрсөн жил улсын хэмжээнд 618.6 мянга орчим га талбайд тариалалт хийсэн. Үүний 385 орчим мянган га-д нь үр тариа, 14.2 мянгад нь хүнсний ногоо тариалжээ. Тэгвэл энэ жил ялангуяахүнсний ногооны талбайг улсын хэмжээнд нийт таван хувиар өсгөн, ургацын хэмжээг 10 хувиар давуулах төлөвлөгөөтэй байгаа аж. Ер нь орон нутагт голын ай сав, үржил шимтэй хөрс бүхий газрыг эзэмших, тариалангийн зориулалтаар ашиглахаар төлөвлөн, судалгаа авч буйг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ хэллээ. Тэрбээр “Тариалангийн талбайн хэмжээг өнгөрсөн жилийнхээс өсгөхөөр төлөвлөсөн. Гэхдээ одоогоор хаана, ямар бүтээгдэхүүн тарихад хэдэн га талбай нэмж ашиглахаар болсон нь тодорхойгүй байна. Судалгаа авч буй бөгөөд ирэх сарын эхээр Тариаланчдын улсын зөвлөгөөн зохион байгуулахад тодорхой болно. Газар тариалангийн салбарт энэ онд 52 орчим тэрбум төгрөгийг жилийн 5-6 хувийн хүүтэй олгоно. Энэ нь өнгөрсөн оныхоос тодорхой хэмжээгээр өссөн дүн. Улаан буудайн үр зээлээрөгч, шатахууны дэмжлэг үзүүлэхээс гадна хүнсний ногооны үрийн төрлийг олшруулж, зээлээр болон үнэгүй өгөх юм. Хүлэмж, зоорь байгуулах аж ахуйн нэгжүүдэд урт хугацаатай зээл олгоно. Гэхдээ хэдэн аж ахуйн нэгжид хэдэн төгрөгийг, хэзээнээс өгөхөө шийдээгүй, арилжааны банкуудтай хэлэлцэж байна. Арилжааны банкаар л дамжуулж зээл өгөх бөгөөд дөрөвдүгээр сард багтаад олгохболов уу” гэлээ.
Тариаланчдын үндэсний холбооноос таримлын төрлийг олшруулбал импортын бүтээгдэхүүнийг орлуулах хүнс үйлдвэрлэх боломж улам бүр өсөхийг дурдаж байлаа. Тус холбооныхон үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээс санал авахад вандуй, арвай, эрдэнэ шиш, тосны ургамлыг илүү олон га талбайд тарьж өгөөч гэсэн хүсэлт түлхүү ирсэн юм байна. Гэтэл тариалангийн гол бүс нутгийн газрыг ерөнхийд нь ашиглаж байгаа бөгөөд нэмж газар олгох асуудал тулгарсанаж. Орон нутагт хаана, хэдэн га газрыг тариалангийн зориулалтаар ашиглахааэртхэн шийдвэл зохих аж. Мөн улаан буудай, гурил экспортлох боломж бүрдүүлж, ямар стандарттай, аль төрлийн бүтээгдэхүүн хаана нийлүүлж болох талаар нэгдсэн ойлголтыг аж ахуйн нэгжүүдэд өгөх хэрэгтэйг онцолсон. Тариаланчид илүү гарсан бүтээгдэхүүнээ экспортолж байж санхүүгийн хараат бус байдлаас гарч, хөдөө аж ахуйн салбараас олох орлого өсөхийг дээрх холбооныхон тэмдэглэж байна.
Энэ жил хөдөө аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн салбарт нийт 223 орчим тэрбум төгрөгийн зээл олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн юм байна. Ялангуяа импортыг орлох хүнс үйлдвэрлэлийг дэмжинэ, газар тариалан, хүнсний үйлдэрлэлийн салбарт 2023 онд 4000 ажлын байр бий болгохыг ХХААХҮЯ-ны Хүнсний үйдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээллээ. Зээл авах сонирхолтой аж ахуйн нэгжүүд харьяа аймаг, сум, дүүргийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хандан хүсэлтээ гаргах аж. Улмаар арилжааны банкаар дамжуулж зээлээ авах бөгөөд, шалгуур хангасан байх шаардлагатай юм.
Үүнээс гадна Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх газраас зээлийн эргэн төлөлтдөө үндэслэн мөн энэ онд 35.4 тэрбум төгрөгийн зээл олгох аж. Зээлийн хүү жилийн гурав, хугацаа нь таван жил бөгөөд үндсэн төлбөрөөс нэг жил чөлөөлөх боломжтойг дээрх газраас дурдлаа. Арилжааны банкаар дамжуулахгүй, зөвхөн ЖДҮГ-ын шалгуураар өгөх ч барьцаа хөрөнгө болон бусад шаардлагыг тавих юм байна. Одоогоор тус газарт мах, сүү, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ боловсруулах, хүлэмж, зоорь барин, үр үрслэгээ нийлүүлэх сонирхолтой 340 гаруй аж ахуйн нэгжээс52 орчим тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлээд буйгэнэ. Зээлийг бүх аймагт үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд бизнес эрхлэгч, хоршоо зэрэгт өгөхийг дээрх газраас мэдээлэв.
Манай улсын иргэдийн хүнсний хэрэглээнд мах, гурил, сүү, цагаан идээ зонхилдог. Эдгээрийг дотоодоос бүрэн, нэмээд төмсний хэрэгцээгээ 100 хувь хангаж буй нь олзуурхууштай. Гэхдээ бид сар бүр ойролцоогоор 10 сая ширхэг өндөг, хүнсний болон нарийн ногоо 5000, ургамлын тос 1500, хуурай, эсвэл өтгөрүүлсэн сүү 500 тонныг импортолсоор байгааг Гаалийн ерөнхий газрын тайлангаас харж болно. Нэмээд цагаан будаа, улаан буудайн гурил, жимс, жимсгэнэ, элсэн чихэр, бяслаг зэрэг зөвхөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад жилд бараг тэрбум ам.доллар зарцуулдаг. Импортын хамаарлыг бууруулахад гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг өсгөх нь мэдээж чухал. Газар тариалангийн салбар, хүнсний үйлдвэрийн бүтээмжийг дээшлүүлэх, таримал болон бэлэн бүтээгдэхүүний нэр, төрлийг олшруулах зэрэг асуудал яригдах бүрт хөнгөлөлттэй зээл, тусламж, үр бордоо, шатахууны дэмжлэгийн асуудал хөндөгддөг. Энэ жил ч мөн адил багагүй хөрөнгө зээлүүлж, шатахуун болон үрийн дэмжлэг үзүүлэхээ албаныхан дурдан, өндөр дүнтэй мөнгө ярьцгааж байна. Гэтэл зарим тариаланч зээл авах шалгуур өндөр, тариалангийн ажил эхлэхтэй зэрэгцэн зээл олгодогнь бэрхшээлтэйгхөндөв. Мөн бүх төрлийн зээлийн дийлэнхийг арилжааны банкаар дамжуулан олгодог учраас зээл горилогчид барьцаа хөрөнгийн шаардлага хангахгүй хэвээр үлдэх нь. Өөрөөр хэлбэл, жилийн жилд л яригддаг асуудлаас илүү зүйл одоогоор сонсогдсонгүй. Зарим хүнсний импортыг бүрэн халж, улмаар экспортлогч орон болох өндөр зорилт тавин, энд, тэндгүй хурал зохион байгуулж, хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж буй нь үр дүн муутай, уриа лоозонгийн шинжтэй үргэлжлэх вий. Ам, ажил хоёр алд дэлэм зөрөх вий.