Манай орны говийн болон төвийн аймгуудын нутагт энэ сарын 9-нд цаг агаарын аюулт үзэгдэл боллоо. Дундговь аймгийн Өлзийт сумын II багийн нэгэн малчны 160 орчим бог мал хүчтэй салхины үеэр элсэнд дарагдаж, хорогдов. Гурвансайхан сумын нутагт оторлож явсан тэрбээр аймаг, сумынхаа холбогдох байгууллагынханд мэдээлж, тусламж эрсэн ч оройтжээ. Мөн тус аймгийн Сайнцагаан сумд отроор хаваржиж байсан дөрвөн малчны гэр, урц нурсны улмаас айлууд гал алдаж, сандарчээ. Тухайн өдөр Дундговь аймгийн нийт нутгаар шуургатай байсан бөгөөд Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан сумд салхины хурд секундэд 24-26 метрт хүрч ширүүссэн юм байна.
Өлзийт сумын Засаг дарга буюу Онцгой комиссын дарга Б.Гасрандорж “Хүчтэй салхи шуурга дэгдэх тохиолдол сүүлийн жилүүдэд эрс ихэссэн. Хур тунадасны хэмжээ багассан нь ч цаг уурын байгууллагын тайлангаас харагддаг. Олон тооны мал элсэнд даруулж үхсэн анхны тохиолдол нь энэ биш. 2021 оны өдийд Буянт багийн нутаг, Жонштод 400 гаруй мал элсэнд дарагдсан. Шуурхай багийнхныг очиход 200-гаад хонь, ямаа элсэн дотроос дөнгөж толгой нь цухуйчихсан, амь тэмцэж байсан бол тэн хагас нь 2-3 үе давхарлаад үхчихсэн байдалтай угтсан” гэж ярьсан юм. Хүчтэй салхи, түйрэнгийн улмаас гэр нурах, байшин, барилгын дээвэр хуулрах, цахилгаан тасрах явдал хавар, зуны цагт суурин газарт элбэг тохиолддогийг ч тэрбээр хэлэв.
150, 400 байтугай тав, арван малаа алдана гэдэг хүйтэнд хөрж, халуунд халж, цаг наргүй хөдөлмөрлөдөг малчдын хувьд дэндүү их гарз. Гэвч сүүлийн жилүүдэд байгаль, цаг уурын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын аюулт үзэгдэл, тэр дундаа хүчтэй салхи шуурганы давтамж олширч, орон нутгийн иргэд, малчид их хэмжээний хохирол амсах нь гаарлаа. Ямар сайндаа л дээрх сумын захиргааныхан нутгийн иргэддээ мал сүргээ индексжүүлсэн даатгалд хамруулахыг зөвлөх вэ дээ. Гэвч энэ нь сумын хэмжээнд тоологдсон малын тоогоор босго тогтоож, хувь хэмжээгээр нь үнэлдэг учраас тийм ч амар олддоггүй гэнэ. Говийн бүсээр тогтохгүй хангай нутагт ч улаан түйрэн босох нь элбэгшжээ. Сүүлд гэхэд Дорноговиос гадна Архангай, Өвөрхангай, Булган, Төв аймгийн зарим нутагт хүчтэй шуурга дэгдэж, 10 гаруй айлын гэр, байшин сүйдэн, дөрвөн малчин төөрсөн талаар онцгой байдлын байгууллагаас мэдээлжээ. Архангай аймгийн Цэцэрлэг сумын мал¬ чин Б.Ганчулуун “Ойрын үед болоогүй үзэгдэл тохиолоо. Манай Цэнхэрийн голд шороо хотон дотор л босдог байсан бол өнөөдөр (энэ сарын 9-нд) уул толгодын дээгүүр шороон манан нүүж ирлээ” хэмээн халаглан өгүүлснийг аймгийнх нь БОАЖГ-ынхан дурдав.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсээс гаргасан тайланд тэмдэглэснээр цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн жилүүдэд эрс нэмэгджээ. Монголд ийм үзэгдэл жилд дунджаар 50-60 бүртгэгддэг байсан бол 2012 оноос хойших дундаж нь 95 болж өссөн гэнэ. Өнгөрсөн онд 85 тохиолдол гарснаас 76 нь аюулт, ес нь гамшигт үзэгдэл байжээ. Үүний улмаас дөрвөн хүн амиа алдаж, 8000 орчим мал хорогдон, 300гаад өрхийн гэр, байшин, 42 хашаа нурж, 110 барилгын дээвэр хуулран, 2795 га тариалангийн талбай сүйдэж, нийт 2.3 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан байна. Цаг агаарын шалтгаант аюулт болон гамшигт үзэгдлийг төрлөөр нь авч үзвэл ган, зуд, аадар, түймэр, уруйн үер, хүчтэй шуурга зонхилох хувийг нь эзэлжээ. Хүчтэй салхи шуургыг фронтын гаралтай аюулт үзэгдэл гэж нэрлэдэг юм байна. Ийм үзэгдэл 19601999 онд жилд дунджаар 20-37 өдөрт тохиодог байсан бол өдгөө 20-43-т хүрсэн гэнэ. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн нутагт хүчтэй салхи, шороон шуурга дэгдсэний улмаас 67 сая төгрөгийн хохирол учирсан нь хамгийн их хэмжээний аюул тарьсан үзэгдлийн гуравдугаарт эрэмбэлэгджээ. Фронтын гаралтай нэг удаагийн аюулт үзэгдэл хэр их хэмжээний хохирол учруулдгийг цаг уурын байгууллагын тайлангаас ч, Өлзийт сумд удаа дараа болсон үйл явдлаас ч баримжаалж болохоор байна. Түүнчлэн салхи шуурганаас гадна өөр олон төрлийн аюул, гамшиг биднийг отож буйг, тэдгээрийн давтамж, уршигт нөлөө нь жилээс жилд ихсэж байгааг ойлгож, сэрэмжлэх хэрэгтэй боллоо. Цаг уурын байгууллагынхан ч ийм үзэгдлийн тоо цаашид улам нэмэгдэх хандлагатай гэж анхааруулж буй.
Цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл ихэссэн нь уур амьсгалын өөрчлөлттэй салшгүй холбоотой. Цөлжилтийг эрчимжүүлдэг гол хүчин зүйл нь ч энэ. Манай улс үүнтэй тэмцэх зорилгоор үндэсний хөдөлгөөн өрнүүлж, 2030 он гэхэд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарин, хүлэмжийн хийн ялгарлыг 2010 оныхоос 22.7 хувиар бууруулна гэж олон улсын байгууллагуудын өмнө ам гарч, том зорилт дэвшүүлсэн. Гэвч одоогоор энэ санаачилгын хүрээнд дорвитой хийсэн зүйлгүй, бэлтгэлээ хангаж буй нэрийдлээр гараандаа “эргэлдсээр” байна. Хэдхэн өдрийн өмнө л “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний стратеги, төлөвлөгөөг баталлаа шүү дээ. Гэтэл энэ зуур бэлчээрт явсан мал олноороо элсэнд дарагдаж хорогдсоор. Энэ үйл явдал бидэнд алгуурлах цаг хугацаа байхгүйг дахин санууллаа. Уг нь бол цөлжилтөд хүчтэй өртсөн аймаг, сумдыг үнэлээд, тогтоочихсон байгаа. Дундговь энэ жагсаалтад нэлээд дээгүүр байр эзэлдэг. Энэ аймагт мал зуу, зуугаар хорогдоод буй нь учиртай. Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Говь-Алтай аймгийн газар нутгийн 50-95 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн гэж мэргэжлийн байгууллагынхан тогтоосон. Иймд эрсдэлийн зэрэг өндөртэй эдгээр бүс нутгийг нэн даруй анхааралдаа авч, цөлжилтийн эсрэг үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлэх цаг болжээ.
Долоо хүрэхгүй хоногийн өмнө болсон байгалийн аюулт үзэгдэл иргэд, олон нийтэд бага боловч цочроо өглөө. Мэргэжлийн хүмүүс ч сэтгэл зовниж, байр сууриа илэрхийлсээр байна. Малын тоо толгой, бэлчээрийн зохистой ашиглалтад анхаарах цаг болсныг хөндөх хүн цөөнгүй. Нөгөөтээгүүр, улс орнуудын сайн жишгээс үр дүнтэйг нь хэрэгжүүлж, суралцах зүйл байгааг ч хуваалцах болов. Тухайлбал, өвөрмонгол¬ чууд бэлчээрээ хамгаалж, элсийг тогтоон барих үүднээс олон наст ургамал (заг, цагаан болон улаан гоёо зэрэг) их хэмжээгээр тарьж буй бөгөөд энэ нь маш үр дүнтэй байгаа талаар “Байгаль эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыг 13 дахь жилдээ Дундговь аймагт хэрэгжүүлж байгаа Д.Наранцогт хэллээ. Гэтэл манайд цөлжилтийн эсрэг шинжлэх ухааны үндэслэлтэй нэгдсэн, томоохон арга хэмжээ хэрэгжүүлж буй бодит жишээ алга. “Тооройн төлөө” НҮТББ-ынхан Алтайн өвөр говьд ховор ургамлын баянбүрд байгуулахаар сүүлийн жилүүдэд “үзэж тарж” байна. Инженер, байгаль орчны мэргэжилтэй хэсэг залуус Дорноговь аймгийг цөлжилтөөс хамгаалахаар “Шамбала-2056” төслийг олон нийтийн хандиваар хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрөв. Яг төрөөс бодлогоор, далайцтайгаар хийж буй ажил үнэндээ алга. Ийм байхад элсний нүүдэл гаарахгүй гээд яах вэ. Мал сүрэг ташир ташраараа элсэнд дарагдахаас аргагүй шүү дээ. Цөлжилтөд хүчтэй өртсөн газар нутгуудаа хамгаалж, доройтлын зэргийг нь бууруулахад анхаарахгүй бол хангайн бүсийн аймаг, сумууд ч тэдний араас орох нь. Малчид ч элсэнд “дарлуулж”, хүчтэй салхи босох төдийд эд хөрөнгөөрөө хохирсоор байх нь. Юутай түгшүүртэй вэ.