Соёлын яамнаас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 40.5-д заасны дагуу Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг жил бүр шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг билээ. 2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч Дашдоржийн Цэрэндаваа шалгараад байна.
Д.Цэрэндаваа нь 1954 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, багаасаа өөрийн аав Л.Дашдорж болон нутгийн хөөмэйч М.Өлмийбат, Г.Маргад, Д.Сундуй, Д.Чулуун нараас хөөмэйн ур чадварыг эзэмшжээ. Тэрээр Монгол хөөмэйг хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий дахинаа сурталчлах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, 4 тивийн 38 орны 155 хотод аялан тоглолт хийж, 800 гаруй шавь сургаж, Монгол хөөмэйн талаарх гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын бүтээсэн 8 баримтат кинонд гол дүр бүтээсэн өвлөн уламжлагч юм.
Д.Цэрэндаваа нь Бүх ард түмний урлагийн үзлэгийн “Хошой алтан медаль” (1981), Ажилчны урлагийн үзлэгийн “Алтан медаль” (1982), Ардын язгуур урлагийн “Алтан медаль” (1983), Бүх ард түмний урлагийн үзлэгийн “Алтан медаль” (1984), Москва хотод зохион байгуулагдсан Дэлхий залуучууд оюутны 12 дугаар их наадмын “Гранпри” шагнал (1985), Залуучуучуудын урлагийн их наадам уралдааны “Дэд байр” (1986), Олон улсын хөгжмийн 7 дугаар симфозиумын “Алтайн магтаал, хөөмэй”-н төрлөөр “Алтан медаль” (1987), Ардын язгуур урлагийн 2 дугаар их наадмаас “Алтан медаль” (1987), Монгол туургатны анхдугаар их наадмаас “Тэргүүн байр” (1991), Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан медаль” (1995), Бүх ард түмний урлагийн их наадмаас “Алтан медаль” (1998), Олон улсын хөгжмийн хөөмэйн симфозиумын “Алтан медаль” (2001), Англи Улсын Хэбрэйдын аралд зохион байгуулагдсан Шүтэлцээт урлагийн наадмын “Тэргүүн байр” (2001), Ховд аймагт зохион байгуулагдсан Олон улсын Хөөмэйн анхдугаар их наадмаас “Алтан медаль” (2003), Ховд аймагт зохион байгуулагдсан Олон улсын Хөөмэйн хоёрдугаар их наадамд тэргүүн байр (2005), Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Саха Улс /Якут/-д зохион байгуулагдсан “Язгуур урлагийн олон улсын наадам”-ын гранпри (2021), “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмаас “Хамгийн олон шавь сургасан өвлөн уламжлагч” шагналыг (2022) тус тус хүртсэн. Соёлын өв, ялангуяа “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэн уламжлуулахад оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж 2006 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнасан байдаг.
Өвлөн уламжлагч Д.Цэрэндаваа нь Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор баталсан “Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн 102 өвлөн уламжлагчийн нэг юм.
Ташрамд дурдахад, өмнөх жилүүдэд шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо “Дөмөн” хэмээн алдаршсан уртын дууч Д.Дулмаа (2018), Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж (2019), Увс аймгийн Малчин сумын иргэн, баяд бийч, ихэлч Ж.Хумбаа (2020), Өвөрхангай аймгийн Баян-Өндөр иргэн, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа (2021) нар шалгарч байжээ.