Хууль зүй, дотоод хэргийн яамныхан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг шинэчлэн батлахаар төсөл боловсруулж эхэлжээ. Үүнээс гадна агсаал, цуглааны үеэр хүний эрх, эрх чөлөөг хангах тухай хуулийн төслийг ч боловсруулсан сурагтай. 2022 онд иргэд төв талбайд цөөнгүй удаа жагсаж, үзэл бодлоо илэрхийлж эвлэлдэн нэгдсэн. Харамсалтай нь, цагдаагийнхан эдгээр жагсаалыг тараахдаа ихэвчлэн хүч хэрэглэж, биед халдаж, дур зоргоор баривчлах зэрэг асуудал гарч байв. Тэгвэл хууль шинэчлээд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалж чадах уу.
ЦАГДАА НАРЫГ ХҮНИЙ ЭРХИЙН МЭДРЭМЖТЭЙ БОЛГОЁ
Өнгөрсөн оны сүүлчээр болсон жагсаалыг хүчээр тараасан үйл явцыг зрим хуульч цагдаагийн байгууллагынхан, ялангуяа удирдах албан тушаалтнууд жагсаал, цуглааны тухай хууль, журмаа бүрэн гүйцэд судлаагүйтэй холбон тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллагын удирдлагууд хүний эрхийн мэдрэмжгүй, энэ талын мэдээлэл, мэдлэгээр дутмаг байгаагаас элдэв зөрчил гардаг гэв. Тиймээс тэдний хандлагыг өөрчилснөөр хүний эрх хангагдаж, жагсагчидтай эрүүл харилцах нөхцөл бүрдэнэ. Ийм нөхцөлийг хууль, эрх зүйн хүрээнд бүрдүүлэх нь хуулийг шинэчлэх гол зорилго байх ёстой.
Нөгөө талаар сүүлийн жилүүдэд зохион байгуулсан дийлэнхжагсаал нь аль нэг намын санхүүжилттэй, улс төрийн зорилготой, эрх мэдэлтнүүдийн, эсвэл мөнгөтэй хүмүүсийн явцуу эрх ашгаа гүйцэлдүүлэх арга хэрэгсэл болсон байв. Түүнчлэн 2008 оны долдугаар сарын 1-ний жагсаал даамжран, эмгэнэлт үйл явдал болсон жишээг ч бид мэднэ. 2008 оны сонгуульд санал авч чадаагүй жижиг намууд жагсаал зохион байгуулж, иргэдийг төв талбайд уриалан дуудсан. Бүр заримд нь архи уулган, гарт нь чулуу атгуулан талбай руу оруулсан гэдэг. Гэвч үйл явдал хурцдаад ирэнгүүт жагсаал зохион байгуулагчид усанд хаясан чулуу шиг алга болсон билээ. Энэ үйл явдлын улмаас олон зуун хүн гэмтэж, таван хүн амиа алдсан. Улмаар дөрвөн офицер, зургаан ахлагч ямар нэг гэмт үйлдэл хийсэн нь батлагдаагүй хэрнээ ял авсан. Цаашлаад 1000-аад иргэн шоронгийн хаалга татсан нь гашуун үнэн юм. 2008 оны долдугаар сарын 1-нд олонх цагдаа хар цамц, бамбайнаас өөр хамгаалах хэрэгсэлгүйгээр чулуу, мод барьсан жагсагчидтай тулж, “Хойшлоорой”, “Болиорой”, “Тараарай” гэхээс өөрийг хийж амжаагүй. Өөрөөр хэлбэл, жагсаалыг газар авахаас нь өмнө тарааж чадаагүй. Мөн цөөнгүй цагдаа гэмтсэн. Үүнээс хойш цагдаагийнхан аливаа жагсаалыг органик мөн, бишээс үл шалтгаалан шууд нухчин дарах, албадан тараах хандлагатай болжээ. Тиймдээ ч хавар, намрын бэлтгэл сургуулилалтаараа цагдаагийнхан шинэхэн алба хаагчдадаа жагсагчдыг албадан тараах арга техник заадаг гэх юм билээ. Энэ нь ч иргэн Д.Монголхүүг баривчлах үеэр ажиглагдсан. Тодруулбал, цагдаагийнхан иргэн Д.Монголхүүг шаардлага биелүүлээгүй нэрийдлээр шууд л хүч хэрэглэж саатуулсан юм. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “Ажлаа хий” жагсаалын үеэр цагдаа иргэнд хүч хэрэглэсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байв.
Тиймээс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, олон улсын хүний эрхийн байгууллагаас жагсаал цуглааны үед нөхцөл байдал хүндэрвэл хэрхэн ажиллах тухай сургалтыг цагдаагийн удирдлагын бүрэлдэхүүний дунд цувралаар зохион байгуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, үзэл бодлоо илэрхийлж буй иргэнийг албадах биш, ярилцаж, хуулиа сурталчилж, ойлгуулж, эе эвээр тараах, уурлаж бухимдсан үед нь тайвшруулах арга барилд сургаж буй гэнэ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагыг жагсаал тараах үед ашиглах хийн буу, галт зэвсэг, техник хэрэгслүүдээр үе шаттайгаар хангасан аж. Олон нийт анзаарсан бол өнгөрсөн оны дөрөвдүгээр сард болсон жагсаалынүеэр ус шүршигч том машиныг төвталбайд байрлуулж байв.
Уг нь ардчилсан орны иргэд жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Тиймээс өндөр хөгжсөн бусад оронд өдөр болгон шахуу жагсаал цуглаан болдог. Харамсалтай нь, Монголд ихэнх жагсаалыг хүчээр тараах хандлага давамгайлдаг. Мөн жагсаал зохион байгуулахдаа заавал зөвшөөрөл авах ёстой гэсэн хууль, журам үйлчилдэг нь буруу бөгөөд шинэчилсэн хуулиар эл зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай гэж саналаа илэрхийлж буй хүн ч цөөнгүй байгаа юм. Улмаар иргэдээ басамжлан доромжлох, хүч хэрэглэх, дур зоргоор саатуулах зэргээр хүний эрхийг бүдүүлгээр зөрчих нь бий. Тиймээс олон улсын байгууллагаас эрх баригчдад хандаж, жагсаал, цуглааны тухай хуулиа өөрчлөхийг зөвлөхөд хүргэсэн байж мэдэх юм. Харин дотоодын зарим судлаач “Хууль биелүүлэх, хуулиа сахих эрх зүйн ухамсар нь өндөр түвшинд байснаар зорилгодоо нийцсэн, үр дүнд хүрсэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх соёлтой жагсаал зохион байгуулж чадна” хэмээн онцоллоо. Эс бөгөөс ямар ч сайн хууль батлаад иргэд хуулиа, эрхээ мэдэхгүй бол улс төрийнхний хоорондын тэмцэл, зарим хүний явцуу эрх ашгийн золиос болно. Жагсаал нэрийн дор нийгмийн дэг журмыг зөрчихөд хүргэнэ хэмээн үзэж буй.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-наас иргэд нүүрсний хулгайг эсэргүүцэн томоохон жагсаал зохион байгуулсан. Жагсаалын хүрээ хумигдсан хэдий ч өдгөө үргэлжилж буй. Залуус төв талбайд жагсаад хоёр сар орчмын хугацаа өнгөрлөө. Цөхрөлөө барж, туйлдаж ядарсан иргэдийн өмнөөс, миний, таны алдагдсан боломжийг эргүүлэн авахын төлөө жагсаж байгаа гэдэгт нь олон нийт итгэн тэднийг дэмжиж буй. Гэхдээ дэмжлэг нь цахим орчинд хааяа нэг дүрс бичлэг, зураг оруулж, сэтгэгдэл бичихээс хэтрэхгүй шахам. Нөгөө талаар төр жагсагчдыг үл тоож, цагдаагийн байгууллага нь мэдүүлэг, байцаалт авахаар дуудсан жагсагчаа дорд үзсэн тохиолдол ч гарчээ. Тухайлбал, жагсагчдын нэг жүжигчин У.Цогтбаяр саяхан “Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын дарга мэдүүлэг өг хэмээн дуудсан. Очтол “Ярианы аялга чинь сонин хятад шиг байна. Үүнийгээ засаарай” гэж хэлсэн” хэмээн ярьсан юм. Жагсаалын үед Хүний эрхийн үндэсний комиссоос жагсагчдад хандан хүний эрхийн мэдээлэл, зөвлөгөө өгч байв. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт комиссын гишүүд жагсагчдын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Б.ЭНХБОЛД: ХУУЛИЙН ТӨСЛӨӨ ОЛОН НИЙТЭЭР МАШ САЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
Хүний эрхийн үндэснийкомиссын гишүүн Б.Энхболдоос Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор зарим зүйл тодрууллаа.
-Жагсаал, цуглаанхийх журмын тухай хуулийн төсөл боловсруулахад танай байгууллагаас хэрхэн оролцсон бэ?
-Өдгөө хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиа бүрэн шинэчлэхээр ажиллаж буй юм билээ. Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж буй. Хуулийн төслийн эцсийн хувилбар хараахан гараагүй, олон нийтээр хэлэлцүүлэх хугацаа болоогүй байна.
-Хүний эрхийн комиссоос хуулийн төсөлд санал өгсөн үү?
-Ажлын хэсэгт манай байгууллагын төлөөлөл багтсан. Бидний хувьд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөлд олон улсын хэм хэмжээнд нийцүүлсэн саналууд өгсөн. Тухайлбал, жагсаал цуглаан хийх мэдэгдлийн тогтолцоог арилгах шаардлагатай гэсэн санал гаргасан. Хамгийн гол нь хуулийн төслөө олон нийтээрмаш сайн хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ингэж байж хүний эрх чөлөөг хамгаалахад чиглэсэн сайн хууль батална.
-Одоогийн хуулиар иргэд жагсаал цуглаан хийхдээ Засаг даргаас зөвшөөрөл авдаг нь үл ойлголцол үүсгэдэг. Үүнтэй холбоотой гомдол ХЭҮК-т хэр олон ирдэг вэ?
-Энэ төрлийн гомдол цөөнгүй ирдэг. Тиймээс энэ он гарахын өмнө дүүргүүдийн Засаг дарга, Хуулийн хэлтсийн дарга нарыг урьж, асууж тодруулах уулзалт ярилцлага хийсэн. Үр дүнд нь жагсагчдад аль болох зөвшөөрөл өгдөг болсон. Татгалзаж буй тохиолдол бий. Эл үндэслэлийг нь одоогийн хуульд тодорхой заачихсан байгаа. Тухайлбал, жагсаал хийх өдөр нь тус газарт ямар нэг үйл ажиллагаа болохоор байвал зөвшөөрөл өгөхгүй.
Төв талбайд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, Ялалтын талбайд ногоо зараад, Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх зэрэг үйл явдал давхцах нь бий. Тиймээс жагсах зөвшөөрөл өгдөггүй. Гол нь зөвшөөрөл өгөхгүйдээ биш, өөр газар санал болгодог ч жагсагчид тэнд нь очихгүй гэдэг. Ингээд жагсагчидтай зөвшилцөлд хүрч чадахгүй маргадаг. Гэхдээ санаатайгаар буюу жагсаал хийлгэхгүй байлгах зорилгоор төвталбайд элдэв үйл ажиллагаа зохион байгуулах нь хүний эрхийн зөрчил болно шүү гэдгийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн удирдлагын түвшинд маш сайн ойлгуулж, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан.