Нэг хэсэг олонх хамтлаг, дуучин, продакшн татвараа төлдөггүй хэмээн хэл ам дагуулдаг байв. Татварынхан зарим уран бүтээлчдын араас “элдэж хөөгөөд” ч орлогыг нь илчилж чадалгүй, хоосон хоцордог байлаа. Арга ядахдаа, тэр, тэр татвараа төлөөгүй гээд хэвлэлийнхнийг дуудаад гомдоллож байсан удаатай. Харин энэ өдрүүдэд продакшнууд хөдөлмөрийн мөлжлөг хийдэг үү гэсэн асуулт сошиал орчинд хариулт нэхэн хөвөрсөөр байна. Үүний тод жишээ нь "B Production", тэр дундаа үүсгэн байгуулагч, дуучин, хөгжмийн зохиолч, продюсер, Төрийн соёрхолт, Д.Болдтой хамаатай асуудал юм. Тодорхой хэлбэл, дуучин Д.Болд дуучидтай 90/10 хувь гэсэн зарчмаар гэрээ байгуулдаг хэмээх шүүмжлэлд өртөөд буй. Учир нь түүний продакшнд харьяалагддаг залуу дуучин Н.Энэрэлсайхан цахим орчинд “Би хоёр жилийн өмнө B production-той гэрээ байгуулсан. Гэрээгээр 2 сая төгрөгөөр дуулсан бол 200 мянган төгрөгийг нь би авдаг. 90 хувийг нь “В продакшн авна”. Сая шинэ жилээр өдөр алгасаагүй, зарим өдөр 2-3 газар дуулсан. Гэвч ямар ч цалин өгөөгүй. Тэгээд чимээгүй байж байтал продакшнаас менежер утасдаад "Хувцаснуудаа авчирч өг" гэж ярьсан. "Цалинг минь өгчихвөл өгье өө" гэхэд иргэний үнэмлэх дээр байгаа хаягаар чинь очиж авна гэнэ” гэж бичсэн нь зарим продакшн, продюсерын дотоод асуудал, магадгүй рок, поп дахь хөдөлмөрийг мөлжлөгийг ил болгох шиг боллоо. Улмаар хамтлаг дуучид, зарим продюсерууд энэ талаар байр сууриа илэрхийлж, зарим бүр маргаж эхлэв.
Тухайлбал, ая зохиогч, дуучин, продюсер, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Ангирмаа нүүр номдоо “Монголын рок, поп ертөнцөд жинхэнэ утгаар нь, өөрөөр хэлбэл, сонгодог гэж байгаа юм. Тус хамтлагтай (КИВИ) гэрээгээ маш нягт хийсэн хүн би билээ. Дэлгэж хэлье, дөнгөж байгуулагдаад 60/40 байлаа. Таван жилийн нүүр үзлээ, тэнд 90/10 байсангүй. Таван жилийн дараа гэрээ сунгагдаад 50/50 болж, гэрээ хийгдлээ, тэнд 90/10 байсангүй, гэрээ дууссан. Одоог хүртэл охидоос минь мөнгө ирдэг юм. Ийм сайхан хамтлаг байгуулжээ” хэмээн бичжээ. Түүний араас аялагч Г.Ганхүү “Шар айраг хамтлагийг 1998 онд байгуулагдахдаа дөрвөн гишүүнтэй байсан. Сүртэй гэрээ энэ тэр байсангүй 25,25,25,25 хувь гэсэн зарчим л баримталсан, одоо 25 жилийн дараа энэ зарчим яг хэвээрээ” хэмээн Б.Ангирмаатай санал нэг байгаагаа илэрхийлсэн.
Харин дуучин Д.Болдын үеэл ах, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун дээрх дуучдын постыг эш татан байж, дүүгээ өмөөрсөн харагдана билээ. Тодруулбал, Б.Батчулуун “Байгууллагын дотоод тооцоог би ч мэдэхгүй та ч мэдэхгүй! Супер студи, чадалтай продакшн байдгийг бол бид мэдэж байгаа. Ер нь нэг тогооноос хооллодог шуу ухаантай юм бол нэгнийгээ алдаж оноход нь тусалдаггүй юмаа гэхэд жан жан гээд байлгүй, хэлмээр юм байвал сошиалаар “хутгалаад” байлгүй танихгүй гэхийн биш өөрт нь хэлээд нуруутайхан байвал барав биш үү рок попчингуудаа???” хэмээн бүр гурван ч анхаарлын тэмдэг тавьж, бухимдлаа илэрхийлжээ.
Г.Ганхүү үүний хариуг дор нь өгсөн. Тодорхой хэлбэл, Г.Ганхүү нүүр номдоо “Баачка зүгээр байгаарай. Манай хамтлаг ийм зарчмаар л хуваадаг гэлээ ямар ч хүн продакшн руу дайрсангүй. Харин чам шиг бүх хамтлагийнхаа дийлэнх орлогыг ганцаараа авсаар байгаад хамтлагаа тараасан хүнд л хэцүү тусаж байгаа байх” хэмээн бичсэн нь сошиал орчинд шуугиан тариад байна.
Харин Б.Батчулуун мөчөөгөө өгсөнгүй "За даа сошиалаар урлагийн нэгнийгээ бүү нүд гээд хэлсэн чинь бүр далийгаад өглөө. Миний хамгийн дургүй зүйлсийн нэг бол сошиалаар далан долоогоо тоочих, хэрүүл уруул хийх ,тогоо руугаа нулимах. Одоо ганц юм хэлээд энэ асуудлыг миний хувьд хаалаа. Ганхүү чи надтай хамтлаг ямар байх талаар болон дуу яаж дуулах ,хөгжим яаж тоглох, зохиох, яаж найруулах энтэрийг ярих нь илүүгийн илүүц биз... Чи хамгийн түрүүнд өөрийнхөө аль хавьцааний дуучин гэдгээ мэддэг болох хэрэгтэй юм байна. Чамайг рок попийн тогоонд хамаатуулж ярьсан нь харин чам шиг хөгжимчин дуучин гэж хэлэхэд хэцүү хүнийг их өргөмжилсөн хэрэг болох болов уу.... Тэгээд өшөө яримаар юм байвал уулзаад яримз! Энүүгээр шившгээ хутгаад яах вэ" хэдэрлээд амжсан.
Үүнээс гадна Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн хөгжим тохируулагч Батаа нүүр номдоо өөр нэг сонирхолтой, гэгээн түүх үлдээжээ. Тэрбээр “Рок попынхон цалин малингаа их бага гээд ширүүхэн л байх шиг байна. Би 17 настайгаасаа Сараа эгчийн хөгжим тохируулагч (тоннмейстер)-ын ажлыг 6 жил хийсэн байдаг юм. Намайг ажилд авахдаа Би чамд тоглолт , СD , халтуур гээд бүх орлогыхоо тэдэн хувийг өгнө гэж гэрээ энэ тэр хийлгүй, цалин амласан юм. Тэгээд үнэхээр амласан бүх цалингаа тохирсоноороо өгсөн. Ажиллаж байх үедээ би машиныг нь онхолдуулж, баахан фактласан. Машины мөнгөө ч төлүүлэлгүй ажлаа хийлгэсээр цалингаа өгсөөр байсан. 5 жил хамт ажиллаад би хоёр өрөө байр авах хэмжээний цалин авсан байв. Зарим тохиолдолд Сараа эгч Хүүхдийн хорих ч юмуу буяны тоглолтод үнэгүй дуулж өгдөг байсан. Тийм тохиолдолд , үнэгүй дуулж байгаа болохоор чи цалингүй ажиллах боломжтой юу гэж надаас асуудаг байлаа. Зургаан жил ажиллуулаад нэг өдөр визтэй пасспорт, онгоцны билет өгөөд сургуульд явж сур гээд ‘’хөөгөөд‘’ явуулсан юм даа” хэмээн бичжээ.