Шинэ он гарах мөчид ээж, аавууд хүүхдүүдээ хэрхэн баярлуулсан, гэр бүлээрээ баяраа ямар халуун дотно тэмдэглэсэнээ цахим орчинд дурсамж болгон үлдээжээ. Харин асрамжийн газрын хүүхдүүд хуучин оноо хэрхэн үдсэн бол. Unuudur.mn мэдээллийн сайтын баг шинэ оны анхны сурвалжилгаа “Өнөр бүл” хүүхдийн төвөөс хийлээ. Өдгөө эл төвд эмзэг бүлгийн 2-18 насны 166 хүүхэд амьдарч буй. Тэдний 92 нь эрэгтэй, 74 нь эмэгтэй аж. Мөн олонх нь дунд, ахлах ангийнхан. 200 хүүхэд асран хамгаалах хүчин чадалтай эл байгууллага 2022 онд 194 хүүхдэд үйлчилжээ.
Энд нэг багш дунджаар 8-10 хүүхэд хариуцдаг. Тодорхой хэлбэл, аавынх нь оронд аав, ээжийнх оронд ээж болж, 24 цагаар ажилладаг. Тиймээс багш нар арванхоёрдугаар сарын 31-нд гэртээ бус, ажил дээрээ өнжиж, хүүхдүүдийнхээ хоол унд бэлтгэж, ширээ засаж, тус тусынх нь өмсөх зүүх хувцсыг сонгож, хүүхэд нэг бүрт бэлэг зэхэж, урлагийн номер бэлдэж өдрийг завгүй өнгөрүүлжээ. Ер нь бүх баярын өдрөөр багш нар ажил дээрээ өнждөг. Бусад үед нь хүүхдүүд өөрсдөө хоолоо бэлтгэж, хувцсаа угааж, боломжтой бүхнийг бие даан хийдэг. Ямартай ч арванхоёрдугаар сарын 31-ний орой хүүхэд бүр хүслийн лаагаа үлээж, өвлийн өвгөнөөс бэлгээ авсан аж.
Лаагаа үлээхдээ юу бодсон тухай нь багш нар нь хүүхдүүдээсээ асуухад “Аав минь архинаас гараасай”, “Ээж минь хорихоос хурдан суллагдаасай”, “Хойд аав намайг битгий зодоосой”, “Аав, ээж хэрэлдэхгүй байгаасай” хэмээх сонсохоос зүрх сэтгэл сэмрэм үгс хөврүүлжээ. Түүнчлэн цаас өгөөд хамгийн хайртай хүнээ зураарай гэхээр архичин аав, орхиод явсан ээжийгээ л зурдаг гэнэ лээ.
Охид болон хөвгүүд тусдаа давхарт байрладаг. Хүүхдүүд өрөөндөө дөрөв дөрвөөрөө аж төрдөг аж. Тухайлбал, дөрвөн охин нэг өрөөнд амьдрах бөгөөд их нь багадаа халамж тавьж, хамтдаа хоолоо хийж, цугтаа хувцсаа угаадаг, индүүддэг. Багш нар тэдэнтэй ярилцаж, хичээлийг нь давтуулж, хэрэгцээт зүйлсийг нь тодорхойлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэг. Цаашлаад эмнэлэгт хэвтвэл сахиж, эцэг, эхийн хурал зарлавал очиж, есдүгээр сарын 1-нд цэцэг бариулаад дагаж гүйдэг, орон шоронд орсон аав, ээжийгээ саналаа гэвэл багш нар нь л дагуулж очдог гэнэ. Мөн нийгмийн ажилтан, сэтгэлзүйч нар хүүхдүүдтэй өдөр, шөнөгүй тулж, ажилладаг.
Ер нь асрамжийн газрын ажилтнууд хүүхдүүдээ Монгол Улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж, бичиг баримттай болгохоос авхуулаад, хүүхдийн мөнгө олгуулах, сургууль, цэцэрлэгтэй болгох, эрүүл мэндийн үзлэгт оруулах гээд 18 хүртэл нь 24 цагийн турш асран хамгаалж, амьдралынх нь түүхийг бичилцдэг аж.
Харамсалтай нь, хүүхдүүд 18 нас хүрээд нь нийгэмд гарах үед нь хүлээж авах ах дүү, найз нөхөд байхгүй тул тэд амьдралд хөл алдах нь олонтаа. Тиймээс “Өнөр бүл” хүүхдийн төв нийтийн тогооч, угаагч, оёдолчин, мужаанаа 2016 онд цомхотгож, хүүхдүүдээ амьдрах ухаанд сурган, бие даалгаж эхэлжээ. Эс бөгөөс эндээс гараад амьдрал зохиосон охид төрлөө гэхэд хүүхэддээ бантан хийж, гурил зуурч мэддэгүй байж. Дээр нь ямар ч хайр сэтгэлгүйгээр наашаа гэсэнтэй нь гэрлэж, дахиад хүчирхийлэлд өртөх нь бий хэмээн багш нар халаглан хэлсэн. Мөн хөвгүүд аав болоод амьдрах чадвар муу, улмаар аав ээжийнхээ замналаар орж, алдах нь их. Эсвэл орон гэргүй, аав, ээжгүйгээсээ ичиж зовоод гэрлэхгүй байх тохиолдол ч бий гэсэн. “Өнөр бүл” төвийнхөн энэ бүгдэд дүгнэлт хийж, охидоо оёдол үйл, хоол хийх, хөвгүүдээ мужаан, дархны ур чадвар зэрэгт сургаж буй. Мөн 8-9 төрлийн дугуйлан хичээллүүлдэг юм байна. Улмаар 18 нас хүрээд нийгэмд гарсан хойно нь ч хүүхдүүдийн араас сураг ажиг тавьж, анхаарал тавьдаг болжээ. Мөн орон нутгийн Засаг дарга, хамтарсан баг, хороо багийн удирдлагад албан бичиг дайж, тухайн хүүхдийн ар гэртэй ажиллах үүрэг даалгавар өгч, уялдаатай ажиллаж буй. Үүнээс гадна байгууллагуудаар явж, гэрээ байгуулж, 18 настнуудаа их, дээд сургуульд оруулах, ажилд зуучлах, эргээд цалин мөнгөө өгөөгүй бол араас нь хөөцөлдөх гээд багш нарын ажил ундардарна. Үүний хүчинд сүүлийн жилүүдэд асрах газраас гарсан 18 настнуудын ажил, амьдрал арай дөнгүүр байгаа аж. Ер нь эл төвөөс 18 нас хүрээд гарсан 900 гаруй хүн бий гэсэн.
“Өнөр бүл” хүүхдийн төвд ирснийх нэг зүйлийг тодрууллаа. УИХ-аас төсөв батлахдаа тус төвийн нэг хүүхдэд ногдох зардлыг эрс багасгасан. Тодруулбал, куртка, гутал 50 мянга, турсик 850, оймс 1200, триког 3500 төгрөгөөр авахаар тооцож, норматив зардлыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур баталсан. Үүнээс болоод оны өмнө “Өнөр бүл” төвд тендерээр хүнс нийлүүлэх ширхэг компани олдохгүй байжээ. Тэгвэл хэвлэл мэдээллийнхэн эл асуудалд ач холбогдол өгч, нийгэмд нэлээд хүчтэй дуугарснаар дарга нар алдаагаа залруулсан. Мөн энд нэг зүйлийг зориуд онцолмоор санагдсан. Шуудхан хэлэхэд яам, тамгын газар, зарим агентлаг аливаа зөвлөгөөн, чуулган зохион байгуулж, 500 хүн, 1000 хүн цуглуулж зөвлөлдсөн нэрээр өдөрт тэрбумыг зарлагадах нь байдаг. Харин эл төвийн жилийн төсөв ердөө 2.5 тэрбум төгрөг. Эмзэг бүлгийн хүүхдүүдтэй 24 цаг тулж ажилладаг байгууллагын хувьд хангалттай төсөв биш. Байрны урсгал засвар, хоол ундны материал, хүүхдүүдийн хувцас хэрэгсэл, халаалт, дулаан, ус, цахилгаан, бага насны хүүхдүүдийг 10 гаруй тусдаа сургууль, цэцэрлэгт машинаар зөөх бензин шатахуун авах гээд гарах зардал их юм билээ. Энэ утгаараа тус төвийн төсөв хэтэрхий бага санагдсан.
Мөн тус төвийнхний ажиллагсдын сард авдаг цалинг сонирхож асуусан. Эмзэг бүлгээс ирсэн, ааштай, зан араншин нь эвдэрсэн, ноомой, сэтгэл гутралд орсон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хүүхдүүдтэй 24 цагийн турш тулж ажилладаг гэхэд бага цалинтай юм билээ. Байр байшингийн хувьд ч 1979 онд ашиглалтад оруулснаасаа хойш их засвар хийгээгүй гэх. Өнгөлгөө маягийн засвар хийж аргалсаар өнөөдрийг хүрчээ.
“Өнөр бүл” хүүхдийн төвд ямар хүүхдүүдийг хүлээж авах ёстой вэ. Бүтэн болон хагас өнчин, аав, ээж нь хорих ангид ял эдэлж буй, асран хамгаалагч нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хүүхэд энд ирдэг.
Тухайлбал, өнөөдрийн байдлаар энд хөгжлийн бэрхшээлтэй 23 хүүхэд байгаа аж. Тэдний 2 нь бүтэн өнчин, мөн биеэ авч явах чадваргүй. Тэд энэ жил 20 нас хүрнэ. Гэсэн ч тэднийг хүлээж авах асран хамгаалах хүнгүй, наашаа гэж өмөлзөх хэн ч үгүй учраас “Өнөр бүл” төвд аж төрсөөр. Угаас улс ийм хүүхдүүдээ асрах хамгаалах тусгайлсан бодлого зохицуулалтгүй шахам явж ирсэн. Тиймээс “Өнөр бүл” хүүхдийн төв Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд зоорийн зориулалтаар ашиглаж байсан өөрийн харьяанд байсан газартаа тусгай хэрэгцээтэй хүүхдийн Асрамжийн газар байгуулахаар төсөл бичиж, Ерөнхий сайдад хүргүүлсэн юм билээ. Харамсалтай нь, Баянзүрх дүүргийн Засаг дарга тус газарт цэцэрлэг барих захирамж гаргаж, улмаар суурийг нь цутгажээ. Эл газрын маргаан хэдэн жил үргэлсэн ч нэг талдаа гараагүй хэвээр байна.
Сүүлийн жилүүдэд аав, ээж нь архидан согтуурч хүүхдээ байнга хүчирхийлэх нь ихэссэн. Улмаар хөдөлмөрийн чадвартай хэрнээ ажил хийдэггүй, хүүхдээ өлмөн зэлмүүн амьдруулж, сургууль, цэцэрлэгээс нь завсардуулж, тэжээж чадахгүй нь хэмээн элдэв шалтаг хэлж, энд авчрах нь болсон эмгэнэлтэй гэмээр мэдээ байв. Тодорхой хэлбэл, улсаас өгдөг 100 мянган төгрөгөөр нь архи авч уучихаад хүүхдүүдээ гэрээсээ “өшиглөөд” хөөчихдөг аав ээж олон. Ийм маягаар гэрээсээ хөөгдсан 65 жаал энд бий.
Эндээс төр засаг гэр бүл рүү чиглэсэн цогц үйлчилгээ хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн асуулт бодитоор урган гарч ирж байна. Уг нь гэр бүл судлаачид Гэр бүлийн яамтай болох саналыг удаа дараа төрд, тэр дундаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамд тавьж байсан. Харин сайд, дарга нар эл саналыг тоосон удаагүй.
2022 оны арванхоёрдугаар сарын 31, 2023 оны нэгдүгээр сарын 1-нд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын гишүүд, сайд нар ард түмэнд хандаж, мэндчилгээ дэвшүүлэхдээ “Өрх гэр бүлд аз жаргал, хайр, халамж бялхаж, хүүхэд багачууд бүхэн үргэлж жаргалтай байх болтугай” хэмээх агуулгатай үгс нэлээд бичсэн харагдана лээ. Эл мэндчилгээнд бичсэн гоё сайхан үгсээ тэд биелүүлээсэй. Айл гэрийн аз жаргал, хүүхэд багачуудын сайн сайхны төлөө чанартай хууль баталж, гэр бүлийг дэмжих, ээж аавыг хариуцлагажуулах бодлого бодитоор хэрэгжүүлээсэй.
Хамгийн наад зах нь хэчнээн жил дамжан боловсруулж буй Гэр бүлийн тухай хуулийн төслөө яаралтай батлаасай. Ингэж байж асрамжийн газар ирэх аавтай, ээжтэй хүүхдийн тоо багасна. Хүүхэд гэртээ айдасгүй амгалан амьдрах, сурч хөгжих суурь хэрэгцээ нь хангагдах болов уу.
Гэрэл зургуудыг Б.Мөнхсайхан