Манай оронд аялсан солонгос хос “Монгол руу явах гэж байгаагаа ойр дотнынхондоо хэлэхэд олонх нь дэмжээгүй. Өөр газар луу аялахыг зөвлөсөн. Тэд Монголд хүйтэн, шавж ихтэй, дэд бүтэц хөгжөөгүй, зам нь саад бартаатай, усанд орох боломж хомс (хөдөө), хоол нь хүнд гэж анхааруулж байлаа. Яг үнэндээ энэ бүхнийг сонсоод зөв сонголт хийсэндээ эргэлзсэн” хэмээн ярьсан юм. Жуулчдыг Монгол руу аялахаас цэрвэж, татгалзахад хүргэдэг шалтгаан үүгээр зогсохгүй. Модон жорлон, стандартын наад захын шаардлага хангадаггүй гэр, сууц, хүртээмжгүй, ойлгомжгүй хаягжилт, зах зээлийн дунджаас хэтийдсэн өндөр өртөгтэй үйлчилгээ, агаар, орчны бохирдол, иргэддээ ээлгүй нийтийн тээвэр гээд дурдаад байвал өчнөөн зүйл бий. Ерөөс тав тух, аюулгүй байдлыг чухалчилдаг гадаадынхны хувьд Монгол “экстрим” аялал жуулчлалын өлгий нутаг. Дээр нь бас нэг зүйл жуулчдыг “үргээж”, манай улсын нэрийг муугаар гаргадаг нь халаасны хулгай.
Жуулчид эд зүйлээ хулгайд алдах тохиолдол өмнө нь ч мэр сэр гардаг байсан. Харин цар тахлаас хойш, аялал жуулчлалын үйл ажиллагаа сэргэж эхэлсэн үеэс ийм төрлийн гэмт хэрэг эрс өссөн гэнэ. Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь Мэлхий хад, “Монгол олле” явган аяллын зам, Цонжин болдог дахь Чингис хааны морьт хөшөө, Хустайн байгалийн цогцолборт газар, Элсэн тасархай зэрэг нийслэлд ойр, гадаадын жуулчин олноор очдог бүсөнгөрсөн зун, намар хулгайчдын үүр болсныг аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, хөтөч, жолооч нар хэлж байна. Зайсан толгой, Сүхбаатарын талбай зэрэг хотын аяллын маршрутад багтдаг газар, томоохон зочид буудал, музейн орчмыг ч хулгайчид “мэдэлдээ” авчээ. Нийтийн тээврээр зорчих үедээ, жуулчны баазад амарч байхдаа эд зүйлээ хулгайд алдсан аялагчид ч бий. Олон мянган дагагчтай, нийгэмд нөлөөлөл өндөртэй юүтүбэрүүдийг ч халаасны хулгайчид “шоглоод” амжжээ.
433 мянган дагагчтай, Японы Онода хэмээх юүтүбэр өнгөрсөн сард манай улсад анх удаа аялжээ. Тэрбээр олонх жуулчдын адилаар Монголын хөдөө нутгаар явж, малчин айлд саатан, нүүдэлчдийн амьдралын хэв маяг, соёлтой танилцсан байна. Мөн аль үнэтэй, тохьтой гэсэн зочид буудалд байрлаж, хотоор зугаалжээ. Онода Монгол орноор аялсан дүрс бичлэгээ энэ сарын дундуур “Youtube” сувагт цувралаар байршуулж эхэлж. Тэдгээрээс хамгийн олон хүнд (158 000) хүрсэн нэгэн бичлэгт аялагч эр түрийвчээ суйлуулсан тухай гардаг. Нийтийн тээврээр зорчих үедээ халаасны хулгайчдын бай болсонаж. Энэ тухайгаа “Ийм зүйл болно гэж огт төсөөлөөгүй. Хүн зөрөх зайгүй, тийм их шахцалдаан дунд яаж “юм” авч чаддаг байна аа. Халаас хөнгөрөх шиг болсныг мэдэрсэн ч “Арай ч үгүй байлгүй дээ” гэж бодсон. Муу зүйл болоогүй гэж итгэхийг хүссэн. Автобусанд байхдаа халаасаа уудалж ч чадаагүй. Буунгуутаа шалгасан. Амьдралдаа анх удаа ийм байдалд орлоо” хэмээн тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлийг эмоцитойгоор, “шок”-нд орсон шинжтэй илэрхийлэн ярьсан байв. Мөн түрийвчид нь маш чухал зүйлс байсныг халаглан өгүүлжээ. Хачирхалтай нь, уг дүрс бичлэгийн доор япончуудын олонх нь эерэг сэтгэгдэл үлдээсэн байв. Аялагчид хаана ч явсан сонор сэрэмжтэй байх ёстой гэсэн анхааруулга, зөвлөгөө цөөнгүй харагдав. Харин солонгосчууд өөрөөр дүгнэж байна.
Юүтүбт 600 гаруй мянган дагагчтай Ким Чон Гиль өнгөрсөн есдүгээр сард манай орны төвийн бүс нутгаар аялжээ. Тэрбээр аяллынхаа төгсгөлд Элсэн тасархайгаар дайрч, тэмээтэй зураг авхуулахаар дугаарлаж зогсохдоо гар утсаа алдсан гэнэ. Үүнийг мэдээд ихэд цочирджээ. Юүтүбэр залуу “Тэр үед миний анхаарал говийн үзэсгэлэнт байгаль, хоёр бөхт тэмээн дээр л төвлөрч байсан. Эд зүйлээ алдана гэж бодоогүй. Тэмээ унах үедээ дүрс бичлэг хийлгэх гээд камераа шалгаж, тохиргоог нь тааруулаад, жолоочдоо өгсөн. Анхааралгүй байх үеийг минь ашигласан бололтой” хэмээн ярьжээ. Тэрбээр хотод ирснийхээ дараа аяллынхаа бичлэгийг үзэж, тухайн үед сэжигтэй хүн ойр орчимд нь байсан, эсэхийг нягталж шалгаад ч хэрэгтнийг олоогүй аж. Уг залуугийн аяллын тэмдэглэл бүхий бичлэгийн доор солонгосчууд ихэнхдээ хар бараан зүйл бичжээ. “Монголд угаасаа хулгай их. Биедээ ямар нэг зүйл авч явах хэрэггүй”, “Аяллын компанитай гэрээ байгуулж, аюулгүй байдлаа хангуулах хэрэгтэй”, “Миний танил ч бас ингэж хохирсон”, “Хулгай хийж байгаа хүнийг бусад нь харсан ч дуугардаггүй, илчилдэггүй гэсэн”, “Эмэгтэй хүн ганцаараа аялахад хамгийн аюултай, эрсдэлтэй газар” зэрэг сэтгэгдэл үлдээжээ. Үүнийг орчуулсан хөтөч эмэгтэй “Би 2016 оноос хойш солонгос жуулчдад хөтчөөр ажиллаж байна. Энэ жил хулгайтай холбоотой таагүй мэдээ эргэн тойронд цөөнгүй дуулдсан. Хувиараа зургаан аялагч хүлээж авсны нэг нь үүний хохирогч болж, эд зүйлээ алдлаа. Аялал жуулчлалын салбарт ажилладаг найзууд, бизнесийн түншүүд минь урьдаас сэрэмжлүүлсэн учраас би хэрэндээ болгоомжилсон юм. Гэсэн ч нэгийг нь сэтгэл дундуур буцаасан” гэв.
Монголд өнөө жил ирсэн юүтүбэрүүдийн хоёр нь л халаасны хулгайчдын олз болсон гэхээр манай улсад энэ төрлийн гэмт хэрэг хэр хэмжээнд гаарсныг баримжаалж болно. Нийслэл дэх Жуулчны мэдээллийн төвд гэхэд өнгөрсөн зургаагаас есдүгээр сар хүртэлх хугацаанд аялагчид хулгайд эд зүйлээ алдсан гэсэн 20 гаруй дуудлага, мэдээлэл бүртгүүлсэн байна. Үүний цаана хэчнээн тохиолдол байгааг таамаглахад бэрх. Монголын аялал жуулчлалын холбооны Солонгос зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.Батхуяг аялал жуулчлалын салбарынхан энэ асуудалд анхаарах цаг болсныг цахим хуудсандаа бичжээ. Өөр нэг томоохон компанийн захирал “Аялагчдын олонх нь монголчуудыг зочломтгой, сайхан сэтгэлтэй гэж боддог. Харин хулгайд гар утас, эд зүйлээ алдсан хүмүүс энэ сэтгэгдлээ гээгээд буцдаг. Аялал жуулчлалынхан өмнөхөөсөө сэрэмжтэй байх шаардлагатай болсон” гэв.
Жуулчид хулгайд эд зүйлээ алдсан тохиолдолд хаана ханддаг, хэн хариуцлага хүлээдэг вэ. Хувиараа аялал зохион байгуулж буй буюу үүргэвчтэй аялагчид энэ тохиолдолд хариуцлагаа 100 хувь өөрөө үүрдэг гэнэ. Тэд Жуулчны мэдээллийн төвөөр дамжуулан цагдаагийн байгууллагад хандах тохиолдол түгээмэл аж. Харин тур оператороор үйлчлүүлэгч жуулчдын хувьд ихэнхдээ аялал зохион байгуулагч, хариуцагч компанийн эсрэг гомдол гаргаж, нөхөн төлбөр шаарддаг байна. Тур оператор, аяллын агентлагууд жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор тэдэнтэй гэрээ байгуулдаг боловч түүнд нь хулгайн гэмт хэрэгтэй холбоотой нарийн зохицуулалт байдаггүй гэх. Өнгөрсөн аравдугаар сард манай улсад аялсан БНСУ-ын иргэн нэгэн жуулчны баазад байрлаж байхдаа гар утас, зөөврийн компьютер, багагүй хэмжээний мөнгөө алджээ. Тэрбээр аялалд зуучилсан компанийг буруутгаж, аюултай орчинд байрлуулсан хэмээн нөхөн төлбөр өгөхийг шаардсан ч жуулчлалын агентлаг нь татгалсан аж. “Үнэтэй эд зүйлсээ биедээ заавал авч явж, гэрээ түгжихийг түүнд анхааруулсан. Аюулгүй байдлын үүргээ хангалттай биелүүлсэн” хэмээн эсэргүүцжээ. Уг нь аялагч тав тух, аюулгүй байдлаа тус компанид даатгаж, гэрээ байгуулсан байгаа юм. Даанч гэрээний нөхцөл нь тодорхойгүй, бүрхэг байснаас бөөн асуудал үүссэнгэнэ. Энэ талаарх нэвтрүүлэг Солонгосын SBS телевизээр гарч, тухайн үедээ бас л шуугиан тарьсан аж.
Манай улс 2023-2025 оныг Монголд зочлох жил болгож зарлаад буй. Мөн нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн хэвээр байгаа. Солонгос, Япон зэрэг шууд нислэг үйлдэх боломжтой Азийн орнуудыг аялал жуулчлалын зорилтот зах зээлээ болгож, тухайн орнуудадчиглэсэн бодлого, шийдвэр хэрэгжүүлж байна. Гэтэл эдгээр орны аялагчдыг халаасны хулгайчид захаас нь “үргээн”, хашрааж эхэлсэн нь тун харамсалтай. Өвлийн улиралд ирсэн цөөн жуулчныг нь ч “шоглон” буцаасаар. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл хэлэлцэж буй энэ чухал цаг үед холбогдох байгууллагынхан жуулчны аюулгүй байдлын асуудалд ул суурьтай хандаж, нарийн зохицуулалт бий болгоход анхаарах хэрэгтэй болов уу. Монголын аялал жуулчлалын холбооныхны мэдээлж буйгаар шинэ хуульд үүнтэй холбоотой харилцааг зохицуулах, аяллын агентлаг, тур операторуудыг илүү хариуцлагажуулах зохицуулалтууд тусгахаар ажиллаж байгаа гэх. Тэд үүнийгээ биелүүлээсэй билээ.