Л.Хүрэлбаатар: Инноваци бол бидний философи
-Монголын эм зүйн ажилтны II их хурлаар 2022 оны Эм хангамж, үйлдвэрлэлийн салбарын шилдэг инноваци шингэсэн бүтээгдэхүүнээр Дармон шалгарлаа. Танд болон “Монос групп”-ийн хамт олонд баяр хүргэе.
-Баярлалаа. Манай Монос группийн брэнд бол инноваци, бүтээлч сэтгэлгээ. Одоогоос хэдэн жилийн өмнө Форбес сэтгүүл Моносыг “Инновацийн хаант улс” гэж нэрлэсэн нь бидний хувьд ахадсан ч бэлгэ дэмбэрэлтэй сайхан зүйрлэл байжээ. Бид шинэ эм бүтээх бүрдээ Орос, Солонгос, Япон улс, Монголынхоо их дээд сургуулиуд, өөрийнхөө Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Эм судлалын хүрээлэн гээд маш олон байгууллага, эрдэмтэн доктортой хамтран ажилладаг. Инноваци буюу шинэ зүйл бүтээх сайхан ч алдаа оноо ихийг дагуулдаг эрсдэлтэй ажил. Бид шинэ эм зохион бүтээхдээ түүнтэй төстэй хамгийн шилдэг эм бэлдмэлтэй харьцуулсан туршилтыг заавал хийдэг. Одоо ч бид туршилтуудаа үргэлжлүүлсээр. Үхрийн элэгнээс биотехнологийн аргаар гаргаж авсан Эллипин бэлдмэлийн туршилт 20 гаруй жил үргэлжилж байгаа ч хараахан дуусаагүй л байна. Тиймээс эрсдэлээс айх юм бол инновацийн талаар бодох ч хэрэггүй. “Сониуч зан бол эрдэмтэн хүний гол шинж чанарын нэг” гэж Эйнштейн зүгээр ч нэг хэлээгүй. Бид тэр л сониуч зангаараа инноваци буюу шинэ зүйл бүтээхээр хичээж, бүтээсэн хөхүүл ханиадны Дармон эм шагнал авсанд манай хамт олон баяртай байгаа. Үйлдвэрлэлдээ ч, эмийн сангийн үйлчилгээндээ ч, судалгаандаа ч бид инновацийг л голлодог. Тиймээс инноваци бол бидний философи юм.
-Эрдэмтэн судлаач хүний хамгийн том шагнал нь “төрүүлсөн” эм бэлдмэл нь Шилдэг бүтээлийн шагнал авах байх. Таны зохион бүтээсэн, санаачилсан эм бэлдмэлээс Дармон хэд дэх шагналын “эзэн” болоод байна вэ?
-Мэдээж шагнал авах сайхан байлгүй яахав. Гэхдээ хамгийн гол нь олон хүн энэ эмийг уугаад эдгэлээ, үнэхээр сайн эм байна гэж үнэлэлт өгөх нь бидэнд хамгийн том шагнал болдог. Шагналын тоог нарийн хэлж мэдэхгүй байна. Бас тоолж байсангүй. Харин сэтгэлд нэг тийм гэгээ, баяр бахархал төрүүлсэн шагнал гэж байдаг. Тэр бол 2000 онд “Монос”-ынхоо 10 жилийн ойгоор Оюуны өмчийн газраас авсан “Шилдэг зохион бүтээгч” цол. Аавынхаа хүртсэн тэр шагналыг хүү нь авахад аав минь надаас ч илүү баярласан даа. Миний аав Биоүйлдвэрийн вакцин цехийн эрхлэгчээр олон жил ажиллаж, малын халдварт өвчний эсрэг олон вакцин зохион бүтээж, “Шилдэг зохион бүтээгч” цол хүртсэн юм. Аавыгаа ихээр баярлуулсан тэр үеийг дурсах төдийд л сэтгэлд гэрэл гийж, хийж бүтээхийн их хүслэнд “шунадаг”. Аавыгаа гэх хүүгийн сэтгэл үргэлж хүүхдээрээ байдагтай л холбоотой байх.
-Тийм шүү. Таны зохион бүтээх мэдлэг, чадвар ааваас тань эхтэй юм байна. Танай Эм судлалын хүрээлэнд судалгаа хөгжүүлэлт нь хийгдсэн Дарву-5 эмийг шахмал эмийн хэлбэрт оруулахаар анхны судалгаа шинжилгээг эхлүүлсэнээс үйлдвэрлэгдэх хүртэлх хугацаанд болсон тэр сэтгэгдлээсээ хуваалцах уу?
-Уламжлалт анагаах ухааны онолд монгол маарамбуудын оруулсан хувь нэмэр асар их. Дарву-3, Дарву-5, Дарву-11, Дарву-13 гээд их олон төрлөөс Дарву-5 талх эмийг сонгон судлахад Академич Ш.Болд их тус болсон. Бас Витагрипп ч нөлөөлсөн. Сүүлийн арваад жилд гарч байгаа ханиад томуунд Витагрипп их сайн нөлөөтэй байгаа. Витагриппийн гол үйлдэл нь чацаргана. Чацарганыг төвдөөр дарву гэдэг. Дарву-5, Дарву-13 гээд уушгины үрэвслийн эсрэг олон сайн эмэнд чацаргана орсон байдаг. Уламжлалт анагаах ухаанд яагаад уушгины бэлдмэлүүд ихэвчлэн дарву гэсэн нэртэй байдаг гэхээр хамгийн гол үйлдэл үзүүлдэг ургамлаар нь тухайн эмийг нэрлэдэг юм. Тэгэхээр Дарву-5 гэдэг уушгины үрэвсэл, ханиадны эмийн хамгийн чухал нөлөө үзүүлж байгаа бэлдмэл нь чацаргана. Чацаргана уушгины үрэвслийг анагаах, үрэвслийг дарангуйлах, уушгины үйл ажиллагааг сайжруулахад маш чухал үйлдэлтэй гэж уламжлалт анагаах ухаанд үнэлэгдэж, судлагдаж ирсэн. Тиймээс Уламжлалт анагаах ухаанд чацарганатай өөр ямар эм тан байгааг судалснаар Дарву-5 танг сонгосон юм. Мэдээж энэ сонголтод академич маань их тус болсон гэж дээр хэлсэн дээ. Уухад аманд пургиад, амт үнэр нь жаахан эвгүй л дээ. Тэгээд бид орчин үеийн эмийн хэлбэрт оруулахаар судалгаагаа эхэлсэн тэр цаг үе мэдээж сайхан байлгүй яахав. Ер нь ямар нэгэн шинэ бүтээлийнхээ эхлэлийг, гаргалгааг тодорхойлж чадсан тэр хором мөч бүр сайхан дурсамж, түүхийг бүтээлцдэг.
-Ковид-19 цар тахалаас болж Дармон эм бий болсон гэсэн ойлголт байсан. Гэтэл судалгааны ажил нь Ковидоос ч өмнө эхэлсэн байх нь ээ?
-Дээр хэлсэнчлэн Уламжлалт анагаах ухааны эм тангаас Дарву-5 эмийг сонгоод бараг зургаан жил судалж туршсаны эцэст өнгөрсөн оны долдугаар сараас үйлдвэрт нэвтэрсэн. Академич С.Цэцэгмаа болон түүний удирдсан Эм судлалын хүрээлэнгийн залуу эрдэмтэн судлаачдын хичээл зүтгэлээр бүтлээ. Нэг эмийг зохион бүтээхэд маш олон хүний хөдөлмөр ордог. Уламжлалт эм бүрд заавал клиник туршилт хийх шаардлага байдаггүй. Эхлээд бид өөрсдөө ууж үзсэн. Ханиад томуу тусдаггүй хүн гэж байхгүй. Тэгэхээр анхны туршилтуудаа бид өөрсөд дээрээ хийхэд үр дүн нь маш сайн гарсан. Харин орчин үеийн эмийн хэлбэрт оруулахын тулд уламжлалт таван ургамлыг стандарттай болгох, Монгол Улсын эмийн стандартад нийцүүлэх, стандартын дагуу үйлчлэгч бодисуудыг тодорхойлох гээд маш их цаг хугацаа хүч хөдөлмөр шаардсан Дармон эмэнд хүмүүс их ам сайтай байгаа. Дарву-5 танг хэрэглэдэг хүмүүс манай Дармон-ыг ямар аятайхан юм, хэрэглэхэд маш хялбар, үйлчилгээ нь их сайн болсон байна гэж хэлж байгаа. Хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа хэрнээ олны хүртээл болж чаджээ. Бид бол Дармон-д сурталчилгаа, маркетинг бараг хийгээгүй дээ. Хэдэн сар эдгээгүй ханиад Дармон-д дарагдчихлаа, хөхүүл ханиаданд үнэхээр сайн юм гэж бие биедээ дамжуулаад тэр хэрээрээ энэ эм өөрөө эрэлтээ үүсгэсэн байна.
-Норов-7 танг ковидын үед их хэрэглэсэн. Та ч жилийн өмнө уг танг бараг таван жил судалж бас орчин үеийн эмийн хэлбэрт оруулаад үйлдвэрлэх гэж байгаа тухайгаа дурдсан. Судалгаа туршилтын явцад эмийн хэлбэр өөрчлөгдөх тохиолдол бий юу. Норов-7 мөхлөг биш шахмал хэлбэрээр үйлдвэрлэгдэнэ гэсэн үү?
-Бид хоорондоо их олон удаа ярилцаж, судалсны эцэст мөхлөг хэлбэр нь зөв гэдгийг ойлгосон. Уламжлалт анагаах ухааны онолоор бол хэдийгээр эмийн хэлбэрийг өөрчилсөн ч үндсэн уух аргын өөрчлөх хэрэггүй гэж шийдсэн. Ханиадыг сэрүүн чанарын өвчин гэж үздэг. Монголчууд эртнээс сэрүүн чанарын өвчинд халуунаар уух тан хэлбэрийн эм хэрэглэж ирсэн. Тиймээс Норов-7 танг халуунаар нь уух ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, Норов-7 танг буцалгаж уух шаардлагагүйгээр мөхлөг хэлбэрт оруулаад Витагрипп шиг халуун усанд найруулаад уухад болно. Бид уламжлалт эм бэлдмэлийг хэрэглэгчдэд зориулаад аль болох амар хялбар аргаар ууж хэрэглэх орчин үеийн эм бэлдмэлийн стандартад нийцүүлэхээр маш олон судалгаа хийсээр байгаагийн нэг нь Норов-7 буюу Нормон. Энэ ондоо багтаагаад үйлдвэрт нэвтрүүлнэ. Тодруулж хэлэхэд, Уламжлалт анагаах ухаанд олон төрлийн эм байдаг ч тан эм, талх эм гэсэн үндсэн хоёр хэлбэр байдаг. Талх эмийг нь шууд ууж хэрэглэдэг. Түүнийг нь бид шахмал хэлбэрт оруулсан нь Дармон юм. Харин тан эмийг нь буцалгаж уудаг. Түүнийг нь бид мөхлөг хэлбэрт оруулсан нь Нормон юм. Мөн Эм судлалын хүрээлэнд маань уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн өөр олон сайхан эм судлагдаж байгаа.
-Моносын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн бүр монгол оюун санааг шингээсэн, монгол хүний биеийн онцлогт тохирдог. Ковидын вирусыг дарангуйлах эм зохион бүтээх ажил тань хэр урагштай байгаа вэ?
-500 гаруй жилийн өмнө монгол маарамбын хэрэглэж байсан Чун-7 эмийн жорыг судалсан. Сарьсан багваахайнаас хүнд, тэмээнээс хүнд тусдаг өвчний үед хэрэглэж байсан жор юм билээ. Сарьсан багваахай гэдэг нь бидний анхаарлыг их татсан л даа. Ковидын үеэр уламжлалт эм гээд энэ жороор эм хийгээд хүмүүст уулгаж үзсэн. Амт үнэрээ алдсан хүмүүс Чун-7 эмийг уугаад 3-5 хоногт амт үнэр нь сэргэж байсан. Манай эмийн хяналтын байгууллагууд “Болохгүй ээ Хүрлээ, наадахад чинь манчин гээд маш хортой ургамал орж байгаа учраас уламжлалт эм ч гэсэн шууд хэрэглэхийг зөвшөөрөхгүй, туршилтууд хий” гэсэн. Бид маш их туршилт хийсэн, хоруу чанар, архаг хоруу чанар, хурц хоруу чанар гээд ямар тунгаар хортой нөлөө үзүүлж байна, үхлийн тун нь хэд юм гээд маш нарийн шинжилсэн. Солонгосын Данкугийн их сургуульд манайхаас магистр, докторт сурч байгаа хоёр судлаач, тус сургуулийн эрдэмтэд, эмнэлэгтэй хамтарч эсийн түвшинд судалгаа хийсэн. Ковидын Дельта гээд хамгийн хортой, хүчтэй хувилбар дээр Чун-7 эмийг туршихад вирусын үржлийг зогсоож байсан. Ковидын эмчилгээнд хэрэглэж байсан хоёр гуравхан эм байсан. Тэдэнтэй адил эсийн түвшинд нь хүрч, эмчилж чадсан. Шинэ эм зохион бүтээх явц нэлээн уддаг. Бүх л шат дамжлагыг дамжсаар энэ оны 5-6 дугаар сард хүн дээр туршсан. Бүгд эдгэсэн. Бас нэг онцлог нь Чун-7 эмийг хэрэглэсэн хүмүүст рентген шинжилгээ хийхэд уушгинд нь ямар ч үлдэц байгаагүй. Цус маш сайн шингэлж байсан. Саяхан Эрүүл мэндийн яамны дэргэдэх Ёс зүйн хороогоор ороод энэ эмийг хэрэглэж болно, олон улсын дүрэм журмын дагуу судлагдаж баталгаажсан байна гэсэн дүгнэлт гарсан. Арванхоёрдугаар сардаа үйлдвэрт нэвтрээд шинэ оны эхэнд хүмүүст хүрнэ. Ковидын вирус төдийгүй сүүлийн үед гараад байгаа томуугийн вирусын эсрэг маш сайн үйлдэлтэй. Эмийн хэлбэр нь яг уламжлалт талх хэлбэрээрээ. Миний удирдлаган дор манай Эм судлалын хүрээлэнгийнхэн Чун-7 эмийг орчин үеийн анагаах ухааны эмийн хэлбэрт оруулах судалгааны ажил мөн хоёр дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.
-Ханиад томууны ид дэгдэлтийн үед олон сайн эм үйлдвэрлэж байгаад уншигчдынхаа өмнөөс талархаж байна. Жүжигчид тэр л дүрдээ хайртай гэдэгчлэн эм зүйч, эрдэмтэн судлаач хүнд бас тийм сэтгэл байж болох уу. Та зохион бүтээсэн эм бэлдмэлээсээ алинд нь илүү хайртай вэ?
-Бүх бүтээлүүд минь миний үр хүүхэдтэй адил. Хүн хүүхдүүдээ ялгаж үздэггүйтэй л адил юм уу даа. Гэхдээ заавал нэгийн онцлооч гэвэл хамгийн хайртай бүтээгдэхүүн маань Читамон. Би Анагаах ухааны хүрээлэнд ажиллаж байхдаа, 27 настайдаа цацраг туяа эмчилгээний үед хэрэглэх Алотагат хэмээх анхны шинэ эмээ зохион бүтээж байлаа. Хорт хавдартай хүмүүсийг цацраг туяагаар шарахад маш их улайгаад, арьс нь гэмтээд байдаг. Тэрийг хамгаалах эмульс хэлбэртэй тосон эм бүтээсэн. Хамгийн анхны шинэ бүтээлийн гэрчилгээ авсан Алотагат бол цаашид эм зохион бүтээх анхны туршлага, Моносынхоо анхны жижиг үйлдвэр байгуулахад ихээхэн дэм болж билээ. Хүн хийж байгаа зүйлдээ хэт улайрч төвлөрсөн үедээ тодорхой үр дүнд хүрдэг. Харин чихэр өвс, тарваган шийртэй цэр ховхлох зэхмэл маань Читамон эмийн эхлэл болсон юм. Тэр үед энэ санаа төрмөгц уншиж байсан ном судраа орхиод Эврика гэж хашгирч билээ. Ингээд л миний Читамон олны сэтгэлд хүрч, Моносын анхны брэнд бүтээгдэхүүний нэг болж, давхардсан тоогоор 30-аад сая хүн хэрэглэчихсэн байна. Гол үйлдэл нь цэр ховхлох. Чихэр өвс нь дархлаа дэмжинэ. Бид цэртэй ханиалганы Читамон бэлдмэлийнхээ найрлагыг нэмж, хуурай ханиалганд зориулан Читамон плюс нэртэй шинэ эм үйлдвэрлээд удаагүй ч бас л эрэлт ихтэй байна. Чихэр өвс, тарваган шийрийг нэгтгэсэн хувилбар дэлхийд ер нь байдаггүй. 10-аад жилийн өмнөөс ОХУ үйлдвэрлээд эхэлсэн. Тэнд үйлдвэрлэнэ гэж бодож байсангүй. Гадаадад патентлах ёстой байсан юм билээ. Гэхдээ монгол хүний жороор уг эмийг үйлдвэрлэж байгаад бахархах сэтгэл төрдөг.
-Таныг хүмүүс бизнесмэн л гэж боддог. Гэтэл Та ихэнх цагаа эмийн судалгаа шинжилгээнд зориулж иржээ. Судалгаа шинжилгээний ажлаа хийж байх үедээ орчноосоо тасарчихдаг уу. Яг тэр үед ямар мэдрэмж авдаг бол?
-Би оюутан байхаасаа л эрдэм шинжилгээний ажилд сонирхолтой, оюутны судалгаа шинжилгээний ажилд идэвхтэй оролцдог байлаа. Тухайн үед ЗХУ-д төдийгүй олон улсад нэртэй Д.А.Муравьева эрдэмтний удирдаж байсан оюутны эрдэм шинжилгээний дугуйланд ажиллах аз тохиосон юм. Тэр суут эрдэмтнээс энгийн даруу байх, аливааг өргөн хүрээтэй харж дүгнэлт хийх, судалгаа шинжилгээний ажилд туйлаас үнэнч, нягт нямбай байхыг сурсан. Сургуулиа төгсөж ирээд Германд эм зүйн ухааны доктор цол хамгаалсан А.Ламзав доктороос орчин үеийн эм зүйн ухааны эрдэм шинжилгээ судалгааны олон арга барил сурсан. “Монгол орны эмийн ургамал” номын зохиогчдын нэг, “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийг орчуулсан Ц.Доржжанцан маарамбын шавь болоод амжсан тэр богинохон хугацаанд багахан ч гэсэн эрдмийг тэр эрхэм хүнээс сураад үлджээ. Би амьдралдаа таарч учирсан хүн бүхнээс л суралцсан. Тэр бүхэн өнөөдрийн намайг бүтээсэн. Монголын Томас Эдисон бол Лувсангийн Хүрэлбаатар гэж Форбес сэтгүүл өргөмжлөхөд санаа зовж байсан ч нөгөө талаар надаас өөр ийм олон патент эзэмшдэг хүн Монголд байхгүй. Мөн англи, хятад, герман, орос хэлээр нийтдээ 200 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл маань гадны хэвлэлд нийтлэгджээ. Тэгэхээр судалгаа шинжилгээний ажил маань надад ямар мэдрэмж төрүүлдэг нь ойлгомжтой болов уу. Одоо ч манай хойморт “Хүн өөрийгөө эрж хайдаггүй, харин өөрийгөө бүтээдэг юм” гэсэн үгтэй Английн нэрт зохиолч Бернард Шоугийн хөрөг ажил амьдралын минь уриа болсон хэвээр.
С.Цэцэгмаа: Эм үйлдвэрлэлийн салбарын ирээдүй маш өнгөлөг байна
-2022 оны Эм хангамж, үйлдвэрлэлийн салбарын шилдэг инноваци шингэсэн бүтээгдэхүүнээр Дармон эм шалгарлаа. Ханиад томууны оргил үед эрэлт ихтэй байгаа байх?
-Уламжлалт эмийг орчин үеийн технологиор үйлдвэрлэсэн, ургамлын найрлагатай шахмал эм Дармон шилдэг инноваци шингэсэн бүтээгдэхүүнээр шалгарсанд манай Эм судлалын хүрээлэнгийнхэн баяртай байна. Бүхэл бүтэн зургаан жил судлагдаж, туршигдаж байж хэрэглэгчдэд хүрлээ. Мэдээж ханиад томууны оргил үед эрэлт ихтэй байгаа байх аа. Гуурсан хоолой, уушгины үрэвсэл, ханиалга намдаах, цэр ховхлох үйлдэл үзүүлнэ. Ялангуяа хөхүүл ханиалга гэж ярьдаг даа, салдаггүй ханиалганд их сайн нөлөөтэй.
-Дармон эм зургаан жил судлагдсан гэлээ. Ер нь бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгаа, шинжилгээ хэр удаан үргэлжилдэг вэ?
-Тухайн бүтээгдэхүүнээс шалтгаална. Манай Эм судлалын хүрээлэнд хийгдэж байгаа эм бэлдмэлийн судалгаа, хөгжүүлэлт ерөнхийдөө гурван чиглэлээр явагддаг. Нэгдүгээрт, брэнд эмийн судалгаа. Өөр хаана ч хийгдэхгүй зөвхөн манай хүрээлэнд хийгддэг судалгаа, хөгжүүлэлт. Хоёрдугаарт, уламжлалт анагаах ухааны эм танг орчин үеийн эмийн хэлбэрт оруулах технологийн шинэ шийдэл бүхий инновацийн бүтээгдэхүүний судалгаа. Гуравдугаарт, импортыг орлох ерөнхий нэршлийн эм, гадаадаас импортоор оруулж ирдэг эмийг дотооддоо үйлдвэрлэх технологи, стандартчиллын судалгаа гэсэн гурван чиглэлээр бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийж байна. Гэхдээ Монос эмийн үйлдвэрт үйлдвэрлэж буй ихэнх ерөнхий нэршлийн эмийн судалгаа хөгжүүлэлт үйлдвэрийн дэргэдэх Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн албанд түлхүү хийгддэг. Тухайн эмийн судалгаа, хөгжүүлэлтээс шалтгаалаад хугацаа нь өөр өөр. Намайг анх ирэхэд Дармон эмийн эхний судалгаа хийгдсэн байсан. Хэдийгээр уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж ирсэн Дарву-5 талх эм таван өөр төрлийн ургамлаас бүрдсэн, жорыг нь мэддэг ч яг шахмал эм болгоход маш олон төрлийн судалгаа, туршилт хийгдсэн. Тухайн эмийн найрлага дахь ургамал тус бүрийн түүхий эдийн чанарыг баталгаажуулах, шахмал эмийн дээжийг бэлтгэх, хөндлөнгийн лабораторид шинжлүүлэх, тогтвортой чанарын судалгааг гүйцэтгэх, ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөлийн салбар комиссуудын болон Фармакопейн хурлаар хэлэлцүүлэх ажлууд хийгдэж, эцэст нь тухайн бүтээгдэхүүнийг Улсын бүртгэлд бүртгүүлнэ. Улсын бүртгэлд бүртгэгдсэн эм бол аюулгүй, чанартай гэсэн үг. Дарву-5 талх эм хэдийгээр уламжлалт анагаах ухаанд олон зуун жил хэрэглэгдэж ирсэн ч шахмал эмийн хэлбэрт оруулсан Дармон эмийн аюулгүй байдлыг хүрээлэндээ туршилтын амьтанд хийсэн архаг хорон чанарын судалгаагаар баталгаажуулсан. Аюулгүй, чанартай эм гэдгийг баталгаажуулсны дараа GMP шаардлага хангасан Монос эмийн үйлдвэрт технологийн шилжүүлэлт хийгддэг. GMP шаардлага нь өөрөө эм чанартай гэдгийг баталж байгаа юм. Брэнд болон импортыг орлох эм бэлдмэл багадаа л 3-6 жил, үүнээс ч олон жилээр судлагддаг. Тиймээс шийдвэр гаргах түвшний хүмүүс бодит байдлыг мэдэж, олон нийтэд үнэн зөв, судалгаа, нотолгоонд үндэслэсэн мэдээлэл түгээж байгаасай гэж боддог. Улсын бүртгэлд бүртгэгдсэн 4300 гаруй эм бэлдмэлийн 50 хувь нь чанаргүй гэхчлэн буруу ташаа мэдээлэл нийгэмд гарснаар эмийн салбар бүхэлдээ харлах тохиолдол бий. Монгол Улсын эмийн бүртгэл гэж байгаа. Энэ нь манай улсын эм бэлдмэлийн чанар хангалт, баталгаажилтын хамгийн чухал систем, дархлааны тогтолцоо юм.
-Та Эм судлалын хүрээлэнд хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Ирснээсээ хойш хичнээн бүтээгдэхүүн “төрүүлээд” байна?
-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Монос групп”-ийн ТУЗ-ийн дарга Л.Хүрэлбаатарын урилга, хүсэлтээр 2018 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс Эм судлалын хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. Эм зүйч мэргэжлийг эзэмшсэнээс хойш эмийн салбартаа тасралтгүй 45 дахь жилдээ ажиллаж байна даа. Ганц би гэж ярих боломжгүй л дээ. Манай хамт олны зохион бүтээж үйлдвэртээ шилжүүлээд байгаа хэд хэдэн тосон түрхэц, Нойрос, Дармон шахмал зэрэг эм бэлдмэл байна. Удахгүй Нормон мөхлөг эм үйлдвэрлэгдэж, зах зээлд гарахаар бэлтгэгдэж байна. Энгийнээр хэлбэл, Дармон шахмал нь архаг ханиад, Нормон мөхлөг нь дөнгөж эхэлж байгаа хурц ханиаданд зориулагдсан. Ер нь судалгааны гол санааг Хөдөлмөрийн баатар маань гаргадаг. Судалгаан дээр 20 гаруй шижигнэсэн залуус ажилладаг. Энд одоо ажиллаж байгаа болон өмнө нь ажиллаж байсан хамт олны сэтгэл оюунаа шингээсэн олон бүтээгдэхүүн бий.
-Манай улсад “Монос” шиг дэлхийн жишигт нийцсэн Эм судлалын хүрээ-лэнтэй эмийн үйлдвэр бараг байхгүй болов уу?
-Эм судлалын хүрээлэн, Монос эмийн үйлдвэрт эм үйлдвэрлэх, судалгаа шинжилгээ хийх орчин нөхцөл зохих түвшинд хангагдсан гэж хэлж болно. Нөгөө л эм үйлдвэрлэлийн GMP шаардлага стандартууд нь бүрэн хэрэгжиж байгаа гэсэн үг л дээ. Хүрээлэн маань технологийн, химийн, эм судлалын, уламжлалт анагаах ухааны гэсэн дөрвөн үндсэн сектортой. Ховор болон нэн ховор ургамлын генофондыг хамгаалах, үйлдвэрт хэрэглэгдэх гол гол эмийн ургамлыг тарималжуулах зориулалттай эмт ургамлын ботаник цэцэрлэгтэй. 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Эм судлалын хүрээлэнд судалгаа, хөгжүүлэлт хийх бүрэн дүүрэн нөхцөл бололцоог хангаж өгсөн. Аливаа улс ямар нэгэн зүйлийг өөрсдөө хийж бүтээж байж хөгжинө. Манай улсад үндэсний эмийн үйлдвэрлэл тодорхой хэмжээнд хөгжиж байна, хүрсэн ололт амжилт зөндөө байна, мэдээж хэрэг цаашдаа улам төгөлдөржинө.
-Та олон эм зүйч “төрүүлсэн” багш хүн. Эм судлалын хүрээлэнд ирэхээсээ өмнө төрийн байгууллагад л ажиллаж байсан уу?
-Би АШУҮИС-ийн Эм зүйн сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, сургуулийн захирлаар 40 гаруй жил ажиллажээ. 1995 онд Эм зүйн сургуулийнхаа тэнхимийн эрхлэгч болсон тэр цагаас эхлээд 2017 оныг дуустал ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөлийн гишүүн, 2011-2016 онд ЭМЯ-нд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийн Эмийн аюулгүй байдлын дэглэмийг бэхжүүлэх гуравдугаар бүрэлдэхүүн хэсгийн зохицуулагчаар ажилласан гээд ерөнхийдөө л эмийн бодлого тодорхойлох үйл ажиллагаанд оролцож иржээ. Яам, агентлагт ажиллах эмийн салбарын мэргэшсэн боловсон хүчин цөөтэй учраас Эмийн хууль, эмийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэлтийг хангах тушаал, журам боловсруулахад мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан ажлын хэсэг байгуулдаг. Тэр бүхэнд оролцож ирлээ. Азийн хөгжлийн банкны төслөөс өмнө ДЭМБ-ын “Эмийн сайн засаглал” төсөлд 2005-2010 оныг дуустал, сүүлд 2016, 2018, 2021 онд “Нянгийн тэсвэржилтийг бууруулах” төсөлд богино хугацааны зөвлөхөөр тус тус ажилласан.
-2018 оноос хойшхи дөрвөн жилийг эс тооцвол та насаараа төрийн албанд ажиллажээ. Төрийн алба, хувийн хэвшилд ажиллахын ялгаа их байна уу?
-Ялгаа гэхээсээ илүү буруу ойлголт байна. Сургууль бол төрийн үйлчилгээний алба, Төслийн зохицуулагч, Хүний эмийн зөвлөл гээд төрийн албанд ажилласан энэ олон жилийн хугацаанд хувийн хэвшлийн талаар жаахан буруу бодолтой явснаа нуухгүй ээ. Хувийн байгууллагынхан ажлаа хагас дутуу хийдэг, хариуцлага муутай, хамаатан саднаараа ажилладаг гэх ташаа бодол минь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Эм судлалын хүрээлэнд ажилласнаас хойш өөрчлөгдсөн. Хүн мэдэхгүй юмныхаа дайсан гэдэг дээ. Эм судлалын хүрээлэн “Монос фарм” эмийн үйлдвэрийн харьяа ч гэсэн Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага гэсэн статустай, үйл ажиллагаа нь үйлдвэрээсээ тусдаа, бие даасан байдлаар явагддаг. Хүрээлэн дээр судалгаа шинжилгээ бүрэн хийгдсэний дараа хийсэн бүтээлээ үйлдвэрт шилжүүлэхэд чанарын баталгаажилт, технологийн бичиг баримт, стандарт гээд ямар нэгэн найраа, хуурамч зүйл байхгүй. Бүгд GMP стандартын дагуу хийгдэнэ. Хувийн хэвшлийнхэн ажлаа хам хум хийдэг болов уу гэсэн ойлголт ор мөргүй болсон. /Инээв/ Энэ бүхнийг ганцхан өгүүлбэрт багтаа гэвэл үндэсний эм үйлдвэрлэлийн ирээдүй маш өнгөлөг байна. Нэмж хэлэхэд, Эм судлалын хүрээлэнд дан ганц эмийн бүтээгдэхүүний бус, бас хүнс, гоо сайхны бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт хийгдэж, Монос хүнс, Монос косметикийн үйлдвэрт шилждэг. Өөрөөр хэлбэл, судалгаа шинжилгээ-үйлдвэрлэл цогц байдлаар хөгжиж байна.
Ю.ТӨГСЖАРГАЛ