Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өнөөдөр (2022.11.28) “Эх орондоо хөдөлмөрлөх боломж -2022” өдөрлөгийг “Мишээл Экспо” олон улсын үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулав. Ажил хайсан олон зуун залуу тус үзэсгэлэнгийн танхимаар хөлхөж, аж ахуй нэгжүүдээс зарласан уулзалт ярилцлагад орж байлаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас жил бүр дээрх өдөрлөгийг хийдэг. Гэхдээ энэ жилийнх онцлогтой. Тэр нь гадаадад хөдөлмөрлөж байгаад ирсэн залуусыг урьж, туршлагыг нь яриулах, мөн тэднийг ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэхэд чиглэжээ. Мөн ажил хайгч иргэдэд тулгамдаж буй асуудлыг нь сонссон юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөгт 30 гаруй ажил олгогч байгууллагын төлөөллөөс гадна нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн газар хэлтсийнхэн оролцов. Үүнээс гадна БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь салбар И Пи Эс төвийн захирал И Сон Жэ өдөрлөгт оролцож, мэдээлэл өглөө. Ноён И Сон Жэ “2004 оноос хойш Монголын маш олон залуу албан ёсны гэрээгээр Солонгос Улсад ажиллаж, манай улсын эдийн засгийн хөдөлгөгч хүч болж ирсэн. Одоо эдгээр залуусын ихэнх нь эх орондоо иржээ. Тиймээс Монголынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахаас гадна өөрсдөө бизнес эрхэлж, амжилтад хүрээрэй” гэсэн юм. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу 2004 оноос хойш манай 36 000 иргэн Солонгост дадлагажиж, ажил хөдөлмөр эрхэлжээ. Эдгээр дадлагажигчдыг эх орондоо ирэхэд нь ажиллаж байсан мэргэжлийнх нь дагуу үнэмлэх олгох, дээр нь жижиг дунд үйлдвэрлэлийн зээлд хамруулах, ажилд зуучлах зэргээр дэмжих аж. Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхараас энэ талаар “Засгийн газар гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэдээ дэмжих бодлого баримталж буй. Тэднийг нэн тэргүүнд ажлын байрны мэдээллээр хангах нь чухал. Гадаадад ажиллаж буй иргэд Монголдоо ирэхээр бол манай яам руу хандаж, “e-Job платформ”-оор дамжуулан өөрт тохирох ажлын байраа захиалж болно. Мөн залуусыг хөдөлмөр эрхлэлтэд зуучлахаас гадна тухайн ажлын байрт тохирсон сургалтад хамруулдаг. Ирэх жилээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц урамшууллыг 3-6 сарын хугацаанд ажил олгогч нарт олгоно. Үр дүнд нь 5000 гаруй ажлын байртай болно гэсэн тооцоолол бий. Ер нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийж байна. Үүний үр дүнд ажлын байрны асуудал шинэ шатанд гаргах болно. Хөдөлмөр эрхлэлтийн гол хөшүүргэ нь цалин хөлс. Гол нь хөдөлмөрийн хөлс бүтээмжтэйгээ уялдах ёстой. ХНХЯ-наас энэ жил ажиллагсдын ур чадварт тохирсон цалинг олгуулах бодлого баримталж буй. Тиймээс ажил мэргэжлийн ур чадварын үнэлгээ хийж, сертификат олгоно. Ингээд цалин хөлсийг шинээр тогтооно” хэмээлээ.
Түүнчлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэлээс ажлын байр нэмэх, гадаадаас ирсэн иргэдээ дэмжих талаар тодрууллаа. Тэрбээр “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу 2004 оноос хойш жил бүр ажилтан гаргаж буй. Өнөөдрийн байдлаар 4000 иргэн албан ёсны гэрээгээр Солонгост ажиллаж байна. Гадаадад ажиллаад ур чадвар эзэмшээд ирсэн залуусаа ажлын байранд урья. Монголд ажиллах боломж бололцоогоор хангая хэмээн олон ажил хэрэгжүүлж буй. Тухайлбал, тэдний ур чадварыг нь үнэлж, мэргэжлийн үнэмлэх олгох зорилгоор “Эх орондоо хөдөлмөрлөх боломж -2022” өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ дагуу БНСУ-д ажиллаж байгаад ирсэн 1200 иргэнийг эл өдөрлөгт урьсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрөө тэдэнд танилцуулна. Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга энд ирсэн байна. Тэдэнтэй уулзаж зөвлөгөө мэдээлэл авч болно. Үүнээс гадна Монголдоо ажил хайж буй залуустаа ажлын байрны зөвлөгөө мэдээлэл өгнө” хэмээв. Тэрбээр мөн хөдөлмөрийн яармагт ирсэн иргэдэд “e-Job платформ”-ыг танилцууллаа. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн цахим систем “e-Job платформ”-ыг улсын хэмжээнд нэвтрүүлсэн гэнэ. Эл систем нь дэвшилтэт технологид суурилсан онлайн портал, мобайл аппликэйшн, хөдөлмөр эрхлэлтийн мэргэжилтнүүдийн ажиллах хэсэг бүхий 3 дэд систем, 13 модулиас бүрдэж буй. Эхний ээлжид системийн хамгийн гол, үндсэн дэд систем болох “ажил зуучлалын онлайн портал”-ыг ашиглалтад оруулжээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс “Өмнөх мэдлэг, ур чадварыг хүлээн зөвшөөрүүлэх үнэлгээ”-ний талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгсөн. Тус институтээс мэдээлснээр манай хөдөлмөрийн насныхны гаргадаг гол алдаа бол ажил хайгч нь ажил олгогчийн тавьсан шаардлагыг хангадаггүй, ур чадвар, боловсрол дулимаг, тогтвортой ажиллах чадвар муу зэрэг үзүүлэлт аж. Үүнээс гадна гадаадад ажиллаж байгаад ирсэн залуус хөдөлмөр эрхлэлтийн талаарх сайн туршлагаа хуваалцсан. Мөн үеэр мэргэжлийн сургалтад хамрагдсан иргэдийн дунд “Ур чадварын уралдаан-2022” тэмцээн зохион байгуулсан билээ.
Ийнхүү Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас хөдөлмөр эрхлэх гэсэн иргэдээ урьж, хөдөлмөрийн зах зээлийн талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг зохиож, сонирхсон асуултад нь хариулж, бүхий л мэдээллийг өгч ажиллалаа. Мөн Монгол Улсын ажил олгогч аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл, НҮБ-ын Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын менежер, Залуучуудын зохистой хөдөлмөр эрхлэлтийн сүлжээ байгууллагын зохицуулагч нар эл өдөрлөгт оролцож, иргэдэд олон талын мэдээллийг нээлттэй өгөв. Товчхондоо, төрийн болон хувийн хэвшлийнхэн нэгдэж, нэг өдрийн турш иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн талаар танилцуулга хийхээс гадна гадаадад ажиллаж байгаад ирсэн боловсон хүчнүүдийг “Эх орондоо ажиллах боломж байна” хэмээн уриалсан билээ. Өдөрлөгийн төгсгөлд 4104 нээлттэй ажлын байрыг санал болгож, 2960 иргэн ажил хайгчаар бүртгүүлж, 841 иргэн ажилтай болж, 272 иргэн ажлын шууд ярилцлаганд хамрагдаж, 1619 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгсөн гэх статистик гарчээ.
ч,