Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн баярын мэндийг уншигчдадаа хүргэе. Эл өдрийг угтан “Чингис хаан” музейн захирал, академич С.Чулуун тусгай илтгэл тавьсан. Илтгэлийн дараа оролцогчид асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлсөн юм. Энэ тухай сурвалжлагыг та бүхэнд сийрүүлэн хүргэе ээ.
Илтгэлд “Чингис хаан бидний үнэт зүйл төдийгүй дэлхийн дахинд Монголчуудын нэрийн хуудас юм. Их хаан Чингис хүчирхэг эзэнт гүрэн байгуулсан нь хүнд тохиож болох бүхий л шинж чанарыг агуулсантай холбоотой. Монголчууд төдийгүй хүн төрөлхтний анхаарлыг татсан юм. Чингис хаанд харизм байна, ес суртахуун дээд хэмжээнд байна, хүнлэг зөөлөн сэтгэл байна, дайчин чанар байна. Бүгдийг энэ хүн цогцлоожээ. Үүнийг түүхэн сурвалжид тэмдэглэн үлдээсэн байдаг. 1990 онд Монголын нууц товчооны 750 жилийн ойг тэмдэглэсэн нь үндэсний үзлийн хувьд том сэргэлт болсон. Дэлхийн олон Монголч эрдэмтэн цуглаж, их хурлаа хийж Чингис хаан судлалыг хэлэлцсэн. Монголын нууц товчоо бол Чингис хааны түүх, Бурхан халдун бол тахилгын газар нь юм. Тиймээс үндэсний үзлын их сэргэлтийн гол үнэ цэн нь Чингис хаан байсан юм” хэмээн дурдсан.
Хүн төрөлхтөн буюу гадаад ертөнцөд ч гэсэн Чингис хааныг олон талаар хүлээн зөвшөөрдөг. 1996 онд АНУ-ын “Вашингтон пост” сонины Мянганы агуу суут хүнээр их эзэн Чингис хааныг нэрлэсэн нь гал голомтыг сахиж, төр улсаа авч яваа монголчуудад дэлхий хүндэтгэл үзүүлсэн түүхэн үйл явдал болсон гэдэг.
Ийнхүү хэлэлцүүлгийн дараа асуулт хариулт өрнөсөн.
Оролцогч: -“Чингис хаан” музейг байгуулсны дараа гаднын жуулчдад үзүүлсэн. Музейн IV давхарт харь угсаатны буюу Түрэг, Уйгур, Киданы үзмэр байсан. Харийн өөр угсаатны түүхийг “Чингис хаан”-ы музейд харь улс гэсэн тайлбартай байршуулах нь зөв үү. Музейн үзмэр бол эд өлгийн зүйл. Үнэт зүйл гэж ярих нь буруу юм биш үү?
С.Чулуун: -“Чингис хаан” музейд төрт улсын түүхийн хэсэг бий. Танхимын нэр дээр, ялангуа тайлбар дотор харь улс гэж байхгүй. Монгол нутаг дахь эртний төрт улс гэж бичсэн. Ийм асуулт ирнэ гэдгийг би мэдэж байсан. Музейн ханан доторх бүх үг үсгийг би өөрөө бичсэн юм. Түрэг, Уйгурыг Монгол гэх хаашаа юм, биш гэх нь хаашаа юм. Ямартай ч Монголд нутагт 100-аад жил оршин тогтносон эзэнт гүрнүүдийн өвийг манай өвөг дээдэс 1000 жил тээж авч үлдээсэн соёл юм. Энэ түүхийг эзэмшигч монголчууд, өмчлөгч нь Монгол Улс юм. Тиймээс энэ бол Монголын дурсгал. Угсаа гарлыг дараагийн судалгааны үр дүнгээр хэлэх биз. Хоёр дахь асуултын тухайд үнэт зүйл гэдэгт сэтгэлгээ харах уу, материалыг харах уу гэдгээс шалтгаална. Миний ойлгож буйгаар үнэт чанарын асуудал юм. Түүхэнд ч бий. Бид шинжлэх ухаанд ямар нэр томъёогоор орсон, юу гэж баримталж буйг дагахаас аргагүй. Миний илтгэлийн агуулга нь эд материал талаас уу, сэтгэлгээ зүрх сэтгэлийн мөн чанараас уу гэдгийг сонсогч та бүхэн салаа утгагүй ойлгосон байх. Энэ асуудлыг үзмэр гэж буй үнэт зүйл гэж хараарай.
Оролцогч: -Чингис хааныг олон газар булаалдах юм. Казахууд Казах хүн гэж хэлдэг. Турк чинь Түрэг юм уу, биш юм уу?
С.Чулуун: - Турк чинь Түрэг юм уу, биш юм уу гэдэг нь судалгааны үр дүн. Энэ асуулт Чингис хааны үнэт зүйлээс халиад байна. Тиймээс савандаа л ярья. Ер нь бол Монголд байсан хөх Түрэг бол Турк гэж би хэлэхгүй. Чингис хааныг манайх гэж хэлэх эрх Монгол туургатанд бий. Чингис хаанд захирагдаж байсан хүмүүс манай хаан гэж хэлж болно. Харин Чингис хаан казах хаан гэж хэлэхийг зөвшөөрөхгүй. 2014 оноос Казахстануудтай ажилласан. Нэн тэргүүнд шинжлэх ухааны сэтгүүлүүд дээрээс “Монгол бол казахын уугуул нутаг. Чингис хаан бол казах хүн мөн” гэдэг үг өгүүлбэрүүдээ шинжлэх ухааны сэтгүүл дээрээсээ авч байж Монголтой харилц гэдэг шаардлага тавьсан. 2016 оноос хойш Казахстаны эрдэмтдийн шинжлэх ухааны сэтгүүлд дээрх утгатай нэр томъёолол, нэг үсэг өгүүлбэр ч гараагүй. Энэ бол дэвшил юм. Чингис хаан бол Бурхан халдуны сав, гурван голын эхэнд төрсөн Монгол хүн. Монголчууд бид Хүннүгийн төр улсын Монгол гэж хэлэхээсээ илүү одоогийн Монголын нутаг нь Хүннүгийн төрт улсын голомт юм. Хэнээс ч айхгүй үзэл бодлоо илэрхийлж байх хэрэгтэй. Чингис хаан бол хүн төрөлхний хаан. Үзэл санааныхаа хувьд хүн төрөлхтөн Чингис хааныг хүндэлж байна. Энэ бол дэлхийн судлаачдын гавьяа.
Оролцогч: -Эзэн хааны судалгаатай холбоотой төлөвлөгөө, ажлыг эртнээс мэдэж баймаар байна. Хаанаас мэдэж болох вэ?
С.Чулуун: -Манай музей бол Чингис хаан, Монголын эзэнт гүрний судалгаа мэдээллийн хамгийн чухал төв байх ёстой. Эндээс хүмүүс мэдээллээ авдаг байх ёстой. Мөн манай судлаачид “хачин зантай”. Өөрөө өөртөө зориулаад хийгээд явдаг. Тиймээс олон түмэнд зориулж долоо хоног бүр Чингис хаан, Монгол гүрний тухай семинар хийх төлөвлөгөө гарсан. Үүнийгээ хүүхдүүдэд зориулж, дэлгэрүүлнэ. Ирэх жилийн төлөвлөгөөнд энэ бүхнийг тусгана. Энд мөн Чингис хаан, түүний түүхтэй холбоотой 5000 гаруй ном цуглуулсан. Ирэх жил үүнийг илүү их баяжуулна. Үүнд илүү их анхаарна. Номын сан байгуулна. Музей бол үнэтэй хөөрөг хадгалдаг газар биш. Эрдэм шинжилгээ, соён гэгээрлийн төв юм.
"Чингис хаан" музейд уншсан академич С.Чулууны лекцийг бүрэн эхээр хүргэж байна.
Чингис хаан ба Монгол улс: үнэт зүйл, гадаад орчин
Чингис хааны байгуулсан Их Монгол улс нь Юань улсын хүчирхэгжилт төгсгөл болсноор эх нутагтаа үргэлжлэн оршин тогтнох болсон. Гэвч улс төрийн нөхцөл байдал хувирч өөр хоорондын зөрчилдөөн тэмцэл тасралтгүй өрнөж, гадаад талаас хэд хэдэн хүчирхэг улс гүрнүүд шахах болсон. Ялангуяа XVII зууны эхэн үе болоход өмнөдөд Манж Чин улс, умардад Оросын хаант улсын хүчирхэгжилт ихсэж, монголын хааны засаглал улам хумигдаж төрийн хүчирхэг байдал алдагдсаар байв.
Лигдэн хутагт хааны үеэс улс төрийн нөлөөгөө алдаж, төрт улс мөхлийн ирмэгт ирсэн тэр үеэс Монголчууд өөрийн эв нэгдэл, төр ёс, эв эеээ эрхэмлэн нэгтгэх оролдлогыг эрчимжүүлэхээр оролджээ. Өөрөөр хэлбэл үнэт зүйл, эв нэгдлийн үзэл санаагаа нэгтгэхийг зорьсон. Тэрхүү үнэт зүйл, төр ёсны тулгуур нь эртний дээдэс, төрт ёсны уг үндэс болсон Их Эзэн Чингис хаан байв. Чингис хааныг өөрийн үнэт зүйл, хүчирхэгжин оршин тогтнохын тулах цэг болгох оролдлого хийсэн гэсэн үг. Лигдэн хутагт хаан өөртөө суут Чингис Даймин Сэцэн хаан хэмээх эрхэм нэр, хэргэмийг зүүж хүртэл үзсэн юм. Энэ үеэс эхлэн туурвисан Монголын түүхийн тулгар эх сурвалжуудад Их Эзэн Чингис хаан, түүний үр удмын түүхийг бичиж, хойчис нь түүний тасралтгүй төрийн залгамчир гэдгийг өгүүлж эзэн хааныг бурханы шашны Махасамади хийгээд Чакраварди хааны удам хойчис хэмээн холбон бичиж эхэлсэн. Ихэнх сурвалжид “Суут Богд Чингис хаан дөчин таван наснаа хаан ор суув. Тэр Чингис хаан таван өнгө, дөрвөн харь улс эхлэн замбуутивийн гурван зуун жаран нэгэн омогтон, долоон зуун хорин хэлтэн улсын алба гувчуурыг авч гар газраа хөл хөсрөө амирлуулж Чакраварди хаан мэт алдаршивай” хэмээн Их хааны агуу гайхамшгийг магтан түүхчилсэн байдаг.
Ийнхүү их хааны өндөр дээд удам судар, эрэлхэг үр хойчисын алдаа оноо, удмын хэлхээ, үйл хэргийг ихэд тодорхой өгүүлэн бичсэн нь улс төрийн ороо бусгаа үед үнэт зүйлсийн эрэлд мордсон Монголчуудын хувьд үнэ цэнэ, итгэл найдвар нь Чингис хаан байв. Тэрхүү ээдрээт цаг үед хаад, язгууртнууд Их эзэн Чингис хаан, түүний суу алдрыг төрт улсын үнэт зүйл, оршин тогтнохын гол тулгуур болгон төрт ёсны уламжлал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, угсаа залгамжлалын дэг ёсыг тасралтгүй үргэлжлүүлэх, эв нэгдлийг хангах зорилго тавьж байлаа. Чингис хааны билэг сургаал нь монголчуудын ёс суртахуун, төрийн зохион байгуулалт, улс төрийн сэтгэлгээний үндсэн суурь болов.
Монголчууд Их Эзэн Чингис хаанаас тасралтгүй үргэлжилсэн угсаа залгамжилсан хаант төрийн ёсыг Лигдэн хутагт хүртэл баримтлан ирсэн ч дотоодын хямралдаан, гадны халдлага довтолгоон зэрэг олон хүчин зүйлсээс хамааран 1634 оноос хойш хаан сэнтий тасалдах болсон. Гэвч өнөөгийн Монгол улсын гол мөхлөг Халхын гурван хаан Засагт хаан, Түшээт хаан, Сэцэн хааны засаглалд хуваагдан орших болж угсаа залгамжлал үргэлжлэн, төр ёсны дэг ёс бүрэн тасарчихаагүй байлаа. Тухайн үед халхын хангууд, түүний угсааныхан Монгол улсынхаа төр ёсны зарчим, тусгаар тогтнолын бүрэн бүтэн байдал зэрэгт хэрхэн хандаж байхыг онцгойлон чухалчилж байсан ч эв эеэ сахин нэгэн туурга дор нэгдэж эс чадсан. Монголчууд олон газарт жижиг ханлиг, ванлигуудын эзэмшил төдий болж байв. Хөхнуурын монголчууд, ойрадын олон хэсэг аймгууд, халхын хангууд, хотогойдын эзэмшил, буриад, барга, өвөр монголын ордос, хорчин, баарин, харчин, түмэд зэрэг олон аймгуудад хуваагдан сарнисан ч тэднийг шинээр дэлгэрээд удаагүй байсан шашны үзэл сэтгэлгээ нэгтгэн зангидах боломж буй болгожээ.
Гэвч гадаад ертөнцөд гарсан томоохон өөрчлөлт нь Монголын тусгаар тогтнол, эв нэгдэл, газар нутгийн бүрэн бүтэн байдалд байнга аюул учруулсаар байв. Чингис хааны угсааны язгууртан ноёдууд ийм хүнд үед Чингис хааны удам хойч гэдгээ харийнханд мэдрүүлэх, түүний сургаалийг үл умартах, умартсныг сэргээх, ураг удмынхныхаа өмнө ичгүүрт түүхийг үлдээхгүй байх тухай зарим үед хичээж байсныг түүхийн сурвалж бичгүүдээс тодорхой. Тухайлбал, Монголын умард хэсгийг 17 зууны туршид захирч байсан гурван Алтан хааны үед Оросын эзэнт улстай эн тэнцүү харилцах, монголын умард хэсгийг тэдний харьяат иргэн болгохгүй байх, алба татвар төлөхгүй байх, газар нутгаа алдахгүй байлгахыг хэдэн үеийн турш хичээж байлаа. Гуравдугаар Алтан хаан Хотогойдын Лувсанренчин Сайн Оюут хан Оросын хаад нар харьяат болгохыг шахаж удаа дараа элч ирүүлэхэд “би та нарын албат, харьяат эс болно. Бид бол Чингис хааны удам шүү” хэмээн хөөж явуулсан байдаг. Монгол туургатны харийн эрхшээлд орох үеийн хүнд хэцүү цаг үед “Чингисийн түүх”, “Богд Чингисээс нааш найман хаадын хураангуй түүх”, “Богд Чингис хааны уг: дөрвөн ойрадын уг, хошуудын уг”, “Тэнгэрээс заяат Богд Чингис хааны домог оршвой”, “Чингис хааны улаан дэвтэр”, “Тэнгэрээс заяат Чингис хааны намтар”, “Чингисаас ухаант хаан хүртэлх монголын түүх”, “Чингис эзний Алтан ургийн түүх гангын урсгал нэрт түүх оршив”, “Монгол боржигод овгийн түүх”, “Дай Юань улсын суут Богд Чингисийн сувд эрих хэмээгдэх шастир оршвой” зэрэг олон түүхийн бүтээлүүд ихэнхдээ Чингис эзэн хааныг түүх бичлэгийн гол нуруу болгон туурвисан нь түүний алдар сууг магтан дээдлэх үзлээс илүүтэй тухайн цагийнхаа тулгарсан бэрхшээлийг туулахад гол үнэт зүйл болгохыг хичээж байсныг нотлоно.
Чингис хааны суу алдар, байгуулсан төрт улсыг Монголын гадаад ертөнцөд бараг мартаад байсан үе бол 17-18 зуун. Тэр үеэс Чингис хааны төрж өссөн нутаг, удам хойчисын өлгий нутгийг хуваан хэрчих, эзэмшин захирах, албат иргэн болгох үйл ажиллагаа эрчимжиж Орос, Манж Чингийн хоорондын 1689 оны Нэрчүгийн гэрээгээр Монголын тусгаар тогтнолын хувь заяа үндсэндээ шийдэгдэж өнөөгийн Монгол улс Чингийн эрхшээлд орсон. Бусдын эрхшээлд 200 гаруй жил захирагдах болж үндэсний тусгаар тогтнол, төр улсын бүрэн бүтэн байдлаа алдсан гашуун түүх эхэлсэн. Гэвч энэ хүнд цаг үед Чингис хааны удмынхан угсаа залгамжлан хошуу нутаг, харьяат аймгаа захирч, өөр өөрийн эзэмшил нутаг, ард иргэдийнхээ эзэн мэт байв. Чингис хааны үеэс төрийн бичиг болгон хэрэглэж байсан худам монгол бичгээ үл орхин, албан хэрэг хөтлөлтөө явуулж, тасралтгүй үргэлжилэн угсаа залгамжлагдаж, эзэн их хааны билэг сургаалийг хүүхэд залуусдаа бичгээр болон аман түүхээр уламжлан өвлүүлж, хүчирхэг дээдсийн үеэс үүссэн эрийн гурван наадмаа тэмдэглэж, хаад язгууртны эрхэмлэн дээдлэх ёс суртахууныг журамлан сахихаа Манж Чингийн эрхшээлд ч монголчууд орхилгүй өөрсдийн үнэт зүйл, сэтгэлгээний түшиг тулгуураа их эзэн Чингис хаан гэж үзэж байсан гэхэд хол алдахгүй.
Учир нь Манж Чингийн эсрэг одоогийн Монгол улсын нутаг дэвсгэрт олон хүчтэй бослого хөдөлгөөн гарч байгаагүй ч Хотогойдын Чингүнжавын 1755-58 оны зэвсэгт тэмцэл түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Чингис хааны угсааны язгууртан тэрбээр бослого дэгдээн, харийн эрхшээлээс ангижрахын төлөө тэмцэхдээ Манж Чин Улсын агуу хүчирхэг Тэнгэр тэтгэгч хаанд “Чингис хааны үрийг язгуураас яллах хууль үгүй” хэмээн эсэргүүцэн боссон байдаг. Монголын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн үндсэн шалтгаан нь их эзэн хааны үр удмыг яллан шийтгэх эрх үгүй гэдгийг тэдэнд сануулсан үйлдэл байв.
Харь улсын эрхшээлд байсан ч Монголын хан, ноёд, язгууртнууд угсаа залгамжлалаа үл таслан, ургийн бичгээ Чингис эзэн хаан болон түүний угсаа Батмөнх даян хаанаас залган хөтөлж, цагаан ястан хэмээн тайж язгууртнаа ард олон ихэд хүндэтгэн дээдлэж, эзэн Чингис хааны үеэс тахиж дээдэлсэн хар, цагаан, хөх сүлдийг тасралтгүй тахиж, Чингис хааны тахилгын тугийн сүмийг байгуулж, их шүтээн Бурхан Халдун уулын тахилгыг тасралтгүй үргэлжлүүлж их хаанаа эрхэмлэн дээдлэж, монгол төрийн голомтоо бидний өвөг дээдэс бат сахин хүнд бэрхийг туулж чадсан.
ХХ зууны эхэн болоход Зүүн хойд Азийн бүс нутагт дэлхийн улс их гүрнүүдийн улс төрийн анхаарал идэвхтэй өрнөж, Манж Чин улс, Хаант Оросын улс төрийн байдалд өөрчлөлт орох түүхэн цаг үед Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн тогтоох их үйлийг эхлүүлсэн. Тэр их үйлийн манлайд эзэн Чингис хааны алтан ургийн язгууртнууд байв. Чин ван Ханддорж, Эрдэнэ ван Намсрай, Далай ван Гомбосүрэн, Сэцэн Чин ван Гомбосүрэн, Сайн ноён Намнансүрэн, Далай Чойнхор ван Цэдэнсоном, Түшээт ван Чагдаржав нар бол Их эзэн Чингис хаанаас тасралтгүй үе залгамжлан ирсэн алтан ургийнхан билээ. Цагийн тохиол ашиглаж Чингис хааны алтан ураг Автай сайн хааны ач Халхын Түшээт хааны хөвгүүн Өндөр гэгээн Занабазарын хувилгаан дүр 8-р Богд Жавзундамбыгаа хаан ширээнээ залж төрт улсаа сэргээн тунхагласан түүхэн гавъяа алтан ургийнханд зөвхөн ногдоно. Тэднийг нэгтгэн зангидаж, амь биеэ үл хайхран тэмцэхэд Чингис эцэг дээдсийн байгуулсан ариун төр, алдар суу тэдний үнэт зүйл, хүсэл мөрөөдөл байв. Алтан ургийнхны тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн гол үзэл баримтлал нь “шашин үндсээ аврах” явдал байв. Шашин буюу сэтгэлгээний үнэт зүйл, үндэс буюу тасралтгүй 800 жилийн турш угсаа залгамжилсан гарал удмаа авран төрт улсаа сэргээн байгуулахыг хэлж буй.
Тусгаар тогтнолын төлөө тэмцсэн алтан ургийнхан шинээр сэргээн байгуулсан улсынхаа төрт ёсны дэг ёслолд Чингис хааны их төрийн ёсыг сэргээн уламжлахыг зорьж төрийн билэгдэл, ёс ёслол, зан үйл ёсыг сэргээх оролдлогыг хийсэн нь Их төрийнхөө тасралтгүй залгамж гэдгийг нотлохыг зорьж, нөгөө талаасаа Их Юань улсаас хойш анх удаагаа олон газрын монголчууд дахин нэгдэх гэсэн томоохон үйл явдал байсан. Халхын хангууд тэргүүлэн, Өвөр Монголын 40 орчим хошуу, Хөхнуур, Алшаа, Шинэ хязгаар, Тагна Урианхай, Барга зэрэг олон монголчууд нэгэн төрийн дор Нэгдсэн Монгол Улсаа байгуулахаар зорьж тодорхой амжилтад хүрсэн. Гэвч тухайн үеийн гадаад ертөнцийн байдал, хөрш орнуудын харилцааны хуйвалдаан, геополитикийн бодлогоос шалтгаалан Чингис хааны удмынханы зорьж зүтгэсэн их үйлс талаар болж, 1911 оны тусгаар тогтнолын төлөө эрслэн босож төрд зүтгэж байсан ноёдын ихэнх нь 1919 он гэхэд цаг бусаар амиа алдаж, Монгол улс хятадын автономит болон үлдсэн.
Харин 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын их үйл хэргийн тэргүүн эгнээнд Чингис хааны алтан ургийн ноёд оройлон оролцоогүй ч хувьсгалчдын ард талд тэднийг ноёд, тайж нар бүхий л талаар дэмжиж байсан. Тухайн цаг үеэс Монголд орж ирсэн харийн үзэл санаа, изм-ын нөлөөнд автаж Чингис эзэн хааны намтар, түүхийг судлах бүү хэл тэднийг нийгмээс шахан гадуурхах, хөрөнгийг нь хураах, хар феодал хэмээн сонгуулийн эрхийг хязгаарлах, хэлмэгдүүлэх, толгой дараалан хядах зэргээр Манж Чингийн төрөөс илүүтэй харгис хандаж хэлмэгдүүлж устгаж эхэлсэн. Тухайн үед их эзэн Чингис хааны талаар дуугарах, түүний алдар сууг дурсах хүмүүн бараг үгүй болсон. Харин Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан ХХ зууны төрийн гарамгай зүтгэлтэн Агданбуугийн Амар Үндсэн хууль батлагдаж улс тунхагласны 10 жилийн ойд зориулан бичсэн Монголын товч түүх бүтээлдээ Чингис эзэн хаан, түүний байгуулсан эзэнт улсын тухай анх удаагаа Монголын төрөөс ихээхэн анхаарч, томоохон дүгнэлт өгсөн түүхтэй. А.Амарын бүтээлдээ:
“Монгол үндэстэн бол эрт хэдэн мянган жилийн үеэс эхлэн Ази тивийн дотор нэр сүрийг бадруулан явсан ба ялангуяа Чингис хааны үед Ази, Европ хоёр тивийн хүнийг байлдан дийлж гайхамшигт гавьяа түүхтэй явсан бөгөөд монгол угсаатан эрт дээр үед энэ мэт идэрхэг хүчирхэг этгээдийн эрх мэдлийн доор ороход хүрч, бидний дээд өвгөдөд эзлэгдэн захирагдахад хүрээд бидний өвгөдөөр удирдуулан явсан бусад үндэстэн нь харин бидний багш болоход хүрчээ” хэмээн бичжээ.
Багш болсон хүн нь Алтан ордны буулга дор оршин тогтнож байсан Оросын Ленин багш тэргүүтнийг далдхан ёжолсон агуулга буй за. А.Амарын хэлмэгдсэн шалтгааны нэг нь Чингис эзэн хааныг анхаарсан явдал байхыг үгүйсгэхгүй. Мөн тэрбээр Монголын өргөн уудам их газар нутаг нь бидний одоогийн үе хүртэл ямар ч харийн этгээд халдан орж эзлэн суусангүй, уудам чөлөөтэй хэвээр байгаа нь үнэхээр Чингисийн гавьяа мөн хэмээн маш тодорхой үнэлсэн байдаг.
1940-өөд оноос Монголын түүх бичлэг, улс төрийн түүхийн талаарх үзэл баримтлалд томоохон нөлөөг Зөвлөлтийн талаас үзүүлж, шууд удирдах хандлага бий болсон. Монголчууд олон зууны турш өөрийн үнэт зүйлийн тулгуур болсон их эзэн Чингис хаанаа ч дурсаж, үнэлж болохгүй болсон. Чингис хааныг марксист түүх бичлэгийн үзэл баримтлалын үүднээс алан хятагч, устган сүйтгэгч, зэрлэг бүдүүлэг, харгис хэмээн муучлан доромжилсон түүх бичих, уран зохиолын бүтээл туурвих, уран бүтээл туурвих явдал Зөвлөлт Холбоот улсад эрчимжсэн. Фашизмыг үзэн ядуулахын тулд Чингис хааны аян дайныг мушгин гуйвуулж жишээ болгосон. Түүний нөлөө Чингис хааны уугуул нутаг, удам хойчисд ч хүчтэй нөлөө үзүүлэв. Бусдын зөв бус үзэл сурталд хэт автаж, нөлөөг нь сохроор дагах, шүтэн бишрэх, өөрийгөө үгүйсгэх, бусдыг шүтэх, үндэсний үзэл баримтлал, амьдралын өвөрмөц хэв маяг, онцлогоо бусдын изм-ээр сольсон ард түмэн юуг ч үгүйсгэж болохыг монголчууд бид өөрсдөө харуулсан түүхтэй. Гэхдээ их эзэн Чингис хаан Монголчуудын зүрх сэтгэлээс бүрэн мартагдаагүй бахархан хүндлэх хүмүүн хэвээр оршсоор байв. Түүний илрэл нь 1962 онд БНМАУ-ын нам, төрөөс анхааран тэмдэглэсэн Чингис хааны 800 жилийн түүхт ой юм.
Одоогоос нэгэн жарны тэртээ буюу 1962 онд эзэн богд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ой тохиож МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1962 оны хоёрдугаар сарын 14-ний хуралдааны үеэр үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга академич Д.Төмөр-Очир “Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх тухай” асуудал оруулж тус хурлаас Чингис хааны 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал хийх, шуудангийн марк гаргах, баримтат кино хийх, төрсөн нутагт нь хөшөө босгохоор шийдвэрлэсэн. Зөвлөлтийн хатуу хяналт дор байсан нам, төрийн зүтгэлтнүүд ихэд хянуур болгоомжтой хандсан ч Их эзэн хааныхаа түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргасан явдал түүхэн шийдвэр байлаа.
Олон жил нуугдаж, дарагдаж байсан Монголчуудын үнэт зүйлийг хөндсөн энэ шийдвэр олон хүний үндэсний үзэл, бахархалыг сэрээсэн. Тухайн үед ид уран бүтээлээ туурвиж байсан залуу найрагч Д.Пүрэвдорж “Чингис хаан” шүлгээ зохиож, ардын зураач Ү.Ядамсүрэн Эзэн богд Чингис хаан, эзэнт төрийн цагаан сүлд, Чингисийн чулууны бичиг, гэрэгэ зэргийг дүрсэлсэн 20, 30, 50, 60 мөнгөний үнэтэй дөрвөн төрлийн нэг цуврал марк үйлдэж, уран барималч Л.Махвал Чингис хааны сүрлэг хөшөөг төрсөн нутагт нь босгох зэрэг олон ажлууд богино хугацаанд машид шуурхай хийгдсэн. Чингис хаан түүний байгуулсан эзэнт гүрнийг үнэлж дүгнэсэн үндэсний түүхч, эрдэмтдийн оролцоотой эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, өргөн олон маш идэвхтэй оролцож, эрдэмтэд зоригтой үгээ хэлж байжээ. Чингис хааны тухай дуугарахыг хориглосон ч хянасан ч дарамталсан ч хааныхаа түүхт 800 жилийн ойг түүний төрсөн голомт нутагт зохион байгуулж чадсан.
Монголчуудыг их эзэн хааныхаа түүхт ойг тэмдэглэх үйл ажиллагааг ЗХУ-аас эрс эсэргүүцэн 1962 оны есдүгээр сарын 10-нд МАХН-ын III бага хурал хуралдаж “үндэсний үзлийг дэвэргэсэн” гэж Намын Төв Хорооны үзэл суртал хариуцсан нарийн бичгийн дарга, академич Д.Төмөр-Очирыг бүх албан тушаалаас нь чөлөөлж, Чингисийн марк болон бусад дурсгалын зүйлийг яаралтай устгажээ. Ойг тэмдэглэхэд оролцсон эрдэмтэн судлаачид, уран бүтээлчдийг ажил албагүй, уран бүтээл, эрдэм судлалын ажил хийх урам зоригийг нь мохоож, хэлмэгдүүлэн гүтгэн доромжилж эхэлсэн.
Түүгээр ч үл барам төрсөн нутаг нь босгосон гэрэлт хөшөөг нураах үүргийг удаа дараа өгснийг алсын бодолтой, үндэс язгуураа мэдэгч ухаант хүмүүсийн уран нарийн ухааны үр дүнд авч үлдсэн түүхтэй. Энэ түүхэн үйл явдал нь гадаад ертөнц дэх хүйтэн дайны нөхцөл, Зөвлөлтийн хяналт, марксист үзэл суртлын давалгаа, маоизмын үзэл санааг гатлан байж Чингис хаанаа дээдлэн хүндэтгэж, бахархан дурссан их зориг, үндэсний үзлийн тод илэрхийлэл мөн. Харин өнөөдөр нэгэн жарны дараа болоход Монголчууд бид дэлхийн улс орнуудтай нээлттэй харилцаж, эзэн их Чингис хаанаа хүндэтгэн бахархаж, судлан шинжилж, дэлхийн олон улс орны эрдэмтэн судлаачдыг урин залж хуран чуулж байгаа энэ үед тэр үеийн зоригтнуудад гүн талархаж хүндэтгэн дурсах ёстойг энд дурдсу. Энэ тухай академич Ж.Болдбаатар нэгэнтээ нягт нарийн судлан тэмдэглэсэн болно.
Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, зохион байгуулж, удирдсан хүмүүсийг хэлмэгдүүлж, ард олныг айлган дарамталж, үзэл суртлаар далайлгаснаар Чингис хаан дахин 20 гаруй жил Монгол улсын хувьд бурханы шашныг эс шүтэхтэй адил хориглогдсон юм. Зөвлөлтийн талаас Чингис хааныг хэрхэн үнэлж дүгнэх, түүний талаар ямар байр суурь баримтлахыг томоохон түүхчид зарим хүмүүсээр хэд хэдэн нийтлэл өгүүлэл бичүүлж эхэлсэн. 1962 онд нэгэн цагт Монголчуудын дунд түр сууж “Хувьсгалын өмнөх монгол орон” ном нийтлүүлж байсан академич И.М.Майский “Чингис хаан”, Н.Я.Мерперт, В.Т.Пашуто, Л.В.Черепнин нарын “Чингис хаан ба түүний өв” нэртэй өгүүлэлүүд “Түүхийн асуудал” сэтгүүлийн 5 дугаарт нийтлэгдсэн. Энэ бол Монголд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглээд тэмдэглэсэн хүмүүс нь буруутаж байх үед гарсан зохион байгуулалттай өгүүлэлүүд бичигдсэн. Үнэн хэрэгтээ И.М.Майскийн уг өгүүлэл нь судалгааны гэхээсээ илүүтэй Монголчууд Чингис хааны талаар эерүү харахаас болгоомжилсон, Монголын түүхчдэд сануулга өгөх гэсэн санаатай байсан бололтой.
Харин М.С.Горбачеавын өөрчлөн байгуулалт эхэлж Монголчуудын үндэсний үзлийн гал цухалзаж, өөрийн үндэсний өв соёл, түүх уламжлалыг анхаарах хандлага бий болсон 1980-аад оны төгсгөл үед Зөвлөлтийн зарим судлаачид Чингис хаан болон эзэнт гүрний түүхийн талаар бичих хандлага байр суурь өөрчлөгдөж эхэлсэн. Оросын ШУА-ийн академич М.С.Капица дөнгөж ШУА-ийн Дорно дахины хүрээлэнгийн захирлаар томилогдсныхоо дараа “Түүхэн дэх Чингис хааны үүргийг дахин авч үзэх нь” хэмээх томоохон хэмжээний өгүүлэлийг “Түүхийн асуудал” сэтгүүлд нийтлүүлсэн нь ихээхэн шуугиан болж, Чингис хааны талаарх Оросын эрдэмтдийн байр суурийг харуулсан, түүний талаарх зарим асуудалд эргэн хандахын чухлыг тэмдэглэсэн. Тэрээр Чингис хааны тухай өгүүлэлдээ Чингис хаан монголын болон дэлхийн эрдэмтдийн анхаарал татаж байна. Үүний жишээ нь Олон Улсын Монгол судлалын хурлын үеэр хэрхэн харагдсан. Өмнө нь 1940-1980-аад он хүртэл түүнийг зөвхөн байлдан дагуулагч талаас өрөөсгөл судлаж байсныг дурдаад Монголын эзэнт гүрэн байгуулж Монголын түүхэнд дэвшлийг авчирсан нь хэнд ч маргаангүй гээд Напеолон Францчуудад, Македоны Александр Грекүүдэд үндэсний агуу улс төрийн зүтгэлтэн, цэргийн жанжин байдаг шиг Чингис хаан ч Монголын ард түмний хувьд тийм хүн. Энэ нь Евразийн түүхэн дэх Чингис хааны гүйцэтгэсэн үүргийг өргөн хүрээнд харах, бодитойгоор шинжлэх ухааны үндэслэлтэй задлан шинжлэх нь чухал” хэмээн бодитой дүгнэжээ. Энэ цаг үеэс Монголын эрдэмтэд ч мөн Чингис хааныгаа дахин үнэлэх, зөв бодитой судалгааг хийхийг оролдож эхэлсэн.
Ийнхүү Монгол улсад ардчилал өрнөж, дэлхий ертөнцөд үүд хаалгаа нээж шинэ нийгмийн тогтолцоо бий болж, олон улс орнуудтай харилцаа тогтоож эхлэх үед Социалист Монголыг дэлхий Чингисийн монгол сэргэлээ, Чингисийн монгол эргэн ирлээ хэмээн дэлхий дахин анхаарав. Чингис эзэн хааны алдар суу дэлхий дахинд дахин өлгий нутгийнхаа нэрийг дуудуулах болсон. Монголчуудын үндэсний үзэл сэргэж, олон жилийн турш хаалттай байсан олон зүйлс нээгдэхэд Чингис хаан хамгийн эрхэм хүндлэл нь болж, эрдэмтэн судлаачид, ард олны бахархалын илэрхийлэл, хүн бүрийн анхаарлыг татсан түүхэн бие хүн юм. Үндэсний үзлийн их сэргэлтийн хамгийн том илэрхийлэл нь 1990 онд тэмдэглэсэн Монголын нууц товчооны 750 жилийн ойн их баяр наадам байлаа. Тухайн үед дэлхийн олон эрдэмтдийг цуглуулсан Монгол судлалын Их хурал хуралдаж, Чингис хаан болон эзэнт гүрний судалгааны үр дүнгээ хэлэлцэж, академич Ш.Нацагдоржын Чингис хааны цадиг тэргүүтэн олон ном бүтээл нийтлэгдэж, Монголын нууц товчооны дурсгалын хөшөөг босгож, бурхан Халдун уулын тахилгыг сэргээж эхэлсэн нь Монголчуудын үндэсний үзлийн дахин сэргэлтийг илэрхийлнэ.
Тэрхүү их сэргэлтийг гадаад ертөнцөд дэмжиж, түүгээр зогсохгүй 1996 онд АНУ-ын Вашингтон пост сонин мянганы агуу суут хүнээр Их эзэн хааныг нэрлэсэн явдал түүний гал голомтыг сахиж төр улсыг авч яваа монголчуудад дэлхий хүндэтгэл үзүүлсэн түүхэн үйл хэрэг юм.
Чингис хааны голомтыг сахиж буй Монгол улс сүүлийн 30 орчим жилд төр, эрдэмтэн судлаачид, олон нийтийн зүгээс эзэн их Чингис хааныгаа судлан шинжлэх, үндэсний үзлийн гол мөхлөг болгож, үнэн зөв, бодитойгоор харж судлах, танин мэдэх, бахархаж хүндэтгэх нэлээдгүй зүйлсийг хийж буй ч өнөөг хүртэл ард олон Чингис хааныхаа түүхийг үнэн зөв мэдэх, чин хүндэтгэлтэй хандах, түүний билэг сургаалийг ёсчлон дагах, ёс суртахууныг баримтлах, бүс нутаг төдийгүй дэлхий дахинд илэрхийлэх урлаг, уран бүтээлийг туурвих тал дээр өрөөсгөл хэт үндэсний үзлийн жишээ эсвэл байж л байдаг нэгэн жишээ мэт харах явдал байсаар байгааг дурдахад илүүдэхгүй. Чингис хаан нисэх буудал, Чингис хаан зочид буудал, Чингис идээнээс өөр бидэнд Их хааны бахархалт зүйл тарчигхан байсаар ирлээ.
Харин сүүлийн хэдэн жилд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын санаачилан хэрэгжүүлж буй Чингис хаан хаад, язгууртны музей, Чингис хааны өлгий нутаг дахь цогцолбор дурсгалууд нь төрөөс Чингис эзэн хааныхаа алдар сууг хүндэтгэн, дэлхий дахинд харуулах томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлээд удахгүй эхний үр дүнг хүлээж авахад бэлэн болов. Өөрөөр хэлбэл Чингис хаан монголчуудын соён гэгээрэл, эрдэм судлал, танин мэдэхүйн хамгийн дээд үнэ цэнэ, бишрэл хүндэтгэлийн оргил нь болохыгоо дахин илэрхийлэх болно.
Өнөөдөр бид эзэн Чингис хаанаа шүүмжилдэг, үгүйсгэдэг, харалган үгээр дайрдаг, хөгжилд нэмэргүй гэж цэцэрхэх, улс төржүүлдэг, орлого гэж хардаг, хүндлэл бишрэлгүй ханддаг эсвэл хэт бурханчлан шүтэх, хүмүүн бус заяатан болгох, мухар сүсгийн зарлага мэт болгодог явдал нийгэмд буй нь үнэт зүйлээ олж, түүнийгээ танин мэдэж, ойлгож чадаагүй төдийгүй бусдын нөлөөнд хэт автсныгаа илэрхийлсээр байгаа юм. Чингис хаан бол монголчууд бидний хувьд бусдаар заалгаж, чиглүүлж, хориглуулж, дэмжүүлж үнэлэгдэх түүхэн бие хүн биш бидний оршин буйн амин сүнс, утга учир тул өөрсдөөсөө өөр өөрийнхөө их хааныг зүрх сэтгэлдээ бий болгож, тэрхүү үнэт зүйлээ хүндэтгэн, билэг сургаалийг нь амьдралын мөрдлөгө, төрийн бодлого болгож тээж явах ёстой гэж санана.
Эцэст нь хэдэн саналыг дурдая. Их эзэн Чингис хаан ертөнцийг тохинуулж, хэдэн үе угсаалан хамгийн хүчирхэг эзэнт гүрэн байгуулснаас гадна монголчууд бидний өөр хоорондын хагаралдаан, харийн эрхшээл, үзэл суртлын ноёрхолыг туулахад тусгаар тогтнол, оршихуйн үнэт зүйл болж сэтгэлгээний ертөнцөд хамгийн том орон зайг эзэлсээр байсныг түүхийн баримт, монголчуудын туулсан түүх гэрчилнэ. Чингис хааны байгуулсан Монгол улс 800 зууныг туулж өнөөг хүрэх хугацаандаа өөр хоорондоо хагаралдан олон хэсэгт хуваагдаж, эзэн хаангүй болж, бусдын эрхшээлд хоёр зууныг туулж, харийн изм-д захирагдан шүтэх бишрэх эрхээ хаалгаж, эрх чөлөөтэй болж дэлхий дахинтай харилцсан бүхий л үед монголчуудын оршин тогтнох, өөрийгөө үнэлэх үнэлэмж, ирээдүйд итгэх үнэт зүйл нь зөвхөн Чингис хаантай холбоотой байсан гэхэд хол зөрөхгүй гэж итгэж байна. Чингис хаан түүхийн сайн нь ч, саар нь ч үед бидний хамгийн үнэ цэнэтэй, бусдад алдахгүй үнэтэй бахархал байсаар ирсэн, ирээдүйд ч байсаар байх болно.
Чингис хааны билэг сургаал, суу билэг, төр засах ур ухаан, төрийн хүний хэв шинж, ертөнцийг тохинуулсан авъяас билгийг нягт нарийн судлан Монголын эрдэмтэд өөрийн нэгдсэн нэг хараатай байж, санал үзлээ нэгтгэн судалгаа шинжилгээний баримт үндэслэлээ дэлхийн эрдэмтдийн судалгаатай уялдуулан түүнийгээ сурах бичиг, урлаг уран бүтээл, гадаад, дотоод сурталчилгаандаа нэгдсэн нэг зарчим, нэг чигийг баримтлан зангидаж хааныхаа намтар, түүхэнд олон толгойт могой мэт байх ёсгүйг анхаармаар. Олон үеийн турш Чингис их хааныг үзэх үзлийг харь улс орнуудаас ихээхэн анхаарч, буруу зөрүү ойлголт өгөх, мушгин гуйвуулах, гүтгэн доромжлох, ташаа эндүү хандах явдал оршсоор ирсэн нь монголчууд бид их хааныхаа түүхийг үнэн зөв судлан шинжлэж, нэгдсэн байр сууриа тогтоож чадаагүй ирсэнтэй уялдаатай.
Та бидний бахархалт хүмүүн, оршин тогтнох үндэс язгуурын минь үнэ цэнэ дэлхий ертөнцийн хамгийн том эзэнт гүрнийг үндэслэгч, даяаршлын эх суурийг тавьж, дэлхийд энх тайван амар амгалан (Pax Mongolica)-г бий болгож, цэрэг-дайны урлагт аугаа жанжин, монгол үндэстний тулгар төрийг үндэслэгч сэцэн билэгт зүтгэлтэн, өнөөгийн ертөнцийг үндэслэгч их Их эзэн Чингис хааны судалгаа монгол судлалын ертөнцөд үргэлжид тэргүүлэх чиглэл байсаар байх болно.