Өнгөрсөн тав дахь өдрийн зэврүүн өглөө Онцгой байдлын ерөнхий газарт эртлэн очлоо. Алба хаагчид бүгд жагсчихсан үүрэг хүлээж байгаатай тааран цагаа хартал 08.00 болж байв. Нийслэл хотынхоо иргэдийн аюулгүй байдлын төлөө хэзээд бэлэн, сүр жавхлантай жагсаж байгааг нь хараад бахархах сэтгэл төрсөн. Ингээд бид Багахангай дүүргийг зорилоо.
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан "Бидний бахархал" төслийн нээлт Багахангай дүүргээс эхлэх бөгөөд цаашлаад бусад дүүрэгт өрнөх аж.
Багахангай дүүрэг ихэд цомхон газар харагдлаа. Бүхий л байгуулагууд нэг дор, цөөн тооны орон сууцтай. Гурван мянга гаруй хүн амтай, ерөнхий боловсролын хоёр сургуультай гэнэ.
Тус дүүргийн “Хангай” цогцолбор сургуулийн ахлах, дунд, бага ангийн сурагчид болон ард иргэд Онцгой байдлын байгууллагын албаны музейтэй танилцаж байлаа. Мөн цагдаа, онцгой, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг хүчний байгууллагын төлөөлөл эл үйл ажиллагаанд уригджээ. Бага ангийн хүүхдүүд техник хэрэгслийг үзэж сонирхохын зэрэгцээ онцгой байдлын албаны түүхэн замналыг сонсоод гайхаж, бахархаж байв. Эндээс л тэд эх орноо хайрлан хамгаалах, эх түүх, соёлоороо бахархах үзэлтэй болоод гарах шиг санагдсан. Төслийг зорилго ч сурагчдад эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн. Долоодугаар ангийн сурагч Б.Оюун-Эрдэнээс “Эх орноо хайрлан хамгаалахын тулд юу хийх ёстой вэ” гэж асуухад “Хүүхдүүд хогоо хаяхгүй, эх орон, ахмад настнаа хүндэтгэж байвал хамгаалж байна гэсэн үг” гэж хариулав.
Ингээд ОБЕГ-ын анхны дарга, доктор, профессор, хошууч генерал П.Даш төслийг нээж "Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх Монгол Улсын язгуур эрх ашгийг бодлогын түвшинд эн тэргүүнд тавибал монгол хүнийг хөгжүүлэх, эх оронч ухамсар, хандлагыг төлөвшүүлэх суурь үндэс болдог. Эх орноороо бахархах, хайрлах сэтгэл дайн самуунтай үед маш их өсдөг, энхийн цагт буурдаг гэж үздэг. Орчин үед залуус сумаас аймагт очоод сумаараа, аймгаас хотод очоод, аймгаараа, улсаасаа харьд очоод улсаараа бахархдаг. Энэ төсөл нь Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, оюутан залууст улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх, эх орноо хайрлах, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл, үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг ухааруулан таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой юм" гэлээ.
Мөн үеэр Монгол Улсын баатрууд, гал сөнөөгчид, энхийг сахиулах ажиллагааны тухай танилцуулж, онцгой байдлаас урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж, техник, хэрэгслийг дэлгэн харуулсан юм.
Түүнчлэн ЦДБЭЧ, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын “Тэнгэр” хамтлаг, НОБГ-ын “Хангарди” хамтлагийн уран бүтээлчид сурагчдад зориулан эх орноо хайрлан хамгаалах, эх түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэсэн тоглолт толилууллаа. Хүүхдүүд эх орны сэдэвтэй дуу, хөгжим, бичлэг үзээд догдлон, эх орноороо бахархаж байгааг дэргэдээс нь харсан би ч өөрийн эрхгүй догдлов. Мөн энэ үеэр Монгол Улсын үйлчилгээний аврах ангийн тэргүүн ахлагч Х.Цогбадрах "Эх орон" сэдвээр илтгэл тавьсан юм.
Тэрбээр галаас бяцхан хүүхдийг авраад эцэг, эхэд нь эсэн мэнд аваачиж өгөөд, баярлаж байгаа харц, талархлын үгийг сонсох, аврах ажиллагаа амжилттай болж өндөрлөхөд сэтгэл маш сайхан байдаг гэж аврах ажиллагааныхаа дурсамжуудаа хуваалцсан. Үргэлжлүүлээд эх орон гэдэг ширхэг чулуунаас эхлээд, хилийн зурвас татсан сөөм газар бүрийг хэлдэг хэмээсэн нь түүнийг ажилдаа ямар сэтгэлтэй ханддагийг илтгэж байлаа.
Үүний дараа Онцгой байдлын албаны музейн эрхлэгч Б.Хүдэрчулуунаас үзмэрүүдийн талаар тодруулахад “Онцгой байдлын албаны музейд 700 гаруй эд,өлгийн үнэт зүйлс дэлгэсэн байдаг. Өнөөдөр онцлох үзмэрүүдээ дэлгэсэн. Тухайлбал, онцгой байдлын анхны дохионы хонх, цацраг туяа илрүүлэгч, Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” онгоцноос гарч ирсэн эд өлгийн зүйлүүдийг танилцууллаа” хэмээв. Ийнхүү ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэг өдрийг онцгойгийнхний үйл ажиллагаатай танилцаж, эх орноороо бахархаж өнгөрүүлэв.