“Опал” жүжгийнхэн хүүхэд, залуусын өмнө өндөр босгоо намсгаж, өргөн үүдээ нээв. Товчхондоо, 150 мянган төгрөгийн үнэтэй тасалбарын үнээ навс хямдруулж, залуу үзэгчдийн мэлмийг нээж, оюунд нь хөрөнгө оруулахыг чухалчилжээ. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд М.Батболдын найруулсан “Опал” жүжгийн голлох үзэгчид нь хүүхэд, залуус байв. “Орфей” театрынхны тоглож буй эл жүжиг залуус, багачуудад ихээ таалагдсаныг хажууд нь суусны хувьд би гэрчилнэ. Гэнэн хонгор тэд жүжгийг үзээд хүн ямар сайхан сэтгэлтэйг, аа бас өршөөлгүй, өөдгүй харанхуйг мэдрэхдээ үе үехэн дуу алдаж, суудлаасаа өндөлзөж байсан юм. “Опал”-ыг муу хүмүүсээс өмөөрсөн тэд “Өө ямар муухай амьтан бэ” хэмээн чангаар шогширч, бусдад садаа болох ёсгүй, нам гүмхэн суух “ёстой” үзэгчийн хувьд сахилга бат алдаж харагдсан. Жүжигчдийн баг “Опал”-ын хөшгийг нээхээсээ өмнө “Бид хүмүүст өнөө үед дутагдаад байгаа хайрыг, сайхан сэтгэлийг, гэрэл гэгээг түгээхийг хүсэж, уран бүтээлээ хийлээ” хэмээн мэдэгдсэн. Энэ ташрамд та бүрэн зорилгодоо бүрэн дүүрэн хүрсэн шүү хэмээгээд мэхийн ёсольё.
Залуус ч энэ бүхнийг мэдрээд жүжгийн төгсгөлд гэнэт сэхээ авах шиг бөөнөөрөө бүр босож байгаад алга ташсаныг харах хайр хүрэм байсан. Хүүхдүүдийн нүдэнд хайр гэрэлтэж, сэтгэл нь хачин ихээр догдолж, дотроос нь ямар нэг зүйл хатгасан мэт суудлаасаа өндөлзөж, эмоцоо ил гаргасаар жүжгийг дуусгасан.
Нэг л байшинд өрнөх үйл явдал, хүмүүний харилцаа, хэлэх үгс нь хоёр цаг гаруйн турш залуусыг байлдан дагуулсан. Залуус суудлаасаа бөөнөөрөө босож, алга ташсаныхаа дараа театраас гарах гэж яарсангүй хоорондоо жүжгийн тухай хүүрнэж байв.
-Өнөөдөр ямар гайхалтай жүжиг үзчихэв ээ
-Тэр муу Жо цагдаа сайн хүний дүр эсгэчихээд ямар муухай хүн бэ?
-Харин тх, гэтэл би жүжгийн төгсгөл хүртэл Брэдийг л муу хүн гэж бодсон.
-Бүгдээрээ дандаа кино биш жүжиг үзэж байя аа...
хэмээн тэд хөөрөлдөнө.
Ирэх өдрүүдэд “Опал” цөөхөн тоглогдоод хөшгөө хаах юм билээ. Энэ бүгдийн эцэст ерөнхий боловсролын сурагчид, оюутнуудад жүжгийг үзэх боломжийг олгож, хямд үнэ бүхий “I student” карт гаргасан “Орфей” театр, “Опал” жүжгийнхэндээ талархсанаа илэрхийлье. Хүүхдүүд олноороо нүд нь гэрэлтэж, жаргалтай байхыг харах хичнээн сайхан байв аа.