Тухайн үеийн Ерөнхийлөгч Жеральд Форд онгоцноос вьетнам хүүхэд өргөн бууж ирэв
Вьетнамд хийсэн дайнаа дуусгаад америкчууд вьетнам хүүхдүүдийг нисэх онгоцоор АНУ-руу зөөв. Энэ ажиллагааг “Babylift” (хүүхэд үрчлүүлэх) гэж нэрлэсэн юм. Сайгон унахаас хэдхэн долоо хоногийн өмнө буюу 1975 оны дөрөвдүгээр сард өнчирсөн хэдэн мянган вьетнам хүүхдийг АНУ-руу аваачих ажиллагааг эхлүүлсэн байна. Эдгээр хүүхдийг үрчилж авах эцэг, эх нь Америкт хүлээж байв. Вьетнамын сайн дурынхны тусламжтайгаар 2500 гаруй хүүхдийг АНУ-д аваачжээ. Хүүхдүүдийг үрчлэх гэр бүлд нь өгөхийн өмнө байлгах тусгай төвийг Баруун эрэгт (Калифорнид хоёр, бусдыг нь Вашингтонд) байгуулсан аж. “Babylift” ажиллагаанд хамрагдсан зарим хүүхэд өнчирсөн тухайд тэр даруйд нь эргэлзээ төрсөн ч уг ажлыг даалгасан хүмүүс нь энэ талаар ярихаас өмнө төвөгтэй юмтай тулгарсан нь багачуудыг яаран сандран тээвэрлэсэн, хөл толгой нь мэдэгдэхээ байсан эмх замбараагүй нөхцөлд олон мянган хүүхдийг харж хамгаалах явдал байлаа.
Нислэгийн үед хүүхдүүдтэй хамт явсан мөнгөний төлөө болон сайн дураар ажилласан арилжааны рейсийн үйлчлэгчид онгоцыг бүхэлд нь тусгайлан засаж өөрчилсөн ясли болгохын тулд янз бүрийн гарын доорх материал ашигласан байна. Онгоцны үйлчлэгч Жен Уоллет “National public radio”-гийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа, хамтран ажиллагсадтайгаа тэрбээр онгоцны шалан дээр зөөлөн бүтээлэг дэвсэж, зарим хүүхдээ суулгаж байснаа хэлсэн байдаг.
Зарим хүүхдийг ачааны тор ашиглаж ая тухыг нь хангахыг оролдсон байна. Хүүхдүүдийг сандал дээр болон доор нь хүмүүсийн орхисон цаасан хайрцган дотор суулгаж явснаа агаарын тээврийн “Pan Аm” компанид ажиллаж байсан өөр нэг үйлчлэгч дурсан ярьж байжээ. Онгоц нисэж байхад тэрбээр дэнлүү барин хүүхдүүдээ эргэж тойрч байсан тухайгаа “Цаасан хайрцгуудыг бид байнга ажиглаж, хүүхдүүд амьсгаатай байгаа, эсэхийг шалгадаг байсан. Дэнлүүгээ асаан хайрцаг руу шагайх бүртээ тэд маань амьд байгаа даа хэмээн бодохоор зүрх зогсчих шахдаг сан” гэж хэлж байсан аж. Сиэтл-рүү вьетнам хүүхдүүдийг зөөсөн онгоцонд явсан эмнэлгийн сувилагч онгоцны зорчигчдын хэсэг ахархан зуурт хүүхдүүдээр дүүрсэнд гайхсанаа бичсэн нь бий. Нислэг 13 цаг үргэлжлэв. Энэ хугацаанд сувилагч дуг хийсэн ч үгүй. Жим Траллингер Вьетнамд докторын зэрэг горилох судалгаан дээрээ ажиллаж байснаа тэндээс зугтахаас аргагүй байдалд орсон байна. Аятайхан шиг яваад АНУд очихын тулд “Babylift” ажиллагаанд биечлэн оролцохоор шийджээ. Хожим нь тэрбээр “Онгоцны буудал дээр ирээд хүүхдүүдийг онгоцонд оруулж, аюулгүй байдлыг нь хангахын тулд суудлын даруулгыг нь бэхэлж өгөв. Маш олон хүүхэд байснаас надад суудал олдоогүй. “Осол тохиолдвол хүүхдүүдийг би таны гарт өгнө, та түрүүлж үсэрнэ шүү” хэмээн онгоц хөөрөхийн өмнө үйлчлэгч надад хэлсэн” хэмээн дурсан бичсэн байна. “Babylift” ажиллагааны хүрээнд вьетнам хүүхдүүдийг суулгасан эхний онгоц АНУы г зорьж яваад 1975 оны дөрөвдүгээр сарын 4нд осолд орж, олон зорчигч амь үрэгдсэний 78 нь хүүхэд байлаа. Вьетнам хүүхдүүдийг суулгасан онгоцнууд АНУд очиход эмч нар угтан авч үзлэг хийгээд шингэн дутагдсан, ходоод гэдэсний өвчин, уушги ны хатгалгаа, арьсны өвчин, салхин цэцэг зэрэг өвчнөөр шаналж байсныг нь илрүүлж байжээ. Ийм хүүхдүүдийг тэр даруйд нь түргэн тусламжийн машинаар эмнэлэгт аваачна. Хүүхдүүдийн тэн хагасаас илүүг нь СанФранцискод аваачжээ. Урьд нь цэргийн бааз байсан Хармон-Холлэн байрыг “Babylift” ажиллагааны үед түр хугацаагаар вьетнам хүүхдүүдийг асарч сувилахад зориулж байж.
Тухайн үед Сан-Франциско дахь эмнэлгийн үйлчилгээ, үйл ажиллагааг хянадаг сайн дурын байгууллагыг Майкл Хоу толгойлж байв. Дээрх ажиллагааг зохион байгуулж байсан хүмүүс түүнээс тусламж хүссэнээр тэрбээр анагаах ухааны дээд сургуулийн оюутнууд болон Вьетнамын дайнд оролцож явсан ахмад дайчидтай хамтран хүүхдүүдийг асрах ажил хариуцсан зохицуулагч болсон байна. Хоу 2015 онд хамтран ажиллаж байсан болон “Babylift” ажиллагаанд хамрагдаж байсан хүмүүсийн хамт Хармон-Холлд иржээ. Олон жилийн өмнөх нөхцөл байдлыг Хоу “онцгой” гэж тодотгож бичсэн байна. “Бид энэ бүхнийг яаж хийж байсныг одоо төсөөлөхгүй байна” хэмээн гайхширч байлаа. Хүүхдүүдийг зөөж авчирмагц л эмх замбараагүй байдал эхэлсэн аж. “Болсон явдлын төлөө хэн ч хариуцлага хүлээгээгүй, зарим талаар намайг болон өөр хэн нэгнийг удирдагч хэмээн буруу нэрлэж байсан ч гэлээ үйл ажиллагаа маань ямар нэг үр дүнд хүрнэ гэдэгт итгэхгүй ч бид чадах бүхнээ хийж байсан” гэж Хоу ярив.
Хармон-Холл дахь байрны шалан дээр хүүхдүүдэд зориулж гудас зулсан байв. Гудас хүрэлцэхээ байхаар хүүхдүүдийг бүтээлгээр орооно. Байшингийн хагасыг хүүхдүүдэд үйлчилдэг хүмүүст зориулжээ. Сайн дурынхан ёстой гар хумхилгүй, өдөр, шөнөгүй ажиллана. Хүүхдүүд байсхий гээд өвдөнө, тэдэнд үйлчилдэг сайн дурынхан ч ялгаагүй. 1975 оны дөрөвдүгээр сарын 6ны өдрийн “San Francisco сhronicle” сонинд нийтлэгдсэн нэгэн өгүүлэлд “СанФранцискогийн “Пресидио” (сувиллын газрын нэр)д 7886 шил уусмал, нэг удаа хэрэглэх 10 мянган живх, 2400 хөвөн савх, 75 хөвөн бөглөө, 1440 ширхэг аспирин болон хүүхдийн нэмэлт тэжээл, түрхлэг, шүдний оо, алчуур өгсөн байна” гэж бичсэн байв. Сиэтлд ачаа авчирсан онгоцыг уг өгүүлэлд дүрсэлж бичихдээ “өлгий, живх, лонх, хүнсний зүйл дүүрэн ачсан байв” гэжээ. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Жеральд Форд гар дээрээ вьетнам хүүхэд өргөн онгоцноос бууж ирэв. Хүүхдүүдээс үрчилж авах эрх олж аваагүй байсан сайн дурынхан Вьетнамаас ирсэн хүүхдүүдэд тусламж цуглуулж байжээ. Тэгэхдээ тэд вьетнам хүүхдүүд бүгд өнчин гэдэгт эргэлзэж эхэлсэн аж. Нийгэмдээ зүтгэх нөхөд хэмээх Америкийн олон нийтийн байгууллагын хэлмэрч Жейн Бартон “Тэдний дунд эцэг, эхгүй болсон хүүхдүүд байсан нь мэдээж. Гэхдээ тэдний олонх нь өнчин биш гэдгээ надад хэлсэн” хэмээн “San Francisco сhronicle” сонины сурвалжлагчийн асуултад хариулахдаа хэлсэн байна. Энэ өгүүлэл 1975 оны дөрөвдүгээр сарын 13ны дугаарт нийтлэгджээ. Хоуд ч бас сэжиг төрсөн аж. “Бид ажлаа эхлэхээс өмнө нэг л биш дээ гэх сэжиг надад төрсөн. Баталгаа нотолгоо байгаагүй болохоор “сэжиг” гэдэг үг хэрэглэсэн” гэж тэрбээр хэлсэн байна. Тэгэхээр вьетнам хүүхдүүдийг АНУ аварсан уу, хулгайлсан хэрэг үү?
“Babylift” ажиллагаа хууль ёсных, эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Вьетнам хүүхдийг төлөөлж Америкийн шүүхүүдэд маш олон нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэгчдийн нэг нь Үндсэн хуулийн эрх хамгаалах төв бөгөөд түүнийг төлөөлсөн хүмүүс АНУд ирсэн вьетнам хүүхдүүдийг төрөлх гэр бүлтэй нь холбож өгөхийг эрмэлзжээ. Вьетнам хүүхдүүдийн зарим нь нас биед хүрсэн хойноо төрсөн эцэг, эхтэйгээ холбогдож чаджээ. Зарим нь одоо хэр нь эцэг, эхээ эрж хайсаар байдаг аж.
Бэлтгэсэн Р.Жаргалант