Индонезийн Бали аралд болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын өмнөхөн Америк, Хятад хоёр мухардмал байдалд орсон яриа хэлэлцээгээ сэргээхээр оролдож байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй утсаар ярив. Үүний өмнө Бээжинд суугаа АНУ-ын Элчин сайд Николас Бернстэй Ван И ярилцсан аж. Хэдийгээр харилцаа эрчимжиж буй ч ахиц дэвшил төдийлөн гарахгүй. Яриа хэлэлцээний цорын ганц талбар нь стратегийн аюулгүй байдал бөгөөд гол анхаарал Тайваньд төвлөрдөг. Энд талууд Номхон далайд томоохон дайн дэгдэхээс зайлсхийж чадах уу гэсэн асуултыг хөнддөг.
“ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ОРОЛДЛОГО АМЖИЛТАД ХҮРЭЭГҮЙ БАЙНА”
Америкийн талын санаачилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадын Гадаад хэргийн сайд Ван Итэй Америкт ажлын долоо хоног хараахан эхлээгүй байхад буюу Вашингтоны цагаар ням гаргийн орой утсаар ярьжээ. Өмнөх өдөр нь Хятадын сайд Бээжин дэх Америкийн Элчин сайд Николас Бернстэй хоёр талын харилцааны талаар хэдийн хэлэлцсэн байсан. Гэсэнч Вашингтон яаралтай ярих шаардлагатай гэж үзсэн аж.
Энтони Блинкен, Ван И нарын яриа хэлэлцээний дараа талууд товч мэдэгдэл хийсэн. Өөрөөр хэлбэл, хоёр улсын удирдагч Жозеф Байден, Си Зиньпин нар нүүр тулж магадгүй Балигийн дээд хэмжээний уулзалтаас өмнө АНУ, БНХАУ-ын байр суурь ойртож эхэлсэн хэмээн дүгнэх үндэслэлийг тэд өгөөгүй. “АНУ, Хятадын холбоо барих шугамыг нээлттэй байлгаж, харилцаагаа хариуцлагатайгаар сэргээх хэрэгтэй талаар Төрийн нарийн бичгийн дарга ярилцлаа” гэж Америкийн Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайсын бичгээр хийсэн мэдэгдэлд дурджээ. Харин Ван И Америкийн дипломат байгууллагын тэргүүнтэй ярилцсанаа тайлбарлахдаа “АНУ-аас Хятадад дарамт шахалт үзүүлж, тогтоон барих гэсэн оролдлогоо зогсоох хэрэгтэй” гэж хэлээд, хоёр орны харилцаанд шинэ саад тотгор бий болгохгүй байхыг уриалав.
Америкийн хамгийн туршлагатай дипломатчдын нэг, Бээжин дэх АНУ-ын Элчин сайд Николас Бернстэй ярилцахдаа Ван И Вашингто ноос БНХАУ-тай хийж буй харилцааны чухам юу нь Бээжинд тааламжгүй байгааг тодруулсан гэнэ. “Хятадыг хэрхэн дарж, хөгжлийг нь хязгаарлах талаар байнга бодож, хүч хэрэглэх байр сууринаас харилцах оролдлогоо АНУ зогсоох ёстой” гэж Хятадын сайд мэдэгдээд, хоёр орны харилцаа эрс өөрчлөлтийн үеийг туулж байгааг тэмдэглэв. Тэрбээр Николас Бернсийг Бээжин, Вашингтоныг холбосон гүүр “тавихыг” уриалжээ.
Жозеф Байдены багийн гишүүдийн нэг хэсэг нь Хятадын “хаалгыг тогшиж” байхад нөгөө нь яриа хэлэлцээ үр дүнд хүрэхгүй гэсэн бодолтой байна. Энэ асуудлаар олон улсын янз бүрийн платформд хэлэлцээ хийж буй ч холбоо барьсан тоо нь харилцан ойлголцлын шинэ чанарт шилжиж чадахгүй байгаа талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэлд хяналт тавих, олон улсын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн орлогч Бонни Женкинс мэдэгджээ. “Бидний хийхийг хүсэж буй хэлэлцээнүүд нь зэвсэглэлд тавих хяналт бус, зүгээр л эрсдэлийг бууруулах оролдлого одоогоор бөгөөд энэ нь амжилтад хүрээгүй л байна” хэмээн тэрбээр тайлбарлав.
НИЙТЛЭГ ӨРСӨЛДӨӨН
Жозеф Байден, Си Зиньпин нарыг Балид уулзуулах бэлтгэлийг түргэтгэх сүүлчийн оролдлогууд нь яриа хэлэлцээний талбараа Вашингтон нарийсгахад чиглэсэн үед өрнөж байна. Хятад руу чип үйлдвэрлэх орчин үеийн тоног төхөөрөмж экспортлоход Вашингтоноос тавьсан хязгаарлалтад нэгдэх талаар Америкийн тал ойрын хугацаанд холбоотнуудтайгаа тохиролцоонд хүрнэ гэж найдаж буйгаа АНУ-ын Худалдааны яамны Аж үйлдвэр, аюулгүй байдлын дэд сайд Алан Эстевес Ж.Байденыг үг хэлсэн өдөр мэдэгджээ. Дараагийн алхам нь квант компьютер, дэвшилтэт био технологи, хиймэл оюун ухааны системд зориулсан программ хангамжтай холбоотой технологиудыг Хятадад нийлүүлэхийг хязгаарлаж магадгүйг Алан Эстевес уламжлав. Энэ бүх хязгаарлалтын арга хэмжээ нь Хятадын эдийн засагт цохилт өгөх бус, харин АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилготойг Америкийн албаны хүн тайлбарлажээ.
Мөн АНУ Оросын эсрэг авсан шиг хориг арга хэмжээг Хятадад авах бодолтой байгааг “Bloomberg” мэдээлэв. Ирэх сарын эхээр товлосонАНУ, Европын Холбооны хоорондын худалдааны өндөр түвшний чуулга уулзалтад бэлтгэх ажлын хүрээнд үүнийг хэлэлцэж эхэлсэн. Гэвч Европын хэд хэдэн улс энэ санааг дэмжихийг яарахгүй байгааг тус агентлаг уламжилжээ. Тухайлбал, Бээжин ямар технологийг цэргийн зориулалтаар ашиглаж болохыг эхлээд судлахыг Германы тал санал болгосон байна.
АНУ Бээжинтэй яриа хэлэлцээ хийхийг оролдохдоо худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн харилцааны “боолт”-ыг чангалсаар буй нь Хятадын талыг цаашид энэ салбарт ямар нэгэн буулт хийнэ хэмээн найдалтгүй болгож байна гэж зарим ажиглагч дүгнэжээ. Тэдний үзэж буйгаар АНУ Хятадыг дэвшилт технологи хөгжүүлэхээс сэргийлэхийн тулд ийм арга хэрэглэж байгаа. Хариуд нь Хятад улс импортыг орлуулахад бооцоо тавьж байна. Үүний улмаас өнөөг хүртэл тус хоёр улсын яриа хэлэлцээ зогсонги байдалд оржээ. Ийм нөхцөлд Вашингтон, Бээжингийн яриа хэлэлцээний цорын ганц талбар нь хүйтэн дайны үед ЗСБНХУ, АНУ-ын хэлэлцээ хийж байсан шиг стратегийн аюулгүй байдал байж болох гэнэ. Талуудын ийм яриа хэлэлцээний анхаарлын төвд Тайвань байх ёстой аж.
“Вашингтон эхлээд Бээжинг тус арал дээр тусгай ажиллагаа явуулахыг өдөөн турхирч, улмаар холбоотнуудынхаа оролцоотойгоор дайн дэгдээж, Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутагт Украиных шиг үйл явдлыг давтахаас Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, блог, шинжээчдийн хүрээллийнхэн болгоомжилж байна. Тайванийн талаарх хэлэлцээ нь энэ асуудал Номхон далайд томоохон дайн дэгдээхгүй гэдэгтэй санал нийлэх боломж байж болохыг шинжээчид тэмдэглэжээ.
“ЖАДНЫ ҮЗҮҮР”
Үнэн хэрэгтээ Хятадад дипломат болон эдийн засгийн дарамт шахалт үзүүлэхийн сацуу АНУ Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн хүчин чадлаа нэмэгдүүлсээр байна. Австралийн ABC телевиз энэ тухай мэдээлээд, тус улсад АНУ ойрын жилүүдэд ердийн болон цөмийн зэвсэг тээх чадалтай стратегийн “B-52” бөмбөгдөгч онгоцнуудыг байрлуулахыг тодруулсан аж.
Үүний тулд Австралийн хойд нутагт, Тиндалын агаарын баазын хажууд зургаан “В-52” онгоцны зогсоол, сум, хэрэгслийн агуулах, түлшний нөөцлүүр, засвар, техник үйлчилгээний ангар зэрэг шинэ байгууламжийг (“Эскадрилийн ажиллагааны төв”) босгох гэнэ. 2026 он гэхэд дуусгахаар төлөвлөж буй уг ажилд нь 100 сая доллар төсөвлөжээ. Австралид “В-52” онгоц байрлуулахаар төлөвлөж байгаагаа Пентагон сэтгүүлчдэд нотолж, энэ нь АНУ агаарын хүчтэй цохилт өгөх чадвараа дайснууддаа харуулж буй явдал хэмээн тайлбарлав. Австралийн Батлан хамгаалах яам энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Дайсан нь Хятад гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ABC-д ярилцлага өгсөн Америк, Австралийн мэргэжилтнүүд мэдэгджээ. Тайванийг тойрсон хурцадмал байдлын хүрээнд АНУ тус бүс нутагт цэргийн хүчээ өргөжүүлэх шаардлагатай гэж тэд үзэж буй аж.
“Эх газрын Хятад руу довтлох боломжтой бөмбөгдөгч онгоцнууд Австралийн хойд нутагт байгаа нь Тайванийн эсрэг хийх аливаа арга хэмжээ өргөн хүрээ хамрахыг Бээжинд харуулах болно” гэж Америкийн шинэ аюулгүй байдлын төвийн шинжээч Бекка Вассер АВС телевизэд мэдэгджээ.
Вашингтонтой ийм хамтын ажиллагаа хийхээр зөвшөөрсөн нь Австрали улс АНУ-ын Хятадтай хийж болзошгүй дайны гол орол цогч болоход бэлэн байгаагийн илэрхийлэл гэв. Австралийн “Nautilus institute” судалгааны төвийн ажилтан Ричард Тантер ийнхүү тэмдэглэжээ. “Энэ нь жадны үзүүр болоход бэлэн гэдгээ хятадуудад харуулсан дохио юм” гэж тэрбээр хэлэв. Нөхцөл байдал хурцадвал нутаг дэвсгэрт нь байгаа объектууд Хятадын зэвсэгт хүчний бай болж болзошгүйд Австралийн эрх баригчид бэлэн байх хэрэгтэйг ч Р.Тантер анхааруулсан байна. Мөн Америк, Австралийн тагнуулын албадын хамтран удирддаг “Pine gap” цэргийн бааз дахь оролцоогоо АНУ мэдэгдэхүйц өргөжүүлэхээр төлөвлөж буйг ABC дамжуулав. Энэ алхам нь Тайванийн эргэн тойронд нөхцөл байдал хурцадвал Хятадыг хязгаарлах, эсвэл эсэргүүцэх зорилготой аж.
Энд сануулахад, саяхан нийтэлсэн “АНУ-ын батлан хамгаалах стратеги”-д Хятадыг ойрын хэдэн арван жилийн стратегийн гол өрсөлдөгч гэж нэрлэсэн. БНХАУ авторитар хүсэл эрмэлзлийнхээ дагуу Энэтхэгийн болон Номхон далайн бүс нутаг болон олон улсын тогтолцоог өөрчлөхийн тулд улам бүр түрэмгийлж буй үйл ажиллагаанд үндэслэн Пентагон ийм дүгнэлтэд хүрсэн байна. Батлан хамгаалах салбартаа хүчирхэгжиж буй өрсөлдөгчийн аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд АНУ тус бүс нутагт холбоотон, түншүүдийнхээ сүлжээг өргөжүүлэх, мөн аюулгүй байдлын тогтвортой архитектур бий болгохоор төлөвлөжээ. Австрали нь энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх тэргүүлэгч түншүүдийн нэг юм.
Австрали дахь Америкийн цэргийн оролцоог өргөжүүлэх тухай мэдээ таамаглаж байсанчлан Хятадад сөрөг хариу үйлдэл үзүүлэхэд хүргэв. Хятадын ГХЯ АНУ-ыг хүйтэн дайны үеийн хоцрогдсон сэтгэхүйтэй гэжээ. “Америкийн үйл ажиллагаа тус бүс нутгийн түгшүүртэй байдлыг хурцатгаж, энх тайван, тогтвортой байдлыг ноцтой алдагдуулж, зэвсэглэлээр хөөцөлдөхөд хүргэж болзошгүй” гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лизянь мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден Хятадад зарчмын буулт хийхэд бэлэн биш байгаа бөгөөд удахгүй болох “Их-20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Тайванийг цэргийн аргаар хамгаалах Вашингтоны байр суурийг БНХАУ-ын дарга Си Зиньпинд танилцуулж, Бээжингийн санаа бодлыг сонсохыг хүсэж буйгаа Цагаан ордонд лхагва гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.