Дэлхийн шатрын аварга Магнус Карлсен цагаанаар тоглоод бараг хэн ч мэдэхгүй америк хүүд хожигдон тэмцээнээс хасагдав. Сент-Луист болсон тэмцээний гурав дахь өрөгт 2022 оны есдүгээр сарын 4-нд Ханс Ниманн түүнийг хожчихсон юм. Ниманныг булхай хийлээ гэж Карлсен сэжиглэсэн болов уу гэж их мастер Хикарү Накамүра мэдэгдлээ. Урьд нь Ниманн онлайн тоглолтод оролцохдоо заль мэх хэрэглэсэн гэгдэж байсныг тэр бас дурсаад авав. Өөр нэг их мастер Левон Аронян сайн тоглож байгаа залуу шатарчдыг байсхийгээд л булхайцсан гэж буруутгах юм хэмээн Ниманныг өмөөрлөө. Карлсен тэмцээнийг орхисон нь сүүлийн 50 жилд үзэгдээгүй тохиолдол гэж дэлхийн аварга асан Гарри Каспаров онцлов. Карлсентэй тоглосноос хойш Ханс Ниманн хэнийг ч хожоогүй нь хачирхалтай. Тэгтэл энэ явдлыг хэлэлцэх үйл явц шатрын ертөнцийн хүрээнээс хальж, тухайлбал, Ниманн ямар нэг тусламж авсан байж болох механизм нь бөгс рүү нь шургуулсан чичрэгч төхөөрөмж байсан юм болов уу гэсэн таамаг Илон Маск хэлжээ. Өмднийх нь халаасанд дохио өгдөг цахилгаан товчлуур байсан байхыг ч зарим мэргэжилтэн үгүйсгэсэнгүй. Ямар ч байсан ямар нүүдэл хийх ёстойгоо тэр мэдээд байж. Есдүгээр сарын 6-нд сэтгүүлчийн асуултад хариулахдаа Ханс Ниманн заль мэх хэрэглэсэн гэж буруутгаж буйг эрс няцаагаад, шатраар нэр хүнд олоход нь саад болохыг оролдож байна гэж Карлсен, Накамүра нарыг шүүмжилжээ. Түүгээр ч зогсохгүй холбооны ямар нэг хэрэгсэлгүй хаалттай өрөөнд тоглохыг санал болгоод “Тэд хүсвэл чармай нүцгэлсэн ч болно” гэж хэлсэн аж.
Хормын дотор нэрийг нь дэлхий дахин андахаа байсан энэ Ханс Ниманн гэгч хэн бэ? 2003 оны зургадугаар сарын 20-нд АНУ-ын Сан-Фанциско хотод төржээ. Найман настайгаасаа шатар тоглож, 2016 онд 13-тай байхдаа Умард Америкийн 16 хүртэлх насныхны аварга болсон байна. 2021 онд АНУ-ын өсвөр үеийнхний тэмцээнд түрүүлэв. 2019 онд насанд хүрсэн хойноо “Эдвард Ласкерийн Мемориал”-д тэргүүлж, 2021 оны долдугаар сард World Open олон улсын шатрын их наадамд нэгдүгээр байрыг хувааж, наймдугаар сард нь Америкийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд хоёрдугаарт оров. Түүний амжилт ахиц нь ер гайхалтай. 2018 онд 15 насандаа олон улсын мастер, 2022 онд олон улсын их мастер болсон байна. Харьцуулж үзвэл, Магниус Карлсен 2004 онд 13 настайдаа их мастер цол авчээ. Түүхэнд хамгийн залуу их мастеруудын тэргүүнд 12 настай байхдаа уг цолыг хүртсэн Абхиманья Мишрагийн нэр бичигддэг аж. Ханс Ниманн дэлхийн аваргыг есдүгээр сарын 4-нд хожоод шатарчдыг нэгтгэдэг Михаил Чигоринийн клубийн гишүүн болжээ. Энэ клуб одоо 113 гишүүнтэй юм.
Хоёр их мастер есдүгээр сарын 19-нд “Үе үеийнхний цом” хэмээх 150 мянган ам.долларын шагналын сантай онлайн тэмцээнд дахин учрав. Гэтэл Магнус Карлсен ердөө ганцхан нүүдэл хийчихээд Ниманнтай тоглохоос татгалзсан байна. Үүнийхээ дараа тэрбээр Ниманныг бас л булхайцсан гэж буруутган Сент-Луисд тоглох үедээ мэдэрснээ нотлох баримт гэж үзжээ. Карлсен “Түүний тоглох чадвар гойд ахицтай, хамгийн эгзэгтэй үед ч анхаарлаа бүрэн төвлөрүүлэхгүй, хүчээ шавхахгүй байна гэх бодол надад төрсөн. Хараар тоглосон хэрнээ намайг давамгайлж байсан нь дэлхий дээр ердөө ганц, хоёр хүн л ингэж чадах байсан” гэж хэлсэн байна. Америк залууг хамгаалаад байсан нөгөө Левон Аронян “Үе үеийнхний цом” тэмцээнд 21 дэх нүүдэл дээрээ Ниманнд хожигдчихоод “Энэ тоглолт нэг л хачин. Ханс заримдаа маш хачирхалтай нүүдэл хийгээд байсан” хэмээн ярьжээ.
Шатрыг нэг нь нөгөөгөөсөө оюун ухаанаар илүү гэдгээ харуулж ирсэн эртний тоглоом гэж хэн нэг нэгэн бодож буй бол алдаа. Олон зууны туршид шатар хоёр тоглогчийн ухааны тулаан байсаар ирсэн нь яалт ч үгүй үнэн л дээ. Ер бусын энэ тоглоомоор хүмүүс цэнгэл эдэлдэг байсан юм. Тэгж байтал шатар руу мөнгө ороод ирсэн, компьютер гээч мэдээлэл боловсруулах, дамжуулах орчин цагийн технологи бий болсноор бүх зүйл нурсан. Түүгээр ч зогсохгүй залилах, мэхлэх гэдэг нэр томьёо гарч ирэх нь тэр. Энэ нэр томьёо ихэвчлэн компьютерын юм уу, мөрийтэй тоглоход хэрэглэгдэнэ. Энэ нь зөвшөөрөгддөггүй, стандартын бус арга, тоглоомын үр дүнг нэмэгдүүлдэг тусгай техник хэрэгсэл ашиглахыг хэлж буй юм. Хэдэн жишээ татъя. 1998 онд Германы Бёблингенд болсон нээлттэй томоохон тэмцээний сүүлчийн өрөгт их мастер Сергей Калиничев, сонирхогч, ердөө Эло 1925 рейтингтэй (нэгдүгээр зэрэгтэй дүйх) Клеменс Альверманн нар учирчээ. Их мастерт сайхан завшаан тохиолоо гэлцэж байтал Калиничев даруйхан бууж өгч, өрсөлдөгч нь “найм нүүгээд л мад” хэмээн хашхирдаг байгаа. Тоглолтын явцад Альверманн өрөөнөөс байн байн гарч, 55 настай шатар сонирхогч урьдах өргүүдэд хүчтэй өрсөлдөгчдөө хожоод байсанд хардлага төрөөд байсан Калиничевийн эсэргүүцлийг шүүгчид хүлээж авсангүй. Тэдний тоглолтыг дараа нь шинжлээд үзэхэд Альверманны нүүдэл тухайн үедээ дэлхийн шилдэгт тооцогдож байсан компьютерын “Фриц 5.32” программын заавартай тохирч байсан аж. Клеменс Альверманны хожлыг тооцоогүй ч ихээхэн хэмжээний мөнгөн шагналыг түүнээс буцааж авч чадаагүй гэдэг.
2001 оны ДАШТ-ний өмнө Москвад болох тоглолтын хэдэн суудал интернэтэд авахаар Дэлхийн шатрын холбоо шийджээ. Холбооны цахим хуудсанд тоглолтын бүс бий болгож хэдэн сарын хугацаанд шигшээ тэмцээн хийв. Тэдгээрийн дүн ихээхэн гайхалтай байлаа. Сергей Шипов, Петер-Хайне Нильсен, Дориан Розенко нарын зэрэгцээ ялагчдын тоонд Францын ФИДЕ мастер Оливье Тузан орж хэн ч үл мэдэх дэд мастер Петербургийн Нугзар Зеляков гэгч гайхалтай сайн тоглосон байна. Эхний өдөр Тузан хараар тоглоод дэлхийн аварга Вишванатан Анандыг хожиж, Зеляков их мастер Александр Морозевичтэй тэнцжээ. Хоёр дахь өргийн өмнө танхимд металл хайгч тавьсан чинь Петербургийн “баатар” 17 дахь нүүдэл дээрээ Морозевичид буугаад өгчих нь тэр. Францын шатарчин ч хожигдов. Цаашдаа тэдний нэрийг шатрын ертөнцөд хэн ч сонссонгүй. 2006 онд Энэтхэгийн шатарчин Умакант Шариа заль мэх хэрэглэсний улмаас тэмцээнд оролцох эрхээ 10 жилээр хасуулжээ. Мань эр малгайн дороо цахим төхөөрөмж нуучихаад түүгээрээ нүүдэл заалгаад байсан юмсанж.
Мөн 2006 онд Элст хотод болсон шатрын ДАШТ-ний үеэр Болгарын их мастер Веселин Топаловын баг Владимир Крамникийг жорлонд орж цахим хэрэгсэл ашиглаж нүүдэл заалгаад байна хэмээн буруутгасан. Оросын шатарчин тэмцээний үед ороод байсан жорлонгоос сүлжээний кабель олдсон гэж Топаловын менежер Сильвио Данаилов хэлжээ. Үүнийг тоглолт зохион байгуулах хорооны дарга үгүйсгэсэнгүй, дүүжин таазны дотор талд кабель байсан гэсэн байна. Жорлонгийн таазанд кабель байлаа гээд түүнд компьютер юм уу, өөр цахилгаан төхөөрөмж залгаж таарна. Манай гэрийн жорлонд ийм кабель байхгүй. Крамникийг булхай луйвар хийлээ гэж үзээгүй. Түүнийг гаднаас ямар нэг тусгай төхөөрөмж авсныг шууд гэрчлэх аливаа баримт бидэнд байхгүй. Харин Крамник тамирчин хүнд баймгүй үйлдэл гаргаад байсныг дам нотлох баримт бидэнд бишгүйдээ бий гэж Сильвио Данаилов хэлсэн байна. Энэ хэл амнаас болж тэмцээн тасалдах аюул байсан ч сунжирсан яриа хэлэлцээний эцэст нааштайгаар шийдэж чаджээ. 2010 онд Ханты-Мансийскэд болсон Дэлхийн шатрын 39 дүгээр олимпын үеэр Францын гурван шатарчин алсын зайнаас компьютероор нүүдэл заалгаж болох нарийн төвөгтэй схем ашиглаж байсныг нь гардан илрүүлсэн удаа бий. Францын шигшээ багийн өмнөөс тоглосон их мастер Себастьян Феллерт багийн ахлагч их мастер Арно Ошар, олон улсын мастер Кирилл Марзоло нар компьютерын программаар нүүдэл дамжуулж байсан аж. Марзоло хэрэгтэй нүүдлийг мессежээр илгээж, Ошар түүнийг нь зоогийн газраас телефоноор хүлээж аваад тоглолт болж буй танхимд орж ирж тоглогчтой урьдчилан бэлтгэсэн замаар холхиж Феллерт дамжуулдаг байж. Зальтай францчуудыг олон жил тоглолтод оролцуулахгүй байхад хүрсэн юм. Гүржийн хоёр удаагийн аварга шатарчин Гайоз Нигалидзе бие засах гэж ганцаар танхимаас гарахдаа смартфоноор шатрын программ ашиглаж байснаас 2015 оны дөрөвдүгээр сард болсон тэмцээнээс хасагдаж байв. Түүний их мастер цолыг нь хурааж, тоглох эрхийг нь гурван жилээр хассан аж. Харамсалтай ийм жишээ их олныг дурдаж болно.
Ханс Ниманны тухай яриандаа эргэж оръё. Сент-Луисд болсон үйл явдлын дараа шатрын хамгийн олонд танил болсон Chess.com сайт мөрдлөг явуулж, бүр 2020 онд ч америк залуу 100 гаруй онлайн тоглолтод булхай хэрэглэсэн гэж үзлээ. Ниманн гуравхан сарын дотор Эло рейтингээ ахиулж 2500 байсныг 2600 болгосныг тус цахим хуудас тэмдэглэжээ. Үүнийг “статистикийн хувьд онцгой ховор явдал” гэж нэрлэх болсон байна. Үүнд хариу болгож Ханс Ниманн “Би зарим онлайн тоглолтод луйвар хийдэг байсан нь үнэн. Энэ бол амьдралдаа миний хийсэн хамгийн том алдаа. Элдэв ташаа мэдээлэл, цуурхлаас зайлсхийхийн тулд би энэ тухайгаа ярьсан. Хөлгийн ард суусан үедээ би ер луйвар хийж байгаагүй. Би үргэлж ийш, тийш явж, нэг жилд 260 тэмцээнд оролцож, хоногт 12 цаг бэлтгэл хийж байсныг минь нотлох баримт бий. Сүүлийн хэдэн жил би урьд гаргасан алдаагаа засахыг хичээсэн” гэж хэлсэн байдаг. Рейтингээ Ханс хоёр жилийн дотор 2500-2700 болгож өсгөжээ. Үүгээрээ тэрбээр шатрын түүхэнд сод гэгдэж байсан гол хүмүүс, түүний дотор Роберт Фишер, Магнус Карлсен нараас давсан юм.
Бэлтгэсэн Р.Жаргалант