Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр өнөөдөр тохиов. Энэ хүрээнд өнөөдөр Глоб интернэшнл төвөөс Нээлттэй нийгэм форумтай хамтран "Хэвлэл мэдээллийг хамгаалж, ардчиллыг дэмжье" хурлыг зохион байгууллаа.
Хурлыг нээж Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Болдсайхан, ЮНЕСКО-ийн Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөрийн Монголын үндэсний хорооны дарга, Глоб Интернэшнл төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал үг хэлэв.
Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буй асуудлаарх НҮБ-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсны 10 жилийн ой энэ жил тохиож буй. Тиймээс Глоб интернэшнл төвөөс Сэтгүүлчдийн аюулгүй байдлын судалгааны үр дүнг танилцуулсан. Тус төвийн хуульч Б.Пүрэвсүрэнгийн хэлснээр сэтгүүлчдийн аюулгүй байдалд халдсан маш олон тохиолдол байдгаас сүүлийн 20 жилд хоёрыг нь л хянан шийдвэрлэсэн бөгөөд ихэнх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэдэг юм байна. Гэтэл сүүлийн жилүүдэд сэтгүүлчдийг сурвалжилга, мэдээлэл авах явцад биед нь халдах, техник хэрэгслийг нь хураах, эвдэх тохиолдол нэмэгдсэн. Улмаар бэлтгэсэн баримттай мэдээллийг үгүйсгэж, шантаажчин хэмээн мэргэжлийн нэр төрд нь халдах болсон. Түүгээр барахгүй гомдогч тал цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, сэтгүүлчийг байн байн дуудуулж, эх сурвалжаа хэлэхийг шаардаж, залхаан цээрлүүлэх маягаар цагийг нь үрдэг болсныг судлаачид хэлж байв. Улмаар хот, хөдөөгийн 233 сэтгүүлчийг оролцуулан судалгаа хийхэд 47 хувь нь ажил үүргээ гүйцэтгэх явцад нь эрхийг нь зөрчсөн хэмээх хариултыг өгсөн байна. 1999-2021 онд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд болон гүтгэлэг, доромжлол, илт худал мэдээлэл тараах гэмт хэрэгтэй холбоотой шүүхээс шийдвэрлэсэн иргэний болон эрүүгийн 1146 хэргийн 42 хувь нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбогджээ. Хамгийн ноцтой нь гурван сэтгүүлч тутмын нэгийг цагдаа шүүхээс тогтмол дууддаг. Таван сэтгүүлч тутмын гурвынх нь багаж хэрэгсэл, бие махбодод нь халддаг. Гурван сэтгүүлч тутмын хоёрыг нь заналхийлж, сүрдүүлдэг гэсэн мэдээллийг тэрбээр танилцуулсан юм.
Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын энэ өдөр ХЭҮК-ын гишүүн, доктор Д.Сүнжид “Үзэл бодлоо илэрхийлэх эрх ба эрхийг хязгаарлах шалгуур” сэдвээр илтгэл тавьж, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун Эрүүгийн хуулийн 14.3 үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эрх чөлөөнд саад учруулах гэмт хэргийн тухай мэдээлэл өгсөн.
Мөн Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх чөлөө сэдвээр хэлэлцүүлэг хийсэн. Хэлэлцүүлэгт ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга Ц.Навчаа, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Оюун нар оролцлоо. Хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Г.Балжинням ажилласан.
Хэлэлцүүлгийн эхэнд оролцогчдоос хэвлэлийн эрх чөлөөг тодорхойлж, 1-10 оноо өгөхийг хүслээ. Оноо нэг рүү дөхөх тусам хэвлэл мэдээлэл эрх чөлөөгүйг, 10 руу ахих тусам эрх чөлөөтэйг илтгэнэ. Цагдаагийн байгууллагын төлөөлөл хэвлэлийн эрх чөлөөнд 8 оноо өгч, хувийн бодол гэдгээ хэлсэн. Гадаад харилцааны яамны хэлтсийн дарга мөн хувьдаа 6 хэмээн үзэж буйгаа илэрхийлэв. Харин Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа 3 эсвэл 4 дээр эргэлзэж буйгаа дурдаад, цар тахлын үед сэтгүүлчдэд аль ч төрийн байгууллагын мэдээлэл хаалттай байсан. Мөн байн байн сэтгүүлчдийн эрхэд халдаж, мэдэх эрхийг хязгаарлах болсон нь ийм оноо өгөхөд нөлөөлсөн хэмээн тайлбарласан. Д.Сүнжид докторын хувьд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекст дурдсан улс төрийн нөхцөл, хууль эрх зүйн орчин, эдийн засаг, нийгэм соёлын нөхцөл байдал, аюулгүй байдал гэсэн таван шинэ шалгуур үзүүлэлтэд тулгуурлаад дундаж эрх чөлөөтэй буюу 5 гэсэн оноог өгсөн юм.
Хуралд оролцогчид гэрч хохирогчийн хуулиар хамгаалалтад авах процесс удаашралтай үр дүн хангалтгүй байгааг шүүмжиллээ. Мөн сэтгүүлч баримттайгаар асуудлыг дэлгэсэн ч эх сурвалжаа дэлгэх "ялд унаж", цагдаа шүүхийн хаалга татдаг. Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 8-д “Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална” гэж заасан байдаг ч улстөрч, эрх мэдэлтнүүд мэдээлэлд ямар нэг байдлаар гомдож, цагдаад ханддаг хэмээж байлаа. Улмаар цагдаа нь прокурорын байгууллагатайгаа хамтарч сэтгүүлчээс эх сурвалжаа хэлэхийг шаардсан тохиолдол ч гарчээ. Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа үүнд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд өөрчлөлт оруулахгүйгээр Эрүүгийн болон бусад хууль, журамд өөрчлөлт оруулах боломжтой. Тухайлбал, ХБНГУ-д Эрүүгийн байцаан шийтгэх журмын 1.5-д “... нийтлэл болон мэдээллийн баримтын зохиогч, эсвэл илгээгч болон бусад мэдээлэгчийн тухай, тэдгээрийн ямар мэргэжилтэй, юу хийдэг тухай, мэдээллийнх нь агуулга, өөрсдийнх нь олж авсан материалын агуулгын тухай, мөн ажил мэргэжилтэй нь холбоотой олж мэдсэн зүйлийнх нь тухай мэдүүлэг өгөхөөс татгалзаж болно. Энэ нь зөвхөн редакцын хэсгийн болон редакцаар бэлтгэж байгаа мэдээллийн болон харилцаа холбооны үйлчилгээний нэвтрүүлэг, мэдэгдэл болон баримт материалуудын хувьд л хүчинтэй байдаг” гэх хариултыг өгсөн билээ.