Британийн шинэ Ерөнхий сайдаар сонгогдсон Риши Сунак нь сүүлийн 200 жилийн хугацаан дахь тус улсын Засгийн газрын хамгийн залуу тэргүүний жагсаалтын хоёрдугаарт тэмдэглэгдлээ. Тэрбээр 42 настай. Бага Уильям Питт л 1783 онд 24 настайдаа Сайд нарын танхимын тэргүүн болсноороо түүний өмнө бичигдэж байна. Мөн Риши Сунак Британийн анхны ази гаралтай, хинду шашинтан Ерөнхий сайд аж. Элизабет Трасс хугацаанаас өмнө гэнэт огцорсноор Британи Ерөнхий сайдгүй болсон зургаан сарын өмнөх үе рүүгээ буцсан юм. Энэ нь тус улсын хамгийн шилдэг улс төрчдийн нэг Риши Сунакт түүхэн дэх анхны өнгөт арьст Ерөнхий сайд болох хоёр дахь боломжийг нээжээ.
ЭЕЛДЭГ ПЕНЖАБ ХҮҮ
Сунакийн гэр бүлийн амьдралаас Британийн эзэнт гүрний газар зүй, түүх, тус улсын салангид нутаг дэвсгэр хоорондын харилцааг судлах бүрэн боломжтой. Риши Сунакийн хоёр өвөө Британийн Энэтхэгийн хамгийн эмзэг бүс нутгаас гаралтай пенжабчууд юм. ХХ зууны эхээр тэд Зүүн Африк дахь Британийн колони руу цагаачилжээ. Ришигийн аав Яшвир Кенид, ээж Уша ньТанзанид мэндэлсэн. Африкийнхан энэтхэгчүүдэд дургүй талдаа. Тэд ихэвчлэн уугуул иргэдээс илүү баян бөгөөд засаг захиргааны өндөр албан тушаал хашдаг байсан аж. ЭхлээдЭнэтхэг, дараа нь Африк дахь Британийн колониуд тусгаар тогтносны дараа тэднийг түүхэн эх орондоо буцаж ирэхийг уриалж эхлэв. Британийн Энэтхэгийг Энэтхэг, Пакистан гэж хуваагдсанаархоёр улсын хооронд Пенжаб мужийн төлөө тэмцэл өрнөсөн учир Яшвир, Ушагийнхан Британи руу нүүжээ. Ришигийн эцэг, эх тэнд уулзсан аж. Сунакийнхан өсөж дэвших найдваргүй нийгмийн дунд давхаргад харьяалагддаг. Яшвир эмч, эхнэр нь жижиг эмийн сантай байв. Риши 1980 онд мэндэлж, хоёр дүү дагуулжээ.
Тэрбээр хинду шашны чин сүжигтэн байсан, одоо ч хэвээр. Бага сургуулийн шилдэг сурагчдын нэг байсан тэрбээр эцэг, эх, хөршүүддээ туслахад хэзээд бэлэн, бүдүүлэг аашилж байсан удаагүйаж. Сайн крикетчин Риши Энэтхэгийг биш, Британийг дэмждэг нь мэдэгдэхэд нутгийн энэтхэгчүүдийн нийгэмлэгийн зарим гишүүн жаахан ярвайсан байх. Гэхдээ сайн энэтхэг хүү Британид ийм л байх ёстой.
ӨӨГҮЙ РИШИ
1992 онд түүний амьдралын хамгийн чухал үйл явдал болжээ. Риши Сунак Британийн хамгийн эртний хувийн сургуулиудын нэгэнд элсэх хүсэлтээ гаргав. 1394 онд байгуулагдсан Винчестер коллеж нь ирээдүйн олон сайд, хамба, дэд сайд, дипломатч, эрдэмтдийг төрүүлсэнтүүхтэй. Элитүүд сурдаг ч тус сургууль хаалттай байгаагүй. Авьяас чадвартай, жилийн 46 мянган фунт стерлинг төлөх чадалтай айлын хөвгүүд энд сурах боломжтой. Шилдэг сурагчдад олгодог тэтгэлгийн шалгалтад Риши тэнцээгүй аж. Эцэг, эх нь хүүгээ тэнд сурахын тулд ер бусын зовлон зүдгүүр туулсан гэж хожим нь Риши дурсжээ.
Винчестер коллежид байхдаа Риши улс төр сонирхсон бөгөөд тэр үед өөрт нь орон зай байхгүйг ойлгосон гэнэ. Консерватив гэр бүлээс гаралтай тэрбээр үзэл бодлын хувьд оюутан болон багш нарын олонхтой үзэл бодол зөрчилддөг байв. Улс төрийн анхны тунхаг бичиг болох, 1997 оны тавдугаар сард болсон сонгуульд Тони Блэйр ялсныг тэмдэглэн сургуулийн сонинд зориулан бичсэн нийтлэлээ бичихдээ Риши 17 настай байжээ. Үүнд консервативууд ялагдсанд харамсаж, лейбористуудын ялалт нь Европын Холбооны ялалт болно гэж бичихдээ энэ байгууллагад дургүйгээ илэрхийлсэн аж.
Шалгалтаа гайхалтай амжилттай өгсөн Риши 1998 онд Оксфордод оров. Үзэл баримтлал нь нийцэхгүй ч улс төрд сонирхолтой гэдгээ тэнд нуугаагүй аж. Түүнийг Консерватив намаас Ерөнхий сайд болохыг хүсдэг гэж ангийнхан нь үргэлж ярьдаг байсныг багш нарын нэг нь дурсахдаа хошигнол гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Оксфордод Риши Сунак улстөрч болох хүмүүсийн судалдаг гүн ухаан, улс төр, эдийн засгийн чиглэлээр мэргэшив. Диплом авангуутаа “Goldman sachs” банканд ажиллах болж. Оксфордын их сургуулийн хөрөнгө оруулалтын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүний энэ шийдвэр найзуудынх нь хувьд гэнэтийн зүйл биш байлаа. Ажлын гараагаа эхэлсэн тус банкад хоёр жил ажиллажээ. Хамт ажиллагсад нь түүнийг гайхалтай сайхан зан чанартайг дурсдаг аж. 24 настай Риши өөрт нь өгч чадах бүх зүйлийг нэр хүндтэй байгууллагаас нь авсан гэж үзээд шинэ туршлага, шинэ боловсрол эзэмшихээр Америкийг зорьжээ. Хоёр жилийн дараа эх орондоо Стэнфордын мастерын зэргийн диплом, бас амьдралынхаа хамгийн чухал хүнтэй танилцаад ирсэн байна. Энэ танил нь Энэтхэгийн хамгийн чинээлэг бизнес эрхлэгчдийн нэг, “Infosys” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Нагавара Рамарао Нараяана Муртигийн хайртай охин Акшата Мурти аж. Дизайны чиглэлээр ажилладаг Акшата “Infosys”-ийн нэг орчим хувийг эзэмшдэг. Одоогийн үнэлгээгээр энэ нь ойролцоогоор 690 сая фунт стерлингтэй тэнцэж байна.
Лондонд буцаж ирснээсээ хойших эхний гурван жил Сунак Британийн хеж санд ажиллажээ. Мөн Британийн жижиг бизнесийг дэмжих чиглэлээр мэргэшсэн, нэг тэрбум ам.долларын эргэлттэй, дэлхийн хөрөнгө оруулалтын компанийг байгуулсан аж. Ахлах болон их сургууль, “Goldman sachs”-т байсан шигээ сайн нэртэй, үл анзаарагдам, өөлөхийн аргагүй байсан нь хожим лейбористуудын улс төрийн технологичдод тулгамдсан асуудал болжээ. Хаана ч түүнийг дур булаам, нийтэч, сэтгэл татсан нэгэн л гэнэ.
“УРВАГЧ”
Риши Сунак, Акшата Мурти нар 2009 онд Энэтхэгийн Бангалор хотод хуримаа хийжээ. Хадам аав нь Ришийг гэр бүлийн “Catamaran investment” компанийн тэргүүн болгов. Гэвч нэг өдөр улс төр хөөхөөр бизнесээ орхихоор шийдсэнийг хадам аав нь эсэргүүцээгүй аж. Ингээд 2015 онд Британийн парламентын доод танхимын гишүүн болжээ. Оршин суугчид 1910 оноос консерватичуудыг л дэмждэг, огт очиж үзээгүй Ричмонд хотоос сонгогдсон гэнэ. Тус хот дахь хөршүүд, сонгогчид нь одоо ч түүнийг найрсгаар хүлээн авдаг аж. Улс төрийн ямар ч туршлагагүй Риши улсдаа хоёрт жагсах нэр хүндтэй нэгэн болж. Үүнд Консерватив нам доторх маргаан, саятан бүсгүйтэй гэрлэсэн нь төдийгүй түүний ер бусын сэтгэл татам байдал, залуу нас, итгүүлэх чадвар нь ихээхэн тус хүргэжээ.
Улс төрийн карьераа эхлүүлээд гурван жилийн дараа парламентын Барилга, нийгэмлэгүүд, орон нутгийн удирдлагын асуудал эрхэлсэн дэд сайдын албахашихболов. Сажид Жавидын шууд удирдлага доор ажилласанбайна. Энэ нь Ришитэй хамтран өнгөрсөн долдугаар сард Борис Жонсоныг түлхэн унагасан хүн юм. Үүнээс өмнө Риши Ерөнхий сайдын хамгийн ойрын дэмжигчдийн нэгд тооцогддог “царайлаг”, “баян эр” дээр ньнэмээд “урвагч” нэртэй болжээ.
Тэрбээр 2019 оны сонгуулийн кампанит ажлын үеэр Борис Жонсоныг дэмжсэний дараа эхлээд Сангийн яамны дэд, дараа нь тус яамны хамгийн залуу сайд, энэ албан тушаалыг хашсан анхны өнгөт арьст улстөрч болсон юм. Цар тахлын үеэр Риши эдийн засаг, бизнесийг дэмжих хэд хэдэн чухал, амжилттай арга хэмжээг санал болгосон цагаас Борис Жонсонтой хувийн харилцаа муудаж эхэлсэн гэнэ. Түүний авсан арга хэмжээ нь санал асуулгад түүний хувийн чансааг огцом өсгөхөд хүргэжээ.
Риши Сунак, эхнэрийн хамт 730 сая фунт стерлингийн хөрөнгөтэй. Энэ нь Британийн хаан Чарльзынхаас хоёр дахин их. Тэднийг татвараас зайлсхийдэг хэмээн шүүмжилдэг ч ийм боломжийг Британи, Энэтхэгийн хооронд байгуулсан 1956 оны гэрээ олгожээ. Түр оршин суугчийн статустай, Хаант улсад амьдардаг Энэтхэгийн иргэд давхар татвар төлөхгүй байхааруг баримт бичигт заасанаж. Энэ нь Акшата Муртид 280 сая фунт стерлинг хэмнэхэд тусалсан гэнэ.
ЭНЭТХЭГТ НӨЛӨӨГӨӨ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Риши Сунак эдийн засгийн хувьд туйлын хүнд үед Ерөнхий сайдаар ажиллах нь. Б.Жонсоны үед тэрбээр Украиныг дэмжсэн мэдэгдэл хийж байсан. Гэвч өвөл ойртож, эрчим хүчний үнэ нэмэгдэж, улсынх нь эдийн засаг сүүлийн 50 жилд байгаагүй муудсан учраас тэрбээр гадаадаас илүү улс орныхоо дотоод асуудалд анхаарна гэж ажиглагчид үзэж байна. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр өгсөн гол амлалтуудаас нь үзвэл эрүүл мэндийн тогтолцоог шинэчлэх, хууль бус шилжилт хөдөлгөөнтэй тэмцэх, холбоотны харилцаагаа бэхжүүлэх (Шотланд, Уэльс, Умард Ирландад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх) талаар ажиллана. Харин Вашингтон болон АНУ-ын бизнесийн хүрээнийхэнтэй маш сайн харилцаатай тул Москва руу улам ойртож буй Бээжингийн эсрэг ажиллахыг шинжээчид үгүйсгэхгүй байна. Шинэ Ерөнхий сайдаар дамжуулан Лондон, Делигийн харилцаа шинэчлэгдвэл Британид Москвагийн ашиг сонирхлыг хязгаарлах замаар Энэтхэгт нөлөөгөө нэмэгдүүлэх бүрэн боломжтой аж.