Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд виртуал хөрөнгийн зах зээл хүрээгээ тэлж, криптовалют, койн, токенууд ихээр гаргах болсон. Улмаар манай иргэд, тэр дундаа залуус криптовалютыг сонирхон энэхүү зах зээлд хөл тавьж эхэлсэн. Гэвч криптовалютаар арилжаа хийх, цахим валютаа цаасан мөнгөнд хөрвүүлэх, ер нь энэ төрлийн санхүүгийн боловсрол иргэдэд дутмаг байна. УИХ-аас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 17-нд баталж, энэ оны хоёрдугаар сарын 24-нөөс мөрдөж эхэлсэн. Мөн тус хуулийн хамт Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталж, ЭХТА-ийн 18.19 зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах”, 18.20 дугаар зүйлд “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах” гэмт хэргийг шинээр тодорхойлсон. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулиар салбарын зохицуулагч байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо юм. Тэгвэл тус хорооныхон зургадугаар сарын 25-наас есдүгээр сарын 26-ны хооронд бүртгэл хийж, өнөөдрийн байдлаар нийт есөн криптовалют гаргагчийг бүртгэжээ. Эдгээрийг Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага хариуцна. Уг байгууллага нь криптовалют гаргагч байгууллагуудыг нэгтгэж, бүртгэж, үйл ажиллагаанд нь хяналт тавих учиртай. Тухайлбал, хэрэглэгчийг бүртгэж, мөнгийг нь байршуулж, хадгалж, арилжаанд орох харилцааг нь зохицуулж, биржтэй төстэй үйл ажиллагаа явуулна.
Ерөнхийдөө Монголд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Зохих ном журмынх нь дагуу арилжаа хийвэл ашиг олох боломж бий. Гэхдээ энэхүү цахим мөнгийг худалдаж, авах арилжаанд оролцохдоо зайлшгүй анхаарах хэд хэдэн зүйл байна. Цагдаагийн байгууллагынхан криптовалют гаргагчид татвар төлөлтөөс зайлсхийсэн болон тэдний үйл ажиллагаа залилан мэхлэх шинжтэй, эсэхийг шалгаж эхэлжээ. Тодорхой хэлбэл, виртуал хөрөнгө буюу криптовалют, койн, токен шинээр гаргаж хөрөнгө төвлөрүүлсэн этгээдүүдтэй холбоотой хэд хэдэн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, шалгаж байна.
Эртхэн цэгцлэхгүй бол нэг хэсэг борооны дараах мөөг шиг олноор гарч ирээд дампуурсан Хадгаламж зээлийн хоршоодын үйл явц өнөө давтагдахыг хуулийн байгууллага үгүйсгэхгүй байгаа юм. Өдгөө криптовалютад бэлэн мөнгөөр хөрөнгө оруулсан иргэдийн тоо өссөөр байгаа гэнэ. Харамсалтай нь, эхнээсээ хууль, хяналтын байгууллагад гомдол гаргаж, хохирсон гэдгээ ч мэдүүлж эхэлжээ. Гол нь хууль батлагдахаас өмнө 24 байгууллага криптовалют арилжаалж байсан. Гэвч тэдгээрээс 13 нь л үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд ханджээ. СЗХ-ноос шаардлага хангасан 9 байгууллагыг л бүртгэжээ. Харин 15 байгууллага криптовалютын үйлчилгээ үзүүлэх шаардлага хангаагүй. Иргэд дээрх шаардлага хангаагүй байгууллагад мөнгөө өгч, алдсан байх магадлалтай гэсэн үг. Ташрамд дурдахад, криптовалют гэдэг нь блокчэйн технологи дээр тулгуурлан бүтээгдсэн цахим орчинд тоон хэлбэрээр байрших, ямар нэгэн дундын зохицуулагч байгууллагагүй оршдог цахим валют юм. Хэрэв зээ иргэн та хууль ёсны бүртгэлтэй байгууллагаас л криптовалют авахгүй бол бусад нь “Чадвал намайг бариарай” гэсэн шиг таниар наадах болно гэдгийг онцолъё.
Уншигч та бүхэнд криптовалюттай холбоотой дэлхийн хамгийн дуулиант гэмт хэргүүдийг хүргэж байна
“Та бага зэрэг ухаалаг, бас сэргэлэн, гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй, мөн эргэлзэж байхад буруудахгүй. Та хэн нэгэнд өөрийгөө дээрэмдүүлэх, мэхлүүлэх сиймхий гаргавал тэд үүнийг хийх нь гарцаагүй!”. Энэ үгийг Америкийн аюулгүй байдлын мэргэжилтэн Фрэнк Абагнейл хэлсэн юм. Тэрбээр 1960-аад онд залилангийн гэмт хэргээрээ алдаршсан нэгэн. Нэрт найруулагч Стивен Спилберг “Чадах юм бол намайг бариарай” хэмээх алдарт киногоо Фрэнк Абагнейлийн намтраар хийсэн. Криптовалютын зах зээл хөгжсөнөөс хойш түүнийг тойрсон шинэ төрлийн гэмт хэргүүд гарсаар байна.
Токио дахь “Mt.Gox”-ийн дампуурал
2013 оны сүүлчээр, өсөлтийнхөө оргилд хүрсэн биткойны ханш 1147 ам.долларт хүрч байсан бол 2015 оны нэгдүгээр сард 210 ам.доллар болсон. 2014 онд биткойны ханш ингэтлээ унасан шалтгаан нь Токиогийн “Mt.Gox” биржид гарсан дуулиантай холбоотой. 2013 оны наймдугаар сард тус бирж нийт гүйлгээнийхээ 47 орчим хувийг биткойн, блокчэйн системээр хийж байсан ч 2014 оны нэгдүгээр сард арилжааны хэмжээгээрээ зах зээлд III байранд оржээ. Гэвч гэнэтийн зүйл тохиолдож биржийн үйлчлүүлэгчид 750 000-850 000 биткойн буюу 450-473 сая ам.доллар гэнэтхэн алга болчихов. Эхэндээ “Mt.Gox” бирж арилжаагаа түр зогсооход хүрэв. Хариу арга хэмжээ аваад ч үнэт цаасыг эргүүлэн татахад ноцтой асуудал үүссэн тул эл бирж дампуурч, үйл ажиллагаагаа бүрэн зогсоосноо 2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд албан ёсоор зарласан юм. Үүний дараа биткойны ханш нэг сарын дотор гурав дахин буужээ. Чухам яагаад ийм зүйл болсон нь одоо ч тодорхойгүй хэвээр. Эхэндээ удирдлагын алдаа, залилан мэхлэх схем хэмээн ярьж байлаа. Гэвч “Mt Gox” 2011 оноос хойш хакеруудын халдлагад байнга өртөж, улмаар биткойноо хулгайд алдсан гэсэн мэдээлэл 2015 онд гарсан. 200 000 биткойныг буцааж авч чадсан байна. Харин “Mt.Gox”-ийн захирал Марк Карпалес 10 сар шоронд суугаад батлан даалтад гарчээ.
Хар тамхины наймаачин Росс Уильям Ульбрихтийн хэрэг буюу “Торгоны зам” нийгэмлэг
2011 онд физикч мэрэгжилтэй 29 настай Росс Уильям Ульбрихт “Tor” цахим сүлжээнд “Торгоны зам” нэртэй цахим нийгэмлэг бүртгүүлжээ. Хожим эл нийгэмлэг дэлхийн хамгийн том хар тамхины цахим худалдааны платформ болсон юм. Хууль сахиулагчдын мэдээлснээр “Торгоны зам” цахим лангуунаас биткойноор 320 орчим нэр төрлийн хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодис захиалж авах боломжтой байжээ. Энэ платформ оршин тогтнох хугацаандаа нэг сая орчим үйлчлүүлэгчдэд хүрч, хууль бус бодисын эргэлтийн хөрөнгө нь 200 сая ам.доллараас давсан байна. Тэдний төлбөрийн бүх гүйлгээ биткойноор хийгджээ. Сонирхолтой нь, платформын ажилтнууд үйлчлүүлэгчдэдээ бараагаа савлах заавар өгөхөөс эхлээд дээд түвшний үйлчилгээ үзүүлдэг байв. Түүгээр ч барахгүй платформоос хуурамч бичиг баримт, бүр хөлсний алуурчин захиалах боломжтой байсан гэдэг. 2013 оны аравдугаар сард Холбооны мөрдөх товчоо “Торгоны зам” платформыг хааж, 144 000 биткойныг (тухайн үед 100 сая ам.доллар байсан) битүүмжилсэн гэдэг. 2015 оны өвөл Росс Уильям Ульбрихтыг хар тамхины наймаа, мөнгө угаах, цахим халдлага зэрэг хэд хэдэн зүйл ангиар яллаж, бүх насаар нь хорих ял оноожээ.
Хонконгийн “Bitfinex” биржийг хакердав
2016 онд биткойн ам.доллартай харьцдаг дэлхийн хамгийн том бирж нь Хонконгийн “Bitfinex” байв. Тус биржээс 119 756 биткойн (одоогийн ханшаар 65 сая орчим ам.доллар) хулгайлсан хэрэг гарчээ. Хэрэглэгчийн дансыг нэн даруй царцааж, биткойнтой ажиллахыг түр зогсоосон байна. Хулгайн тухай мэдээлэл тархахаас өмнө биткойн 604 ам.доллараар арилжаалагдаж байсан мэдээллийн дараа ханш огцом буурч, маргааш нь гэхэд биткойн 20 хувиар буурч, 480 ам.доллар болсон аж. “Хулгайн гэмт хэргийн талаар хуулийн байгууллагад мэдэгдэж, хамтран ажиллаж байна. Бид үүнд маш их санаа зовж байгаа бөгөөд асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх нөөц бололцоогоо дайчилна” хэмээн тус биржийнхэн мэдэгдэж байв. “Bitfinex” бирж нь 2012 онд Хонконгод үйл ажиллагаагаа эхлүүлж, Европ болон АНУ-д салбараа нээсэн. Цахим халдлагад өртөхөөс долоо хоногийн өмнө “Ethereum Classic” (ETC) криптовалют нэмэгдэж, ETC/USD болон ETC/BTC гэсэн хос арилжаа эхлүүлсэн байдаг.
“Терра” (LUNA) луйврын криптовалют уу?
Өмнөд Солонгосын хууль сахиулах байгууллагынхан “Terraform Labs крипто” компанийн үүсгэн байгуулагчдын нэг До Квоныг олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оруулахыг Интерполоос хүсжээ. Экосистемийн “Terra” төслийн нэг хэсэг болох “TerraClassicUSD” болон “LUNA Classic” койны сүйрлийг мөрдөн шалгахад хамтрахаас татгалзсан нь түүнийг ийнхүү эрэн сурвалжлах үндэслэл болов. 2022 оны тавдугаар сард “Terra” койны уналт криптовалютын зах зээлийг бүхэлд нь томоохон хэмжээний засвар хийхэд хүргэсэн юм. “Теrra” койны дампуурлаас болж криптовалютын зах зээл уналтад орсон шалтгаан нь олон крипто компаниудын нөөцөд “Terra Classic” болон “TerraClassicUSD” койн маш их байсантай холбоотой. “TerraClassicUSD” болон “LUNA Classic” койны ханшийн уналт 40 тэрбум ам.долларт хүрсэн хэмээн эх сурвалжууд мэдээлдэг. Хамгийн алдартай байсан “Алт” койн ч 99.99 хувиар унасан тул компаниудын “Terra Classic”-д оруулсан хөрөнгө огт үнэ цэнгүй болж хувирсан аж. Хэсэг хугацааны дараа До Квоны баг койны шинэ хувилбарыг гаргасан боловч эрэлт хэрэгцээ муутай байв. Квон үүнийг эс тоон дахин шинэ койн гаргасаар байжээ.
“Anchor” төвлөрсөн бус протокол хөгжүүлэгч “ноён Б” хэвлэлд өгсөн ярилцлагадаа “До Квоныг өөрийн платформ дээр UST-ийн бооцоо тавих хэмжээг 20 хувьд барих боломжгүйг анхааруулсан. Үүнээс болж “Anchor” протокол унана гэдгийг мэдэж байсан. Тэгээд унасан даа” гэжээ. Өдгөө До Квоны хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. "Cointelegraph"-ын эх сурвалжийн мэдээлснээр “Теrra” төслийн дампуурал нь төслийн удирдлагын хайхрамжгүй байдалтай холбоотой гэх боловч “Terraform Labs” компанийн зарим ажилтны АНУ-ын Үнэт цаасны биржийн төлөөлөгчдөд мэдэгдснээр LUNA болон UST дампуурахаас нэг сарын өмнө До Квон 80 сая ам.доллар татсан аж. Интерполын улаан хуудсыг эрүүгийн хариуцлагаас зайлсхийсэн, оргосон хүмүүст өгдөг. Тиймээс Terra (Luna) койныг үүсгэн байгуулагч До Квоныг хууль хяналтын байгууллагатай хамтрахаас татгалзсан гэсэн ганцхан шалтгаанаар эрэн сурвалжлаагүй болов уу.
Хэдийгээр 2022 он криптовалютад хөрөнгө оруулах хамгийн тохиромжтой үе биш ч криптовалютын солилцоо, крипто түрийвчийг хоослох зорилго бүхий хакеруудын үйл ажиллагаа идэвхтэй хэвээр байна. 1-7 сар хүртэлх хугацаанд хакерууд 1.9 тэрбум ам.долларын үнэ бүхий криптовалют хулгайлсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг 60 хувиар өссөнийг дижитал хөрөнгийн аналитикийн “Chainalysis” компани мэдээлэв. Сүүлийн үед луйварчид нэлээд зальтай арга хэрэглэдэг болжээ. “Deepfake” технологийн тусламжтайгаар (зургийг видеогоор солих техник) луйварчид алдартнуудын нэрийн өмнөөс хүмүүсийн мөнгийг хулйгалдаг. Өнгөрсөн тавдугаар сард Илон Маскийн нэрийн өмнөөс луйварчид “BitVex” криптовалютын платформыг байгуулж, хадгаламж эзэмшигчид криптовалютын хадгаламжаас жилийн 30 хувийн ашиг олох боломжтой гэсэн таамаг гаргажээ. Энэхүү платформыг сурталчлахын тулд луйварчид YouTube-ийг ашигласан бөгөөд тэнд хуурамч “Маск BitVex”-т оруулсан хөрөнгө оруулалтынхаа тухай өгүүлсэн видеог цацжээ. Ер нь криптовалютыг хакердах, хулгайлах, луйврын койн гаргах зэрэг олон арга байдаг ч хамгийн аюултай холбоос нь хүн өөрөө гэдгийг криптовалютын шинжээчид дүгнэсэн билээ.
Бэлтгэсэн Д.Мягмаржаргал, Н.Энхтүвшин