Киргиз, Тажикистаны нутгийг дамнан оршдог Памирын нурууны Ленин оргилд ганцаарчилсан авиралт хийж явсан уулчин Х.Бумхишиг хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүйд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Түүнийг найм хоногийн дараа уулнаас чаргаар буулгаж, машин явах боломжтой газарт хүргэсэн талаар Монголын уулчдын үндэсний холбооноос өчигдөр өглөө мэдээлэв. Тус холбооны Аврах ажиллагаа, эрсдэлийн удирдлага хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүү, “Жаргалант” клубийн уулчин Э.Даваадорж нар аврах ажиллагаа явуулахаар энэ сарын 7-нд Киргизийг зорьсон билээ. Тэд орон нутгийн уулчид болон туслах ажилчдыг хөлслөн, нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр аврах ажиллагаа явуулсан гэнэ. Түүнийг өчигдөр Киргизийн Ош хотод хүргэж, эмнэлэгт үзүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэж оношилжээ. “Нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулсны дараа Монгол руу шууд нисэх боломжтой, эсэхийг нь шийднэ” гэж дээрх холбооныхон мэдээлсэн юм. Уулчдын “Цэгц” клубийн тэргүүн Х.Бумхишиг Ленин оргилын 5800 орчим метрийн өндөрт гацсан байв. Памирын нурууны ноён оргил Ленин нь далайн түвшнээс дээш 7134 метрийн өндөрт оршдог.
Бэлтгэсэн М.Оч