“Орфей” театрын хоёр, М.Батболдын гурав дахь бүтээл үзэгчдийн хүртээл болоход тун дөхжээ. Ерөөс намар цаг уран бүтээлчдийн онгод сезон ордог үе. Өөрөөр хэлбэл, урлаг сэргэж, театрууд шинэ бүтээлээ дэлгэж эхэлдэг. Тэгвэл “Орфей” театр намар цагийн уран бүтээлийн нээлтээ Жон Патрикийн нэрийн хуудас болсон “Everybody loves Opal” саркастик мелодрамын жүжгийг “Опал” нэртэйгээр найруулж, олноо толилуулахаар болсноо танилцуулж мэдээлэл хийв. Найруулагч М.Батболд “Опал кронкий”-н дүрээ чамгүй олон жил хайж, өнгөрсөн онд л олсноо тодотгосон. Тодорхой хэлбэл, М.Батболдыг 2017 онд Москва хотын театр урлагийн академи төгссөн жил нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, багш Н.Ганхуяг нь “Жон Патрикийн “Everybody loves Opal”-г найруулаач” хэмээн зохиолыг нь уншуулж байжээ. Жүжгийн зохиол таалагдсан ч тухайн үедээ Опал кронкийд тохирох жүжигчин санаанд нь буугаагүй гэдэг. Өдгөө “Опал кронкий”-д тоглох жүжигчин Германаас хэдийнэ иржээ. Нэг үгээр хэлбэл, жилийн өмнө намрын нэгэн налгар өдөр түүний толгойд жүжигчин О.Энхтуул л тохирно гэх бодол харван оржээ. Тэрбээр шууд жүжигчин О.Энхтуултай цахимаар харилцаж, зохиолоо явуулж, саналыг нь асуусан гэдэг. Харин О.Энхтуул зохиолыг уншаад л 13 жил ажин түжин өнгөрсөн энгийн амьдралдаа цэг тавьж, театрын урлагтаа эргэн иржээ. Жүжгийг амилуулахаар долоон жүжигчин сонгосон бөгөөд бүгд гол дүр гэдгийг М.Батболд найруулагч онцоллоо.
Т.Ариунчимэг: Хүний мөн чанар, эерэг хандлагын талаар өгүүлнэ
-“Опал”аар дамжуулан хүний дотоод гоо, сайхан сэтгэлийг илэрхийлнэ. Урдны жүжгүүдээс онцлогтой, камерын бүтээл юм. Тиймээс “Хүн” театрт тоглохоор болсон. Жүжиг хоёр цаг гаруй үргэлжилнэ. Өнөө цагт дутагдаад байгаа хүний мөн чанар, эерэг хандлагын талаар өгүүлэх болно.
О.Энхтуул: Дэлхий хайраар дутаж байна
-Би Германд 15 жил амьдарсан. Үүний 13 жилд нь театрын тайзнаа гарсангүй. Тиймээс маш их догдолж, сандарч байна. Сургуулилалтадаа ороод тайзнаас авдаг мэдрэмж сэргэж, аз жаргалаа дахин олсон. Дэлхий дахинд, Монголд, Германд ч ялгаагүй хайраар дутаж байна. Яагаад бид нэгнээ хайрлаж болохгүй болсон юм бэ, яагаад ганцаардав гэдгээ иргэд олж харна. Улмаар хайр, амьдралын нандин харьцаагаа олж авна. Би дүрдээ маш их дурлачихаад байна.
Ц.Төмөрбаатар: Бардамналынхаа ар талд гарна
- Манайхан надад их “атаархаж” буй. Ямар гоё дүр вэ. Яаж л бол яаж хувирч бүтээж болох юм гэцгээж буй. Тэтгэврийн хөгшин ажил олох хэцүү. Тэр дундаа мэргэжлийнхээ ажлыг хийж, өдөр шөнөгүй завгүй гүйж, эрч хүчтэй байна гэдэг аз жаргал. Жүжгийн нэг үзэгдэлд л тоглоно. Гэхдээ их чимэг болох дүр хэмээн бардаж, дурлаж байна. Үзэгчдийн сонирхлыг татахуйц тоглоно. Бардамналынхаа ард гарна даа. Шинэ дүрээр ард түмэнтэйгээ дахин уулзахдаа баяртай байна.
Д.Баттөмөр: Зохиолоо уншиж эхлэхэд л бүтээх дүр минь нүдэнд дүрслэгдсэн
-М.Батболд жүжгээ бариад гэрт минь ирсэн. Эл дүрийг санал болгосон найруулагчдаа баярлалаа. Зохиолоо уншаад миний бүтээх цагдаагийн дүр нүдэнд дүрслэгдсэн. Шууд “OK” гэж хэлсэн. Одоо дүрдээ орж, шатаж, бэлтгэл сургуулилалтаа хийж байна
Э.Чинзориг: Асуултын тэмдэгтэй амьдарч байгаа бол “Хүн” театрт ирснээр хариултаа олно
-Жүжгээр дамжуулж одоогийн нийгэмд аж төрж буй хүмүүсийн зүрх сэтгэлд дутагдаж буй мэдрэмжийг өгнө. Энэ бол цаг үеэ олж, найруулсан жүжиг. Театрын урлагийн хувьд анхны минь жүжиг. Тиймээс хувь уран бүтээлчийн хувьд өөрийгөө сорьж буй том шалгалт. Энэ утгаараа дүрдээ маш их дурлаж, өмөөрч, өмөрч сургуулилалт хийж, шалгалтадаа бэлдэж байна. Бидэнтэй хөл нийлүүлэн алхаж буй хүмүүс жүжгийг үзээсэй. Асуултын тэмдэгтэй амьдарч байгаа бол “Хүн” театрт ирснээр хариултаа олох байх.
Н.Онон: “Х Түц” хамтлагаас өөр багтай ажиллаагүй удсан байна
-“Х Түц” хамтлагаа байгуулаад 25 жил болжээ. Эргээд бодоход өнгөрсөн жилүүдэд “Х Түц” хамтлагаас өөр багтай ажиллаагүй удсан байна. Багийнхаа зургаан жүжигчний адил дүрдээ татагдсан. Шинэ баг, шинэ залуу найруулагчтай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна.
Жүжгийн долоо дахь дүр болох “Брэдфорд Винтер”-ийг бүтээж Т.Сэргэлэн мэдээлэл хийхээс татгалзлаа. Гэвч түүнийг царайлаг, профессор, байнга ухаантай, уран цэцэн үгс хэрэглэхийг оролддог. Болж бүтэхгүй ажиллагаа болгоны ахлагч, наргианч, гучаад насны нөхрийн дүр бүтээж буйг багийн нөхөд нь шивнэсэн юм.
Продюсерийн мессеж
Гүйцэтгэх продюсер Ж.Энхзаяа: Ашигтай ажиллангаа театрын урын санд хөрөнгө оруулахыг урьж байна
-“Зүрхийг хүмүүжүүлэхгүйгээр оюун ухааныг хүмүүжүүлэх нь боловсрол биш” гэж МЭӨ 300-гаад жилийн өмнө Аристотель хэлж байжээ. Суурь боловсрол нь хүний сайхан сэтгэл байх ёстойг боловсролын системд нэвтрүүлэхийг өнөөдөр олон улсын судлаачид ярьж байна. Хүний сайхан сэтгэл, эерэг нөлөөллийг бидний төсөөлөөгүй өөр өнцгөөс Монголын үзэгчдэд харуулахыг зорьсон. Өөрөөр хэлбэл, боловсрол, гэр бүлийн хүмүүжилд чухал байр суурь эзлэх бүтээл М.Батболдын найруулгаар мөд “төрөх” гэж байна. Мөн театрын урлагийн боловсролыг түгээн ажиллана. Тиймээс бидний зорилгыг дэмжиж, хамтран ажиллах хувь хүн, байгууллагуудад манай театрын үүд хаалга нээлттэй. Ашигтай ажиллангаа театрын урын санд хөрөнгө оруулахыг урьж байна” хэмээсэн.
Ерөнхий зураач О.Баярмагнай: “Фауст”, “Гэм зэм”-ээс тэс өөр жүжиг гарна
-Их сонин баг бүрдсэн. Жүжигчдийн бүрэлдэхүүн маш туршлагатай акулууд. Арын албанд дан залуус ажиллаж байна. Туршлага, залуу насны эрч хүч нэгдээд сайхан жүжиг гарах байх. Өмнөх “Фауст”, “Гэм зэм”-ээс тэс өөр жүжиг гарна гэсэн төсөөлөлтэй байна. Гэхдээ үзэгчид үнэлгээ өгөх байх. Хэлбэр өвөрмөц, агуулга өргөн болно гэж итгэж байна. Камерын жүжиг үүнээс хойш моданд орох болов уу. Том бүтээлээс ялгаагүй түвшинд очих байх.
Дизайнер О.Булган: Эрэл хайгуул ихтэй, ур шаардсан жүжиг болж байгаа
-Өмнө нь “Гэм зэм” жүжигт ажилласан багахан туршлага бий. Гэхдээ энэ удаагийн жүжиг маш их чадвар шавхаж, эрэл хайгуул хийхэд хүргэж байна. Тиймээс зураачтайгаа нягт ажиллаж, жүжигчидтэйгээ маш их зөвлөж буй. Энэ хэрээрээ туршлага хурааж байгаадаа баяртай байна.
Тэрбээр Италид сургуулиа төгссөн бөгөөд мөн тус улсад үзэсгэлэнээ гаргасан туршлагатай нэгэн аж.
Найруулагч М.Батболд: Жүжгээ агуулга, уран чадварт тулгуурлаж үзэгчдэд хүргэнэ
-3000 жилийн түүхтэй театр бол сэтгэл заслын эмчилгээний тасаг юм. Японы сэтгүүлчийн хэлснээр бид нэгнээ үзэн ядаж байна. Ер нь ч дэлхийн түүхэнд хүн төрөлхтөн дайн байлдаанд тултлаа үзэн ядацгаадаг. Театрын урлаг үүний эсрэг юм. “Опал” үзэн ядалтыг хайр болгож хувиргана. Хайр гэдэг зөвхөн хосын харилцаа биш. Өргөн агуулгатай. Жүжгээ агуулга, уран чадварт тулгуурлаж үзэгчдэд хүргэнэ. Театрын урлагаар дамжуулж мэдрэмж өгье. Сэтгэлзүйд нь нөлөөлж, хайрыг зүрхэнд зүү шиг шивье гэсэн юм. Театр дан ганц огшоох гэж оршдоггүй. Жүжиг аравдугаар сарын 1-нээс үзэгчдэд хүрнэ. Тэр үед олон нийт дүнгээ өгөх байх. Сүүлийн үед Монголд театрын урлаг эрчээ авч, үзэгчид татагдаж байна. Энэ бол маш сайн зөв үйл.
“Орфей” театр “I student” хөтөлбөрөө энэ удаа ч үргэлжлүүлнэ. Тодруулбал, оюутан, сурагчдад тасалбараа хөнгөлөлттэй үнээр худалдана. Соёлын яамнаас эл хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлсэн ч, одоогоор бодитоор хөрөнгө оруулаагүй аж. Эл жүжиг энэ цаг үед Broadway-д мөн тоглогдож буй. Мөн Европ, Орост нэлээд олон жил тоглогдсон 60 “настай” жүжиг. Жүжигчний уран чадвар, мэдрэмж, авьяас шаардсан бүтээл гэнэ. “Опал” бол 10 сарын буюу сарны чулуу. Харсан болгоны зүрх сэтгэл догдолж, хайр түгээдэг. Тиймдээ бусдаас илүү гэрэлтдэг. Гэвч байгаль ховорхон байдаг, нандин чулуу аж. Тиймээс жүжгийн нэрийг өөрчилж “Опал” нэртэйгээр нийтэд хүргэхээр болжээ.
Ташрамд дурдахад бизнес төлөвлөлт, санхүүгийн зөвлөгөө өгөхөөр Гэри Биондо АНУ-аас иржээ. Тэрбээр өөрийн мэддэг чаддагаа үнэ төлбөргүй зөвлөж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.