Ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн удирдлага 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ тун даруухан хийв. Зургаан настнуудад эрдэм оюуных нь анхны шанг татах анги удирдсан багш нарыг нь танилцуулж, хичээлийн анхны хонхоо цохисноор, тус сургуулийнхны есдүгээр сарын 1 эхэллээ. Аавдаа үүрүүлж, ээждээ хөтлүүлж, цэцэг тэвэрсэн зургаан настнуудын инээмсэглэл цаанаа л нэг гэгээн. “Том” ангийнхан сургуулиа, ижилдэн дассан ангийнхнаа санасан уу гэлтэй гэгэлгэн инээд цацруулна. Багш нар сарнайн баглаанд “дарагдаж”, хүүгээ, охиноо гэсэн аав, ээжүүд ангиудын хаалга онголзуулна. Нэгдүгээр ангиудын ихэнх нь нэгдүгээр давхартаа байрладаг аж. Тэдгээр ангийн нэгнээс нь багш гарч ирлээ. Улмаар сургалтын менежертэй уулзаж “Харваас ихэр бололтой, хүү, охин манай ангид үймүүлээд байна. Нэрээ хэлдэггүй, цүнхээ тавьдаггүй, ангид уралдаж гүйгээд, юм асуухаад дуугарахгүй. “Би нэрээ мэдэхгүй” гэсэн аятай мөрөө хавчаад зугтаагаад байна. Надад байгаа нэрсийн жагсаалтын тоо гүйцсэн, ихрүүд өөр анги бололтой” гэв. Сургалтын менежер “үймүүлэгч” хоёрын учрыг хичээл тарахаар олъё гэв. Багш ангидаа буцаж оров. Коридорт “хоргодсон” аав, ээжүүд мөд ажилтай боллоо. Биеэ засах гэсэн хүүхдүүд ангиасаа бөөн бөөнөөр гарч ирэн, коридорт завсарлагаа болсон аятай хөл хөдөлгөөн, бужигнаан ихэслээ. Аав, ээжүүд тэднийг ариун цэврийн өрөө хүргэж, буцаад ангид нь оруулах үүрэг хүлээв. Энэ “завсарлагаа” 10 минутын зайтайгаар хэд хэд давтагдав. Нэг нь гарахаар үлдсэн хэд нь алба юм шиг дагана. Гэтэл аав, ээжийгээ харсан нэг хүү ангидаа буцаж орохоос татгалзлаа. Бүр цүнхээ бариад гараад ирэв. Аав, ээж нь гуйж, гувшиж “Өргөө” театрт кино үзүүлж, таван ширхэг тобот авч өгөх аман тохироо хийснээр хүү буцаж ангидаа орлоо. Улмаар аав ээж ангийн хаалга хаагдахтай зэрэгцээд нөгөө сошиалаар маазраад байсан шиг ачилтын машины жолооч аятай эргэж харахгүй “зугтаав”. Харин ээлжит “завсарлагаа”-наар гарч ирсэн нөгөө хүү аав, ээжийгээ хайж, бөөн уйлаан боллоо. Ангийн багш аргадаж, гуйж, инээж үзлээ, уйлахыг нь зогсоож чадсангүй. Зарим хариуцлагагүй аав, ээжүүд хүүхдээ сургуульд нь дэвтэр балгүй авчирчээ. Дэвтэргүй жаалуудад багш нь хуудас цаас, харандаа тараан өгч, хичээллүүлэв. Нэг сурагч “Багшаа өлсөөд байна. Харьчихаад маргааш ирье” гэв. Азаар “Үдийн цай”-ны цаг боллоо. Хичээлийн эхний өдөр учраас хүүхдүүд “Үдийн цай” өгдгийг мэдээгүй бололтой. Ихэнх нь аягагүй иржээ.
Энэ хичээлийн жилд 28 дугаар сургуульд 1-5 дугаар ангид 1600 гаруй хүүхэд суралцаж буй. Бага ангийн сургалтын менежер О.Цэцэгмаа “Нэгдүгээр ангид элсэхээр 407 хүүхэд системд бүртгэгдсэн. Үүний 70 орчим хувь нь батлагдсан. Өнөөдрийн байдлаар Е MONGOLIA цахим хуудсаар манай сургуульд сурахаа баталгаажуулсан хүүхдүүдийг бүртгэж, долоон бүлэгт хуваарилан, эрдмийн баяраа аз жаргалтайгаар эхлүүлээ. Нийт багш, сурагч, бяцхан шавь, ээж, аавуудад нь шинэ хичээлийн жилийн баярын мэнд хүргэе” хэмээлээ.
Нэгдүгээр ангийнхны хичээлийн шинэ жилийн анхны өдөр ийнхүү инээд хөөр, уйлаантай, дуулиантай өнгөрч, 10.30 цагт тарлаа. Бяцхан тэдний минь эрдэм номын богц нь амсар дүүрэн олзтой байг ээ. Нэгдүгээр ангид элсэн орсон бүх сурагчдадаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.