Нийслэлийн гэр хорооллын иргэд хогоо ангилан ялгах дадалд суралцаж байна. Уг дадлыг хэвшүүлэхийн тулд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарсан “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн хүрээнд гэр хорооллын 1000 айлын хашаанд хог ангилан ялгах зориулалтын сав байрлуулжээ. Үүнд Сонгинохайрхан дүүргийн II, III, Чингэлтэйн VII, XII хорооны айлуудыг хамруулсан аж. Түүнчлэн дээрх төслийн хүрээнд хог хаягдлыг ангилан тээвэрлэх зориулалт бүхий автомашинуудыг холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ. Өөрөөр хэлбэл, айлуудын ангилан ялгасан хогийг зориулалтын дагуу тээвэрлэж, дахин боловсруулах боломжтойг нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад нийлүүлдэг гэнэ. “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент” төслийн багийнхан мөн дүүрэг, хороодын холбогдох албаныхан, иргэдэд хог хаягдлыг хэрхэн ангилах, тэр нь ямар ач холбогдолтой талаарх сургалтуудыг цувралаар явуулж байгаа аж. Үүнд зөвхөн Сонгинохайрхан, Чингэлтэйнхэн бус, бусад дүүргийн иргэдийг ч хамруулдаг байна.