“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадам ОХУ-ын Владивосток хотод өнгөрсөн сарын 27-нд эхэлж, өнөөдөр өндөрлөж байна. Тус тэмцээнд Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо. Манай улсаас спортын таван төрөлд өрсөлдөхөөр 48 хүний бүрэлдэхүүнтэй баг хойд хөршийг зорьсон юм. Тэд жүдогийн төрөлд нэг мөнгө, хоёр хүрэл (Ш.Чилүгэн 46 кг, Л.Амар-Энх 70 кг, Ч.Төгөлдөр 50 кг), самбогоор хоёр хүрэл (О.Нандин-Эрдэнэ 47 кг, Б.Чинхүслэн 49 кг) медаль хүртжээ. Мөн кураш бөхийн төрөлд тус бүр нэг алт, мөнгө, хүрэл (Б.Батхүү 60 кг, У.Өсөх-Ирээдүй 50 кг, М.Нандин-Эрдэнэ 57 кг), масрестлингээр гурван хүрэл (Г.Эрдэнэхатан 60 кг, О.Жавхлан 70 кг, С.Заяа 80 кг) медаль өвөртөлсөн байна. Түүнчлэн усанд сэлэлтийн төрлийн өсвөрийн тамирчин Н.Хишигбаяр Монгол Улсын спортын дэд мастерын болзлыг хангасан амжилт гаргажээ. Ингээд нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл, нийт 11 медаль хүртэн, нэгдсэн дүнгээр 12 дугаар байр эзэллээ. Уг наадамд Ази тивийн 12 орон, ОХУ-ын найм, нийт 21 багийн 1355 тамирчин спортын 19 төрөлд 273 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Дараагийн VIII наадмыг хоёр жилийн дараа ОХУ-ын Саха улсад зохион байгуулахаар болжээ.
Самбо бөхийн төрөлд хүч үзсэн тамирчид