Сүүлийн өдрүүдэд дэлхийн нийтийн анхаарал 82 настай Нэнси Пелоси, түүний Тайваньд хийсэн айлчлалд төвлөрөв. Түүний хөлөглөсөн онгоцыг “Flightradar24” цахим хуудсаар дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс нэг зэрэг 2.92 сая гаруй хүн анхааралтай ажиглажээ. Мөн эл онгоц Тайбэйн нисэх буудалд хэрхэн газардахыг 708 мянга орчим хүн харсан байна. Энэ хоёр тоо “Flightradar24” цахим хуудас үйлчилгээ үзүүлсэн түүхэн дэх үнэмлэхүй дээд үзүүлэлт болжээ. Онгоц газардсаны дараа дэлхийн III дайн эхлээгүйд бараг л бөмбөрцөг даяар баярлав.
АНУ-ЫН ХАМГИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭГ
АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга олон түүхэн амжилтын эзэн. Н.Пелоси тус улсын түүхэн дэх Конгрессын доод танхимын даргаар сонгогдсон анхны эмэгтэй юм. Энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгчийн дараа орох гурав дахь чухал албан тушаал. Өөрөөр хэлбэл, Нэнси Пелоси нь Ерөнхийлөгч Дональд Трампын үед АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтай эмэгтэй болсон билээ.
Тэрбээр анх 1985 онд улс төрд хүч сорьжээ. Дараа нь Ардчилсан намын Үндэсний хорооны даргад нэрээ дэвшүүлсэн ч ялагдсан аж. 47 настайдаа тэрбээр анх удаа Конгресст сонгогдсон байна.
ХЯТАДЫН ЭРХ БАРИГЧИДТАЙ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨӨС ТООЦООТОЙ
Өнгөрсөн сарын 29-нд тэрбээр Азийн Япон, Өмнөд Солонгос, Малайз, Сингапур гэсэн орноор хийх аяллаа эхлүүлсэн. Тайвань эхлээд энэ аяллын маршрутад байгаагүй. Н.Пелоси өнгөрсөн дөрөвдүгээр сард Тайваньд айлчлахаар төлөвлөж байсан ч “Ковид-19”-өөр өвдсөний улмаас хойшлуулахаас өөр аргагүй болсон билээ. Харин дараа нь тэрбээр Тайваньд хонож магадгүй гэсэн мэдээлэл гарсан нь Хятадын дургүйцлийг хүргэсэн юм.
Ер нь Нэнси Пелоси болон Хятадын эрх баригчидтай олон жилийн өмнөөс тооцоотой. Америкийн улстөрчийг Бээжин найрсгаар хүлээн авдаггүй. “Politico” сонинд тэмдэглэснээр энэ “дайн” 1989 онд эхэлжээ. Тэр үед Хятадын Засгийн газар Бээжингийн Тяньаньмэний талбайд болсон, олон оюутныг хамарсан жагсаалыг хүчээр дарах шийдвэр гаргасан билээ. Хятадын эл үйлдлийг буруушаахыг Н.Пелоси АНУ-ын эрх баригчдад уриалжээ. Тэрбээр дараа нь гадаадад сурч байгаа хятад оюутнуудыг хамгаалах хуулийн төсөлд хориг тавьсан тухайн үеийн Ерөнхийлөгч том Жорж Буштэй зөрчилдсөн юм. Хоёр жилийн дараа Н.Пелоси Бээжинд очиж, Тяньаньмэний талбайд “Хятадад ардчиллын төлөө амиа алдсан хүмүүст” гэсэн бичээс бүхий зурагт хуудас дэлгэсэн байна.
Үүнээс гадна тэрбээр Хятадын эрх баригч Коммунист намыг шүүмжилсэн нийгмийн хөдөлгөөнүүдийг дэмжиж байв. 2008 онд Төвөдөд үүссэн эмх замбараагүй байдлыг дарсан Хятадыг шүүмжилснийхээ дараа дэлхий нийтэд тус улсын үйлдлийг буруушаахыг уриалжээ. Мөн тэрбээр Бээжингийн олимпыг бойкотлохыг дэмжсэн хүмүүсийн нэг байв.
Ташрамд дурдахад, Тайванийг улс хэмээн 17 орон хүлээн зөвшөөрч, бусад нь БНХАУ-ын нэг хэсэг гэж үздэг. Хятад улс Тайванийг өөрийн нэг хэсэг гэдэг. 1979 онд АНУ, Тайвань хоёр эдийн засаг, соёл, цэргийн харилцааг дэмжих тухай харилцааны баримт бичигт гарын үсэг зурав. АНУ Тайваньд батлан хамгаалах болон цэргийн тусламж үзүүлэхээ тэр үед амлажээ. Дэлхийн ихэнх оронд “нэг Хятад” зарчмыг дэмждэг бөгөөд түүний дагуу бол Тайвань, Хятад хоёр нэг улс гэж үздэг.
Н.Пелосийг Тайваньд очиж магадгүй гэж мэдэгдсэний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены засаг захиргаанд Хятад улс сэрэмжлүүлэг өгснийг “Financial times” сонин мэдээлэв. “Нэг Хятад” зарчмыг зөрчиж, “аюултай замаар явахгүй” байхыг Хятад улс АНУ-д уриалсан юм.
Тайвань тусгаар тогтнолоо зарлавал Бээжин дайн дэгдээхээс буцахгүй гэж Хятадын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ мэдэгджээ. Энэ бүх сүрдүүлгийг үл харгалзан энэ сарын 2-нд Нэнси Пелоси Тайваньд газардсан нь 1997 оноос хойш тус аралд хийсэн анхны айлчлал нь болов. Н.Пелосигийн айлчлалын хариуд Хятадын хийсэн үйлдэл таамагласнаас аядуу байсныг Цагаан ордон мэдэгдсэн.
ШИЙДЭМГИЙ УЛСТӨРЧ
- 2002 онд Иракт дайн дэгдээхийн эсрэг санал өгсөн. Гэвч 2013 онд Сирид химийн зэвсэг хэрэглэсний дараа тус улсад Барак Обамагийн засаг захиргаанд цохилт өгөхөд түлхэц болсон байна.
- Израил, Палестин хоорондын дайнд Израилын талд байсан. 2006 онд тэрбээр террорист гэж тодорхойлсон байгууллагуудыг хориглосон тогтоолыг дэмжсэн санал өгөв.
- Үр хөндөхийг хориглох хууль гаргах оролдлогыг эсэргүүцсэн.
- Буунд тавих хяналтыг эрс нэмэгдүүлэхийг дэмжжээ.
- 2020 онд “Трампад дайн зарласан эмэгтэй”-ээр тодорсон. Ерөнхийлөгч нь Конгресст жил тутам үг хэлдэг бөгөөд энэ үеэр тэрбээр мэндлэхээр гараа сунгасныг Д.Трамп хараагүй мэт дүр эсгэжээ. Хэдхэн цагийн дараа Н.Пелоси Д.Трампын хэлсэн үг бүхий хуудсыг уржээ. Д.Трампыг огцруулах ажиллагааг санаачлагчдын нэг нь Н.Пелоси байв.
- 2022 оны хавар тэрбээр Украинд очиж, Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсан байна.
АЙЛЫН ГАНЦ ОХИН
Балтимор хотод Италиас ирсэн цагаачдын гэр бүлд тэрбээр 1940 оны гуравдугаар сард мэндэлжээ. Долоон хүүхэдтэй айлын хамгийн бага бөгөөд ганц охин байв.
Хүүхэд нас нь улстөрчдийн хажууд өнгөрчээ. Түүний аав АНУ-ын Конгресст найман жил Мэрилэнд муж улсын нэг дүүргийг төлөөлсөн, 1947-1959 онд Балтимор хотын даргаар ажиллаж байв. Тиймээс ганц охиноо сонгуулийн хурал, цуглаанд байнга авч явдаг байсан аж. Нэнси өдрийн тэмдэглэлдээ аавдаа тусалсан улстөрч, бизнесменүүдийг бичих онцгой даалгавартай байсан гэнэ.
Тэрбээр 1961 онд Вашингтон дахь католик шашны “Ариун гурвал” коллежид бакалаврын зэрэг хамгаалсан. 1963 оны есдүгээр сард бизнесмен Пол Пелоситэй гэрлэсэн бөгөөд тэд дөрвөн охин, нэг хүүтэй. Өдгөө есөн ач, зээтэй болсон байна. Ирэх жил Пелосигийн гэр бүл хуримын 60 жилийн ойгоо тэмдэглэнэ.
Нэнси Пелосигийн охин Кристин нэгэн ярилцлагадаа бага насны дурсамжаасаа өгүүлэхдээ ээж нь Черийн дуун дээр гал тогоогоо тойрон үргэлж бүжиглэж байсныг дурсжээ. Мөн түүний албан өрөөнд үргэлж “Ghirardel¬li” брэндийн шоколад байдаг гэнэ. Тэрбээр бас шоколадтай зайрмаггүйгээр амьдарч чадахгүй нэгэн. Тэрчлэн Нэнси үгийн сүлжээний шүтэн бишрэгч, тухайлбал, “New York times” сонинд нийтлэгдсэнийг нь бөглөх их дуртай. Тус сонины үгийн сүлжээг бөглөхөд маш хэцүү гэдэг аж.