-Зургаан жилийн дараа Монголдоо иржээ. Улаанбаатар өөрчлөгдөж үү?
-Өөрчлөгджээ. Өндөр байшингууд нэмэгдэж, цахим үйлчилгээ нэлээд нэвтрүүлжээ. Гадаадын жуулчид олноор ирсэн байна. Хүмүүс тайван амгалан аж төрж буй нь гоё санагдаж байна.
-Тавдугаар сарын 28, 29-нд ХБНГУ-д болсон морин хуурын анхдугаар наадамд түрүүлснийг нь мэдээд, ирэнгүүт нь ярилцах юм шүү гэж бодож байлаа. Гэтэл сураг алдарчихсан.
-Европт анх удаа ирснийх, газар үзье гээд Герман, Франц, Швед, Чех, Туркээр аялж байгаад наашилсан юм.
-Аль улс илүү таалагдав?
-Франц гоё юм байна. Түүхэн, дурсгалт газар олонтой, үзэх юм ихтэй юм билээ. Дараа тухтай очмоор санагдсан.
-Уралдааны тухай ярья. Ямар зохиолууд тоглосон бэ?
-Нэгдүгээр шатанд монгол ардын бэсрэг уртын дуу “Жаахан шарга”, Францын хөгжмийн алдарт зохиолч В.Монтийн “Чардаш” гэдэг сонгодог зохиол, харин хоёрдугаар шатанд ардын дуу “Цонхон дээр суусан ялаа”-г Ардын жүжигчин С.Гончигсумлаагийн найруулгаар тоглосон.
-Та хэзээнээс морин хуур тоглосон бэ?
-Дунд сургуулийн бага ангид сурч байх үеэсээ эхэлсэн. Уг нь төгөлдөр хуурын дугуйланд явдаг байсан юм. Гэтэл манай ангийн доод давхарт байдаг морин хуурын сургалтын төв сонирхол татаад болдоггүй. Миний өвөө гэртээ хуур тоглодог болохоор тэр юм уу, нэг л дотно санагдаад байсан. Тэгэхээр нь төгөлдөр хуурын Л.Халиунсүрэн багшдаа хэлээд морин хуурын сургалтын “Хан хуур” төвд хичээллэдэг болсон юм. Ц.Батгэрэл багшийнхаа удирдлагад нэлээд олон жил суралцаж, уралдаануудад ч хэд хэдэн удаа оролцсон. 2016 онд аав, ээж, дүү гуравтайгаа амьдрахаар Америк руу явсан. Очоод Хатанболд багшийнхаа шавь болсон. СУИС-ийг морин хуурч мэргэжлээр төгссөн, Соёлын тэргүүний ажилтан цолтой багш бий. Төгөлдөр хуур, морин хуур, ятга заадаг сургалтын төвтэй.
-Өвөө нь морин хуур сонирхдог байх нь ээ?
-Өвөө залуудаа морин хуур, ёочин тоглодог байсан юм билээ. Хөгжим бүжгийн дунд сургуульд Ардын жүжигчин Г.Жамъян багшийн шавь байсан гэсэн. Яагаад ч юм МУИС-ийн эдийн засгийн ангид шилжиж суралцаад, санхүүч болсон гэдэг. Мэргэжлийн суурьтай болохоор хөгжмөө бүр орхиогүй. Урлагт, үндэсний хөгжимд их хайртай. Нэг удаа өвөө гэртээ хуураа татахад би ихэд сонирхож, оролдож үзтэл болмоор санагдсан л даа. Тэр мөчөөс ер нь хуур тоглодог хүн болбол ямар вэ гэсэн бодол төрсөн юм.
-Америкт болсон морин хуурын анхдугаар болон хоёр дахь наадамд оролцсон тухайгаа сонирхуулж яриач.
-Аль аль нь амьдралдаа хэзээ ч мартахааргүй үйл явдал. Тайзан дээр тоглох, уралдах, шагнал авах гэхээс илүүтэй Монголынхоо нэртэй морин хуурчидтай уулзах, яриа хөөрөөг нь сонсох, зөвлөгөө авах нь миний хувьд хамгийн гоё байсан. Хоёрдугаар наадмаар гран при шагнал хүртэхэд тэнд аав, ээж хоёр, энд өвөө, эмээ, ах, эгч нар гээд гэр бүлийнхэн минь маш их баярласан. Ялангуяа өвөөгийн сэтгэл өндөр байсан болов уу гэж бодохоор сайхан санагдсан.
-Одоо бараг мэргэжлийн түвшинд тоглож байна уу?
-Арай хүрэхгүй ээ. Юм юм дутна л даа. Гэхдээ өөрийгөө гололгүй, улам хичээгээд, мэргэжлийн морин хуурчдын тоглодог томоохон зохиолууд, тухайлбал, хөгжмийн зохиолчдын морин хуур, найрал хөгжимд зориулж бичсэн концертуудыг шат дараалалтайгаар тоглоё гэж бодож байгаа. Ер нь зорьчихсон. Эхний ээлжид сургуулиа амжилттай төгсөх хэрэгтэй. Дараа нь тухтай сууна гэж бодож байгаа.
-Морин хуур тоглохын сайхан нь юунд оршдог вэ?
-Зохиолуудыг тоглож эгшиглүүлэх нь юу юунаас илүү гоё. Чадахгүйгээ чадах, оролдсоор байгаад ард нь гарах бас таалагддаг. Хөгжим тоглоход нэг л тайван, өөрийнхөөрөө байдаг.
-Хөгжмийн системтэй сургалтаар зөвхөн хөгжим бус, өөр олон зүйлийг сурдаг гэж ярьдаг. Өөр юу юу сурах боломжтой вэ?
-Өөрийнхөө жишээн дээр ярихад их сургуульд олон хичээл үзэхийн зэрэгцээ морин хуурт зориулсан шинэ шинэ зохиол сурах хэрэгтэй болдог учраас цагийг маш сайн зохион байгуулах шаардлага гардаг. Аль алийг нь цалгардуулбал юу ч үгүй хоцрох байх. Тэгэхээр нэг эхэлсэн бол дуусгах, зорьсноо хугацаанд нь заавал биелүүлэхийг эрмэлзэх зэрэг чанар бүрэлддэг юм болов уу. Би өөрийгөө хөгжмийн сургалт болон гэр бүлийн хүмүүжлийн нөлөөгөөр энэ талд гайгүй гэж боддог (инээв). Манай Ц.Батгэрэл багш цаг сайн баримталдаг. Тэр зарчмаар нь шавь нар нь цаг, заваа зохицуулж сурсан байдаг.
-Америк гэдэг өндөр хөгжилтэй оронд амьдрахын давуу тал бий юү?
-Англи хэлний бэлтгэлгүй оччихсон болохоор эхэндээ хэцүү байсан. Удалгүй орчиндоо дасаад, хүмүүстэй харилцаж чаддаг болоод ирэхэд аливааг арай өөр өнцгөөс харж эхэлсэн. Өмнө нь ер нь ямар нэгэн зүйл бүтэхгүй байлаа гэхэд болохгүй орхиё гэж боддог байлаа. Харин одоо бүтэх ёстой, өөрөөр оролдоод үзье гэдэг болсон. Аливаад гарц, боломж байх ёстой, гагцхүү олох ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг.
-Санхүү, эдийн засгийн чиглэлийн, мөн мэдээллийн технологийн ч мэргэжилтэй болох юм байна. Тэгэхээр ирээдүйд хийх ажлынхаа талаар ямар төсөөлөлтэй байна вэ?
-Арваннэгдүгээр ангид байхад янз бүрийн коин анх гарч ирсэн. Тэр үед энэ талаар сонирхож байлаа. Гэтэл яг мэргэжил сонгох болохдоо ирээдүйтэй нь аль вэ гэж өөрөөсөө асуугаад, санхүүч болъё гэж шийдсэн юм. Дэлхийн банканд ажиллах мөрөөдөлтэй. Тэнд ажил хэрхэн өрнөдөг, олон улсын мөнгө, санхүү гэж чухам юу болохыг мэдэх хүсэлтэй. Ахлах сургуульд байхад сайн дурын ажлын шугамаар Дэлхийн банканд хөл тавих боломж олдсон л доо. Тийшээ орж үзмээр санагдаад, хүмүүсийн хандивласан номуудыг хөгжил буурай улс орнууд руу хуваарилж илгээх ажил хийх боломж олдохоор нь саналаа өгөөд орсон. Тэр байшин дотор ийш тийш нэлээд явж үзэхэд ажиллаж буй хүмүүс нь их завгүй юм шиг мөртлөө дор бүрнээ тайван харагддаг байлаа. Энэ хүмүүс олон улсын гэж тодотгох их хэмжээний мөнгөний учрыг чухам яаж олж ажилладаг юм бол гэсэн бодол намайг одоо ч хөтөлдөг.
-Алсын зорилготой залуу юм аа. Өндөр түвшний мэргэжилтэн болсон ч морин хуураа орхихгүй бололтой.
-Хэзээ ч орхихгүй. Тоглосоор байх болно. Би өнгөрсөн дөрөвдүгээр сард уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийсэн. Багаасаа тоглосных, юу чаддагаа дүгнэе гэж бодсон юм. Амжилттай боллоо гэж олон хүн хэлж, баяр хүргэсэн.
-Өөрт тань амжилттай болсон санагдсан уу?
-Тэгэлгүй яах вэ. Хамгийн сүүлчийн зохиолоо тоглож, ёсолсныхоо дараа зөндөө уйлсан. Амьдралдаа уйлж байгаагүйгээрээ нулимс гоожуулсан. Удаан бэлтгэсэн, санаа зовсон болохоор ямартаа ч зорьсондоо хүрч, ард нь гарсан болохоор тэгсэн үү, уйлаад л байлаа. Манай гэрийнхэн бас усан нүдэлсэн байна лээ. Манайхан намайг сайн байгаасай гэж бодсон. Тайз засалтаас авхуулаад, дээл, хувцас нь ч гоё байх ёстой гэж үзсэн тул бүгд хичээж тусалсан юм. Би гэрийнхэндээ, ах, эгч нартаа бүгдэд нь маш их баярласан. Мэргэжлийн багш Хатанболд, төгөлдөр хуурч Х.Мөнхбайгаль багш болон үндэсний хөгжмийн “Анура мюзик” хамтлагийнхандаа талархсан. Концертын танхим 190 суудалтай. Гэтэл бараг 250 үзэгч цуглан, зарим нь босоогоороо сонссон. “Нутгийн аяз” гэж нэрлэсэн тоглолтын хөтөлбөрөө 17 номероос бүрдүүлсэн юм. Чикагогоос их хуурч Г.Эрдэнэбаяр ирж дэмжсэн гээд дурдаад байвал сонин сайхан ихтэй тоглолт болсон.
-Баяр хүргэе. Дараагийн бие даасан тоглолтоо хэзээ хийх бол?
-Одоогоор төлөвлөөгүй байна. Сургуулиа төгсөж байгаад бодно оо. Надад бас нэг хүсэл, зорилго байдаг. Би “Golden key” гээд хөгжмийн олон улсын уралдаанд хоёр жил дараалан түрүүлж “Карнеги холл”-д тоглолтоо хийх урилгаар шагнуулсан ч цар тахлаас болоод боломжийг ашиглаж чадаагүй. Гэсэн ч дахин оролдож үзнэ. Тэр алдартай танхимд тоглохын төлөө улам сайн давтана аа.