Нийслэлийн төв хэсэг, ДБЭТ-ын зүүнтээх хананд нэрт соён гэгээрүүлэгч Б.Ринченгийн “Монгол хэл” шүлгийг калиграфит хэмээх төрлөөр буулгажээ. Уран бүтээлийн нэрээ Ochirone гэж тодотгосон зураач уг бүтээлийг хийсэн аж. Тэрбээр графит буюу гудамжин дахь хана болон бусад гадаргууд зураг зурах чиглэлээр бүтээлүүд туурвидаг юм байна. Калиграф буюу уран бичлэгийг графиттай хослуулсан арга барил, техникээр тэрбээр уг шүлгийг хананд урлажээ. Энэ нь түүний олон нийтэд зориулсан сайн дурын ажил гэнэ. Хаа яваа газартаа зурж, бичихэд тохиромжтой хана хайж явдаг тэрбээр энэхүү гадаргууг олмогцоо ДБЭТ-ын захиргаанд хандахад зөвшөөрсөн аж.
Ochirone нь монгол хэл, бичгээ дээдэлдэг, төрөлх босоо бичгээ бүрэн эзэмшихийг залууст уриалж явдаг нэгэн юм байна. Улаанбаатарт төрж, өссөн тэрбээр уран бүтээлийн судалгаа байнга хийж, сүүлийн дөрвөн жил орон нутгаар аялжээ. Үр дүнд нь монголчуудад их хэрэгтэй хэрнээ дутагдаж буй зүйл бол монголоороо зөв сайхан ярих, бичих үйл болжээ гэдгийг ойлгосон байна. Ингээд уран бичих урлагийг графиттай хослуулан калиграфит хэмээх төрөл бий болгосон нь энэ аж. Ochirone өнгөрсөн арванхоёрдугаар сард хувцас урлалын “Grandmaster” брэндтэй хамтарч “Сүнсээ хамгаалж яваарай” хэмээх загварын коллекцоор үзүүлэх тоглолт хийсэн бол удахгүй бие даасан уран бүтээлээ толилуулахаар бэлтгэж буй гэнэ.