АНУ-ын Нью-Йорк дахь Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг, Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой наадам болж өндөрлөв. Тус наадамд Монголоос найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино оролцож, шилдгээр шалгарчээ. Ж.Сэнгэдорж “Монголд өмнө нь хөндөж байгаагүй, тэр бүр дэлгэдэггүй сэдэв учир үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэж түгшсэн. Киногоо гаргаснаас хойш сэтгэлдээ зөрчилдөөд л явлаа. Харин олон улсын наадамд туналаа гэдгийг сонсоод би зөв зам дээрээ зогсож байна гэж бодсон” хэмээв. Ташрамд дурдахад, “Худалдагч охин” кино өнгөрсөн гуравдугаар сард Японы Осака хотод Азийн олон улсын 17 дахь удаагийн кино наадмын гран при шагналын төлөө шилдэг 15 бүтээлтэй өрсөлдсөн. Тус киноны гол дүрд тоглосон Б.Баярцэцэг наадмын шилдэг эмэгтэй дүрийн эзнээр шалгарч байв.