-Өдгөө 80 нас хүрэх гэж буй таны туулсан амьдрал баялаг, гаргасан амжилт ч арвин юм. Пауэрлифтингийн багш гэдгээр алдаршсан танаас гимнастиктай холбоотой үеийн талаар асуухгүй бол болохгүй санагдлаа. Хэзээнээс энэ спорттой нөхөрлөсөн юм бэ?
-Багадаа юм юм сонирхох нь бүхий л хүүхдийн зан биз дээ. Сургуульд байхаас эхэлж ярих болох нь дээ. Би 1943 онд Булган аймгийн Орхон сумын нутагт төрсөн юм. 1953 онд аймгийнхаа арван жилийн сургуулийн нэгдүгээр ангид орсон. Сургуульд байхдаа спартакиадын үндэсний бөхийн төрөлд аварга болсон гэж байгаа. Аравдугаар ангиа төгсмөгцөө Биеийн тамирын дээд сургуульд элссэн. Тэр жил сургууль маань одоогийн Спортын төв ордонд төвхнөж, 120 хүүхэд элсүүлж, гурван анги нээсэн л дээ. Спортын төрлүүд дөнгөж хөгжиж эхэлж байсан үе. Ордонд чөлөөт бөх, хөнгөн атлетик, сагсан болон гар бөмбөгийн зэрэг төрлийн улсын шигшээ багийн тамирчид бас байрлаж, бэлтгэл хийдэг байсан юм. Ангийнхаа барилддаг найзтайгаа хамт чөлөөт бөхийн секцэд явж эхэлтэл босоо барилдаануудад дажгүй хэрнээ хэвтээд нь явдаггүй ээ. Тэгэхээр нь хоёулаа ярьж, зөвшилцөөд хөнгөн атлетикийн секцэд орлоо. Улсын шигшээгийн Алданыш, Амарсанаа нарын, 1964 оны олимпод бэлтгэж байсан тамирчид хичээллэж байлаа. Тэдэнтэй хамт хотын хойд хэсгээр Цагаан даваа, Далан давхраар кросст гүйнэ ээ. Нэг жил гүйлээ, бие хаа сайхан цэгцрээд ирсэн. Нэгдүгээр курсээ төгсөж, амраад, намар хичээлдээ иртэл сургуулиас үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна гэж байна. Ороод явчихлаа, гуравдугаар байр эзэллээ. Удалгүй хүндийг өргөлтийн тэмцээн болоход бас л оролцлоо. 60 кг-д сургуулийн аварга болсон учраас сургуулийн шигшээ багийн гишүүн болов. Тэр үед бүх дээд сургууль УАШТ-д бие дааж оролцдог байсан юм. Гэтэл бас гимнастик сонирхоод. Улсын шигшээ багийнхны бэлтгэл хийхийг харсаар байгаад, системтэй хичээллэмээр санагдаад секцэд нь орчихсон. Эрэгтэйчүүд зургаа, эмэгтэйчүүд дөрвөн хэрэглэл дээр бэлтгэл хийдэг байлаа. Шигшээгийнхэн олон улсын тэмцээнтэй гээд, зунжин сургуулилалттай байлаа л даа. Би хөдөөний хүүхэд, гэртээ харих гэх биш, тэдэнтэй хамт, заримдаа хөөгдөсхийж бэлтгэсээр байгаад нэлээд гайгүй болсон юм. Намар гэхэд сургуулийнхаа гимнастикийн шигшээ багийн тамирчин болсон байлаа. Бас болоогүй секц ч удирддаг боллоо.
-Богино хугацаанд сайн суралцжээ?
-Дуртай болохоор зүтгэлтэй байлаа. 1967 оны намар дэд мастер болсон. Төгстөл намайг сургуульд багшаар үлдээчихэв. Түүнээс хойш өөрөө ч тэмцээнд оролцож, оюутнуудаа ч бэлтгэдэг болсон юм. УАШТ хоёр жилд нэг удаа, хотын АШТ жил бүр болдог учраас ажил ихтэй. Спортын мастерын болзлыг 1970, 1971 онд хоёр удаа биелүүлж байж уг цол хүрсэн. Тэр үед ийм дүрэмтэй байсан юм. Биеийн тамирын мэргэжлийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байхдаа болон түүнээс хойш 1979 он хүртэл сургуулийнхаа МХЗЭ-ийн хорооны даргаар хавсарч ажилладаг байлаа. Тэр үед НАХЯ-ны Хуулийн дунд сургууль нь Цэргийн дээд сургууль болоход бусад дээд сургуулиас багш, тэнхимийн эрхлэгч ажилд урьсан. Тэр сургуулиас ирсэн багш тэнхимийн эрхлэгчийн хувиар надтай уулзаад, “Танайхаас гурван багш авах ёстой юм. Нэрийг нь өгөөч” гэхэд нь өглөө. Тэгсэн удалгүй өнөөх нөхөр ирснээ “Таны нэр заасан багш нар судалгаанд тэнцэхгүй байна” гээд, өөрийг минь авъя гэдэг юм байна. Тэгэхээр нь эргэлзсэнгүй “Цэргийн хүн болоход яах вэ дээ” гэж бодоод зөвшөөрлөө. Ингээд 1982 оны намар сургуулийнхаа нийгмийн ухааны багш, дэд эрдэмтэн Сайнхишигтэй хамт Цэргийн дээд сургуульд ажиллахаар очсон. Тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан тул шинээр байгуулсан дээд сургуулийн сургалтын төлөвлөгөөнөөс авхуулаад бүхий л зүйлийг боловсруулах ажилд томилогдсон юм. Очиход ахмад, ирэх оных нь долдугаар сард хошууч цол өгсөн бол таван жилийн дараа дэд хурандаа болгож байв. Тэндээ 1992 он хүртэл ажилласан. Тэгж байтал ардын эмчилгээний курст явмаар санагдлаа.
-Таны сонирхол үнэхээр олон талтай юм.
-Харин тийм ээ. Сургуульдаа энэ тухайгаа хэлж, чөлөө авлаа. Биоэнергиэр эмчилдэг арга заалгаж байх үедээ буюу хавар, тавдугаар сарын 24-нд Эмнэлэг гэгээрлийн ордноос Туул гол хүртэл гүйж очоод шууд усанд орсон юм. Үүний дараа бие сүрхий өвдлөө. Тэгэхэд эхнэр 10 сая пенициллин, хоёр сая дециллинээр тарихад гайгүй болсон. Түүнээс хойш удалгүй хүүхдийнхээ урилгаар Швейцарт очоод, улс орны хөгжилтэй танилцаад сайхан байж байтал нэг шөнө ухаан алдаад уначихсан. Эмч нар оношлоод нугасны өвчин гэлээ. Тэр нь ардын уламжлалт анагаахын үүднээс авч үзэхэд усны хор өвчин юм санж. Хавар, намар морийг хөлсийг нь даралгүй услахад усны хордлогод ордогтой адил юм. Жилбэн гэж ярьдаг шүү дээ. Жилбэнтсэн адууны үе мөч хавдаж, идээ гоожсоор байгаад үхдэг гэдэг. Хаана, хаанаа мэдэж байвал зохих ийм аюултай юмтай таарсан шүү. Швейцар эмч нар сайн оношилж, 84 хоног эмчилж эдгээсэн. Эх орондоо ирсэн хойноо ч таван сарын турш эм уусан. Сүрхий лацадсан эмнэлгийн магадлагаа өгснийг нь авчраад, сургуулийн захиргаанд өгтөл цэргийн албанд тэнцэхгүй хүн байна гээд ажлаас халчихав. Группт орлоо. Тэр үед Багшийн дээд сургуулиас Гимнастикийн тэнхимийн эрхлэгчээр ажилла гэснээр буцаад хамт олон дундаа ирсэн түүхтэй. Бие дааж бодибилдингийн дасгал хийсээр байгаад жилийн дараа гэхэд цоо эрүүл болсон. Биеийн хөгжил ч тэгшрээд ирсэн. Ингээд ажлаа урам зоригтой үргэлжлүүлэн хийлээ. Хичээлээ 2004 он хүртэл заасан.
-Тэгэхээр пауэрлифтингээр хэзээнээс хичээллэж эхэлсэн гэсэн үг вэ?
-Пауэрлифтинг бол бие бялдар хөгжүүлэх урлаг, дасгал. Спортын төрлүүдээр дөчөөс дээш насныхны дунд ахмад тамирчдын тэмцээн зохион байгуулдаг болсон үеэс хүндийг өргөлт, пауэрлифтингийг сонгож хичээллэх болсон юм. Гимнастикаар ахмадын аварга шалгаруулах тэмцээн явуулах боломжгүй юм чинь. Хүндийн өргөлтийн ахмад тамирчид жил бүр энэ төрлөөрөө тэмцээн зохион байгуулахад нь би оролцдог байлаа. 1999 онд юм байна. Хүндийг өргөлтийнхөн пауэрлифтингээр тэмцэлдлээ. Би бас л оролцлоо. Өрсөлдөгчтэйгөө адил жин өргөтөл, хөнгөн жинтэй тамирчин нь түрүүлдэг дүрэм ёсоор нөгөө залуу алт, би мөнгөн медаль авсан. Дараа жил нь дахиад тэр тэмцээнд ороход би хүнд жингийнхэнтэй өрсөлдөх болдог юм байна. Гэсэн ч нийлбэрээр 405 кг өргөж, бүгдийг нь ялж, алтан медаль авсан. Түүнээс хойш хүндийг өргөлтийнхөн маань паэурлифтингийн төрлөөр ахмадын тэмцээн зохион байгуулахаа больчихсон. Зөвхөн хүндийг өргөлтөөрөө л хийдэг болсон.
-Тэгэхээр та гимнастикийн багш байхаас эхлээд пауэрлифтингийн хичээл давхар зааж ирсэн юм байна. Одоо ч гэсэн секц ажиллуулдаг гэсэн үү?
-Тийм ээ. Энэ танхимыг түрээсэлж ажиллуулдаг юм. Биеийн тамирын дээд сургуулийн янз бүрийн тэнхимд суралцдаг оюутнууд хичээллэдэг. Бие бялдраа хөгжүүлье, жингээ хасъя гэсэн сонирхогчид ч явдаг.
-Таны биеийн байдал, царайг харахад 80 нас хүрэх гэж байгаа гэхээргүй залуу хүн шиг юм. Энэ нь спортоор хичээллэдгийнх үү?
-Ах нь цагаан хоолтон. 1999 оноос хойш ийм дэглэмээр амьдарч байна.
-Хүчний спортоор хичээллэдэг тамирчинд цагаан хоол таардаг юм уу?
-Таарна. Харин ч бие хөнгөн, сэтгэл санаа сайхан байдаг. Яагаад гэвэл стресс байдаггүй. Би бясалгал сонирхоод, Чин Хай багшийн шавь болж, амьтан алахгүй, худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, самуун явахгүй, хортон бүгдийг тэвчинэ гэж таван сахил сахисан юм. 2006 онд Тайланд руу манай улсаас 250-иад хүн олон улсын даяанд оролцохоор явахад бид гэр бүлээрээ явсан. 2007 онд Тайваньд болоход нь бас очсон. Ингэснээр эхэлж дөхөм, дараа нь авшиг авч бясалгагч болсон доо. Тэгэхэд аяндаа цагаан хоолтон болдог юм билээ.
-Ийм олон жил цагаан хоол идэхэд хааяа ч гэсэн мах идэх сэн гэж бодогдох уу?
-Үгүй. Организм дасан зохицдог юм байна.
-Цагаан хоол хэр элбэг вэ?
-Элбэг. Юу л иднэ гэнэ, гурил, будаа, самар, жимс, ногоо бүгд байдаг. Манай улсад одоогоос 20-иод жилийнхийг бодвол нэр, төрөл бүрээрээ байдаг болсон. Түрүүнд дурдсан олон улсын даяанд явсан хүмүүсийн зарим нь энэ төрлийн хүнсний бизнес сонирхож, үйл ажиллагаа явуулж эхэлснээр өнөөдөр цагаан хоолтнуудад хэрэгцээтэй бүхий л хүнсээр хангаж байна. Шар буурцгийн махны хиам хүртэл байдаг болсон.
-Танай гэр бүлийнхэн бүгд цагаан хоолтон гэлээ. Хүүхдүүд, бас ач, зээ нар ч гэсэн үү?
-Тийм ээ. Мах идэхгүй, архи уухгүй бол уур гэж байдаггүй. Тиймээс стресс үүсдэггүй. Мах идэхийн цаана амьтан алахтай холбоотой хар энерги байдаг юм.