Дэлхий дахины анхаарал Украин руу хандчихаад байхад ертөнцийн нөгөө өнцөгт, Зүүн Европоос 7000 километр зайд Умард Солонгос гээч улс цөмийн пуужингийн хөтөлбөрөө ахиулах гээд завгүй. Энэ он гарснаас хойш тус улс хэдэн арван пуужин харвачихаад, цөмийн зэвсэг турших талбайгаа сэргээх ажилд ханцуй шамлан орлоо. Пёньян долоо дахь буюу 2017 оноос хойших эхний цөмийн зэвсгийн туршилтаа хэзээ мөдгүй хийх нь хэмээн Вашингтон, Сөүл түгшиж байна. “Пёньян цөмийн зэвсэг турших бэлтгэлээ хангачихлаа” гэх сэтгэл цочоосон үгийг Умард Солонгосын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай элч Сун Ким аль зургадугаар сарын 8-нд олны сонорт хүргэв. Энэ дүгнэлттэй Сөүл санал нэг байгаа. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Чиний үзэж буйгаар Умард Солонгос цөмийн туршилт хийхэд ердөө удирдагч Ким Жөн Уных нь улс төрийн шийдвэр л хүлээгдэж байгаа аж. Умард Солонгос зургадугаар сарын 5-нд Япон тэнгис рүү ойрын тусгалтай найман пуужин харван, өмнөх дээд амжилтаа эвдэж, АНУ, Өмнөд Солонгос, Японы бухимдлыг ихээхэн төрүүлсэн юм. БНАСАУ 2019 онд 25 пуужин харвасан үзүүлэлтээ энэ онд давуулчихаад байна.
АНУ-тай харилцаа нь ид ширүүсээд байсан 2017 онд Умард Солонгос сүүлчийн удаа цөмийн пуужин туршаад байсан юм. Тухайн үед сэтгүүлчид, ажиглагчид эдний хооронд цэргийн зөрчилдөөн гарах нь гэж эргэлзэлгүй хэлэх хэмжээнд хүртэл байдал хурцадсан. Тухайн үед Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп Умард Солонгос байсхийгээд л пуужин туршаад байгаад тохуутай хандаж, удирдагч Кимийг нь “хүн-пуужин” гэж нэрлэхэд Пёньяны залуу удирдагч мөчөөгөө өгөлгүй Номхон далайн Гуам арал дахь Америкийн цэргийн баазад цохилт өгнө хэмээн “зөнөсөн өвгөн”-д заналхийлж байв. Гэлээ ч тааварлахад бэрх араншинтай хоёр удирдагч 2018 онд яриа хөөрөө хийхээр шийдэж, дөрөвдүгээр сард нь БНАСАУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт түүхэнд анх удаа Сингапурт болсон билээ. Умард Солонгосын удирдагч цөмийн зэвсгийн туршилт хийх, тив хоорондын баллистик пуужин харвахаас сайн дураараа татгалзсан. Нэг жилийн дараа 2019 оны хоёрдугаар сард Ким, Трамп нар хоёр дахь удаагаа уулзсан ч яриа хэлэлцээр хүссэн үр дүнд хүрээгүй. Тэгэхэд Америкийн Ерөнхийлөгч Умард Солонгосын анд нөхрөө (Трамп өөрөө ийн дотночилсон) урамшуулахыг хичээсэн байдаг. Бүтэл муутай өндөрлөсөн дээд хэмжээний энэ уулзалтаас хэдэн сарын дараа Трамп хоёр Солонгосын хилийг зорьж, цэрэггүй бүсийг алхан, богино хугацаанд ч гэлээ БНАСАУ-д зочилсон АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон билээ. Трампын бэлгэдлийн чанартай дохиог Ким зохих ёсоор үнэлж, хэлэлцээрийн явцад сэтгэл дундуур байсан ч цөмийн зэвсэг туршихгүй, тив хоорондын баллистик пуужин харвахгүй байх амлалтаа биелүүлэв. Гэвч тухайн үедээ хамгийн олон (25) пуужин харвасан юм. Цар тахал дэгдсэнээр Вашингтон, Пёньян хоёр замаасаа аргагүй хазайхад хүрсэн. Улмаар мухардмал байдалд орсон хэлэлцээр, төрийн эрхэд Жо Байден гарч ирсэн зэргээс шалтгаалан Трампын үед харилцаанд гарсан ахиц дэвшил тэр чигтээ арчигдсан. Ливи үй олноор хөнөөх зэвсгээс өөрийн дураар татгалзсан ч АНУ тус улс руу дайран орж, Муаммар Каддафигийн үед хүрсэн тохиролцоогоо уландаа гишгэхэд саад болоогүйг Пёньян яахан мартах билээ.
“Цөмийн зэвсгээсээ татгалзахгүй бол ямар ч яриа хэлэлцээр хийхгүй” гэх Цагаан ордны шинэ эзний муйхар тулгалт Умард Солонгосын санаанд нийцсэнгүй. Энэ цар тахал ч БНАСАУ-ын эдийн засагт хүчтэй цохилт өглөө. Тэртэй, тэргүй олон улсын хоригоос болж гадаад ертөнцөөс тусгаарлагдчихаад байсан Умард Солонгосын хатуу хорио цээрийн дэглэм нь томоохон түнш Хятадтай хүртэл худалдаагаа зогсооход хүргэв. Харин энэ бүхэн цөмийн зэвсгийн болон пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд нь Кимд саад болсонгүй. 2020 онд болсон цэргийн ёслолын жагсаал дээр тэрбээр тив хоорондын “Хвасон-17” гэдэг 80-110 тонн жинтэй, бүслүүрээрээ 2.5 метр баллистик пуужингаа дэлхий дахинд анх харуулсан. Энэ пуужингийн овор, жин шинжээчдийн анхаарлыг сүрхий татсан юм. Мэргэжилтнүүд “ер бусын” гэж нэрлэх болсон уг пуужинг 2022 оны гуравдугаар сард амжилттай туршиж, Ким өөрийн тавьсан хоригийг зөрчив. АНУ-ын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт цохилт өгч чадах зэвсэг Умард Солонгосын нөөцөд бий боллоо. Үүнээс өмнө нэгдүгээр сард Пёньян дуунаас хурдан пуужин туршив. Ийм зэвсгийг ашиглах, “барьж авахад” хэцүү. Умард Солонгосын их бууны сургалт бас анхаарал татахгүй байхын аргагүй. Хоёр Солонгосын хил дээрх зэвсэггүй бүсээс ердөө 50 километр зайд Сөүл хот оршдог юм. Шаардлагатай гэж үзвэл Умард Солонгос дайсандаа цөмийн зэвсгээр “анхааруулах” цохилт өгөхөд бэлэн гэж Ким Жөн Ун тавдугаар сард сэрэмжлүүлсэн.
2018 онд зарим хэсгийг нь ашиглалтаас гаргасан, Пунгери дэх цөмийн зэвсгийн туршилтын талбай дээрээ бэлтгэл ажлыг 2020 оны хавраас Пёньян идэвхтэй хийж байна. Тухайн үед цөмийн зэвсгээс татгалзаж буйнхаа нотолгоо болгож БНАСАУ газар дор туршилт хийхдээ ашиглаж байсан хонгил руу орох хаалгыг дэлбэлж, АНУ, Британи, Өмнөд Солонгос, Хятад, Оросын сэтгүүлчид уригдан ирж энэ ажиллагааг нь сонирхсон юм. Сэтгүүлчдийн ярьснаар бол умард солонгосчууд хонгилыг үнэхээр устгаж орхисон гэдэг. Хүчтэй дэлбэрэлт болж, тоос шороон багана босож, халуун долгионы нөлөө мэдрэгдэж байсан аж.
Хонгилыг устгаж чадсан, эсэхийг нотлохуйц олон улсын мэргэжилтнүүдийг Умард Солонгосын эрх баригчид тэгэхэд уриагүй биз дээ, бодвол. Хонгил руу орох замыг нь л бөглөөд орхисноос биш, газар доорх туршилтын талбай хөндөгдөөгүй үлдсэн болов уу хэмээн Умард Солонгосыг тэгэхэд сэжиглэж л байж. Ямар ч байсан 2022 оны хавар умард солонгосчууд энд ажилтай л байжээ. “Гурав” гэсэн дугаартай хонгил бүрэн сэргээгдсэн, дөрөв дэх хонгилыг сэргээх ажил эхэлсэн нь хиймэл дагуулаас авсан сүүлийн үеийн зургууд дээр харагдаж байжээ. Америкийн шинжээчдийн үзэж буйгаар Пёньян туршилт хийх төдийгөөр ажлаа хязгаарлахгүй, дараачийнхад нь зориулж дэд бүтэц бэлтгэж буй юм байна. Гуравдугаар хонгилын гадна талд тулгуур хана барьсан, мод, бут суулгасанд нь америкчууд анхаарлаа хандуулж, томоохон албан тушаалтныг хүлээж авахад бэлтгэж байгаа болов уу хэмээн таамагласан юм. Америкчуудын хэлж байгаачлан цөмийн зэвсгийг хэзээ ч туршиж мэдэхээр байна. Гэхдээ чухам хэзээ эхлэх тухайд Умард Солонгос ямар нэг мэдэгдэл хийгээгүй. Мэргэжилтний үгээр бол Өмнөд Солонгос болон АНУ-ын зүгээс өдөөн хатгасан үйлдэл хийсэн тохиолдолд л тухайлбал, зургадугаар сарын эхээр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний атомын бөмбөг тээвэрлэгч “Ronald Reagan” онгоц оролцсон хамтарсан сургуулилалтад умардынхан хариу болгож туршилт хийж ирсэн байдаг аж. Ийм сургуулилалтууд бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулахад Умард Солонгос пуужин харваснаас дутахгүй нөлөөлдөг гэж шинжээч үзжээ. Энэ удаад Умард Солонгос тактикийн цөмийн зэвсэг хэрэглэж болох цэнэгт хошууг туршиж болзошгүй гэж АНУ таамаглаж буй юм байна. Цөмийн бөмбөгийн шинэ загварыг ашиглах санаархал нь Умард Солонгос Пунгерийн туршилтын талбайг сэргээх болсны нэг шалтгаан байж мэдэх юм гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Константин Асмолов таамаглажээ. Түүний үзэж буйгаар Оросын пуужингийн “Искандер” цогцолбор, зенит-пуужингийн систем, далавчит пуужин, байлдааны төмөр замын пуужингийн цогцолборын Умард Солонгосын хувилбарыг цөмийн зэвсгээр хангачихвал БНАСАУ айхавтар өрсөлдөгч болох нь.
Эцэст нь, Пёньяны араншин АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч бүртэй хэрхэн харилцан ажилласнаас шууд шалтгаалах болсон байна. Байден албан тушаалдаа ороогүй байхдаа л Кимийг “хөлдүүс” хэмээн нэрлэж, түүнтэй уулзсаных нь төлөө Трампыг шүүмжилж гарсан юм. Байдены өмнөх Ерөнхийлөгчид ч Умард Солонгост хахир хатуу хандаж ирсэн байдаг. Билл Клинтон Ерөнхийлөгч болмогцоо Умард Солонгостой дайн хийх хувилбарыг анхаарч үзсэнээ эцэст нь цөмийн зэвсгийн талаар хэлэлцээр хийж, түүний Төрийн нарийн бичгийн дарга Мадлен Олбрайт Пёньянд очиж, одоогийн удирдагчийн эцэг Ким Чен Иртэй уулзаж байлаа. Хүү Жорж Буш Цагаан ордонд ирмэгцээ мөн л Умард Солонгост хандахдаа хүйтэн царайлж “хорон санааны тэнхлэг”-ийн нэг хэсэг гэж үзсэн. Гэлээ ч чухам түүний үед Умард Солонгостой зургаан талт (АНУ-ын зэрэгцээ түүнд Орос, Хятад, Өмнөд Солонгос, Япон оролцсон) хэлэлцээр байгуулсан юм.
Дональд Трамп ч Умард Солонгост эхэн үедээ тийм ч нөхөрсөг хандаж байгаагүй. 2017 онд Америкийн Ерөнхийлөгч, Ким хоёрын хооронд айхавтар зөрчил байсан ч 2018 онд нөхөрсөг хандлага бий болсон.
АНУ-ын одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Умард Солонгосыг урьдын бодлогоосоо татгалзахгүй бол дарамт шахалт үзүүлэхээ амласан. Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Пак Чин ч цөмийн туршилт хийвэл одоогийнхоос илүү чанга хориг тавьж, тусгаарлана хэмээн Пёньянд анхаарууллаа. Гэтэл АНУ-ын бэлтгэсэн БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгах НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төслийг тавдугаар сарын 26-нд Орос, Хятад хоёр эсэргүүцсэн. Умард Солонгос цөмийн туршилт шинээр хийсэн тохиолдолд Орос, Хятад хоёр хэрхэн хандах нь тэдний Америкт хандах харилцах байдлаас ихээхэн шалтгаална. Хоригийг чангаруулахыг АНУ-д нэгэн дуугаар дэмжихгүй, зарим улстөрч нь ялангуяа цар тахлын өнөөгийн нөхцөлд хүмүүнлэгийн байгууллагууд Умард Солонгосын хүн амд тусламж үзүүлж чадахааргүй байгаад анхаарлаа хандуулж буй. Түүний зэрэгцээ АНУ-ын засаг захиргааны хувьд Умард Солонгос тэгтлээ төвлөрч анхаарах асуудал үнэндээ биш гэж үзэж байна. Юуны түрүүнд Украин хийгээд 40 жилийн хугацаанд дээд цэгтээ хүрээд байгаа инфляц, өсөн нэмэгдэж буй бензиний үнэ, Конгрессын завсрын сонгуулийн санаа зовохгүй байхын аргагүй төлөв гээд асуудал олон бий. Ази яах вэ, хүлээж л байг...