-Гавьяат жүжигчин цол хүртэхээр болсон тухайгаа мэдээд хэрхэн хүлээж авав. Баярт мэдээгээ хамгийн түрүүнд хэнтэй хуваалцсан бол?
-Өглөө театртаа бүжгийн бэлтгэлээ хийчихээд хүүхдийн сэвлэг үргээх ёслолд оролцохоор Бэлх рүү явсан юм. Тэндээс буцаж явахад эл мэдээг утсаар дуулгасан. Гайхах, сандрах, догдлох мэдрэмж давхцаад, “Баярлалаа” гэхээс өөр хэлэх үг олдоогүй. Ханьтайгаа хамт явж байсан болохоор түүнтэйгээ баярт мэдээгээ хуваалцсан. Дараа нь аав, ээж рүүгээ, Сүхээ (Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, бүжиг дэглээч С.Сүхбаатар) багш руугаа, тэгээд ажлынхандаа хэлсэн.
-Төрийн ордонд аавынхаа нэрийг дуудуулж шагнал хүртэхэд ямар санагдав?
-Шагнал гардуулах ёслол өндөр дэг, ёс журмын дагуу болдог юм билээ. Сүрдмээр. Аавынхаа нэрийг дуудуулж шагнал хүртэхэд сайхан санагдсан. Хийж бүтээх, туурвих урам, “ташуур” авлаа. Улам хариуцлагатай, бүтээлч байх ёстойгоо ухаарч сууна. Бүр л хичээх, нэр хүнд, үнэ цэнийг нь дааж явах хэрэгтэй гэж бодож байна даа.
-Ихэнх бүжигчинд ээж, аав нь нөлөөлж, урлагт хөтөлсөн байдаг юм билээ. Таныг бүжгийн урлагт хэн хөтлөв?
-Аав минь цэргийн хүн болохоор манайх их нүүдэг байлаа. Төв аймаг, Дорноговь гээд л. Бага ангиасаа Дорноговийн Зүүнбаянгийн Соёлын ордны дэргэдэх “Говийн наран” бүжгийн дугуйланд суралцсан. Зурагтаар гарсан бүжиг болгоныг дуурайж хийдэг байсан болохоор ээж минь охиноо анзаарсан байх л даа. Намайг авч явж шалгуулсан юм. Тэнд Эрдэнээ багшийнхаа шавь болж, эхний жилдээ “Яргуй” хүүхдийн урлагийн их наадам, Ц.Сэвжид агсны нэрэмжит өсвөрийн бүжигчдийн улсын уралдаанд хамтлагийн төрөлд оролцож алтан медаль хүртээд, хойтон жил нь гоцлол бүжгийн төрөлд оролцож мөн л тэргүүн байрт шалгарсан юм. Удалгүй манайх хотод нүүж ирсэн. Тэр үед Сүхээ багш аав, ээжид “Жаахан тордчихвол авьяастай хүүхэд. Хөгжим бүжгийн коллеж (одоогийн Монгол Улсын Консерватор)-д шалгуулаарай” гэсэн. Ингээд л шалгуулж, тэнцээд элссэн дээ. Тэр хооронд Улсын ардын дуу бүжгийн чуулга (өнөөгийн Үндэсний урлагийн их театр)- ын “Алтан ураг” хүүхдийн бүжгэн жүжигт оролцуулсан юм. Тэгэхэд л бүжгийн урлаг гэдэг ийм гоё ертөнц байдгийг ойлгож, дурласан даа. Бүжигчин ах, эгч нарыг хараад тэдэн шиг болохыг хүсэж, бүжгийн заалнаас гармааргүй санагддаг байлаа. Хөгжим бүжгийн коллежид элсээд Догоо (Ардын багш, Гавьяат жүжигчин Г.Долгорсүрэн) багшийнхаа шавь болсон. Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Энхтуяа, Н.Оюун нарын мундаг багшаар хичээл заалгаж байсандаа үргэлж талархдаг.
-Олонх охин сонгодог бүжигт хорхойсдог байхад та яагаад ардын бүжигт дурласан юм бэ?
-Яагаад ч юм бэ, надад ардын бүжиг л илүү сайхан санагддаг байлаа. Багаасаа бүжиглэсэн, бас энэ театрт ажиллахыг мөрөөдсөн болохоор тэр байх.
-Бүжигчин болно гэж мөрөөдөх нэг хэрэг. Харин мэргэжлийг нь эзэмшээд ажиллахад таны төсөөлснөөс өөр байсан уу?
-Багадаа чуулгын “Алтан ураг” хүүхдийн бүжгэн жүжигт оролцсон гэж түрүүн ярьсан даа. Тэр үед бүгд л намайг өхөөрддөг, эрхлүүлдэг байлаа. Харин сургуулиа төгсөөд ирэхэд яг л мэргэжлийн шаардлагууд тавьж, хандсан. Тэгэх ч ёстой. Би ч шалгуур бүрийг давж, улам хичээсэн.
-Эл театртаа ажиллаад хэдийн 20 жил болжээ. Энэ хугацаанд шантрах, больё гэж бодох үе гарч байв уу?
-Хэцүү санагдсан үе байгаагүй биш, байсан. Театртаа зургаан жил ажиллачихаад Өмнөд Солонгос руу явсан юм. Тоглолтоор л явсан л даа. Гэхдээ тэнд байх хугацаандаа театрынхаа тайзыг, хамт олноо их санасан. Хол байж чадахгүйгээ ч ойлгосон. Ингээд л буцаж ирээд эргэлт буцалтгүй, дахин шантрахгүйгээр бүжиглэсэн. Зоригоо багш (Гавьяат жүжигчин, бүжигчин Г.Зоригт)-ийн “Би залуу бүжигчдээ чамтай дүйцүүлэн сургадаг шүү” гэсэн нь надад урам өгч, илүү их хичээхэд хүргэсэн. “Өглөө босоод ажил руугаа яардаг, ажлаа тараад гэр лүүгээ яардаг хүн хамгийн жаргалтай” гэж үг байдаг даа. Би яг л тийм жаргалтай хүн.
-Мэргэжлийн бүжигчин байхын амтыг хэзээ мэдэрсэн бол. Өөрөөрөө хамгийн их бахархсан мөч тань хэзээ вэ?
-Хэзээнээс мэргэжлийнхээ амтанд орсныг хэлж мэдэхгүй юм. Нэг мэдэхэд л өөрийгөө бүжгийн урлагаас хол байгаагаар төсөөлж чадахаа больчихсон. Хэдэн жилийн өмнө хөлөө бэртээж, ачаалал даах чадвар 30 хувь хүртэл буурчихсан атлаа л өвчин намдаах эм уугаад гүрийгээд бүжиглэдэг байлаа. Сүүлдээ тэсэхээ байгаад эмчид үзүүлтэл “Яаралтай эмнэлэгт хэвт” гэсэн. Гэтэл улсын баяр наадмын нээлт, Төрийн хүндэтгэлийн концертод бүжиглэх ёстой. Эмчээсээ “Энэ тоглолтдоо оролцчихоод хэвтэж болох уу” гэж асуухад “Гарах үр дагаврыг нь бид хариуцахгүй шүү. Үнэхээр бүжиглэх бол өвчин намдаагч хэрэглэж болохгүй. Өвчнөө намдчихаар хяналтгүй хөдөлгөөн хийж, улам даамжруулах магадлалтай” гэсэн. Тэгээд л би гүрийгээд бүжиглэсэн. Хэн ч намайг бэртэлтэй гэж мэдээгүй. Тэр үед өөрөөрөө их бахархсан.
-Бүжигчин болоогүй бол гэж төсөөлж байсан уу?
-Гэр бүлийнхэн дундаасаа урлагийн мэргэжил сонгосон анхны хүн нь би л дээ. Бас анхны Гавьяат цолтон. Энэ мэргэжлийг сонгоход гэр бүл, хамаатнуудын олонх нь дургүй байлаа. Саяхныг хүртэл “Ингэж махаа зовоож байх гэж. Энэ чинь залуу насны л ажил. Хар залуугаараа тэтгэвэрт сууна, биегүй болно. Цаашаа яаж амьдрах юм бэ” гэлцдэг байлаа. Тэгэх тусам нь би улам хичээдэг байсан. Тийм болохоор өөр зүйл бодож төсөөлж байсангүй. Нэгэнт сонгосон, эзэмшсэн мэргэжлээрээ тууштай ажиллахыг л хүссээр явна.
-Та нас ахихаас айдаг уу?
-Жам юм хойно яалтай билээ. Гэхдээ мэргэжил минь залуу насных болохоор хэцүү л санагддаг юм.
-Бүжигчин бол богино настай мэргэжил. Ихэнх бүжигчид тэтгэвэрт гарахаараа бүжиг дэглээч болж, эсвэл багшилдаг. Харин та юу хийхээ төлөвлөсөн үү?
-Бие минь өвдөж, хамт олондоо гологдох хүртлээ л бүжиглэнэ. Харин тайзнаас буухаараа бүжгийн урлагтайгаа холбоотой л өөр ажил хийх байх даа. Театраас багшлах санал тавьсан ч би өөрийгөө чамлаад байгаа юм. Одоогоор бүжиглэж ханаагүй болохоор тэгж санагдаж байж ч магад.
-Та бүжиглэж байхдаа юу мэдэрдэг бол. Таны тайзан дээр бүтээсэн аль дүр өөртэй тань адил зан араншинтай мэт санагддаг вэ?
-Тайзан дээр гарах хамгийн сайхан. Бэлтгэл, сургуулилалтаа хийж байхдаа ч тайз руу л гарахыг хүсдэг. Тайзан дээр бүжиглэсэн дүр бүрээ хайрладаг, нандигнадаг. Тухайн дүрээ дотроо төсөөлж, бий болгочихоод бүжиглэвэл би бүрэн хувирч, жүжиглэж чаддаг. “Нарны домог”- ийн нарны дүрд бүжиглэхэд хүмүүс “Манай Мандухай угаасаа л нар шиг бүсгүй дээ” гэхийг сонсоод маш их баярласан. Харин “Монголын их хатад” бүжгэн жүжгийн Мандухай хатны дүр намайг өөрөөр нээж, их хүч өгсөн. Энэ дүр шигээ хүчтэй байхыг хүсдэг. Намайг театрт дөнгөж хөл тавихад Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баярбаатар багш “Тайзан дээр Мандухай Мандухайгаараа харагдвал бүжигчин биш” гэж хэлсэн. Энэ үгийг байнга санаж явдаг.
-Таны уран бүтээлдээ, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Би хэнд ч төвөг болохгүй байхыг хүсдэг. Уран бүтээлд ч, амьдралд ч. Бусдад гай болохгүй, харин ч чаддаг зүйлээрээ тус, дэм болохыг хүсдэг. Уран бүтээлийн тухайд “Би” гэж бодож л болохгүй. Хамтын бүтээл шүү дээ. Тиймээс бусдыг хүндэлж, нийцтэй байж гар нийлэн ажиллана.
-Урлагийн мэргэжил эзэмшсэнээр та юуг олж авч, юуг золиосолсон бэ?
-Урлагийн тэнгэр хардаг гэдэгт би итгэдэг. Урлагаас олж авсан зүйл их ээ их. Бүжгийн урлагаар дамжуулан Монголын түүхээр аялангаа амьдарч байна шүү дээ, би. Энэ театрын бүжгийн зааланд анх орж ирэхдээ л эзэн нь байхыг, хүслээрээ бүжиглэхийг л хүссэн. Түүнийгээ хийж яваа болохоор надад золиосолсон зүйл байхгүй ээ.
-Монголд ардын язгуур урлагийн, бүжигчдийн үнэлэмж тийм ч сайн биш санагддаг. Манай нөхцөлд бүжигчний мэргэжлээр сэтгэл хангалуун амьдрах боломж бий юү?
-Манайд ардын биш, бүх л төрлийн бүжигчдийн үнэлэмж тааруу шүү дээ. Бид мэргэжилдээ дуртай, холдож чаддаггүй болохоороо л ажиллаж яваа.
-Ойрын үеийн уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
-Сүүлийн хагас жил найруулагч Б.Баатарын “Тамгагүй төр” жүжигт манай театрынхан УДЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Удахгүй манай театрынхан шинэ хоёр бүжгэн жүжиг үзэгчдэдээ толилуулах төлөвлөгөөтэй. Түүнчлэн Сүхээ багшийн минь 70 насны ой удахгүй болно. Түүний уран бүтээлүүдээр үзэгчдээ аялуулах болов уу. Би өнгөрсөн жил Догоо багшийнхаа дурсгалд зориулж “Үелзүүр” бүжгийг яг түүний зааснаар бүжиглэж дүрсжүүлсэн. Энэ жил хуучны, мартагдсан, сүүлийн жилүүдэд уран бүтээлчдийн тэр бүр “барихгүй” байгаа бүжгүүдийг сэргээн бүжиглэж дүрсжүүлэхээр зорьж байна. Энэ мэтчилэн төлөвлөсөн ажлууд бий бий.