Хүүхэд залуусын очих дуртай газрын нэг нь Үндэсний соёл, амралтын хүрээлэн (ҮСАХ) буюу парк. Тэнд төдийлөн олон тоглоом үгүй ч баяр ёслолын өдрүүдэд хүүхэд багачууд уртаас урт дараалал үүсгэн байж хэдэн тоглоом дээрээ суун баясацгаадаг. Жирийн өдрүүдэд ч дээрх хүрээлэнд хөл хөдөлгөөн тасардаггүй, ялангуяа “галзуу хулгана” бол хамгийн эрэлттэй нь. Тус хүрээлэнд уржигдар 11.00 цагийн үед очиход хөл хөдөлгөөн бага байлаа. Ногоон байгууламжийг нь өдөр бүр тордон, арчилж буй бололтой өнгө зүс сайтай, бороожуулагчийн “исгэрэх” чимээ сонсогдон, чийглэг хөрсний үнэр ханхалж, цэвэр цэмцгэр, таатай санагдсан. Ихэнх тоглоом нь үйлчлүүлэгчгүй ч “галзуу хулгана”-д суухаар дугаарлаж буй хүүхэд олон байсан. Тэдний нэг, “Монген” сургуулийн тавдугаар ангийн сурагч Т.Тэнүүнээс аль тоглоомд хамгийн дуртайг нь сонирхоход “Галзуу хулгана болон савладаг завинд суух дуртай. Би энд зуны амралтаараа дөрөв дэх удаагаа ирж байна. Ирэх бүртээ дээрх хоёр тоглоомд суудаг. Гэхдээ “галзуу хулгана”-аар ганцхан тойрог явуулаад буулгадаг нь муухай. Ядаж хоёр тойрог явбал хөгжилтэй шүү дээ” гэв.
Паркийн газрын одоогийн хэмжээ 31.4 орчим га бөгөөд ногоон байгууламж, хиймэл нуурыг оролцуулбал 14.8 га-д нь л тоглоом байрлуулсан аж. Түүнчлэн ҮСАХ компанийн 26 хувийг Улаанбаатар хотын захиргаа эзэмшдэг бол үлдсэн нь “Бодь” группийнх юм байна. 1966 онд тус паркийг “Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн” нэртэйгээр ашиглалтад оруулж байхад газрынх нь хэмжээ одоогийнхоос харьцангуй том байж. Анхнаасаа цөөвтөр тоглоомтой, сул талбай ихтэй, боломжийн хэрээр мод, зүлэг тарьсан байсан хотын А бүсийн газрыг эрхтэн дархтнууд хумсалсаар ийнхүү 31.4 га-д хүргэсэн байгаа юм. Тодруулбал, 1998 онд нийслэлийн тухайн үеийн Засаг дарга Ж.Наранцацралтын захирамжаар 0.49 га талбайг “Монтоно” компанид олгожээ. Дараа нь 2001 онд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр 198 тоот тушаалаараа 1.1 га-г “Мон-Уран” компанид шилжүүлсэн байна. “Монтоно” болон “Мон-Уран” нь УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийн хамаарал бүхий компани гэгддэг.
2003 онд НИТХ-ын тогтоолоор 3200 ам метр газрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл гаргаснаар одоогийн “Seul club” баригджээ. 2010 онд нийслэлийн Засаг дарга асан Г.Мөнхбаяр үүн дээр нэмж 2217 ам метр газрын эзэмшлийн гэрчилгээ гаргаж өгсөн бөгөөд “Seul club”-т УИХ-ын гишүүн Д.Өнөрболор хувь эзэмшдэг гэдэг.
2005 онд нийслэлийн Засаг дарга М.Энхболдын 263 тоот тогтоолоор 35.8 га газрыг 15 жилийн хугацаатайгаар ҮСАХ компанид эзэмшүүлжээ. Уг 35.8 га газраас өдгөө ҮСАХ-гийн мэдлийнх нь 31 гаруй га бөгөөд Э.Бат-Үүл хотын дарга байхдаа 60 жилээр эзэмших зөвшөөрлийг тэдэнд олгосон юм байна.
2007 онд, нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр 33 749 шоо метр буюу 3.3 орчим га газрыг “М-Си-Эс” компанид шилжүүлснээр “Шангри-Ла” цогцолборыг барьсан аж. Түүнчлэн “Шангри-Ла” нь Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн хамаарал бүхий компани гэгддэг. Эндээс харахад өдгөө улс төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхмүүд, Улаанбаатар хотын үе үеийн захирагчид паркийн газрыг хэдэн талаас нь “хумсалж”, хороосоор иржээ.
ҮСАХ-гийн баруун талд “Seul club”-ын барилга бүхий 10 га гаруй сул талбай бий. Эл талбай хэзээнээс л улстөрчид, газрын наймаачид, компанийн эздийн “хорхойг хөдөлгөсөөр” ирсэн нь өнгөрсөн хавар болсон үйл явдлаас илэрхий харагддаг. Өнгөрсөн хоёрдугаар сард гэнэт л паркийн ашиглагдаагүй талбайд үйлчилгээний төв, автомашины зогсоол, хүйтний улиралд ч үйлчлүүлэх боломжтой тоглоомын газар байгуулах тухай ярьж, энэ талаар мэдээлэл түгсэн. Үүнийг Улаанбаатарын иргэд эсэргүүцэн, ҮСАХ-гийн газраас “хулгайлж” ирсэн хүмүүсийн нэр, барьсан барилгынх нь талаарх мэдээллийг дэлгэн, шуугиан дэгдээж байв. Түүнчлэн парк орчимд жагсаал зохион байгуулж, сул талбайд байшин барилга барилгүй, иргэд амарч тухлах ногоон байгууламж бий болгохыг шаардсан билээ. Олзуурхууштай нь эл шаардлагыг Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дэмжиж буйгаа илэрхийлэн, “Рио Тинто” группийн санхүүжилтээр тус талбайг тохижуулна гэж мэдэгдсэн. Улмаар тохижилтын ажлаа өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлэхийг ч дурдаж байлаа. Гэтэл одоо хүртэл тэнд хийсэн ажил алга. Өдгөө тус хэсэг цөөнгүй модтой ч халцгай зүлэгтэй, эл хуль хэвээр. Ганц хоёр сандал тавьж, автомашины зогсоол гаргаснаас өөр “тавилга” байхгүй. Тус талбайд нохойгоо салхилуулж явсан Сүхбаатар дүүргийн иргэн Ч.Лхагвамаа “Манайх Баянгол зочид буудлын хажуугийн байр. Ер нь хотын төв хэсэгт Сүхбаатарын талбайн хиймэл зүлгийг эс тооцвол ногоон байгууламж ховор. Бид хааяа энд ирж салхилдаг. Том талбай учраас хог хаягдал цөөнгүй төдийгүй хүн, нохойн ялгадас ч байдаг. Улаанбаатар хотын захирагч эл хэсгийг тохижуулна гэж өнгөрсөн гуравдугаар сард ярьж байсан. Гэтэл намар болох дөхөж байхад хийсэн ажил алга. Уг нь сандал, сүүдрэвч, явган хүний зам бариад, зүлэг, цэцэг тарьчихвал болох юм сан” гэв. Тохижилтын ажлыг яагаад эхлүүлэхгүй байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тодрууллаа. Үүнд нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Паркийн баруун талын сул талбайг тохижуулах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлэх байсан ч амжсангүй. Тохижилтын зардлыг “Рио Тинто” групп нийгмийн хариуцлагын хүрээнд гаргах юм. Явган хүний болон дугуйн зам тавьж, сандал, сүүдрэвч байрлуулж, зүлэг, мод, цэцэг тарих учраас төдийлөн их хөрөнгө зарцуулахгүй болов уу. Одоогоор хэдэн төгрөгийн санхүүжилт шаардлагатай талаарх тооцоог гаргаагүй. Энд дурдаж буй 10 га талбайн эзэмшигч нь ҮСАХ компани боловч газар нь улсын өмч. Харин “Seul club” бол хувь хүний мэдлийнх. Тус клубийг тойруулж тохижилт хийнэ гэсэн үг. Ажлаа эхлүүлэх бэлтгэлийг ханган, санхүүжилтийн тооцоо бэлэн болмогц илүү тодорхой мэдээлэл өгье” гэв.