-Манайхан хэзээнээс оюуны өмчөө хамгаалж, бүртгүүлдэг болсон юм бэ. Олон улсын жишигт хүрсэн эрх зүйн орчныг бүрдүүлж чадсан уу?
-Шинэ юм зохион олгох ба үйлдвэрлэлд оновчтой сайн санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай зааврыг 1944 оны тавдугаар сарын 19-нд анх баталж байжээ. Оюуны өмчтэй холбоотой асуудлыг цэгцэлсэн, анхны эрх зүйн акт гэвэл үүнийг нэрлэнэ. Оюуны өмчийн байгууллагын тогтолцоо үүсэж хөгжсөн нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагад гишүүнээр элсэж, олон улсын гэрээнүүдэд нэгдэн орсноор тооцогдоно. Одоо манайд оюуны өмчтэй холбоотой дөрвөн гол хуулийг мөрдөж байна. 2020 онд малгай хууль болох Оюуны өмчийн тухай хуулиа анх баталсан. Оюуны өмчийн газрыг нэг бол УБЕГ-тай нэгтгээд, эсвэл Шадар сайдын, үгүй бол ХЗДХЯ-ны харьяанд байлгаж ирсэн шүү дээ. Үүнээс үүдэн дээрх малгай хуулийг баталж, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын өмнө хүлээсэн үүргийн дагуу эрх зүйн үндэс, бүтцийг нь тогтвортой болгосон юм. Хуульд “Оюуны өмч” гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийн өмчийг” гэж заагаад, шинжээч нарын эрх зүйн байдлыг ч тодорхой болгосон. Улмаар оюуны өмчийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах тухай анхны суурь зохицуулалтуудыг хуульчилсан. Түүнчлэн Зохиогчийн эрхийн, Патентын, Барааны тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2021 оноос хүчин төгөлдөр мөрдөж буй. Дүгнээд хэлэхэд, манай улс Оюуны өмчийн, Зохиогчийн эрхийн, Патентын, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиа баталж, олон улсын жишигт хүргэсэн. Манайх шиг оюуны өмчийн асуудлуудыг нэгтгэсэн малгай хуультай орон маш цөөн. Оюуны өмчийн статус, эрх зүйн байдлыг улс төрөөс ангид байлгах зорилготойгоор эл хуулийг баталсан юм.
-Оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлсэн гэж ойлголоо. Иргэдийн дунд энэ талаарх ойлголт тааруу юм шиг санагддаг. Эдгээр хуулийг хэр сурталчилж, түгээн дэлгэрүүлсэн бэ?
-Оюуны өмчийн тухай олон нийтийн ойлголт, мэдлэг хангалтгүй. Энэ нь 1990 оноос өмнө оюуны өмчийг нийтийн, социалист өмч гэж үздэг байсантай холбоотой. Үүнийг дагаад бусдын оюуны өмчийг хүндэтгэх үзэл хандлага Монголд тааруу, хуулийн хэрэгжилт ч хангалтгүй байв. Тиймээс л хуулийн хэрэгжилтийг сайжруулах зорилгоор нэмэлт, өөрчлөлтүүд оруулсан. Хуульд өөрчлөлт оруулж, хэрэгжүүлж эхэлснээр иргэдийн хандлага ойлголт дээшилж байна. Оюуны өмчийн газрынхан шинэ хуулиа сурталчлах сургалтууд хийсэн. Www.Parlia¬ment.mn цахим хуудсанд шинэ хуулийн бүтцээр инфографикууд хийж байршууллаа. Оюуны өмчийн газраас сургалтын зорилготой видео контентууд бэлтгэж түгээсэн. Youtube сувагт ч оюуны өмчтэй холбоотой богино хичээлүүд байршуулаад байгаа. Оюуны өмчийн газрын цахим хуудсанд ч хуулийн заалтыг дэлгэрэнгүй тайлбарласан бичвэрүүд бий. Дэлхийн оюуны өмчийн газраас иргэдэд мэдлэг олгох энгийн хичээлүүд гаргасныг манайхан орчуулж, гарын авлага болгон, үнэ төлбөргүй тараадаг. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбооноос үнэ төлбөргүй сургалтууд явуулдаг учраас иргэд өдгөө харьцангуй мэдээлэлтэй болсон. Хүмүүс оюуны өмчийг дээдэлдэг болж эхэллээ.
-Шүүхээс оюуны өмчийг хамгаалсан сайн практик жишээг дурдаж болох уу?
-Шүүхээр иргэдийн оюуны өмчийг маш сайн хамгаалдаг. Сүүлийн үед зохиогчид гомдол гаргах нь нэмэгдлээ. Оюуны өмчийн улсын байцаагч нар ч “Таны эрх зөрчигджээ, гомдол гаргах боломжтой” гэж зөвлөдөг болсон. Өмнө нь гомдол гаргадаггүй шахам байлаа. Хууль зөрчсөн этгээд нь ихэвчлэн нэг салбарын хүн байдаг учраас зохиогч нь “За яах вэ” гээд гомдол гаргахгүй өнгөрдөг байсан юм. Одоо ч тийм тохиолдол гардаг.
-Оюуны өмчийн хулгайд хэрхэн хяналт тавьдаг вэ. Хохирогч нь заавал гомдол гаргаж байж шалгах уу?
-Оюуны өмч гэдэг нь өв хөрөнгө юм. Бидний гар утас, байшин барилгатай адил. Оюуны өмч хувь хүний хөрөнгө учраас тухайн хүн хөрөнгийнхөө эрхийг зөрчигдөж байгаа, эсэхэд өөрөө л гомдол гаргах ёстой. Оюуны өмчийн маргаан заавал гомдлоор үүснэ. Гэхдээ зарим тохиолдолд зохиогч үүнийг үнэгүй ашигла гээд сошиал орчинд тавьдаг болсон.
-Оюуны сор болсон олон бүтээл Монголд бий. ЮНЕСКО-д бүртгүүлсэн өвүүдээ хадгалж дарсаар байгаад эргэлтэд оруулдаггүй гэх. Зарим тохиолдолд алга болж, үрэгддэг. Өв соёлын тэр бүтээлүүдийг Оюуны өмчийн тухай хуулиар хамгаалах уу?
-Соёлын өвүүд олон жилийн өмнө бүтээгдсэн учир оюуны өмчид хамаарах хугацаа нь дууссан. Оюуны өмчийн болон Патентын тухай хуулиар тодорхой хугацаанд бүтээлийн эрхийг нь хамгаална. Хугацаа нь дуусахаар нийтэд нээлттэй бүтээл гээд хэн дуртай нь ашиглаж болдог. Жишээ нь, зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээлийг насан туршид нь болон зохиогчийг нас барснаас хойш 50 жилийн хугацаанд л хамгаална. Эл хугацаа өнгөрөхөөр улсын өмч буюу нийтэд нээлттэй бүтээл болдог гэсэн үг. Үүнтэй адил манай соёлын өвүүд бүгд хугацаа нь дууссан. Соёлын өвийн итгэмжлэн хамгаалагч нь төрийн байгууллага. Жишээлбэл, музей, номын сангийн удирдлага. Эдгээр байгууллагын удирдлага нь тухайн итгэмжлэн, хадгалж буй оюуны үнэт бүтээл болох соёлын өвөө сэргээж, Мерчандайзийн гэрээгээр ашиглуулах зохицуулалттай. Эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нь Соёлын өвийн тухай хуульд тусгасан. 2021 оны Зохиогчийн эрхийн тухай хуулиар төрийн өмч, эсвэл эзэн нь тодорхойгүй оюуны бүтээлийг ашиглахдаа төрийн байгууллагаас зөвшөөрөл авна гэж заасан. Мөн хуулиар ардын урлаг, ардын уламжлалт мэдлэгийг хамгаалахгүй.
-Нэг иргэн “Шинэ санаа гаргаад Оюуны өмчийн газарт хандаад гэрчилгээ, патент авсан. Гэтэл өөр газар тухайн санааг нь хуулаад, ашиг олоод байхад Оюуны өмчийн газар ажлаа хийхгүй байна” гэх гомдол хэлж байсан. Энэ тохиолдолд хуулийн ямар зохицуулалтаар асуудлыг шийдэх вэ?
-Оюуны өмчийн хяналтын байцаагчид гомдол гаргах ёстой. Тодорхой хугацаанд хянаж, зөрчил мөн, эсэхийг тодорхойлно. Зөрчил гэж тогтоогдвол тухайн хуулсан байгууллагад торгууль ногдуулна. Мөн хохирогч хохирлоо гаргуулах хүсэлтэй бол үүнийг нь төлүүлэх ажиллагаа хийгддэг. Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол аль аль тал нь захиргааны хэргийн гурван шатны шүүхэд хандаж болдог. Оюуны өмчийн газар бүртгэлтэй патентыг хамгаалдаг. Гол нь гомдлын шаардлагаа зөв гаргаж, тодорхой бичих ёстой.
-Шинэ санаа гаргагчид, зохиогчид оюуны өмчөө хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ?
-2020 оны Оюуны өмчийн тухай хуульд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах суурь зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Оюуны өмчийг маш олон төрлөөр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Нэгдүгээрт, барьцаална. Хоёрдугаарт, гэрээгээр бусдад ашиглуулж болно. Гуравдугаарт, хамтарсан бизнес болгож хөгжүүлээд хөрөнгө оруулалт хийх эрх нь нээлттэй. Үүнийг технологи дамжуулах гэдэг. Оюуны өмчөөрөө хөрөнгө оруулах боломжтой. Байгууллага дүрмийн сандаа бүртгээд, IPO гарган, хөрөнгөө өсгөж болно. Оюуны өмчийн салбарт лицензийн гэрээ гэж чухал зүйл байдаг. Энэ нь заавал Оюуны өмчийн газарт бүртгүүлж байж хүчинтэй болдог гэрээ. Иргэний хуульд тусгаагүй гэрээ л дээ. Мөн дээр хэлсэнчлэн Мерчандайзийн гэрээгээр ашиглуулна. Мерчандайзийн гэрээг сүүлд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан нь шинэлэг болсон. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, хүлээсэн үүргийн дагуу оюуны бүтээл туурвисан тохиолдолд зохиогчийн эрхийг хэн авах вэ гэсэн эрх шилжүүлэх гэрээнүүд байдаг. Энэ бүгдийг сайтар мэддэг байх нь чухал.
-Оюуны өмчөө эргэлтэд оруулсан сайн жишээ манай улсад хэр олон байгаа бол?
-МУИС-ийнхан гарааны компаниуд байгуулж, шинэ санаачилга гаргаад, түүнийгээ лицензийн гэрээгээр бусад байгууллагад ашиглуулдаг. Жишээ нь, “Биеэ бодоорой” цай гаргаад “Монос”-той гэрээ байгуулан, сүлжээ дэлгүүрүүдээр нь борлуулдаг. Ийм амжилттай яваа жишээ олон. Гадаадаас мөн технологи оруулж ирж болно. Лицензийн гэрээгээр Чех, Италийн бяслаг хийх технологийг нэвтрүүлж, үйлдвэр байгуулсан жишээ бий. Мерчандайзийн гэрээгээр “Тобот”, “Пороро”, “Яг түүн шиг”, “The voice of Mongolia” зэрэг шилдэг контентыг оруулж ирлээ. Телевизүүд нэг үеэ бодвол мөнгөө төлөөд, гэрээгээ байгуулан, шилдэг контентууд нийлүүлж байна. Киноны лиценз аваад, хувилбаруудыг нь гаргах тохиолдол мөн олон бий. Жишээ нь, “Бүсгүйчүүд хайрыг хүснэ”, “Гэрлэн дохио”, “Бүтэн амьдрал” зэрэг киног нэрлэж болно. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан монгол бүтээлийг гадаадад гаргах, орчуулах тохиолдлууд бас бий. Өвөрмонголчууд гэрээний үндсэн дээр гэрэл зураг их авдаг юм билээ.
-Урлагийнхан бусдын оюуны өмчийг бүтээл болгохдоо тухайн зохиолчийн нэрийг нь дурдаагүй байх тохиолдлыг цөөнгүй харж байлаа. Тухайлбал, Улсын драмын эрдмийн театрын нэг жүжигчин ганц хүний жүжгийн төрлөөр олон улсын уралдаанд оролцоод түрүүлэхдээ зохиолыг нь бичсэн Д.Урианхай гуайн нэрийг огт дурдаагүй.
-Зохиолч нь амьд, эсэхээс үл хамааран заавал дурдах ёстой. Зохиогчийн эрхийг хоёр хувааж үздэг. Амины, эд хөрөнгийн эрх гэж ангилна. Аминых нь нэрээ заавал дурдуулах, бүтээл нь халдашгүй байх эрхтэй. Дурдахгүй ашиглаж байгаа нь зохиогчийн амины эрхийг зөрчиж буй хэрэг. Зохиогч нь гомдол гаргавал шийдэж болно. Нас бараад 50 жил болсон ч үр хүүхэд нь шаардлага тавих үндэслэл бий. Гол нь үүнийг иргэд сайн мэддэггүй.
-Манайд оюуны өмчөөр дагнаж, мэргэшсэн хуульч хэр олон байгаа вэ?
-Өмнө нь цөөхөн байсан. Одоо оюуны өмчийн талаар харьцангуй судалдаг болжээ. Монголын хуульчдын холбооны дэргэд Оюуны эрхийн дэд хороо гэж бий. Үүнд хуульчид нэгдэн орсон байх. Иргэний эрхийн хуульч нар ч оюуны өмчийг хамгаалж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгөх боломжтой. Учир нь оюуны өмчийн эрх иргэний хуулиар зохицуулагддаг.
-Монголд шинэ кино гарахад бараг маргааш нь хуулбар нь тархдаг. Яаж цэгцлэх вэ. Гомдол гаргаагүй гээд л орхиод байх уу?
-Кинотеатруудаар гаргасан бүтээл нь алдагдах тохиолдол багассан. Дээхнэ үед Холливудад нээлтээ хийсэн кино маргааш нь бараг манай телевизүүдээр гардаг байлаа. Одоо том телевизүүд оюуны өмчийн хуулийг зөрчихөө больсон. Өөрсдөө зөвшөөрлөө авч, худалдаж авдаг. Кинотеатраар гарсан киног зөвшөөрөлгүйгээр хуулаад, маргааш сошиалд тавьдаг асуудал бий. Мөн “Юнивишн” зэрэг IPTV-д байршуулсан киног гурван хоног түрээслэхдээ хуулж түгээх тохиолдол ч байдаг. Эзэн холбогдогч нь тодорхой бол Оюуны өмчийн газраас гомдлыг шийдвэрлэнэ. Олон нийтийн сүлжээнд тавьсан этгээд олдохгүй, эсвэл админ нь гадаадад байгаа тохиолдолд асуудалтай. Тиймээс ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас тусламж авч, хэргийн эзнийг олдог.
-Эзнийг нь олсон тохиолдолд ямар торгууль, шийтгэл оноох хуулийн зохицуулалттай вэ?
-“Алтай телевиз” гэх пэйж хуудсаар “Монголд нэг удаа” нэвтрүүлгийг зөвшөөрөлгүй тавьсан хэрэг гарсан. “Боловсрол” телевизээс гомдол гаргаснаар тухайн нэвтрүүлгийг түгээсэн иргэнд торгох шийтгэл ногдуулсан. Тухайн иргэн зөрүүлээд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Тэр иргэн гомдолдоо “Би хувиараа энэ пэйжийг ажиллуулдаг. Гэтэл телевиз нэрээр торгууль тавилаа” гэж давж заалдсан. Мөн бичлэг бүтэн биш, хагас гэж маргасан. “Боловсрол”-ынхон “Хувь хүн телевизийн нэр барьсан нь бүр том зөрчил, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулах ёстой. Дутуу, эсвэл бүтэн байх нь чухал биш. Зөвшөөрөл авах ёстой” гэж тайлбар бичсэн байдаг. Гурван шатны шүүхээс тухайн иргэний буруу гэж үзсэн юм. Цахимаар тархсан бол буруутай этгээдийг олж шийтгэж болно. Гол нь гомдол гаргаж, тэвчээртэйгээр л хүлээх хэрэгтэй. Зөрчлийн тухай хуулиар зөрчигч этгээдэд торгууль оноодог. Тэр нь улсад л орлого болдог. Хувь хүн дээд тал нь 500 мянга, аж ахуйн нэгжийнх таван сая төгрөг байдаг. Тиймээс эрхээ зөрчүүлсэн иргэн гомдлын шаардлагадаа өөрт учирсан хохирлоо нэмж тооцож бичих ёстой. 2021 оны хуульд оюуны өмчийг үнэлнэ гэж заасан. Манай улсад одоо оюуны өмчийн үнэлгээчин бэлтгэж байгаа. Хоёр шатны сургалтад хамруулсан. Хохирлоо нэхэхийн тулд оюуны өмчөө үнэлүүлэх боломж бүрдсэн. Гадаадад хохирлоо нарийн тооцож гаргаад, үнэлгээгээр оруулаад нэхдэг. Манайхны гол алдаа нь шүүхэд очсоны дараа яаж хохирсноо нотолж чаддаггүй.
-Оюуны өмчөө сайн хамгаалдаг хүн манайд хэр олон байна вэ?
-Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай сайн хамгаалдаг болов уу. Мөн оюуны өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулж чаддаг. “Хү” хамтлаг бүтээлээ маш сайн хамгаалдаг. Тус хамтлагийн бүтээлийг ямар нэг байдлаар ашигласан бол гомдол гаргаад, хохирлоо барагдуулдаг. Магадгүй гадаадынхантай хамтарч ажилладаг учраас шаардлага өндөртэй, хуульч нь сайн ажилладаг байх.