ДБЭТ-ын барилгын их засварын ажил үргэлжилж байна. Уг ажлыг Соёлын яам энэ оны УИХ-аар батлагдсан төсвийн хүрээнд захиалан гүйцэтгүүлж буй аж. Мэргэжлийн урлагийн болон түүхэн, архитектурын дурсгалт УДЭТ, ДБЭТ, Чойжин ламын сүм, Богд хааны музейн гэх зэрэг барилгыг хүчитгэх, их засвар хийхээр төлөвлөсний дагуу өнгөрсөн хавар уг ажлыг эхлүүлсэн юм. Засвар, шинэчлэлийн ажлыг “Марвел хаус констракшн” ХХК улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж буй гэнэ. Тус барилгад хоёр жилийн өмнө хийсэн оношилгооны хүрээнд хуучин шавардлагыг буулган, шинэчилж, дээврийн гөлмөн төмрийн ус гоождог хэсгүүдийг засварлах аж. Мөн барилгын дулаалгыг ч шинэчлэх нь. Өдгөө гадна багана, хана, дам нуруунууд, дээвэр хэсгийн будгийг хусаж, баримал ба чимэглэлийн эмелентүүдийн гэмтсэн хэсгүүдийг нөхөн сэргээх шатанд яваа юм байна. Их засварын ажлыг энэ оны арванхоёрдугаар сарын 1-нд дуусгахаар төлөвлөжээ.